Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-13
Дугаар 368
Хэргийн индекс 128/2018/0679/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч “К” ХХК
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр,

нийгмийн хамгааллын сайд, Гадаадын иргэн,

харьяатын газар, Хөдөлмөр халамжийн

үйлчилгээний ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн Т.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолыг биелүүлж, манай компанийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тогтоолын дагуу 82 ажилтны Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгах, Гадаадын иргэн, харьяатын газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2/1364 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0271 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0457 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч Гадаадын иргэн харьяатын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Г.Г,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0271 дүгээр шийдвэрээр: Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолыг биелүүлж манай компанийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол улсад хөдөлмөрлөх эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын дээрх 2017 оны 362 дугаар тогтоолын дагуу манай компанийн 82 ажилтны /мэргэжилтэн/  Монгол улсад хөдөлмөр эрхлэх хугацааг сунгасан шийдвэр гаргахыг хариуцагч Хөдөлмөр, хамгаалал нийгмийн хамгааллын сайдад даалгах, Гадаадын иргэн харьяатын газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 2/1864 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0457 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарыи 27-ны өдрийн З62 дугаар тогтоолоор “К” ХХК-ийн компанийн 2018 онд "Шинэ налайх хороолол”, “Гангар инвест” компанийн “Шинэ Амгалан хороолол”-ын бүтээн байгуулалтын ажил, “Гэрэгэ констракшн” ХХК-ийн УСУГ-ын ажилчдын 120 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэхэд зориулж тус компанийн 90 ажилтны “...Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригг зөвшөөрсөн” шийдвэр гаргасан.

4. Үүний дагуу Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргаж өгөх, Засгийн газрын 382 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг хүсч 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчид хандсан боловч ямар нэг шийдвэр гаргаагүй, мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзсаар байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас манай компанийн ажилчдад Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг олгосон ба түүний хугацааг тодорхой заасан, энэ хүрээнд нэхэмжлэгчээс 82 ажилтны зөвшөөрлийг хүссэн байхад энэхүү үүргээ биелүүлэхгүй манай компанийн үйл ажиллагааг шууд зогсоож, компанид их хэмжээний хохирол учруулсан.

5. Засгийн газрын тогтоолын үндэслэх хэсэгт Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэн дээр энэ хуулийн 8.2; 8.3-т заасан шаардлагын дагуу сунгана” гэж заасныг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сунгах байжээ.

6. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т “эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайд, улмаар Улсын Их Хурлын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг ажил эрхэлнэ: 7.1.1 хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” заасны дагуу одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа тогтоолын биелэлтийг хангах үүргээ хэрэгжүүлээгүй нь компанийн үйл ажиллагаа зогсох, гадаадын хөрөнгө оруулалттай компаний хувьд нийт 2,388,187 ам долларын техник тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулсан ба энэхүү хөрөнгө оруулалт маань ч цаашид хэрхэх нь тодорхойгүй, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх, үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн.

7. Нэгдсэн Үндэстний байгууллагын 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн S/RES/2371 тогтоолд “уг тогтоолыг 2 жилд хэрэгжүүлэхээр” заасан тул Засгийн газрын шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийг энэ хугацаанд багтаан сунгаснаараа гишүүн орны хувьд Нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг зөрчсөн үйлдэл болохгүй.

8. НҮБ-ын тогтоол гарснаас хойш 4 сарын дараа Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан, түүнээс хойш Засгийн газраас 362 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй хүчин төгөлдөр хэвээр байгаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй боловч тийм шийдвэрийг гаргаагүй зэргийг шүүхүүд анхааралгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

9. Үүнээс гадна, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “4.1.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4.1.2 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Монгол Улсад гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, татгалзах, хугацааг нь сунгах болон хүчингүй болгох” гэж заасан байхад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар уг эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэж буруу тайлбарласан байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

11. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 362 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” тогтоолын 1 дэх заалтаар “хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгах”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ч.Чинзоригт зөвшөөрсний дотор “К” ХХК-ийн нэр дээр ажиллах гадаадын 90 иргэн хамаарсан; Гадаадын иргэн, харьяатын газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2/1364 дугаартай албан бичгээр, тус компанийн нэр дээр хөдөлмөр эрхлэгчээр бүртгүүлж, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан БНАСАУ-ын 83 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсныг, тэднийг буцаах үүрэгтэй болохыг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гарах үр дагавар зэргийг “К” ХХК-д мэдэгджээ.

