Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-13
Дугаар 362
Хэргийн индекс 109/2015/0001/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Ц о" ХХК
Хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга болон газрын даамал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "З Б Э Д" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“Ц о” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын

Засаг дарга болон

газрын даамал нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:  Б.Уранзаяа

           Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 55 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн гарсан, газар эзэмших эрхийн 0233242 дугаар гэрчилгээ, мөн сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” А/69 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, “Ц о” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгах”,

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 127/ШШ2019/0007 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0444 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч “Ц о” ХХК-ийн захирал Х.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.И-Ё, хариуцагч газрын даамал Л.Х, гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Т нарыг оролцуулж,

            Гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн өмгөөлөгч Д.Н, Ж.Т нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 127/ШШ2019/0007 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 33.4, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ц о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамж болон гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0233242 тоот гэрчилгээ зэргийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагын үлдэх хэсэг хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, “Ц о” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0444 дүгээр магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 127/ШШ2019/0007 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 33.4, 38 дугаар зүйлийн 38.1” гэснийг “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 35 дугаар зүйлийн 35.1.1” гэж, “тус тус хэрэгсэхгүй” гэсний урд  “хариуцагч Газрын даамалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хамт” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн өмгөөлөгч Д.Н, Ж.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны 55 дугаартай захирамж нь нэхэмжлэгч “Ц о” ХХК-д газар эзэмшүүлсэн 2014 оны А/69 дугаар захирамжаас цаг хугацааны хувьд өмнө нь гарснаас гадна нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байдал тогтоогдоогүй.

4. Нэхэмжлэгч “Ц о” ХХК, гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК нарын газар нь хоорондоо давхцалгүй болохыг шинжээч дүгнэлтээр тогтоосон бодит байдал дээр хэн нэгнийхээ үйл ажиллагаа явуулахад саад болох зүйлгүй болохыг шүүхээс хийгдсэн үзлэгүүд, фото зургууд, гэрчүүдийн мэдүүлэг, оролцогчдын тайлбарыг дүгнэсэн шүүхийн шийдвэрүүдээс тодорхой харагдана.

5. Харин нэхэмжлэгч “Ц о” ХХК өөрөө хүсэлт гаргаж 0.2 га газрыг авсан түүнийгээ эзэмшиж байгаа байж “Н” ХК, “Г т” ХХК-иас ямар нэгэн газар эзэмших эрх, шатахуун түгээх станц ажиллуулах зөвшөөрөл, өмчлөх эрх үүсгэсэн бүртгэл бүхий үл хөдлөх хөрөнгө шилжүүлж аваагүй атлаа бодит байдлыг зориуд мушгин гуйвуулж “Н” ХК-ийн 3.5 га газрыг эзэмшиж байсан. “Ц о” ХХК-д эзэмшүүлэхээр даалгах энэ газарт гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн газар орж байгаа гэх мэтээр илт үндэслэлгүй тайлбар гаргадаг.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Н” ХК-ийн 3.5 га газар эзэмшиж байсан гэх үндэслэлгүй “Ц о” ХХК 3.5 га газрыг шилжүүлж авсан гэх баримтгүй талаар дүгнэлт хийсэн нь зөв хэдий ч нэхэмжлэгчийн гаргасан худал тайлбарт хэт автагдан орц гарцыг хаасан мэтээр хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

7. “З Б Э Д” ХХК, “Ц о” ХХК-иуд руу орох гарах гарцыг хаасан нөхцөл байдал тогтоогдоогүй, харин эсрэгээр төв замаас салсан замаар нэхэмжлэгч, гуравдагч нарын байрших газар руу чөлөөтэй хөдөлгөөнтэй явж очиж боломжтойг шүүхээс удаа дараа хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлт, газар байршлыг харуулсан тойм зураг, кадастрын зураглал, талуудын тайлбар, өмнөх 2 удаагийн шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн нэхэмжлэгчийн эрх ашиг огт зөрчигдөөгүй болно.

