Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-04
Дугаар 357
Хэргийн индекс 128/2018/0766/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч "Б" ХХК
Хариуцагч Үндэсний хөгжлийн газар болон Сангийн яаманд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

"Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний

 хөгжлийн газар болон Сангийн яаманд

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Нэхэмжлэлийн шаардлага:”Б” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгах, эргэн төлөлтийн хөрөнгө санхүүжилтийг 2019 оны төсвийн төсөлд тусгуулан зуруулахыг даалгуулах, өрийн баталгаа гаргахгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, өрийн баталгаа гаргаж 2020 оны төсвийн жилийн төсөлд тусгуулах ажлыг даалгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0327 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0440 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ц.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.5.28-ны өдрийн 128/ШШ2019/0327 дугаар шийдвэрээр: Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4, 8.2, 8.2.3, 33 дугаар зүйлийн 33.11, Концессын тухай хуулийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.8, 6 дугаар зүйлийн 6.2.9, 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.7, Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5, 30.6 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Сангийн яам, Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан гаргасан”Б” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт даалгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0440 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0327 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсэгт удирдлага болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “106.3, 106.3.4, 106.3.13 дахь” гэснийг “106.3.14 дэх” гэж, “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1. Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8, 10 дугаар зүйлийн 10.3.2, 21 дүгээр зүйлийн 21.1.7, Өрийн удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.2.3, 33 дугаар зүйлийн 33.11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч”Б” ХХК-ийн “2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих” төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгах, Үндэсний хөгжлийн газрын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас концессын гэрээний хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь 1.9 дэх заалт зөрчигдсөн тул эргэн төлөлтийн хөрөнгө санхүүжилтийг 2019 оны төсвийн төсөлд тусгуулан зуруулахыг даалгах, өрийн баталгаа гаргахгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Засгийн газар болон”Б” ХХК-ийн хооронд байгуулсан “Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих” төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний хүрээнд өрийн баталгаа гаргаж, 2020 оны төсвийн жилийн төсөлд тусгуулах ажлыг Сангийн яаманд даалгах“ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч”Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч”Б” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар тогтоолуудын дагуу “Сэлэнгэ аймгийн мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих” төслийн барих-шилжүүлэх концессын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газар /Хөрөнгө оруулалтын газар/-тай байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлсээр ирсэн. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолоор концессын төслүүдийн талаар зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд товчхондоо төслүүдийг үргэлжлүүлэхгүй байх, нэмж гэрээ байгуулахгүй байх талаар зохицуулсан байна. Улмаар Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоолоор өмнө гарсан 37 дугаар тогтоолд “Засгийн газраас улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал гэж үзэн тэргүүлэх ач холбогдол өгч байгаа 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулахгүй концессын зарим төслийг “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхэд энэ тогтоолын 1 дүгээр зүйл хамаарахгүй” гэж нэмэлт оруулсан.”Б” ХХК-аас хэрэгжүүлж буй Сэлэнгэ аймгийн мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих концесс нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой ба зайлшгүй хийгдэх шаардлагатай төсөл юм.

4. 2016 оны 6 дугаар сард Улсын Их Хурлын ээлжит сонгууль болсон, 07 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн, Хөрөнгө оруулалтын газар татан буугдаж, чиг үүрэг Үндэсний хөгжлийн газарт шилжсэнтэй холбогдуулан төрийн захиргааны байгууллагын ажил цалгардсан, данс нь хаагдаж, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас шинээр гарах зэргээр бүх процесс концесс эзэмшигчээс шалтгаалахгүйгээр зогссон. Улмаар 08 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоол батлагдаж, концессын төслүүдийн хэрэгжилтийг хязгаарласан зэрэг нөхцөл байдлаас хамаарч Засгийн газар буюу түүнийг төлөөлсөн агентлагууд концессын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадаагүй. Тиймээс гэрээ хүчин төгөлдөр болох 5 сарын хугацаа дуусгавар болсон гэж үзэхгүй бөгөөд концессын эзэмшигчийн хувьд энэхүү 5 сарын хугацааг бүрэн ашиглаж, үйл ажиллагаа явуулж чадаагүй. Энэ талаар хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мандах шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа дурдсан.

