Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-13
Дугаар 369
Хэргийн индекс 128/2019/0175/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Б.С
Хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Б.С-ийн нэхэмжлэлтэй, Налайх

дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0468 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0515 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.С, өмгөөлөгч С.Б, Ш.С,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0468 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.4, 26 дүгээр зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0515 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0468 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Өнөржаргалын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Б.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэхдээ “дур мэдэн ажлаа 3 хоног тасласан, энэ хугацаанд өвчтэй байсан гэх боловч уг хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт байхгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах алдаа гаргасан гэж үзнэ.

4. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар өөрчлөлт оруулах эрхтэй боловч хэрэгт цугларсан нотлох баримт болох “хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох” хэргийн 1-р хавтас 52-р хуудаст байгаа Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02-02/3167 албан бичигт дурьдсан, 1-р хавтас 53-р хуудаст байгаа Б.Х эмчийн тайлбар, хэрэгт хавсаргасан эмчлүүлэгчийн картад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, 2-р хавтас 27-р хуудаст байгаа Б.Б эмчийн тодорхойлолт, 2-р хавтас 30-р хуудаст байгаа Б.Б, 2-р хавтас 31-32-р хуудаст байгаа Б.Б нарын тодорхойлолт,

Б.Б-ийн тодорхойлолтонд дурьдсан “босч чадахгүй байгаагаа т/дарга н.А-т хэлсэн” гэдэгтэй холбогдуулж гэрч н.А-ээс асуугаагүй зэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “гэрчийг дуудаж мэдүүлэг авах” ажиллагааг шүүгч явуулалгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” үндэслэлд хамаарч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дүгээр зүйлийн 123.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” шийдвэр гаргах хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч Б.С нь Төрийн жинхэнэ албан хаагч учраас Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.9-т “Сахилгын шийтгэл ногдуулах түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Энэхүү журмыг Засгийн газрын 1995 оны 97-р тогтоолоор баталсан бөгөөд тухайн хүчин төгөлдөр үйлчилж байсан. Гэтэл захиргааны байгууллага энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, мөн хуулийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчим алдагдаж, төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

6. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 тоот ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актад заасан зөрчлүүд нотлогдоогүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасны дагуу бүхэлдээ илт хууль бус байх бүрэн үндэслэлтэй байна.

7. Хариуцагч нэхэмжлэгчийг эмчийн магадлагаа гаргаж өгөөгүй гэж буруутгаж байгаа ч түүнийг архаг гамрит болон геморрой өвчнөөр тушаалд заасан хугацаанд өвдсөнийг хариуцагч байгууллага няцаагаагүй, хариуцагч байгууллагын дарга нь тухайн дүүргийнхээ эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын гишүүний хувьд эрүүл мэндийн төвийн эмч нарт магадлагаа нөхөж өгөхийг хориглосноос эмчийн магадлагаа авч чадаагүй зэрэг шалтгааныг заавал тогтоох ёстой.

8. Анхан шатны шүүхийн 4610 дугаартай захирамжаар /2-р хавтас 82-84 тал/ хариуцагчаас Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны жилийн эцсийн тайлан, нэхэмжлэгчийн 2017оны үр дүнгийн гэрээний биелэлт, биелэлтийг дүгнэсэн актыг гаргуулахаар хүсэлтийг хангасан бөгөөд хариуцагч тал хэлтсийн биш тасгийн тайланг ирүүлсэн нь 4610 дугаартай захирамжид заасан баримт биш байгаа нь захирамжийг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд дээрх дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.

10. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалд “хууль дүрэм журмыг биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэн ч байх, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үйл ажиллагааны мэдээллийг нуун дарагдуулж, тайлан мэдээ буруу гаргасан зөрчил гаргасан ба энэхүү зөрчил нь нийслэлийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтаар илэрсэн, мөн 2018 оны 6 дугаар сарын 20-ноос 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг зөрчил гаргасан”-ыг дурдаж, сайн дурын даатгалын байцаагч Б.С-ийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Б.С- нь “... төрийн албаны нийтлэг үүргийг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэлийг надад танилцуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, ... ажил таслаагүй, өвчтэй байсан, энэ тухайгаа мэдэгдсэн” гэх зэргээр маргажээ.

11. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтоох”-оор заасан, уг харилцаанд хүчин төгөлдөр мөрдөж байгаа Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж журамласан, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: ... 25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж тусгайлан заасан байна.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн “2018 оны 6 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй” талаарх шалтгааныг өөрөөс нь сонсож улмаар “ажил тасалсан” зөрчилд тооцон хариуцлага ногдуулах болсныг мэдэгдэж, тайлбар гаргуулсан, харин тушаалд дурдсан “бусад” асуудлын талаар хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... зөрчил дутагдлыг би нотлоогүй, нийслэлийн нийгмийн даатгалын газрын эрх бүхий этгээд нотлох баримтаар дүгнэсэн” гэсэн нь тэмдэглэлд тусгагджээ.

13. Энэ талаар анхан шатны шүүх “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж дүгнэж, үүнийг хариуцагчаар “нөхөн” гүйцэтгүүлж, дахин шинээр акт гаргуулахаар маргаан бүхий актыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу.

14. Тодруулбал, шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлснээр нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийн аль нотлогдсон, аль нь нотлогдоогүйг бүрэн дүгнэсэн, түүнчлэн сахилгын шийтгэл оногдуулах талаарх хуулиар тогтоосон “журам”-ыг зөрчсөн нь шүүхээс тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэхгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй гэдгийг тодорхой дүгнэсэн атлаа энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж, шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

15. Нэхэмжлэгч Б.С- нь 2018 оны 6 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “өвчтэй” байснаа нотлоогүй, эмнэлгийн магадлагааг зохих журмын дагуу бүрдүүлж өгөөгүй, шүүхээс уг үйл баримтыг нотлох, баримт цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-т заасныг зөрчөөгүй байна.

16. Иймээс, нэхэмжлэгчийн 3 хоног ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүрэгтэй гэснийг зөрчсөн бөгөөд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 11.1 /а-д “гурав ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан” тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” шийтгэлийг ногдуулахаар журамласан, тус “зөрчил” дангаар байсан ч хүлээлгэх хариуцлагын төрлийг ийм байдлаар тогтоосон учир, шүүхээс “зөрчлийн шинж байдалд тохироогүй” гэж дүгнэх, уг үндэслэлээр хариуцагчийг шууд буруутгах боломжгүй юм.

17. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.С-ийн хяналтын журмаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар “... хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтыг үнэлэхгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4-т заасныг хэрэглээгүй, ... зөрчлүүд нотлогдоогүй тул акт бүхэлдээ илт хууль бус, ... шүүгчийн захирамжаар шаардсан ... үр дүнгийн гэрээний биелэлт ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0515 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.С-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