8. Мөн гуравдагч этгээдийг газар авахад дэд бүтэц байхгүй хоосон тал байсан үүн дээр хөрөнгө оруулалт хийж өөрийн колонк руу сайжруулсан зам гаргасан бол нэхэмжлэгч “Ц о” ХХК нь өөрийн газар руу чиглэсэн замыг гаргах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авахаар хандах боломж байхад хандаагүй, юу ч хийж бүтээгээгүй байж өөрт нь огт байгаагүй орц гарц ярьж маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм.

9. Давж заалдах шатны шүүхээс “Ц о” ХХК-д эрх үүсээгүй газар эзэмших эрх шатахуун түгээх станцын зөвшөөрлийн талаар дүгнэлт хийснийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэн гомдолтой байна. Тодруулбал магадлалд дурдсанаар ... нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж маргаж байгаа ч “Г т” ХХК-ийн бусдад худалдсан ШТС-н барилга, байгууламж нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Ардын Депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолоор олгогдсон газарт тухайн үеийн хууль журмын дагуу баригдсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн худалдаж авсан ШТС байрших газрын эзэмшил 1989 онд үүссэн гэж үзнэ .. гэснээс үндэслэж дүгнэхэд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж шинэ Үндсэн хуулийн дагуу Газрын тухай хууль шинээр батлагдан мөрдөгдөх үед аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшихтэй холбогдолтой ямар хуулийн дагуу эзэмших эрх нь шилжсэн, өөрчлөгдсөн, хүчингүй болсон талаар шүүхээс дүгнээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

10. Шүүхээс 1989 оноос хойш одоог хүртэл ШТС-н газар эзэмших эрх нь барилга, байгууламжаа даган шилжсэн гэж ойлгохоор байна. ШТС-н барилгыг газаргүйгээр ойлгох боломжгүй гэх мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бодит нөхцөл байдал дээр “Н” ХК-ийн 2005 оноос хойш ШТС-н зориулалтаар ашиглаагүй хөрөнгийг 2012 онд “Г т” ХХК шилжүүлэн авч ТУЗ-н шийдвэрээр ашиггүй тул дээр нь байгаа хөрөнгийг 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан байдаг.

11. Гэтэл “Н” ХК, “Г т” ХХК-н газар эзэмших болон ШТС-н зөвшөөрөлгүйгээр 6.000.000 төгрөгөөр үнэлж худалдаалсан 2 ширхэг торх 30-аад жил ашиглагдаж сүүлийн 2005 оноос хойш орхигдсон 1 ширхэг ажлын байр авсныгаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй ШТС худалдаж авсан мэтээр суманд ойлгуулж түүний эргэн тойрны 0.2 га газрыг сумын Засаг даргаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөгүйгээр гаргуулж авснаар миний орц гарцыг хааж орлого олох боломжийг хязгаарлаж байна гэж төрийн эрх бүхий байгууллага шүүхэд гомдол гарган явж байгаа нь үндэслэлгүй. Нэг үгээр хэлбэл “Ц о” ХХК нь ШТС-н зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй байж гуравдагч этгээдийн эрхийг зөрчиж нэхэмжлэл, тайлбар гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

12. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 35 дугаар зүйлийн 35.1.1 гэсэн хуулийн заалтуудыг үндэслэл болгосныг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэн гомдолтой байна.

13. “З Б Э Д” ХХК нь 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр захирамжаар ШТС-н зориулалтаар 1 га газрыг эзэмшиж эхэлснээс хойш ШТС-н үйл ажиллагааг одоог хүртэл хуулийн хүрээнд явуулсаар байгаа бөгөөд шүүхийн шийдвэр магадлалд дурдсанчлан ШТС-н зориулалтаар төсөл сонгон шалгаруулах зарчмаар шинээр газар эзэмших хүсэлтийг тавиагүй тул энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

14. Тийм ч учраас Дэлгэрцогт сумын Засаг дарга нь үерийн усны улмаас ШТС ажиллуулах боломжгүй болсон нөхцөл байдлыг судлан үзэж тухайн суманд ажилладаг ШТС байхгүй тул нийт сумын иргэд, аж ахуй нэгжүүд ,болон дамжин өнгөрөх иргэдэд үйлчилгээг тасралтгүй чанартайгаар олон жил хүргэж байгаа танай байгууллага нийтийн эрх ашгийн үүднээс өөр газарт шилжүүлэхийг зөвшөөрлөө гэж 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай 55 дугаартай захирамжаар газрын хэмжээг багасган өөрчлөлт оруулж өмнөх захирамжийг хүчингүй болгож гэрчилгээ шинэчлэн олгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн зарим зүйлүүдийг зассан хэдий ч  ШТС-ын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдэд бодит үнэнд нийцэхээргүй хэт эрх олгож шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйд гомдолтой байна.

