Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-13
Дугаар 363
Хэргийн индекс 128/2018/0556/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч “БУ” ОНӨААТҮГ
Хариуцагч НМХГ-ын БНД дэх МХГ-ын ХУБ
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “БУ” ОНӨААТҮГ-ын гомдолтой,

НМХГ-ын БНД дэх МХХ-ийн ХУБ Э.Н-д

холбогдох зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                       Д.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

                                       Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга:Б.Уранзаяа

Гомдлын шаардлага: "НМХГ-ын БНД дэх МХХ-ийн ХУБ Э.Н-гийн “БУ” ОНӨААТҮГ-т оногдуулсан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0174712 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0534 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0525 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, хариуцагч Э.Номин нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0534 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-д заасныг тус тус үндэслэн НМХГ-ын БНД дэх МХХ-ийн ХУБ Э.Н-гийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0174712 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “БУ” ОНӨААТҮГ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрл

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0525 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0534 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/534 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/525 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн тул шүүхийн 534 дүгээр шийдвэр, 525 дугаар магадлал хууль ёсны үндэслэл бүхий болоогүй юм. Үүнд:

4. Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...хариуцагчаас байнгын ажлын байранд иргэнийг авч ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-д заасан “Хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн“ гэж заасан зөрчилд хамаарч байна.

Иймд улсын байцаагчийн маргаан бүхий шийтгэлийн хуудас үндэслэлтэй  гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан “БУ” ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэнийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулах журам”-д зааснаар “БУ” ОНӨААТҮГ-ын борлуулалтын ажил үйлчилгээ, цаг үеийн шаардлагаар үүссэн богино хугацааны ажлыг хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгүүлэхээр, мөн хэрэгт авагдсан “БУ" ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн баримтуудаас үзэхэд “БУ” ОНӨААТҮГ нь цэвэр ус хангамж, дулаан түгээх, хангах, орон сууцны засвар үйлчилгээ, бохир ус ариутгал татуурга, барилга угсралт, халуун хүйтэн, усны тоолуур суурилуулах зэрэг 7 төрлийн үндсэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бол ус түгээх  туслах чанарын үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тогтоогдож байна.

5. “БУ" ОНӨААТҮГ-ын ус түгээх байрны ажилчид, тэдгээрийн цалингийн сан зэрэг нь “БУ” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоонд орж, батлагдсан хэдий ч нэгд ус түгээх ажлын байр нь “БУ” ОНӨААТҮГ-ын туслах чанарын эрхэлдэг үйл ажиллагаа, хоёрт, ус түгээх байрны ажилчид нь ус түгээх байрны борлуулалтын орлогоос хамаарч цалин хөлс авдаг, энэ нь хэрэгт авагдсан Г.Баярчимэгийн цалингийн тодорхойлолт, гуравт, ус түгээх байрны ажилчид байгууллагын хамтын гэрээнд заасан ажлын өдөр, ээлж давтамж, ажлын цагийг баримтлан ажиллах боломжгүй байдаг, энэ нь хэрэгт авагдсан ус түгээх байрны ажилчдын ажиллах хуваарь" зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох юм.

6. Хэрэгт цугларсан дээрх үйл баримтуудаас үзэхэд “БУ” ОНӨААТҮГ-ын ус түгээх байр нь тус байгууллагын туслах чанарын эрхэлдэг аж ахуйн үйлчилгээ ба уг ажлын байранд ажиллаж буй ажилчидтай ажил олгогчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан ажилтан болон ажиллуулагч нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажил үүрэг гүйцэтгэх, хуулиар зөвшөөрөгдсөн харилцаа юм. Угтаа бол “БУ” ОНӨААТҮГ нь ус түгээх байрны ажилчидтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажилчдын нийгэм, эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан журмын дагуу төлж, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд нийцсэн иргэний эрх зүйн харилцаа. Харин шүүхийн шийдвэрийн Үндэслэл болж буй... холбогдогч Г.Баярчимэгтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил, чиг үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байрны шинжийг агуулсан байна.

7. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах байжээ гэх дүгнэлт нь нэгд, шүүх ус түгээх байрны ажилчидтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын чиг үүрэгт үндэслэсэн нь үндэслэл муутай болсон, учир нь ус түгээх байр нь нэхэмжлэгчийн үндсэн эрхлэх үйл ажиллагаанд хамаарах эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй, хоёрт,  ус түгээх байрны ажилчдын ажиллах журам, цагийн хуваарь, авч буй цалингийн хэмжээ зэрэг нь нэхэмжлэгчийн бүтэц орон тоонд батлагдсан цалингийн сангийн дагуу цалин хөлс авч байгаа эсэх, ус түгээгчийн ажиллах цагийн хуваарь нэхэмжлэгчийн хамтын гэрээний дагуу байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд шүүхийн дээрх шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болоогүй гэж үзнэ.

8. Хоёр. Шүүх маргаан бүхий захиргааны хэрэгт хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах” хуулийн заалтыг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-д “Хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн” гэх зөрчил мөн гэж дүгнэсэн юм.

9. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-д “ажил олгогч ...хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн гэх зөрчилд тооцно” гэж хуульчилжээ. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд ...ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглосон байна. Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалт нь диспозитив байдлаар хуульчлагдсан, хуулийн уг зохицуулалтыг өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй ба Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхийг мөн хуулийн 1.4 дэх заалтад хуульчилсан байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны хэрэг буюу шийтгэлийн үндэслэл нь “БУ” ОНӨААТҮГ-ын ус түгээх байранд ажиллаж буй иргэдтэй нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дахь заалтыг зөрчсөн зөрчил байна гэж улсын байцаагч шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгчийн ус түгээх байрны ажилчидтай  хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-д заасан хөдөлмөрийн гэрээ  байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэх зөрчилд хамаарах эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн хэм хэмжээг буруу  хэрэглэсэн юм.

10. Зөрчлийн тухай хуулийн 1.3-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж хуульчилсан ба дээрх маргаан бүхий захиргааны хэргийн хувьд нэхэмжлэгч ус түгээх байрны ажилчидтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулснаар хэдий хэмжээний зөрчил үйлдсэн, хэдий хэмжээний хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг улсын байцаагч зөв тогтоогоогүйгээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3-д заасантай нийцээгүй болно.

11. Түүнчлэн ажил олгогч ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллах, үүнтэй холбоотой зөрчил үйлдэх, зөрчилд нь хариуцлага тооцох харилцааг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тусад нь зохицуулснаас үзэхэд улсын байцаагчийн дээрх шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөв үндэслэж хэрэглээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны хэрэгт холбогдох хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй гэж үзнэ.

12. Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт “зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэх хуулийн зохицуулалтыг маргаан бүхий захиргааны хэрэгт хэрэглэхдээ, Хөдөлмөрийн улсын байцаагч зөрчлийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн тул 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дээрх зөрчил үйлдэгдсэн гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дүгнэж буй нь буруу юм. Учир нь Зөрчлийн тухай хуулийн дээрх 2.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу “...таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно ...зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэдэг нь тухайн зөрчил хэдий хугацаанд үйлдэгдсэнийг тодорхойлох зохицуулалт болохоос зөрчил үйлдсэн өдрийг тодорхойлох зохицуулалт биш. Энэхүү зөрчил үйлдсэн хугацааг тодорхойлох нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дахь зохицуулалт буюу зөрчил үйлдэгдсэн хугацаа, хэр хэмжээг харгалзах ач холбогдолтой тул хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт түүнд үндэслэгдсэн болно.

13. Харин 2.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй гэж буй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 1.5 дугаар зүйлийн 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэж хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-д “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно”, 1.5 дугаар зүйлийн 1.3-д “Хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан, зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж хуульчилсанд тус тус харшилсан шийдвэр болжээ.

