Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-04
Дугаар 354
Хэргийн индекс 109/2019/0007/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Г.Б
Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Э.У
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай

аймгийн Засаг дарга, Архангай аймгийн

Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох

 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                       Д.Мөнхтуяа

                                      П.Соёл-Эрдэнэ

                                      Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг,                                                            

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12, “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0006 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0406 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-ыг “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Б-ыг Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид /Г.Б/ 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Архангай аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газарт/-д даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0406 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0006 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0406 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.Б нь тус аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан. Г.Б нь Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 дугаар захирамжаар түр томилогдон ажиллаж байгаад, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар жинхлэн томилогдсон.

4. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г.Б нь аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд аймгийн Боловсролын газрын бүрэн эрхийг тодорхой заасан бөгөөд хяналт шалгалт явуулах бүрэн эрхтэй. Нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шударга ёсны зарчмыг зөрчиж, хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Г.Б-ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Харин ч хариуцагчаас Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...шударга ёс, ... хууль дээдлэх ...зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд “ажилтан нь ажил олгогчоос чөлөө авна” гэж тус тус заасны дагуу нотлох баримтуудыг үндэслэж Г.Б-д зохих хариуцлагыг тооцсон.

5. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж нотлох баримтыг бүрэн бүрдүүлэхгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй хэт нэг талыг барьж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч Г.Б-аас “Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

8. Учир нь, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай дүгнэлт нь дангаараа нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулахгүй, иймд шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

9. Тодруулбал, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буюу түүний хөдөлмөрлөх эрхийг нь дуусгавар болгосон эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр нь маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаар захирамж ба харин уг захирамжид Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтийг үндэслэснээр тухайн дүгнэлт нь бие даасан захиргааны акт болохгүй. Өөрөөр хэлбэл, Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлт нь Засаг даргын шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг шууд тодорхойлохгүй буюу Засаг дарга уг дүгнэлтийг үндэслэж ч болно, мөн үндэслэхгүй ч байж болно.   

10. Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүхээс Боловсрол, соёл, урлагийн газрын уг дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр буюу тус газар нь уг дүгнэлтийг огт гаргах эрхгүй гэсэн агуулгаар илт хууль бусад тооцсон нь буруу байна.

11. Учир нь, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нь “... ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”-өөр зааснаас үзвэл Аймаг, нийслэлийн Боловсролын газар нь мэргэжлийн удирдлагаар хангадаг байгууллага болохынхоо хувьд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвар зэрэгт дүгнэлт өгөх, улмаар эрх бүхий этгээдэд санал гаргах эрх хэмжээтэй гэж үзэхээр байна. Гэхдээ уг санал нь /энэхүү хэргийн тухайд “дүгнэлт” гэсэн боловч хуулийн заалтаар “санал” гэж үзэхээр байна/ дангаараа эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэхгүй гэдгийг дээр дурдсан болно.

12. Энэ утгаараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “аймгийн Боловсролын газрын бүрэн эрхийг тодорхой заасан бөгөөд хяналт шалгалт явуулах бүрэн эрхтэй...” гэсэн /Тодорхойлох хэсгийн 4/ хяналтын гомдол үндэслэлтэй хэдий ч энэ нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болохгүй юм.

13. Учир нь, маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамж нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Тодруулбал, шүүхүүдийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч Г.Б нь “удирдлагад мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 3 хоногийн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үйл баримт үгүйсгэгдэж байх тул маргаан бүхий актын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгч нь Боловсрол судлалын ухааны магистрын зэрэг хамгаалсан, багшлах эрхийн үнэмлэх авсан байхад түүнийг “багшийн мэргэжлийн шаардлага хангаагүй” гэж үзэх боломжгүйгээс гадна “багш мэргэжилгүй” гэх шалтгаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд шууд хамаарахгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-5-д заасан “шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шударга ёсны зарчмыг зөрчиж, хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн” гэсэн агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0006 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0406 дугаар магадлалын 1 дэх заалтад тус тус өөрчлөлт оруулж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 109/ШШ2019/0006 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...татгалзсаныг баталсугай” гэснийг “... татгалзсаныг баталж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын “Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж нэмж, шийдвэрийн 2 дахь заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.4 ... Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож” гэснийг хасаж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