5. Засгийн газар 2013 оны 317, 2015 оны 306, 334 дүгээр тогтоолыг батлан гаргахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих ажлыг гүйцэтгэхэд баталгаа гаргах шаардлагагүй гэж үзжээ” гэх дүгнэлтийн тухайд: Засгийн газрын дээрх тогтоолоор “баталгаа гаргах шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн боловч энэ нь санхүүжилтийн баталгаа гаргахыг хориглосон шийдвэр биш, гэрээний 2.4-д “Концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл болон энэ гэрээнд заасан бусад нөхцөлийг хангуулах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авна", 2.14-д "Эрх бүхий этгээд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад бүх зөвшөөрлүүдийг авахад баталгаа гаргаж, концесс эзэмшигчид бүх талын дэмжлэг үзүүлнэ” гэх үүргийн дагуу өрийн баталгаа гаргах явдал нь Засгийн газрын тогтоолтой зөрчилдөхгүй юм. Мөн давж заалдах шатны шүүхээс дээрх гэрээний заалтуудыг “...“баталгаа гаргах үүргийг эрх бүхий этгээдэд хүлээлгэсэн агуулгагүй байна” гэж илт үндэслэл муутай дүгнэлт хийсэн.

6. Давж заалдах шатны шүүх “Өрийн удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.11 дэх заалтыг зөрчин ”Б” ХХК-д баталгаа гаргаж өгөх боломжгүй” гэж дүгнэсэн байна. Өрийн удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.11-д “Энэ хуульд заасан шаардлагыг зөрчиж Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг хориглоно” гэж заасан бөгөөд “Энэ хуульд заасан шаардлагыг зөрчих” гэдэгт Өрийн удирдлагын тухай хуулийн аль заалтыг ойлгох талаар давж заалдах шатны шүүх давхар дүгнэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл өрийн баталгаа гаргаснаар зөрчигдөх хуулийн заалтыг “33.11” гэх заалттай хамтад нь хэрэглэх учиртай. Ийнхүү”Б” ХХК-д өрийн баталгаа гаргах нь ямар ч хуулийг зөрчихгүй тул Өрийн удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.11 дэх заалтыг хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

7. Гэрээний 1.13-д заасан шаардлагууд бүрэн хангагдаагүйд нэхэмжлэгчийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд 2016 оны 6, 7, 8 дугаар саруудад Хөрөнгө оруулалтын газар болон Үндэсний хөгжлийн газар өөрийн үүргийг хэрэгжүүлээгүй, хамтарч ажиллаагүйн улмаас бий болсон үр дагаврыг манай компани ганцаар хүлээх болчхоод байна. Гэрээний урьдчилсан нөхцөл хангагдах 5 сарын хугацаа бүрэн дуусаагүй байхад Засгийн газрын 37 дугаар тогтоол гарсан. Ийм байтал гэрээний 1.14-д зааснаар дүгнэлт гаргуулах ёстой талаар магадлалдаа дурдсан нь үндэслэлгүй байна.

8. Захиргааны байгууллагын дур зорго, хайнга хайхрамжгүй, тодорхойгүй байдал, төрийн шийдвэрийг залгамжгүй хэрэгжүүлснээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байгаа бөгөөд”Б” ХХК-ийн хувьд төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тээвэр, төслийн ажилчдын цалин, томилолт, судалгаа шинжилгээний ажил, зөвлөх үйлчилгээ авахтай холбогдуулан 4,762,231,020 төгрөгийн бодит зардал гаргаад байна. Хэдийгээр концессын гэрээний 1.12-т заасан хугацаа дууссан боловч гэрээний 2.9, 2.11, 2.13, 5.5, 5.7, 6.1, 6.7-д тус тус заасны дагуу гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж, сунгах байдлаар гэрээг цаашид хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч”Б” ХХК-ийн зүгээс 2016 оны 10 дугаар сард гэрээг сунгах, гэрээ хүчин төгөлдөр болох 5 сарын хугацааг шинэчлэн тогтоох талаар хүсэлтээ хэд хэдэн удаа илэрхийлж байсан.

