Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-28
Дугаар 349
Хэргийн индекс 128/2019/0391/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "У т" ХХК
Хариуцагч Улаанбаатар хот дахь Г-ийн газрын гаалийн улсын байцаагч Ж.Т
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 

 “У т” ХХК-ийн гомдолтой,

Улаанбаатар хот дахь Г-ийн газрын

 гаалийн улсын байцаагч Ж.Т-т

 холбогдох зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                         Л.Атарцэцэг

                                        Б.Мөнхтуяа

                                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: "Гаалийн улсын байцаагч Ж.Т-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0243041 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0440 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0425 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Ж.Т нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0440 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-т заасныг баримтлан гомдол гаргагч “У т ХХК-иас Улаанбаатар хотын г-ийн газрын гаалийн улсын байцаагч Ж.Т-т холбогдуулан гаргасан “Гаалийн улсын байцаагч Ж.Т-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0243041 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0425 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0440 дүгээр шийдвэртэй хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0425 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “У т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлээд доорх байдлаар хуулийг буруу хэрэглэсэн, мөн буруу тайлбарлан шийдвэрлэж шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх эдгээрийг залруулж шийдвэрлээгүй.     Үүнд:

5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд “Холбогдогч”-ийн эрх, үүргийг “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах” гэж тодорхойлсон байна. Гэтэл гаалийн улсын байцаагч Ж.Т-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0243041 тоот шийтгэлийн хуудаст дурдагдсан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа нь “У т” ХХК-ийн дээрх эрхүүдийг зөрчсөн байгаад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх үүнийг залруулж шийдвэрлээгүй. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна.

6. Мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох талаар “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж, 3.1-д “хуулийн этгээдийн эсрэг мэдүүлэг өгч байгаа хүн, хуулийн этгээдийг төлөөлж болохгүй” талаар тусгасан байхад гаалийн улсын байцаагч Ж.Т-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0243041 тоот шийтгэлийн хуудаст дурдагдсан, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад уг зөрчлийг биечлэн гаргасан С.М-ыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр асууж, улмаар хууль ёсны төлөөлөгч хэмээн тодорхойлж зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь “У т ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх үүнийг залруулж чадаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтуудаас харахад гэрч, оролцогч нь нэг этгээд байх боломжгүй юм. Гэрч С.М-ын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлгээс харахад тэрээр “У т” ХХК-ийн эсрэг мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх нөхцөл байдлуудаас гадна ашиг сонирхлын зөрүү үүсээд байгаад дүгнэлт өгөх шаардлагатай. Анхан шатны шүүх “С.М-ыг “У т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэж зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэнд хариуцагчийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй.

7. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх нь” хэсэгт зуучлагч зуучлалын үйл ажиллагааны төлбөрөөр санхүүжихээр байх тул маргаан бүхий акт нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т заасантай нийцнэ гэж дүгнэсэн нь логик болоод агуулгын хувьд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болсон. Үүнд, давж заалдах шатны шүүх тайлбар хийгээгүй. Иймд хууль буруу тайлбарласан, хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0440 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА/2019/0425 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг тал бүрээс нь хянан гомдлын  шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д “гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч,...”-ийг хэлнэ, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-ийн дагуу “гаалийн зуучлагч” гэдэг нь гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх бөгөөд 69 дүгээр зүйлийн 69.2.2-т зааснаар гаалийн зуучлагч нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй байх тул гомдол гаргагч “У т” ХХК нь гаалийн харилцаанд, тухайлбал гаалийн бүрдүүлэлт хийхдээ бүртгэгдсэн мэргэжилтэн /С.М/-ээр төлөөлүүлэн оролцдог, өөрөөр хэлбэл бүртгэгдсэн мэргэжилтэн нь зуучлагч хуулийн этгээдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг гэж үзэхээр байна.

10. Иймд, энэхүү хуулиар тусгайлан зохицуулсан онцлог бүхий харилцаанд гаалийн зуучлагч “У т” ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М нь тус компанийг төлөөлөх эрхтэй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

11. Гаалийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Гаалийн зуучлагч энэ хуулийн 57.2-т зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ”, 57 дугаар зүйлийн 57.2.1. “гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах” гэсний дагуу явуулж буй үйл ажиллагааныхаа, тодруулбал, бүртгэгдсэн мэргэжилтний бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үнэн зөвийг хариуцах үүрэгтэй, зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасанчлан “Зөрчил үйлдсэн ...хуулийн этгээдэд... шийтгэл ногдуулна” гэсний дагуу хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзнэ.   

12. Хэрэгт авагдсан баримтаар гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М нь гаалийн бүрдүүлэлт хийхдээ зөрчил гаргасан болох нь тогтоогдсон /энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй/ тул хариуцагч гаалийн улсын байцаагчаас С.М-ыг “У т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэж үзэн түүний зөрчлөө хүлээн зөвшөөрснийг үндэслэн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зөрчилд холбогдогч хуулийн этгээдэд шийтгэл хүлээлгэсэн нь хууль ёсны байна.

13. Иймд, “У т” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан “холбогдогч”-ийн эрх, үүргийг танилцуулаагүй, энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн” гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг /Тодорхойлох хэсгийн 4-д/ хангах боломжгүй.

14. Мөн уг тогтоолын Хянавал хэсгийн 9, 10-д дүгнэсэнчлэн, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М нь гаалийн бүрдүүлэлтийн харилцаанд “У т” ХХК-ийг төлөөлөн оролцсон тул хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, 1.2 “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хяналтын гомдол үндэслэлгүй.

15. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0440 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0425 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

          ШҮҮГЧ                                                                    Г.БАНЗРАГЧ