Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-20
Дугаар 381
Хэргийн индекс 118/2019/0001/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч “С Э С” ХХК
Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга болон Орон нутгийн өмчийн газрын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны Үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол:

“С Э С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан

аймгийн Засаг дарга болон Орон нутгийн

өмчийн газрын дэргэдэх Худалдан авах

ажиллагааны албаны Үнэлгээний хороонд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Б.Мөнхтуяа

                                                    Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын “Х”  ХХК-тай байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БУ-35/2018 дугаартай гэрээг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0424 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, Ц.А, өмгөөлөгч М.Ц,

Хариуцагч Үнэлгээний хорооны өмгөөлөгч С.Э,

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн өмгөөлөгч Ч.У,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1.1, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С Э С” ХХК-ийн үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Засаг даргын “Х” ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БУ-35/2018 дугаартай гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0424 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.2, 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын “Х” ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БУ-35/2018 дугаартай гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэгч “С Э С” ХХК-ийн “Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, В.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхээс БУ-35/2018 дугаартай гэрээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсгийг зөрчсөн илт үндэслэлгүй шийдвэр гаргасан болох нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “Захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна" хэмээн зааснаар энэхүү гэрээг Захиргааны ерөнхий хуулийг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулагдах иргэний эрх зүйн гэрээ болно.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан нэг буюу түүнээс дээш этгээдтэй хэлцэл хийж гэрээ байгуулна гэж заасны дагуу орон нутагтаа тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа санхүү болон техник, хүн хүч, хийсэн ажлын чанар гүйцэтгэлийн хувьд хамгийн сайн гэж үзсэн гурван компанид санал илгээсэн. “Б” ХХК, “LCB” ХХК, “Х” ХХК зэрэг 3 компанид гэрээ байгуулах урилга хүргүүлсэн. Гэрээ байгуулах хүсэлт ирүүлсэн “Х” ХХК-г сонгох болсон шалтгаан нь Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийг хуулийн хугацаанд чанартай гүйцэтгэдэг. Мөн банкны батлан даалт болон үнийн санал ирүүлсэн учраас хуулийн дагуу гэрээ байгуулсан.

5. Нэхэмжлэгч “С Э С” орон нутгийн компани биш бөгөөд Улаанбаатар хотод Гандангийн барилгыг олон жил төсөвт өртгийг нэмэгдүүлэн олон жил дамнуулан барьсан муу түүхтэй компани гэсэн мэдээлэл бидэнд байсан тул гэрээ байгуулах санал хүргүүлээгүй болно. Бид орон нутагт амьдарч байгаа хүний хувьд С Э С ХХК-ний ард Ц.А хэмээх эмэгтэй менежерээр томилогдсон байсан нь татгалзах бас нэг үндэслэл болсон.

6. Иймд хууль зүйн зүйн үндэслэлгүй гаргасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0424 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

7. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Д.Ц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын “Х” ХХК-тай байгуулсан 2018 оны 12 сарын 17-ны өдрийн БУ-35/2018 дугаартай гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байтал тус гэрээг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй, Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан хийгээд түүний хяналтын объект биш юм. Хэдий тендер сонгон шалгаруулах процесс нь захиргааны үйл ажиллагаа байвч, нэгэнт дуусгавар болсон тендер сонгон шалгаруулалтын дараа байгуулагдсан иргэний эрх зүйн гэрээнд Си Эйч Си ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй.

8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана" хэмээн зааснаар тухайн тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон боловч шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй компаниудыг хэлэлцээнд заавал оролцуулахаар заагаагүй буюу энэ нь захиалагчийн эрх хэмжээний асуудал буюу өөрийн сонгох боломжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн гэж үзнэ.

9. Түүнчлэн нэхэмжлэгч “С Э С” ХХК нь Сангийн яамны 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 6-1/7070 дугаар шийдвэрийг гарсан мөн өдөр нь аваад тухайн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй, өөрсдөө шаардлага хангаагүй этгээд төдийгүй наад захын санхүүгийн чадвар болох сүүлийн 3 жил ашигтай ажиллаагүй харин ч их хэмжээний алдагдалтай ажилласан байдаг нь хэрэгт авагдсан санхүүгийн тайлангуудаар тогтоогддог. Энэ нь илэрхий тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй /ЗХШХШтХ-ийн 54.1.5/ этгээд болохыг харуулж байтал давж заалдах шатны шүүхээс энэхүү шүүхийн алдааг залруулалгүй, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

10. Нэхэмжлэгч нь Үнэлгээний хорооны 03 дугаартай дүгнэлтийн хувьд гомдол, нэхэмжлэл гаргасан ч Сангийн яамны 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 6-1/7070 дугаар шийдвэрийг мөн өдөр нь гардаж аваад хуульд заасан 30 хоногийн хугацааны дотор буюу 2018.12.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргалгүй шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 19-ний /2018.12.14-нөөр огноолсон боловч нэхэмжлэлийн ар дахь шүүхийн хүлээн авсан дардас 2018.12.19 байдаг/ өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь тухайн тендер сонгон шалгаруулалт, захиргааны үйл ажиллагаатай холбогдуулан хуулийн хугацаанд шүүхэд хандаагүй өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, хөөн хэлэлцэх хугацааг 6 хоногоор хэтрүүлсэн болохыг харуулж байна.