9. “Концессын гэрээний 1.13.5-д зааснаар зураг төслийг шинэчлэн батлуулаагүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт нотлох баримтаар авагдсан “Зүүнхараа хотын төвийн хэсгийн бохир усны шугамын ажлын зураг” Шифр 00-09/2017 дугаар бүхий зураг болон зураг төслийн “Дөрвөн гүн" ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 025/2019 албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтыг анхаарсангүй. Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлагатай зураг төсөл нь шинэчлэн батлагдсан бөгөөд”Б” ХХК-ийн зүгээс шугамын трассыг тодорхойлох ажилд хамтран, зөвлөн ажилласан болно. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/07 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа болно. Үндэсний хөгжлийн газраас 2019 оны концессын төслүүдийн гүйцэтгэлийн тайланг ирүүлсэн бөгөөд энэхүү тайлан нь манай компанийн эзэмшиж буй концессын гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрснийг илэрхийлж байна. Хариуцагч Үндэсний хөгжлийн газрын гэрээг хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд зөвхөн 2016, 2017 онд хамааруулан маргаагүй болохыг энэхүү гомдолдоо цохон дурдаж байна.

10. Дээрх байдлаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн алдаатай дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаар тогтоолоор 2013 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад “Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих” төслийг нэмж, гүйцэтгэгчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор шийдвэрлэсэн, Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгохоор өөрчилсөн, түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар тогтоолоор концессын гэрээг”Б” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгосон, үүний дагуу концессын “барих-шилжүүлэх” гэрээг Хөрөнгө оруулалтын газраас 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр”Б” ХХК-тай байгуулсан; нэхэмжлэгч”Б” ХХК нь “гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгах, эргэн төлөлтийн хөрөнгө санхүүжилтийг 2019 оны төсвийн төсөлд тусгуулан зуруулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан, “өрийн баталгаа гаргахгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өрийн баталгаа гаргаж 2020 оны төсвийн жилийн төсөлд тусгуулах ажлыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Сангийн яаманд холбогдуулан тус тус гаргажээ.

12. Нэхэмжлэгчээс “... гэрээ хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийн өөрт хамаарах хэсгийг бүрэн хэрэгжүүлсэн, ... гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой зохих шаардлага хүсэлтийг холбогдох этгээдэд удаа дараа тавьсан боловч шийдвэрлэлгүй орхигдуулсан, манай компаниас шалтгаалахгүйгээр гэрээ, төсөл хэрэгжээгүй, ...эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж, хариуцагч нараас “... хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах, эргэн төлөлтөө баталж тодорхойлолт гаргах үүрэггүй,... Засгийн газрын 2016 оны 37 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр гэрээг хэрэгжүүлэхгүй байхыг, ажил нь эхлээгүй төсөл арга хэмжээг зогсоохын даалгасан тул гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх үндэслэлгүй, ... нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргасан байна.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудыг үндэслэлтэй дүгнэж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

13. Концессын гэрээний нэгдүгээр бүлгийн 1.13-т гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлийг тогтоосон ба 1.13.1-1.13.6-т заасан нөхцөлүүдийг концесс эзэмшигч”Б” ХХК нь бүрэн, гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 сарын хугацаанд хангасан тохиолдолд тус гэрээ хүчин төгөлдөр болохоор, 1.14-т “урьдчилсан нөхцөл хангагдсан” эсэх талаар эрх бүхий этгээд дүгнэлт гаргахаар тус тус заажээ.

14. Уг зүйлийн 1.13.1-д заасан “төслийн санхүүжилтийн гэрээ байгуулсан байх” шаардлагын хүрээнд”Б” ХХК-иас “БНХАУ-ын “ИЕФҮ” компанитай гэрээ байгуулан тус улсын ICBC банкнаас санхүүжилтээр авах 5 сая ам долларын эргэн төлөлтийн баталгааг/ засгийн газар төсвөөсөө төлөөгүй тохиолдолд /Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк болон нэр бүхий арилжааны банкаар гаргуулахад дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах, улсын төсвөөс эргэн төлөгдөх тухай тодорхойлолт, батламж захиа зэргийг гаргуулах”-ыг хүссэн агуулгатай албан бичгүүдийг “урьдчилсан нөхцөлийг хангах хугацаанд” Хөрөнгө оруулалтын газар, Сангийн яам, Аж үйлдвэрийн сайд зэрэгт хүргүүлж байсан, тэдгээрээс шийдвэрлэж хариу өгөөгүй үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

