Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-13
Дугаар 365
Хэргийн индекс 128/2018/0962/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "ХБЭ" ХХК
Хариуцагч АМГТГ-ын КХ-ийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“ХБЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын КХ-ийн

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                       Д.Мөнхтуяа

                                       Ч.Тунгалаг

                                       П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:  Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга:Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: “ХБЭ” ХХК-ийн Завхан аймгийн Завханмандал сумын нутагт орших Мандал нэртэй XV-017756 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0268 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0399 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батхүүг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Золбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0268 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4, 24 дүгээр зүйлүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХБЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ХБЭ” ХХК-ийн Завхан аймгийн Завханмандал сумын нутагт орших Мандал нэртэй XV-017756 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0399 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0399 дүгээр магадлалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дараах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Үүнд: Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.4, 24.5 дахь хэсгүүдэд заасан заавал хийх ажиллагааг хийгээгүй байж тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгон бүртгэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-ны журмыг бүхэлд нь зөрчсөн байхад зөрчөөгүй гэж дүгнэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчдын гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 24.5-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй” гэж заасан байхад АМГТГ-ын КХ-ийн дарга манай компаниас гаргасан гомдол хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ биелүүлээгүй байна. Захиргааны байгууллага энэ үүргээ гүйцэтгээгүй нь тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгон бүртгэх үндэслэл болсон.

5. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-ны журмыг бүхэлд нь зөрчсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн захирал Г.Золбаяр нь дурдсан хугацаанд эмнэлэгт хагалгаанд орж, эмчлүүлж байсан эсэхийг уг эмнэлгийн магадлагааг бичсэн эмчээс тодруулга авах замаар тогтоох, улмаар нотлох баримт цуглуулах, үнэлэх боломжтой байхад энэ ажиллагааг хийгээгүй нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл юм. 2016 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны ерөнхий хууль нь өмнөх хуулиар захиргааны байгууллага аль нэг этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах бол тухайн этгээдэд мэдэгдэх, тайлбар авах үүргийг хуульчилж өгсөн. Гэтэл АМГТГ-ын КХ-ийн дарга хууль зөрчиж, дур мэдэн, ямар нэг ажиллагаа хийлгүй шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна. Гэтэл шүүхээс энэ үйл баримтыг огт үнэлээгүйгээр барахгүй, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэхээс өмнө албан ёсоор бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг буруутгаагүй нь хуулийн үндэслэлгүй байна.

6. Төлбөр хугацаандаа төлөөгүй асуудлыг нэхэмжлэгч гаргасан мэтээр ойлгож, тайлбарласан нь буруу. Манай компани Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Дашзэвэгт 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хандсан ба 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8/5826 дугаар албан бичгээр"...төлбөр төлөх хугацаа хоцроосон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл манай хүсэлтийг хүлээн аваагүй үндэслэлийг төлбөртэй холбосон нь Кадастрын хэлтсийн дарга өөрөө юм. Гэтэл шүүхээс Кадастрын хэлтсийн даргын хууль бус татгалзлыг буруутгахын оронд манай компанийг буруутгасан байна. Манай компани 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 5,173,324 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хугацаа хэтрүүлсэн 4 хоногийн алдангид 1,031,040 төгрөг тус тус төрийн сангийн дансанд төлсөн байхад төлбөр төлснөөс хойш нэг хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийн бүртгэлийн системд манай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосноор бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

7. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгч “ХБЭ” ХХК-иас “Завхан аймгийн Завханмандал сумын нутагт орших Мандал нэртэй XV-017756 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргааны зүйл болох “хугацаа дуусгавар болгосон бүртгэл”-ийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хийхдээ буюу энэхүү хууль зүйн бодит факт бий болсон тохиолдолд бие даасан захиргааны акт гаргадаг эсэх, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам үйлчлэх эсэх, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан хууль зүйн факт бий болсноос хойш хариуцагчаас тодорхой үндэслэлээр, тухайлбал, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээх бүрэн эрхтэй эсэх, хэрэв эрхтэй гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн “нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаан болох эсэх, хуульд заасан хугацаа болон өвчтэй байсан хугацааны талаар дүгнэлт өгөх, мөн тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээхийг шүүхээс хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэх боломжтой эсэх”, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага нь “хүчингүй болгох” болон “даалгах” гэсэн тус тусдаа бие даасан шаардлага мөн эсэх зэрэг асуудлыг тодруулж, дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу байна.

11. Тодруулбал, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэснийг хангасан эсэх, хэрэв хангаагүй буюу уг заалт зөрчигдсөн тохиолдолд үүсэх үр дагавар, энэхүү зохицуулалт болон мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл буюу 53.1.1-д заасан “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэснийг хэрэглэхгүй байх үндэслэл зэргийг хэргийн бодит нөхцөл байдал болон хуулийн зохицуулалтын хүрээнд дүгнэлт өгөлгүйгээр, гагцхүү Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой зохицуулалтыг болон Захиргааны ерөнхий хуульд заасан “шийдвэр гаргах ажиллагааны журам”-ыг үндэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

12. Иймд, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн, мөн төлбөрийг алдангийн хамт төлсөн байхад ийнхүү төлбөр төлснөөс хойш 1 хоногийн дараа бүртгэл хийсэн нь хууль бус” гэх агуулгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг шууд хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байхад хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

13. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0399 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