14. Шийтгэлийн үндэслэл болж буй зөрчлийн шинж нь хүнийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчил үйлдэгдсэн гэж үндэслэсэн бол тухайн ажилтан Г.Баярчимэгийг нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сард ажилд авч, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэж үзэхээр бол зөрчил 2015 оны 10 дугаар сараас зөрчил шалган шийдвэрлэх өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 2 жил 6 сарын хугацаанд үргэлжлүүлэн үйлдэгдсэн гэж үзэх ба харин энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 6 дахь заалтын дагуу тоологдоно.

15. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх үйл баримтад үндэслэж Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээ буюу Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 6, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглээгүй гэж үзэх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

17. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, гомдол гаргагч /зөрчилд холбогдогч/ “БУ” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг /цаашид ОНӨААТҮГ гэх/ Багануур хотын захирагчийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/20 дугаар захирамжаар “Багануур хотын хүн ам, аж ахуйн нэгж, албан байгууллагад ус, дулаан хангамж, ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэх” зорилгоор байгуулсан /улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл нь “цэвэр ус хангамж”/ байх бөгөөд тус үйлдвэрийн газрын орон тоонд “ус түгээгч-18” байхаар тогтоосон зэргээс үзвэл уг ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүрэг”-т хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуй нэгж байгууллагад “цэвэр ус түгээх үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулагдсан энэхүү ажлын байрыг гомдол гаргагчийн маргаж байгаачлан “байнгын бус, цаг үеийн шаардлагаар үүссэн, богино хугацааны шинжтэй, ус түгээх туслах чанарын үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй /Тодорхойлох хэсгийн 4-7/.

18. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан ба “БУ” ОНӨААТҮГ нь дээрх “ус түгээгч”-ийн байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хуулийн хориглосон заалтыг зөрчсөн, энэ нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-д “ажил олгогч... хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулахгүйгээр, ажил, үүрэг гүйцэтгүүлсэн” гэх зөрчилд тооцогдох талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

19. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйл нь “Хөдөлмөрийн тухай хууль зөрчих” гэсэн нэртэй, иймд уг зүйлийн 4.3 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан хориглосон зохицуулалттай холбох бүрэн үндэслэлтэй. Иймд гомдол гаргагчийн маргаж байгаачлан “хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан тул зөрчилд тооцогдохгүй” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-10-д заасан хяналтын гомдол үндэслэлгүй.

20. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил нь, тухайлбал, 9.1. “ажилтныг хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага үндсэн цалин, хөлс олгосон” зэрэг нь байнгын бус буюу хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг зөвшөөрсөн ажлын байранд ажил олгогчоос ажилтантай гэрээ байгуулан ажиллахдаа гаргасан зөрчилтэй холбоотой зохицуулалт байх тул “улсын байцаагчийн шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөв үндэслээгүй” /Тодорхойлох хэсгийн 11/ гэсэн гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

21. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэсэн нь мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д “хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэсэнтэй холбогдож байна. Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн шинжтэй зөрчлийн хувьд тухайн зөрчил үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцохоос бус зөрчил анх гарсан өдрөөс хойш тооцохгүй.

22. Тодруулбал, энэхүү хэргийн тухайд “БУ” ОНӨААТҮГ-ын гаргасан зөрчил нь хариуцагчаас зөрчлийг шалгаж тогтоох хүртэл буюу 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл үргэлжилсэн байх бөгөөд хэрэв гомдол гаргагчийн маргаж байгаачлан зөрчлийг анх гарсан өдрөөс хойш буюу 2015 оны 10 сараас хойш хөөн хэлэлцэх хугацааг 2 жилээр тооцвол 2017 оны 10 сар гэхэд дууссан байхаар байна. Нэг үгээр хэлбэл, зөрчил нь дуусаагүй буюу үргэлжилсээр байхад /2018 оны 3 сар хүртэл/ зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах нь байна.

23. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.5 болон 2.4 дүгээр зүйлийг огт өөр өөр зорилготой тус тусдаа зохицуулалт хэмээн салган тайлбарлах нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” хуулийн зорилгод үл нийцэх тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 12-14-т заасан хяналтын гомдол үндэслэлгүй юм.

24. Дээр дурдсан үндэслэлээр, шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0534 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0525 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

          ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