15. Концессын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т “концессын зүйлийн жагсаалтад дараахь зүйлийг тусгана: ...10.3.2.төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “... концессын гэрээг Монгол Улсын хуулийн дагуу байгуулж, тайлбарлах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгасан байвал зохино: ... 21.1.6.концесс эзэмшигчийн санхүүжилт олох, барьцааны эрх үүсгэх эсэх; ... 21.1.7.төрөөс концессын гэрээг хэрэгжүүлэхэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг” гэж тус тус заасан, энэ концессын хувьд Засгийн газрын 2015 оны 306 дугаар тогтоолд “төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах шаардлагагүй” гэж заасан ба энэ талаар аливаа үүрэг хүлээж Концессын гэрээнд тусгагдаагүй учраас Концессын гэрээний 1.13.1-д заасан “төслийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байх” шаардлагыг хангаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

16. Иймд, гэрээний тал Үндэсний хөгжлийн газрыг /Хөрөнгө оруулалтын газрын чиг үүрэг шилжсэн/ Концессын гэрээний 2.4-т “Концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл болон энэ гэрээнд заасан бусад нөхцөлийг хангуулах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй тул “гэрээний үүргээ биелүүлээгүй эс үйлдхүйг хууль бус болохыг тогтоох, 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

17. Түүнчлэн, концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл зэргийг олгох үүрэг бүхий төрийн байгууллагууд, энэ тохиолдлын хувьд “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” Засгийн газрын 2016 оны 182 дугаар тогтоолын 2 дахь заалтыг Барилга хот байгуулалтын болон Эрчим хүчний сайд нараас хэрэгжүүлээгүй гэх баримтгүй, хариуцагч Үндэсний хөгжлийн газар нь Концессын гэрээний 2.14-т “эрх бүхий этгээд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад бүх зөвшөөрлүүдийг авахад баталгаа гаргаж концесс эзэмшигчид бүх талын дэмжлэг үзүүлнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь тогтоогдоогүй байна.

18. Үүнээс гадна, Концессын гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Концессын төслүүдийн талаар авах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолоор “улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй, концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн, уг тогтоолын үйлчлэлд нэхэмжлэгч хамаарсан, Концессын гэрээний 1.12-т “энэхүү гэрээний хугацаа гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 2 жил байна” гэсний дагуу уг гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон зэргээс үзэхэд, хариуцагч Үндэсний хөгжлийн газарт “гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

19. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “эргэн төлөлтийн хөрөнгө санхүүжилтийг 2019 оны төсвийн төсөлд тусгуулан зуруулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгуулах” болон “өрийн баталгаа гаргахгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өрийн баталгаа гаргаж 2020 оны төсвийн жилийн төсөлд тусгуулах ажлыг даалгуулах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрт нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдоос хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсье” гэж дурджээ.

20. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тус хэргийг хариуцагч Үндэсний хөгжлийн газрын давж заалдах гомдлын хүрээнд хянаж магадлал гаргасан, нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт гомдоогүй асуудлаар хяналтын шатны шүүхэд “нэхэмжлэлийг бүрэн хангуулах”-аар гомдол гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

21. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн “төслийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байх” шаардлагыг хангах зорилгоор “санхүүгийн баталгаа гаргуулах”-аар Хөрөнгө оруулалтын газарт, Засгийн газрын 2016 оны 37 дугаар тогтоолоос хойш “концессыг хэрхэх, Голомт банкинд байршуулсан баталгааг цуцлах, төслийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэх” зэргээр Үндэсний хөгжлийн газарт тус тус явуулж байсан албан бичгүүдийн агуулгыг “өөрөөр” буюу өөрөөс шалтгаалах “урьдчилсан нөхцөл хангасан” талаараа мэдэгдэж байсан мэтээр нотлох баримтыг буруу үнэлж улмаар эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах шаардлагыг хангаж хэргийг буруу шийдвэрлэсэн, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэрт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.

22. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ”Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0440 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                           Ч.ТУНГАЛАГ