Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-04
Дугаар 353
Хэргийн индекс 128/2018/0578/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч “Б К” ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

 

“Б К” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                       Д.Мөнхтуяа

                                      П.Соёл-Эрдэнэ
                                      Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг,                                       

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/434 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/294 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0401 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/294 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/434 дүгээр захирамжийг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/434 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0401 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0294 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14.2.2” гэснийг “14.4.2” гэж, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан “Б К” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн орчмын ГХДТ-2013/3 багцын 11.4 га талбайд төсөл хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т заасны дагуу нэхэмжлэгч эсхүл хариуцагчийн хэн нь хууль, журам, гэрээгээр хүлээсэн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй төсөл удааширч буй шалтгаан нөхцөлийг тогтоож, гаргасан Хяналтын хорооны дүгнэлт, саналыг үндэслэн дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй” гэсэн заалт нэмж, “3” дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.1-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз орчмын ГХДТ-2013/3 багцын 11.4 га талбайг сонгон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр баталсан. Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсэг” холбогдох журмын дагуу зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз орчмын ГХДТ-2013/3 багцын хэсэгчилсэн талбайд “Б К” ХХК-ийг эхний ээлжид шалгаруулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/962 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

4. Уг компани нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 3.5 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иргэдийн хүсэлт шаардлагын дагуу төслийн ажлыг яаралтай эхлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар манай байгууллага удаа дараа анхааруулж, хугацаатай шаардлага хүргүүлж байсан боловч өгсөн үүргийг биелүүлээгүй, биелүүлэх талаар арга хэмжээ аваагүй 2018 оны 5 дугаар сар хүрсэн тул төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/434 дүгээр захирамжаар “Б К” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс: “...Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т заасны дагуу нэхэмжлэгч эсхүл хариуцагчийн хэн нь хууль, журам, гэрээгээр хүлээсэн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй төсөл удааширч буй шалтгаан нөхцөлийг тогтоож, гаргасан Хяналтын хорооны дүгнэлт саналыг үндэслэн дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй” гэсэн тухайд:

6. Нэгэнт төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хорооны хурлаар тус компани нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 3.5 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гурван талт гэрээ байгуулсан 31 иргэний хүлээлт, бухимдал ихсэж, өмчөө захиран зарцуулах эрх хязгаарлагдаж байсан. Үүнээс үүдэлтэй иргэд, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн саналыг үндэслэн байгуулагдсан 19 гурван талт гэрээ цуцлагдсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байхад дахин дүгнэх шаардлага байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-д заасан “хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих” үүргээ хариуцагч биелүүлээгүй. “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйл буюу хэрэгжүүлэх үе шатны 4.8-д “Сонгосон талбайд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ“ гэсний дагуу барилга орон сууцыг барихаас өмнө инженерийн дэд бүтцийг шийдвэрлээгүй, барьж байгуулаагүй атал нэхэмжлэгчээс төсөл хэрэгжүүлэх, дуусгахыг хариуцагч шаардах боломжгүй гэж буруутгасан.

7. Гэтэл дээрх хуулийн заалт болон журмын заалт нь төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлж эхлэхээс өмнө инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж инженерийн бэлтгэл арга хэмжээг хэрэгжүүлснээр нэхэмжлэгч төсөл хэрэгжүүлж эхлэх болон үргэлжлэх боломжтой гэсэн утгатай заалт биш байхад үүнийг буруугаар тайлбарлаж Нийслэлийн Засаг даргын үүргээ биелүүлээгүй байдлаас болоод нэхэмжлэгч хуулийн этгээдийг хэрэгжүүлж буй төсөл удааширч буй мэтээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.19-д заасны дагуу орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, 2015 онд нийслэлийн төсвөөс 142,7 сая санхүүжилтийн гэрээ байгуулан,

-Дулаан хангамжийн бие даасан шинэ эх үүсвэрийн зураг төсөл /8,25 Гкал/цаг/,

- Ус дулаан дамжуулах төв-1 ширхэг, дулаан, цэвэр, бохир усны шугамын зураг төсөл;

-10 кв-ын 2*630 кВА хаалттай дэд өртөө ХТП-4 ком, 10 кВ-ын кабель шугамын зураг төсөл,

-Холбоо мэдээллийн сүлжээний сувагчлалын зураг төсөл тус тус хийгдсэн.

