Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-13
Дугаар 361
Хэргийн индекс 120/2018/0010/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "М г и" ХХК
Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

“М г и” ХХК-ийн гомдолтой,

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн

Татварын хяналт, шалгалтын тасгийн

татварын улсын байцаагч

Э.Б, Б.М нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Г.Банзрагч

                                                     П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0013 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0470 дугаар магадлалтай,

         Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0013 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Б.М нарын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд татварын улсын байцаагч нар шинэ акт гаргаагүй тохиолдолд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Б.М нарын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болгохыг дурдаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0470 дугаар магадлалаар:  Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0013 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн  30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 30.1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Б.М нарын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, “3”  дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 зааснаар гомдол гаргагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Э.Б нараас тус тус гаргуулж гомдол гаргагч “М г и” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, уг заалтын дугаарыг “2” болгон, 4 дэх заалтын дугаарыг 3 болгон  тус тус өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийсэн мэтээр дүгнэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй” хэмээн дүгнэжээ.

4. Татварын улсын байцаагч нар удирдамж, томилолтын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.3-д зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж шийтгэлийн хуудас үйлдсэн.

5. Татварын улсын байцаагч нарын зүгээс нэмэгдсэн өртгийн апбан татварын падааныг хууль бусаар ашиглаж НӨАТ ногдуулаагүй бараа, ажип, үйлчилгээнд ногдсон мэтээр холбогдох бичилт хийж, худалдан авалтын хасалт хийсэн аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, захиргааны хэрэгт цугларсан баримт зэргийг зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой нотлох баримт гэж үзэж байгаа бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд 27 салбарын зөрчлийг нэгтгэн журамласан нь салбарын онцлогоос хамааруулж “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой”,”зөрчил үйлдэгдсэн” гэж үзэн хяналт шалгалтын ажлыг хийж дуусгасан.

6. Иймд нэгэнт гаргасан татвар төлөгчийн зөрчлийг шалгах явцад татварын улсын байцаагч нар процессын алдаа гаргасан гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд улсын төсөвт төлөгдөх татвар төлөгдөхгүй хохирч үлдэхээр байна.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0470 дугаар магадлалыг хянаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

          9. Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Б.М нар “М г и” ХХК-ийн 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “... 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайландаа 9,893,519 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тусгасан”, “... нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 2014 онд 294,526,738 төгрөгийн татвар ногдох орлогыг дутуу тусган, татвар ногдуулж төлөөгүй”, “... хувь хүний орлогын албан татварыг 2013-2016 онд хугацаандаа төлөөгүй”, “... аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2014 оны хугацаандаа төлөөгүй” гэх зөрчлүүдийг тогтоон, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсаар нийт 30,442,024 төгрөгийн нөхөн татвар, 17,449,004 төгрөгийн торгууль, 1,706,644 төгрөгийн алданги, 88,358 төгрөгийн хүү, нийт 49,686,030 төгрөгийн төлбөр ногдуулсан, “М г и” ХХК-ийг төлөөлж, “гүйцэтгэх захирал” ажилтай Д.Б-А2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр уг шийдвэрийг эс зөвшөөрч “... шийтгэл ногдуулахдаа эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй, ... өршөөлийн хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан, хариуцагч нараас “... Татварын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө, 11170400046 дугаар бүхий томилолтоор татварын хяналт шалгалт хийж, ... “М г и” ХХК-ийн 2014 онд гаргасан зөрчилд 2014 онд дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр заалтыг баримталж шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй, ... 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын санкц нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасантай ижил тул эрх зүйн байдлыг дордуулаагүй, ... Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1,10 дугаар зүйлийн 10.1, 10.З-т заасны дагуу “М г и” ХХК-ийн гаргасан захиргааны зөрчилд оногдуулах хариуцлагыг өршөөлд хамруулах үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