16. “З Б Э Д” ХХК нь ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй, эрх бүхий байгууллагаас олгосон газарт ШТС-н зориулалттай барилга байгууламж байгуулахдаа холбогдох бүх зөвшөөрлийг хуулийн дагуу авч одоог хүртэл ил тодоор үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү үйл ажиллагааг явуулахад ШТС барихад 200 орчим сая төгрөг, зам орчныг засаж тохижуулах зардалд 80 орчим сая төгрөг нийт 280 орчим сая төгрөгийн бодит зардал гарсан ба газар эзэмших эрхийг цуцалж нүүлгэн шилжүүлэх болбол учирч болох хохирол нь үүнээс илтэд өсөх тул үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой.

17. Шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээг хангалттай аваагүй. Мөн шүүхээс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга хэргийн нөхцөл байдал нэхэмжлэгч гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзан үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хэргийг түдгэлзүүлэх боломж байсныг шүүх анхаарч үзсэнгүй.

18. Иймд Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны 127/ШШ2019/0007 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0444 дугаартай магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

19. Хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.Иш-Ёндон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргасан. Тухайлбал

20. “З Б Э Д” ХХК-ны шатахуун түгээх станцын өмнө нь байрлаж байсан газар нь сумын төвд үер усны аман дээр байсан учир “З Б Э Д” ХХК-ны захирал Л.Сангараадангийн өргөдлийн дагуу “Хадан хошуу” хэмээх газарт газар олгосон байдаг. Энэ нь тухайн үөд сумын ард түмэн, сум орон нутгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зайлшгүй авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байсан хэмээн ойлгож байгаа.

21. “З Б Э Д” ХХК нь байршлын хувьд эрүүл мэндийн төвийн урд буюу “Хадан хошуу”-нд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ нь сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 20 дугаар тогтоолд сумын төвийг 5 хэсэгт хуваасан бөгөөд үүнд “Хадан хошуу” гэж лагерь байх бөгөөд харин Эрүүл мэндийн төвийн урд гэсэн лагерь байгаагүй юм. Мөн энэ үед сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн мэдүүлэг, хавтаст матариалд байгаа нь үүгээр нотлогдож байна. Мөн энэ хавьд оршин суудаг айл өрхүүдийн газрын гэрчилгээнд  “Хадан хошуу” хэмээн заасан байна.

22. “З Б Э Д” ХХК-ны газрын захирамж 2012 онд гарсан байх бөгөөд шатахуун түгээх колонкийн барилгын ажил нь 2014 оноос 6 дугаар сараас эхэлсэн байдаг. Харин “Ц о” ХХК-ны газрын олгосон захирамж 2014 оны 09 дүгээр сард гарсан бөгөөд Шатахуун түгээх тусгай зөвшөөрөлгүйгээр шатахуун түгээж эхэлсэн нь зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 3.3 дахь заалтыг зөрчсөн байгаа юм. Үүнээс үзэхэд “Ц о” ХХК нь “З Б Э Д” ХХК-иас үйл ажиллагааны хувьд болон газар эзэмших эрх нь сүүлд үүссэн байхад Шударга өрсөлдөөний тухай хууль зөрчсөн, орц гарц боосон хэмээн шүүхийн шийдвэр гарч байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж “3 Б Э Д” ХХК-ны эрх ашгийг ноцтой зөрчсөөр байна.

