Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-13
Дугаар 364
Хэргийн индекс 128/2018/0699/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч “МУЭИС” БСБ
Хариуцагч ЭХЯЧ-ны ТНОК-т
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

“МУЭИС” БСБ-ын нэхэмжлэлтэй, ЭХЯ-ны ТНОК-т

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                      Д.Мөнхтуяа

                                      П.Соёл-Эрдэнэ

                                      Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга:Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний газрын техникийн нөхцөл олгох комиссоос 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон №41/2012 дугаар техникийн нөхцөлийн “Пума” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ЭХЯ-ны ТНОК-оос 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сунган олгосон №17/2014 дүгээр Техникийн нөхцөлийн “Пума” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0341 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0411 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг, гуравдагч этгээд “Пума” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0341 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.5, Барилгын тухай 2008 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг тус тус баримтлан “Эрчим хүчний газрын Техникийн нөхцөл олгох комиссоос 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон №41/2012 дугаар Техникийн нөхцөлийн “Пума” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ЭХЯ-ны ТНОК-оос 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сунган олгосон №17/2014 дүгээр Техникийн нөхцөлийн “Пума” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “МУЭИС” БСБ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0411 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0341 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 341 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 411 дүгээр  магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэгчээс Эрчим хүчний газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №41/2012 дугаар Техникийн нөхцөлийн “Пума” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ЭХЯ-ны ТНОК-ын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №17/2014 дүгээр Техникийн нөхцөлийн “Пума” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан. Маргаан бүхий актын хэрэгжилтээс хамаарч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэл актад хамаарах бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 6 дахь талд “...хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно, түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ гэж тайлбарласан.

5. Актын үйлчлэлээс хамаарч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэл нь мөн хуульд заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарна.

Түүнчлэн техникийн нөхцөл олгох журмыг зохицуулсан Барилгын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн нь тогтоогддог учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэх үндэслэлд мөн хамаарна. Дээрх байдал нь захиргааны шийдвэр “хуульд үндэслэх” зарчим буюу эрх зүйт төрийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаагаараа илт ноцтой алдаанд тооцогддог. Гэвч нэхэмжлэгчээс хариуцагч хуульд заасан хязгаарлалт болон хуулиар хүлээсэн үүргийг зөрчиж захиргааны акт гаргасан нь хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж маргасан байтал анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

6. Мөн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дэх хэсгийг дурдаад нэхэмжлэгчийг тухайн маргаан бүхий техникийн нөхцөлүүдийг батлагдах үед бие даасан хуулийн этгээд байгаагүй тул 2012, 2014 оны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм гэжээ. Төрийн эрх бүхий байгууллагаас захиргааны шийдвэр гаргахдаа “Хуульд үндэслэх” зарчмыг баримтлах учиртай бөгөөд хуулиар тогтоосон үүргийг хэрэгжүүлж гаргасан шийдвэр нь иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх учиргүй. Энэхүү захиргааны шийдвэрт хугацаа заагаагүй бол тухайн үйл баримтыг зохицуулж гаргасан захиргааны шийдвэр нь хугацаагүйгээр үйлчилж тухайн харилцааг зохицуулсаар байна. Иймд тухайн захиргааны шийдвэрийг гаргахдаа хуулийг зөрчсөний улмаас захиргааны актын үйлчлэлд хамаарч байгаа этгээд хожим нь тухайн захиргааны актыг үндэслэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх ёсгүй.

7. Маргаан бүхий 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №41/2012 дугаар Техникийн нөхцөл, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №17/2014 дүгээр техникийн нөхцөлүүд нь шууд “МУЭИС”-д чиглээгүй ч тухайн актын үйлчлэлийн улмаас гуравдагч этгээд өөртөө давуу байдал бий болгон нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхэд шууд байдлаар хязгаарлалт тогтоосны улмаас маргаан үүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг шүүх анхаарч үзэлгүй, хэт хөнгөмсөгөөр шийдвэр гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

8. Түүнчлэн Барилгын тухай хуульд захиалагчийн эрх, үүрэгт “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг авч, техникийн нөхцөлийг биелүүлэх” гэж хууль тогтоогчоос техникийн нөхцөл нь барилгын захиалагчийн нэр дээр гарахаар хуульчилсан бөгөөд хариуцагч Эрчим хүчний яам нь хүсэлт гаргасан этгээдэд л олгодог гэж хуулийг буруу хэрэглэж, хууль зөрчиж барилгын гүйцэтгэгч “Пума” ХХК-ийн нэр дээр техникийн нөхцөлийг олгосон байгааг шүүх анхаараагүй буюу маргааны зүйлийг зөв тодорхойлж, дүгнэлт өгч чадаагүй.

9. Мөн нэхэмжлэгчээс хариуцагчийн техникийн нөхцөл олгох эрх хэмжээтэй, маргаагүй, гагцхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн хэмээн маргасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн хариуцагчийн эрх, хэмжээтэй холбоотой хуулийн заалтыг баримтлан шийдвэр гаргасан. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

10. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 341 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 411 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Шүүхийн шийдвэр, магадлалын шийдэл зөв боловч, хууль хэрэглээний алдаатай байна.

12. “МУЭИС” БСБ-аас “Эрчим хүчний газрын Техникийн нөхцөл олгох комиссоос 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон №41/2012 дугаар Техникийн нөхцөлийн “Пума” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ЭХЯ-ны ТНОК-оос 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сунган олгосон №17/2014 дүгээр Техникийн нөхцөлийн “Пума” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн зүйл болох “техникийн нөхцөл” нь Барилгын тухай хуульд зааснаар “барилга байгууламжийг дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий этгээдээс гаргах шийдвэрийг, “дулааны эрчим хүчний техникийн нөхцөл гэж холбогдох журамд зааснаар “иргэн, хуулийн этгээдээс барилга байгууламждаа дулааны сүлжээнд холбуулахын тулд заавал хангах иж бүрдэл техник-технологийн шаардлага”-ыг хэлэх ба энэ утгаараа техникийн шаардлага, шийдэл, хүчин чадал, үзүүлэлтийг илэрхийлсэн баримт бичиг боловч хандсан этгээдийнхээ хувьд “дулааны шугам сүлжээнд холбогдох эрх”-ийг үүсгэж байгаагаараа буюу эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгож байгаагаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжүүдийг агуулсан гэж үзэхээр байх тул шүүхээс уг нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

13. Маргаан бүхий актууд болох техникийн нөхцөлүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэх алдааг агуулахгүй тул “илт хууль бус захиргааны акт”-д хамаарахгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Тодруулбал, маргаан бүхий актууд нь ямар ч хуульд үндэслэлгүйгээр гарсан, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэд халдсан, хариуцагч хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, гарах ёсгүй байсан актыг гаргасан, өөрөөр хэлбэл, эрх зүйт төрийн хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, харин хариуцагчаас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлт гаргасан этгээдэд /гуравдагч этгээд “Пума” ХХК болон Хүмүүнлэгийн их сургууль/  олгосон байна. Иймд, уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

15. Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ маргаан бүхий актад хамаарах Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасныг бус харин Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 болон шаардлагагүй бусад хуулийн зүйл, заалтыг баримталсан нь, давж заалдах шатны шүүхээс энэхүү хууль хэрэглээний алдааг засаагүй нь буруу байна.

16. Аливаа техникийн нөхцөл нь тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах үед зохих шаардлагыг хангасан гэж үзэж эрх бүхий этгээдээс зохих этгээдэд олгож байгаа зөвшөөрөл бөгөөд хожим нь тухайн барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч өөрчлөгдөх бүрт техникийн нөхцөлд заасан этгээд нь /захиалагч/ өөрчлөгдөнө гэж үзэхгүй юм.

17. Иймд, хэрэв маргаан бүхий техникийн нөхцөлүүд нь анхнаасаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмшиж, өмчилж буй барилгыг бүхэлд нь хамруулж гарсан байхад гуравдагч этгээд нарын зүгээс өөрсдөдөө давуу байдал бий болгож, олгогдсон техникийн нөхцөлийн дагуу дулааны шугам сүлжээг холбоогүй, тасалсан, өөрчилсөн зэрэг маргаан байгаа бол зохих журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой, эсвэл маргаан бүхий техникийн нөхцөлүүд нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй барилгад хамааралгүй бол шинээр техникийн нөхцөл авахаар хариуцагч байгууллагад хандах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй, иймээс тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-9-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0341 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0411 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн ...., Эрчим хүчний тухай хуулийн ....., Барилгын тухай хуулийн .... 3.1.7-д” гэснийг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