11. Үнэлгээний хорооны 04 дугаартай дүгнэлтийн хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэлгүй шууд шүүхэд хандсан нь байдаг /ЗХШХШтХ-ийн 54.1.3/ Мөн Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын “Х” ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БУ-35/2018 дугаартай гэрээг захиргааны гэрээ гэж үзэж буй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

12. Давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх иргэний эрх зүйн гэрээг хүчингүй болгож, ингэж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-ийг хэрэглэж байгаад гуравдагч этгээдийн хувьд хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0424 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцжээ.

14. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын конторын барилга угсралтын ажил” 09-ТГН-003/2018 дугаартай тендерт Үнэлгээний хорооны 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар дүгнэлтээр “Х” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, тус компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр, “С Э С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “шаардлагад нийцээгүй” гэж татгалзахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрт гаргасан “С Э С” ХХК-ийн гомдлыг хянаж, тэдгээрийн аль аль нь “шаардлагад нийцээгүй” тендер ирүүлснийг тогтоож, улмаар “бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг нээлттэй, дахин зарлаж явуулах”-ыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/5341 дугаартай албан бичгээр захиалагчид мэдэгдсэн, үүний дагуу бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг явуулсан ба Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар дүгнэлтээр “тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй” гэж “С Э С” ХХК-ийн тендерээс татгалзаж, “хамгийн сайн” үнэлэгдсэн гэх “Х”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон, мөн уг шийдвэрт гаргасан “С Э С” ХХК-ийн гомдлыг Сангийн яам хянаж, “... шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй, бүх тендерээс татгалзах ёстой атал дахин хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, тендер шалгаруулалтыг ... хуулийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, 30.4.3-т заасны дагуу зохион байгуулж, хуульд нийцсэн шийдвэр гаргах”-ыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/7070 дугаартай албан бичгээр захиалагчид мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр “Х”  ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцээгүй” гэх үндэслэлээр татгалзаж, улмаар бүх тендерээс татгалзсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т зааснаар шууд “гэрээ” байгуулах зөвлөмжийг захиалагчид өгөхөөр шийдвэрлэсэн, үүний дагуу захиалагчаас “Х” , “Бэрсүм”, “Э С Б” ХХК-иудад албан бичгээр “үнийн санал, 750 сая төгрөгийн банкны баталгаа”-г хамт ирүүлэхийг хүссэн, банкны баталгаа ирүүлсэн гэх “Х”  ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр БУ-35/2018 дугаартай “гэрээ” байгуулсан зэрэг нь тогтоогджээ.

16. Анхан шатны шүүх, хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн “тендер” шаардлагад нийцээгүй учраас Үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар дүгнэлт нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т зааснаар тодорхойлсон хүрээнд Үнэлгээний хорооны 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан тул “Х”  ХХК-тай байгуулсан БУ-35/2018 дугаар гэрээ хууль зөрчөөгүй гэх дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу, уг дүгнэлт буруу болохыг магадлалд тэмдэглэж, нэхэмжлэгчийн “гэрээг” хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж завж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.

17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж зааснаас үзэхэд, тухайн ажлыг гүйцэтгэх чадавхи, техникийн болон бусад нөхцөл шаардлагыг “хамгийн сайн” хангасан этгээдтэй шууд гэрээ байгуулах боломжтой, энэ тохиолдлын хувьд 2 удаагийн шалгаруулалтад тус тус ирүүлсэн 2 оролцогчийн тендерээс аль алиныг нь “шаардлага хангаагүй” гэж татгалзсан атлаа нэгтэй нь гэрээ байгуулж, оролцогчдод “тэгш боломж” олгоогүй, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчимд нийцэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

18. Тодруулбал, тухайн тендерт нэхэмжлэгч “С Э С” компани болон гуравдагч этгээд “Х”  компаниас өөр этгээд оролцоогүй, тэдгээрийн аль, аль нь “шаардлага хангаагүй” тендер ирүүлсэн болохыг нэгэнт тогтоосон, “С Э С” ХХК-иас “гэрээ байгуулах” хүсэлтээ илэрхийлсэн байхад захиалагчаас хариу өгөөгүй зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хариуцагч нь “Х”  ХХК-тай гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэдэг үндэслэлд хамаарч байгаа талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэж, уг зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

19. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтсайхан, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батцэнгэл, В.Долгор, гуравдагч этгээд “Х”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажанцан, Ц.Цэдэндамба нараас тус тус хяналтын журмаар “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0424 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, В.Д, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ц.Ц нарын гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг тус тус баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нараас тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, гуравдагч этгээдийн төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