23. “Цахиурт ойл” ХХК нь 2005 оноос хойш ашиггүй ажилласнаас болж үйл ажиллагаа нь зогсоод байсан. “Н” ХХК-иэс шатахуун түгээх колонкийг худалдан авахдаа зөвхөн объектыг худалдаж авсан ба газар болон шатахуун түгээх үйл ажиллагаа явуулах эрхийг нь шилжүүлж аваагүй. Худалдан авсан энэхүү объект нь одоогоор “М т” ХХК-ны барьцаанд байгаа юм.

24. Өнгөрсөн удаагийн шүүх хурлуудад “Ц о” ХХК-ны захирал Х.Энхбат нь кадастрын зураг давхцалтай хэмээн хариуцагч тал болон гуравдагч этгээдийг гүтгэн гүжирдэж байсан нь ор үндэслэлгүй зүйл юм. Учир нь кадастрын зураг давхцалгүй болохыг нотолсон кадастрын  зураг  хавтаст материалд хавсарсан байгаа юм.

25. “Ц о” ХХК нь  2018  онд  газрын төлбөрөө төлөөгүй байгаа тул Газрын тухай хуулийн 40  дүгээр  зүйлийн  40.1.6  дахь  заалтын  дагуу одоо эзэмшиж буй 0.2 га газрыг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна.

26. Мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг тодруулбал Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн итгэмжлэлийн хугацаа дууссан байхад шүүх хуралдааны үед гараар бичүүлэн оролцуулсан нь энэхүү хуулийг ноцтойгоор зөрчсөн. Иймд Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 127/ШШ2019/0007 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн  221/МА2019/0444 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

27. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            28. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл,  анх Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр захирамжаар “З Б Э Д” ХХК-д  1 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлсэн, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус компаниас гаргасан “... 2003 оноос эхлэн шатахуун түгээх станц ажиллуулж ирсэн ... газар нь үер ус орж усанд автсан, ... машин орох бололцоогүй болсон ... тул шинээр шатахуун түгээх газар эзэмшүүлж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн,  мөн сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар “З Б Э Д” ХХК-нд  шатахууны жижиглэн худалдаа эрхлэх зориулалтаар “Хадан хошуу” гэх газарт 0.5 га газрыг эзэмшүүлсэн, гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК уг газар дээрээ шатахуун түгээх станцын зориулалттай байгууламж барьж, ашиглалтад оруулсан, Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар “... 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хүн эмнэлэгийн урд залгаа байршилтай НИК-ийн шатахуун түгээх станцын байгууламж.../-ийг/ 6 сая төгрөгөөр худалдан авсан” иргэн Х.Э-д 0.2 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, дээрх захирамжуудаар иргэн Х.Э болон “З Б Э Д” ХХК-д эзэмшүүлсэн газрууд хоорондоо давхцалгүй, нэхэмжлэгч “Ц о” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, түүнчлэн,  2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар Х.Э томилогдсоныг улсын бүртгэлд мөн бүртгэсэн, талууд эдгээр үлй баримтуудтай маргаагүй байна.

            29. Нэхэмжлэгч “Ц о” ХХК-иас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар “З Б Э Д” ХХК-д газар эзэмшүүлснийг “эс зөвшөөрч”, уг захирамж болон 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “З Б Э Д” ХХК-д олгогдсон 0233242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад газар эзэмшүүлж ...   Газрын тухай хууль зөрчсөн, ... газар эзэмшүүлэх шийдвэрт зааснаас өөр байршилд газар эзэмшсэнээр манай орц гарцыг хаасан, .... өрсөлдөөнийг хязгаарласан” гэж, хариуцагчаас “... /гуравдагч этгээд/ “З Б Э Д” ХХК нь эзэмшил газар дээрээ шатахуун түгээх станцаа барьсан, ... нэхэмжлэгч “Ц о” ХХК-ийн газар болон гуравдагч этгээд ”З Б Э Д” ХХК-иудын газрын давхцал байхгүй ... /байхад/ сумын Засаг даргын 2012 оны 55 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

            30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “... захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан, тухайн тохиолдолд, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга “З Б Э Д” ХХК-д газар эзэмшүүлсэн маргаан бүхий 55 дугаар захирамжийн улмаас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн “Ц о” ХХК-ийн болон 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дэлгэрцогт сумын Засаг даргын А/69 дүгээр захирамжаар “З Б Э Д” ХХК-ийн эзэмшил газарт давхцаагүй өөр байршилд газар эзэмших эрх нь үүссэн “Ц о” ХХК-ийн захирал Х.Энхбатын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудад тусгайлан заасан нөхцлийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй.