8. “Б К” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэх Хятад хэл дээрх бичиг нь гэрээний шаардлага хангаагүй /хоёр тал албан ёсоор баталгаажуулж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дараагүй байдаг бөгөөд албан бичиг буюу тодорхойлолтын аль болох нь тодорхойгүй/, 2016 онд уг гэрээ гэгчийг байгуулсан гэх боловч одоог хүртэл албан ёсоор орж ирсэн хөрөнгө оруулалт байхгүй, барилгын суурийн ажил 2018 оны 5 дугаар сарыг хүртэл эхлээгүй төдийгүй тус байгууллагын дансаар тухайн хөрөнгө оруулагч гэх БНХАУ-ын компанийн хөрөнгө оруулалт орж ирсэн талаарх нэг ч баримтыг “Б К” ХХК шүүхэд гаргаж өгч чадаагүй. Иймд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын дагуу явагдсан нөхцөл байдлыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/294 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0401 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгон, “Б К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг засалгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээсэн нь буруу байна.  

10. Нэхэмжлэгч “Б К” ХХК нь 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад шалгарч, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/962 дугаар захирамжаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз” орчим ГХДТ-2013/3 багцын 11,4 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсныг батламжилсан тул Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газартай санамж бичиг байгуулжээ.

11. Гэвч хариуцагч Нийслэлийн Засаг даргаас тус компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 3.5 жилийн хугацаанд “барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн явц хангалтгүй” гэж үзэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр, хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т заасныг үндэслэн маргаан бүхий акт болох 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/434 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг буруутгах үндэслэлгүй.

12.  Учир нь, нэхэмжлэгч “Б К” ХХК нь төсөлд шалгарснаас хойших хугацаанд 1072 айлын орон сууц, 640 хүүхдийн суудалтай сургууль, 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн ерөнхий төлөвлөгөөний зургийг батлуулж, холбогдох техникийн нөхцөлүүдийг авсан, барилгын зураг төслийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн өгсөн зэрэг ажлуудыг хийсэн боловч энэ хугацаанд 31 газар буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээ байгуулсан ч тэдгээрийн нилээд нь цуцлагдсан, зөвхөн 1 иргэнтэй газар чөлөөлөх гэрээ байгуулж, нүүлгэн шилжүүлснээс өөрөөр бодитой ажил хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

13. Нэхэмжлэгчээс энэхүү нөхцөл байдлыг тайлбарлахдаа “манай төсөл хэрэгжүүлэх газар инженерийн дэд бүтэц шугам сүлжээ одоо хүртэл очоогүй, Нийслэлийн төсвөөс 5,910,000,000 төгрөгийн санхүүжилтийг 2014 онд олгохоор тохиролцсон байсан боловч санхүүжилт хийгдэхгүй хойшилсноор төсөл удааширсан” гэж марган, нэхэмжлэлдээ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны 2014 оны 74 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, МҮОНРТ орчмын гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалт”-ыг хавсаргасан байх боловч талуудын байгуулсан санамж бичиг, гурван талт гэрээ зэрэг ямар нэгэн эрх зүйн актаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дээрх санхүүжилтийг хийж, дэд бүтцийн ажил хийгдсэн тохиолдолд “Б К” ХХК нь төслийн ажлыг эхлүүлэх талаар ямар нэгэн үүрэг хүлээсэн харилцан тохиролцоо байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, “хариуцагч тохиролцсон ажлаа хийгээгүйгээс нэхэмжлэгч төслийн ажлыг хэрэгжүүлж чадаагүй, барилгын ажлыг эхлүүлээгүй, гурван талт гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон” гэх үйл баримт тогтоогдохгүй буюу нэхэмжлэгч нь дээрх төсвийн хөрөнгөөр хийгдэх байсан ажлаас үл хамаарч төсөлд хамаарах газрын иргэдтэй гурван талт гэрээ байгуулах, гэрээний үүргээ хэрэгжүүлэх, газрыг бүрэн чөлөөлөх, барилгын ажлыг эхлүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

14. Иймд, энэхүү маргаан бүхий төсөл хэрэгжүүлэх харилцаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 4.8-д “Сонгосон талбайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-6-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлтэй.

15. Нэгэнт нэхэмжлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажлыг эхлүүлээгүй, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь тодорхой бөгөөд үүнийг Хяналтын хорооноос  шалгаж тогтоосны дагуу /1 дэх хавтаст хэргийн 135-141 дэх тал/ хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий акт болох 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/434 дүгээр захирамж гаргасан нь хууль ёсны байна.

16. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 ”эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг... дараах нөхцөлд цуцалж болно”, 49.3.1 “цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, ... заасан бол” гэсэн нийтлэг зохицуулалтын дагуу Нийслэлийн Засаг дарга нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2 “төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ...нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах” эрхтэй.

17. Ийнхүү хэргийн үйл баримт тодорхой, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл бодит байдалд бүрдсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ...” гэж үзэн хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтов.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/294 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0401 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б К” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/434 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                     Г.БАНЗРАГЧ