12. Нэхэмжлэгч “К” ХХК-иас шүүхэд “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолыг биелүүлж, манай компанийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тогтоолын дагуу 82 ажилтны Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “К” ХХК-д “Гадаадын иргэн, харьяатын газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2/1364 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлжээ.

13. Нэхэмжлэгчээс, “Гадаадын иргэн, харьяатын газрын 2018 оны 2/1364 дүгээр мэдэгдэл”-ийг шийдвэрлэсэн асуудлаар хяналтын гомдол гараагүй тул уг шаардлагын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

14. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэр дээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй БНАСАУ-ын нэр бүхий 87 иргэний хөдөлмөр эрхлэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 5 сар 2 хоногоор сунгасан ба “Ажиллах хүч харилцан солилцох тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон БНАСАУ-аас ажиллах хүч авах асуудлаар БНАСАУ-ын гадаад хэргийн яам, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “санамж бичиг”-ийн хүчинтэй хугацаа 2018 оны 6 дугаар сарын 03-нд дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “К” ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 18/28, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18/23 дугаар албан бичгүүдээр “Засгийн газрын 2017 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, 82 иргэний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацааг сунгах”-ыг хүссэн, улмаар хүсэлтийг нь шийдвэрлээгүй тул 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 18/1172 дугаар албан бичгээр гомдол гаргасан, тус гомдолд “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн S/RES2375/2017/ тогтоолын хориг арга хэмжээ үргэлжилж байгаа, түүнчлэн ажиллах хүч авах асуудлаарх хоёр улсын хооронд байгуулагдсан хэлэлцээрийн хугацаа дууссан учраас сунгах боломжгүй” гэдгийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 7/2265 дугаартай албан бичгээр мэдэгджээ.

16. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэн дээр энэ хуулийн 8.2, 8.3-т заасан шаардлагын дагуу сунгана” гэж заасан ба энэ тохиолдлын хувьд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан “Ажиллах хүч харилцан солилцох тухай” хэлэлцээрийн үйлчлэл 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон, түүнчлэн БНАСАУ-ын ажилчдын асуудалтай холбоотой асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг тус байгууллагын дүрмээр гишүүн орны хувьд Монгол Улс хүлээн зөвшөөрч, биелүүлэх үүрэгтэй тул хариуцагч нь БНАСАУ-ын 82 иргэний хөдөлмөр эрхлэх хугацааг Засгийн газрын 2017 оны 362 дугаар тогтоолын дагуу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах үүрэггүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

17. Тодруулбал, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 -т “гадаадын хуулийн этгээдтэй ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар байгуулсан гэрээ” гэж заасан бөгөөд дээр дурдсанаар “хэлэлцээр”, “санамж бичиг”-ийн хугацаа дуусгавар болсноор БНАСАУ-аас ажиллах хүч авч өөрийн нэр дээр ажиллуулж буй “К” ХХК-ийн хувьд уг шаардлага хангагдахгүй болсон байхад эрх бүхий байгууллага нь тус улсын иргэдийн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацааг сунгах хууль зүйн үндэслэлгүй юм.

18. Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... Засгийн газрын 2017 оны 362 дугаар тогтоолд заасан хугацаагаар “сунгах” байтал тухайн өдрөөс өмнө дуусч болохоор ойлгоно гэж тайлбарласан нь үндэслэлгүй, ... 2018 оны 6 дугаар сарын 03-ны хүртэл зөвшөөрөл олгосон нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, ... НҮБ-ын 2017 оны 8 дугаар сарын 05 ны өдрийн S/RES2375/2017/ тогтоолыг 2 жил хэрэгжүүлэхээр заасан тул энэ хугацаанд багтаан сунгаснаараа гишүүн орны хувьд НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл болохгүй,... шүүхүүд анхаараагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэх гомдлыг хангах боломжгүй.

19. Түүнчлэн, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч,мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлд Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 4.1.5-д “ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг,... үйл ажиллагааг уялдуулах, ...” гэж заасан, уг зүйлийн “яам”-нд олгогдсон бүрэн эрхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хэрэгжүүлдэг үйл баримт тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүхээс “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүрэн эрх” мэтээр шууд дүгнэсэн нь буруу боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл болоогүй учир нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

20. Иймд, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирлын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0271 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0457 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                        Ч.ТУНГАЛАГ