            31. Тодруулбал, анхан шатны шүүх “... гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжаас 2 жил орчмын өмнө гарсан, тухайн газрууд хоорондоо давхцалгүй болох нь кадастрын зураг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа” талаар зөв дүгнэсэн атлаа “... хариуцагчийн зөвшөөрөл олгосон газарт гуравдагч этгээд шатахуун түгээх станцаа барьж байгуулснаас зэргэлдээ байрших шатахуун түгээх станцын орц, гарц хаагдсан, ... газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд орсон” гэх зэргээр маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй үйл баримтуудад үндэслэж, “... маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгч Цахиурт ойл ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу байна.

            32. Өөрөөр хэлбэл, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар “З Б Э Д” ХХК-нд  шатахууны жижиглэн худалдаа эрхлэх зориулалтаар “Хадан хошуу” гэх газарт 0.5 га газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх”-ээр, 33.4-т “... сум ... /-ийн/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглох”-оор тус тус заасныг “зөрчсөн” гэх үйл баримт нь уг газрын хөрш зэргэлдээ 2014 онд газар эзэмших эрх олж авсан нэхэмжлэгчийн “... эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчих үндэслэл болсон” гэж дүгнэх боломжгүй юм.

            33. Анхан шатны шүүх “... “З Б Э Д” компанийн 2004 онд ... /олгогдсон/ 1 га газрын эзэмших эрх ... ямар үндэслэлээр дуусгавар болсон нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, ... хариуцагч ... /маргаан бүхий/ 55 дугаар захирамжаар “З Б Э Д” ХХК-д өөр байршилд 0.5 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2004 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 81 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон нь хууль бус” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн, түүнчлэн, “Ц о” ХХК-ийн захирал Х.Энхбатад  шатахуун түгээх станцын байгууламжийг 6 сая төгрөгөөр худалдсан “Г т” ХХК-д маргаан бүхий газарт газар эзэмшүүлсэн ямар нэг захирамж, шийдвэр болон газар эзэмших эрхийг шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй,  “Г т” ХХК нь уг байршилд “газар эзэмшиж байгаагүй” үйл баримттай талууд маргаагүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрх  “... 1989 оноос үүсэлтэй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, түүнчлэн, “Ц о” ХХК-д шатахуун түгээх үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад “... шатахуун түгээх ижил үйл ажиллагаа явуулдаг ... “Ц о” ХХК-ийг газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд оруулж, өрсөлдөөнийг хязгаарласан” гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж үзэхээр болжээ.

                 34. Иймд, гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн өмгөөлөгч Д.Н, Ж.Т нарын хяналтын журмаар гаргасан “... 55 дугаартай захирамж нь нэхэмжлэгч “Ц о” ХХК-д газар эзэмшүүлсэн 2014 оны А/69 дугаар захирамжаас цаг хугацааны хувьд өмнө нь гарсан, ... нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байдал тогтоогдоогүй, ... шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх, хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.И-Ё-ийн хяналтын журмаар гаргасан “...анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... газар эзэмших эрх нь сүүлд үүссэн байхад Шударга өрсөлдөөний тухай хууль зөрчсөн, орц гарц боосон хэмээн шүүхийн шийдвэр гарч байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

35. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “... Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, “Ц о” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт холбогдуулж дүгнэлт хийхгүй, түүнчлэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар “З Б Э Д” ХХК-нд эзэмшүүлсэн газар нь  мөн сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын “орц гарцыг хаасан” тохиолдолд, талууд Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан “... бусдын эзэмшил газрыг нэвтрэх, дайран өнгөрөх” журмаар, эсхүл иргэний журмаар харьяалах шүүхэд гомдол нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 127/ШШ2019/0007 дугаар шийдвэр,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0444 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА