Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-02
Дугаар 403
Хэргийн индекс 128/2019/0212/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч "М-О г" ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Халиунаа, улсын байцаагч Д.Мөнхсолонго, Л.Амгалан
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол:

“М-О г” ХХК-ийн гомдлын шаардлагатай,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

улсын ахлах байцаагч У.Халиунаа, улсын

байцаагч Д.Мөнхсолонго, Л.Амгалан нарт

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Халиунаа, улсын байцаагч Д.Мөнхсолонго, Л.Амгалан нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 005541 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0525 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0527 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э,

Хариуцагч Д.М, Л.А,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0525 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Д.М, Л.А нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0527 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгчээс “дээж авах холбогдох журмыг зөрчсөн” талаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайлбал, хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулаагүй, дүрс бичлэгээр баримтжуулаагүй, дахин шинжлүүлж маргаан таслах зориулалт бүхий дээжийг аваагүй, зохих ёсоор хадгалаагүй нь Дээж авах арга” МNS 0218:2018 стандартын 7.2-7.7 зүйлийг зөрчсөн, шинжилгээний хариуг эс зөвшөөрсөн нөхцөлд дахин шинжилгээ хийлгэх оролцогчийн, эрхийг хангаагүй нь “Хөдөлгүүрийн түлш.Этилжээгүй бензин.Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын Шинжилгээний арга.Дээж авах 9.1-д заасан журмыг зөрчсөн талаар маргасан. Гэтэл шүүхийн дүгнэлтэд энэ талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй.

4. Нэхэмжлэгч “MNS 0217:2017 стандартын ГОСТ Р 51925 шинжилгээний аргаар тодорхойлогдох ёстой зүйлд MNS ASTM D 5185:2008 шинжилгээний арга ашигласан” талаар маргаж холбогдох нотлох баримтыг шинжлүүлсэн боловч шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй. Шинжилгээний аргууд нь өөр өөр технологи, хэмжилтийн аргачлал, багаж тоног төхөөрөмж ашигладаг бөгөөд үүнээсээ хамаарч гарах үр нь өөр өөр байдаг. Нэн ялангуяа атом, цөмийн микро орчны өндөр мэдрэмжтэй үзүүлэлтийг хэмжихэд ашиглах багаж, орчин, агаарын даралт, чийгшилт температур гэх мэт олон хүчин зүйлс хэмжилтийн үр дүнд нөлөөлдөг бөгөөд тухайн аргачлалд энэ бүхнийг тооцож стандарт тогтоож өгдөг.

5. МNS 0217:2017 стандартад марганец 0,25 мг/дм3-ээс бага бол “марганец байхгүй”-тэй адилтгаж үздэг. /МNS 0217:2017 стандарт. Этилжүүлээгүй бензиний физик химийн болон ашиглалтын үзүүлэлт 1-р хүснэгтийн Тайлбар хэсгээс үзнэ үү/ Хэрэв MNS ASTM D 5185:2008 стандартын шинжилгээний аргыг ашиглахад багажны алдаа 0.55 мг/дм3 байсан гэж үзвэл маргаан бүхий шинжлүүлсэн бензиний хувьд 0.8- 0.55=0.25 буюу “марганец байхгүй” гэж гарах бүрэн боломжтой. Тодруулбал, ГОСТ Р 51925 шинжилгээний аргын багажны алдаа, MNS ASTM D 5185:2008 шинжилгээний аргын багажны алдаа өөр өөр юм. Гэтэл шүүх дурдсан байдлыг анхааралгүй тодруулбал, MNS ASTM D 5185:2008 стандартын шинжилгээний аргыг ашиглаж гаргасан үр дүнг, MNS 0217:2017 стандартын ГОСТ Р 51925 шинжилгээний аргын үр дүнтэй дүйцүүлэн хэрэглэж улмаар тус стандартыг зөрчсөн мэтээр дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэж чадаагүй гэж үзэж байна.

6. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0525 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0527 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих хуулиудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

8. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлд хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс шинжилгээнд дээж авах асуудлыг зохицуулсны 55.3-т “Улсын байцаагч холбогдох журмын дагуу дээж авч тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг хангана. Дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журмыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”-ыг баталж мөрдүүлсэн байна.

