Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-25
Дугаар 390
Хэргийн индекс 119/2019/0007/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч М.Ц
Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

М.Ц-ын нэхэмжлэлтэй, Орхон

аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийсэн Ү-2101002800 дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгуулах

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0480 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч М.Ц,

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.О,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003.06.19/-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 13 дугаар зүйлийн 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус баримтлан М.Ц-ын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101002800 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0480 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль...” гэснийг “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүний холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, шинжээч томилуулах хүсэлтээс татгалзаж, хурлын тэмдэглэлд тусгаагүй энэ иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхол шүүх дээр ноцтой зөрчигдсөнд гомдолтой байна. М.Ц миний бие улсын бүртгэлийн хэлтэст хандахыг хүсээгүй учраас арга буюу банк хуулиар шийдүүлэхийг хүсэж 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандсан Т.Эрхэмбаяр банктай ярьж тохиролцон баримт сэлт бүрдүүлэн зээл авч тоног төхөөрөмж авах, ажлын байр нэмэгдүүлэх, эргэлтийн хөрөнгө босгох зорилгоор өөрийн компаний үйл ажиллагааг дэмжсэн. Батлагдсан зээлийн гэрээнд би 2004 оны 07 дугаар сарын 29 өдөр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө гэх эцэг хүний халуун дулаан ярианд итгээд гарын үсэг зурсан. Тус шүүхийн 2003 оны 788 дугаартай хэргээс надад Т.Эрхэмбаярын итгэмжлэл, үл хөдлөхийн гэрчилгээ зээл хүссэн өргөдөл, 788 дугаартай шийдвэр, 283 дугаартай тогтоолыг шинжлэн судална уу.

4. Барьцаалагдах үедээ Т.Э-ын өмчлөлд байсан 2101002800 улсын бүртгэлийн дугаартай байр барьцаанаас чөлөөлөгдөх 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр З.Батбаяр нарын нэр дээр шилжиж өмчлөх эрхийн гэрчилгээг олгогдсон байна. 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр банкны барьцаат бүртгэл хүчинтэй байсаар байтал 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-д “мэдүүлэгт дурьдсан, энэ хуулийн 3-р зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж заасныг зөрчин мэдүүлэг хүлээн авч бүртгэл хийсэн.

5. 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр банк тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болохыг нотолсон нотлох баримтгүй байхад улсын бүртгэлийн хэлтэс хууль зөрчин 900 дугаартай шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай зааврыг албан тоотоор авч бүртгэл хийсэн нь иргэн миний ашиг сонирхол зөрчсөн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан зөрчсөн илт хууль бус акт гэж үзэж байна.

6. Түүнчлэн Т.Эрхэмбаяр тухайн байрны хууль ёсны эзэмшигч байхад улсын бүртгэлийн хэлтэс гэрчилгээг хүчингүйд тооцон шүүхээс давсан шийдвэрийг гаргасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий байгууллага шалгаж байгаа бол” гэж заасныг зөрчин мэдүүлэг хүлээн авснаас энэ нөхцөл байдал үүссэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уртбулаг” баг, 5 дугаар хороолол,1 дүгээр байрны 135 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр М.Ц, Э.У, Э.Б нарыг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000207695 дугаар гэрчилгээ олгосон, нэхэмжлэгч М.Ц нь “... хууль зүйн мэдлэггүй байдлыг далимдуулсан, ...миний өмчлөлийн байраар үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гараагүй,... нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгох боломж олголгүй төлбөрөө төлүүлсэн байна” гэх зэргээр маргаж, 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

9. М.Ц-ын нэхэмжлэлтэй, Т.Эрхэмбаярт холбогдох “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс гаргуулах” иргэний хэргийн талаар гарсан Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 900 дугаар шийдвэрээр маргаж байгаа 2 өрөө орон сууцыг М.Ц-, түүний хүү Э.Ууганбаяр, Э.Балжинням нарын эзэмшилд шилжүүлсэн ба Эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь М.Ц-ын 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийг үндэслэн, “шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2101002800 дугаарт бүртгэлтэй тус орон сууцны өмчлөгчөөр М.Ц, Э.Ууганбаяр, Э.Б нарыг бүртгэж, 000207695 дугаар гэрчилгээ олгосон байна.

10. Түүнчлэн, тус орон сууцын өмчлөгчөөр 2000 оны 6 дугаар сарын 30-ны өдөр M.Э /М.Ц-ын нөхөр/ нь бүртгэгдсэн байсан, нэхэмжлэгч М.Ц, гуравдагч этгээд З.Батбаяр нарын хооронд байгуулагдсан 2007 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу орон сууц өмчлөх эрх З.Батбаярт шилжсэнийг 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж, 000025341 дугаар гэрчилгээ олгосон уг бүртгэл, гэрчилгээ хүчинтэй зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

11. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж,... зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”, 4.1-д “өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “ дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэл нэмэлт,өөрчлөлт оруулна: ...19.1.2 “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж тус тус заасан, энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч М.Ц нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу уг орон сууцыг өмчлөх болсон, өмчлөх эрхээ өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Орхон аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичгээр хүсэлт гаргасныг түүний хүсэл зоригоос гадуурх үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

12. Нөгөө талаар, М.Ц- нь “өмчлөх” эрхээ бүртгүүлсний улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй, М.Ц-, Э.Ууганбаяр, Э.Балжиннам нарыг бүртгэсэн уг бүртгэл хүчингүй болсон ч нэхэмжлэгч М.Ц-ын “орон сууц”-ыг өмчлөх эрх сэргэхгүй байна.

13. Учир нь, 2007 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр М.Ц- нь маргаж буй уг З.Батбаярт худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлснээр М.Ц-ын өмчлөх эрх дуусгавар болж, З.Батбаяр өмчлөх эрхтэй болсон, “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан М.Ц-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 319 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

14. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан, нэхэмжлэгч нь дээрх байдлаар өмчлөх эрхээ хэрэгжүүлсэн зэргээс үзэхэд, 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийн улмаас /захиргааны акт/ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул шүүхээс ийм шийдвэрийг гаргах боломжгүй, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

15. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоодог, энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг баталгаажуулсан уг бүртгэл нь түүний хувьд эерэг нөлөөлтэйн зэрэгцээ нэхэмжлэгчээс гаргасан “хүчингүй” болгуулах нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, түүнчлэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий байгууллага шалгаж байгаа бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл боловч тухайн бүртгэлийг хийх үед ийм маргаан гараагүй, нэхэмжлэгч М.Ц нь эдгээр үндэслэлийг дурдаж, нэхэмжлэл гаргаагүй, анхан шатны шүүхэд маргаагүй асуудлаар хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй юм.

16. Иймд, дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн 221/МА2019/0480 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