9. Уг журмын 3.3-т “..., үйлчилгээ, худалдааны газарт ... хадгалж, борлуулж байгаа бүтээгдэхүүнээс дээж, .../-ийн/ шинжилгээг холбогдох стандарт /-ын/ дагуу авна” гэж заасан, автобензинээс шинжилгээнд дээж авахад “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартыг баримтлах бөгөөд тус Стандартын 9.1-д “Бензиний дээжийг MNS 218 стандартад зааснаар бензин тус бүрээс 2 литрээс багагүй хэмжээтэй дундаж авна...”, Монгол Улсын стандарт MNS 0218:2008 “Газрын тосны бүтээгдэхүүн.Дээж авах арга”-ын 5.2.4-т “... хувийн жин /нягт/, температур, даралт болон автомат түвшин хэмжигчүүд бүхий савнаас түүний ашиглалтын зааварт зааснаар буюу түгээгүүрийн хошуунаас дээж авах”-аар, 5.4.1-ийн “Тайлбар”: ШТС-ын хэвтээ савны дээжийг түгээгүүрийн хошуугаар авахыг зөвшөөрнө. Энэ үед дундаж дээж бэлтгэх шаардлагагүй” гэж тус тус заажээ.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны 1/12 дугаар Хяналт шалгалтын удирдамж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/70 дугаар тушаалын дагуу “... мэдээллийн хэрэгслээр хуурамч шатахуун болон чанарын шаардлага хангахгүй дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх мэдээллийн дагуу шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх”-ийг шалгах зорилгоор нэр бүхий 9 аж ахуйн нэгжийн шатахуун түгээх станцад худалдан, борлуулж байгаа Аи-92, Аи-95, Дизель түлшнээс дээж авч, шинжлүүлсэн, улсын ахлах байцаагч Г.Энхманлай, улсын байцаагч Д.Отгонтөгс нар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “М-Ойл групп” ХХК-ийн Баянзүрх дүүргийн ШТС-6 дугаар салбарт худалдан борлуулагдаж буй Аи-92 автобензинээс дээж авахдаа түгээгүүрийн хошуунаас 2 литрийг авсныг дээр дурдсан журам, стандартаар тогтоосон шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

11. Мөн, уг “Журам”-ын 3.6-д “... дээж авахад тухайн шалгуулагч этгээд ирээгүй тохиолдолд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан дээжийг авах актад гарын үсэг зурж баталгаажуулна”, 3.7-д “Шалгуулагч этгээд дээж авах явцтай холбогдуулан мэргэжлийн хяналтын дээд шатны байгууллага, албан тушаалтанд ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т “шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй” гэж тус тус зааснаас үзэхэд, хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад шалгуулагчийн оролцоог хангах үүрэгтэй, энэ тохиолдлын хувьд улсын байцаагч нар нь “дээж авах”-даа ШТС-6 салбарын ахлах түгээгч Б.Золзаяаг байлцуулан, актыг танилцуулан, хүлээлгэж өгсөн нь тогтоогдсон, “дээж авах” явцтай холбогдуулан шалгуулагчаас санал гомдол, шаардлага гараагүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

12. Иймээс, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатарын хяналтын журмаар гаргасан “... хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулаагүй, дүрс бичлэгээр баримтжуулаагүй, дээж авах 9.1-д заасан журмыг зөрчсөн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

13. Түүнчлэн, Иргэний нисэхийн Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн СШ18/242 дугаар “сорилт шинжилгээний үр дүнгийн хуудас”-т шинжилгээнд ирүүлсэн Аи-92 автобензинд марганецийн агууламж 0.8±0.01мг/дм3 гэж тодорхойлсон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар “Шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлтээр марганецийн агууламж 06-09 мг/дм3 /нийт 10 ширхэг сорилт шинжилгээний дүнд хамаарах/ тодорхойлогдож байгаа нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй гэж дүгнэжээ.

14. Тус стандартаар этилжүүлээгүй бензинд “марганецийн агууламж” байхгүй байх, марганец 0.25 мг/дм3-аас бага бол “байхгүй” гэж үзэх тусгай шаардлага тавигдсан ба шинжилгээнд ГОСТ Р 51925 стандартыг ашиглахыг заажээ.

15. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах”-аар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон ба Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “тохирлын үнэлгээний байгууллагад лаборатори,... хамаарна”, 15.2-т “тохирлын үнэлгээний байгууллага нь ...холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандарт, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулна”, 15.6.2-т “тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах, ...”, 19 дүгээр зүйлийн 19.3.1-д “тохирлын үнэлгээний байгууллагын чадавхыг тогтоох, итгэмжлэл олгох, ...” гэж тус тус заасан, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь Стандарт, хэмжил зүйн газраас олгогдсон итгэмжлэлийн хүрээнд 2015 оноос 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хүртэлх хугацаанд MNS ASTM D 5185:2008 стандартаар “бүх төрлийн бензинд марганецийн агуулга”-ыг тодорхойлох эрхтэй байсан нь Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 08/б/122, Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 06/734 дугаартай албан бичгүүд, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “итгэмжлэх тухай” А/239 дугаар тушаал зэргээр тус тус тогтоогдсон байна.

16. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... ГОСТ Р 51925:2011 шинжилгээний аргын багажны алдаа, MNS ASTM D 5185:2008 шинжилгээний аргын багажны алдаа өөр өөр юм, ..., MNS ASTM D 5185:2008 шинжилгээний аргыг ашиглаж гаргасан үр дүнг, MNS 0217:2017 стандартын шинжилгээний аргын үр дүнтэй дүйцүүлэн хэрэглэж, стандартыг зөрчсөн мэтээр дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

17. Эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0525 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0527 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