            10. Тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “М г и” ХХК-ийг төлөөлөн оролцсон Д.Б-Ань тус компанийн “гүйцэтгэх захирал”-ын албан тушаалд ажилладаг болох нь  “М г и” ХХК-ийн захирал А.Алтанцэцэгээс шүүхэд ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар “Итгэмжлэл олгох тухай” албан тоот, Д.Бат-Амгалангийн 2018 оны 05 дугаар сарын 07, 15-ны өдрүүдэд шүүхэд гаргасан гомдол, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр “... манай гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлд шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “... шүүх хуралдаан хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаар “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан тоот, “М г и” ХХК, “С с” ХХК-ийн хооронд 2011-2015 онуудад байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх” гэрээнүүд, “М г и” ХХК-ийн дипозит дансны хуулга, 2014 оны санхүүгийн тайлан  зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, түүнчлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлд “М г и” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн тус компанийн “үүсгэн байгуулагч” А.Ань “... компанийг Д.Б-А төлөөлөх эрхгүй” гэж маргаагүй байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Д.Б-А-г оролцуулсныг буруутгах үндэслэлгүй, тухайн тохиолдолд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т “... /зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд/ хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг /оролцуулах/”-аар, 6.9 дүгээр зүйлийн 1-д “... эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангах”-аар заасныг тус тус зөрчөөгүй, анхан болон давж заалдах шатны шүүх уг асуудлаар “...хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчид холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ... /дээрх заалтуудыг/ зөрчсөн” гэх буруу дүгнэлт хийж, энэ үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг анхан шатны шүүх “...дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж”, давж заалдах шатны шүүх “... хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            11. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл,  Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 11170400046 дугаар хяналт шалгалт хийх томилолтыг анх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр татварын улсын байцаагч Н.Н, Э.Б нарт олгосон, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уг томилолтод Н.Н-ийн оронд Б.Мягмарцэрэнг томилсон өөрчлөлт оруулсан нь тогтоогдсон, хэрэгт хавсаргаж ирүүлсэн зөрчлийн хэрэгт маргаан бүхий шийтгэлийн хуудсанд хариуцагч байцаагч нарын гарын үсэг, тэмдэг бүрэн дарагдсан атлаа гомдол гаргагчаас гомдолдоо хавсарган шүүхэд ирүүлсэн шийтгэлийн хуудсанд татварын улсын хоёр байцаагчийн гарын үсэг зурагдсан, харин нэг тэмдэг дарагдсан байгаа зэрэг “алдаа” нь маргаан бүхий 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож, зөрчлийг үгүйсгэх, хариуцагч татварын улсын байцаагч нарыг “дур зоргоороо хяналт шалгалт явуулсан” гэх үндэслэл болохгүй, Татварын ерөнхий хууль (2008)-ийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх”, 30.1.3-т “гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах”-ыг тус тус хориглохоор заасныг  зөрчсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт буруу байна.

            12. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх ... хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийсэн мэтээр /буруу/ дүгнэсэн”, “...алдаа гаргасан гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

            13. Түүнчлэн, гомдол гаргагч  “М г и” ХХК-иас татварын хяналт шалгалтаар тогтоогдсон дээрх зөрчлүүдийг “гаргасан эсэх” асуудлаар болон маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн үнийн дүнд холбогдуулж маргаагүй тул “хялбаршуулсан журмаар” зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэл хүлээлгэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “... зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол ... /хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх/”-ээр заасантай нийцсэн гэж үзнэ.

            14. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх”-ээр, мөн зүйлийн 4-т “... оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх”-ээр тус тус заасан, тухайн тохиолдолд, “М г и” ХХК-ийн гаргасан зөрчилд оногдуулах шийтгэлүүд нь Зөрчлийн тухай хуулиар хөнгөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль (2008)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах”-аар, 74.3-т “нөхөн төлүүлэх болох хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд ... алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байх”-аар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх”-ээр, 17.1.2-т “нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах”-аар тус тус заасныг баримталж, шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй байна.

            15. Харин гомдол гаргагчаас анхнаасаа “... өршөөлд хамрагдах үндэслэлтэй” гэж маргасан байхад энэ үндэслэлд шүүх дүгнэлт хийх ёстой, тухайн тохиолдолд,   “М г и” ХХК-ийн гаргасан зөрчил нь “2013-2016 онуудад” хамаарч байгаа тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан нийт 49,686,030 төгрөгийн төлбөрийн зарим хэсэг хамаарахаар байна.

            16. Тодруулбал,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1-д “...энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах”-аар, 4 дүгээр зүйлийн 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх”-ээр, 10 дугаар зүйлийн 10.1-д “... хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарах”-аар тус тус зааснаас үзэхэд “М г и” ХХК-ийн “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө” гаргасан “аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд татвар ногдуулах орлогыг дутуу тусгасан”, “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд татвар ногдох орлогыг дутуу тусган, татвар ногдуулж төлөөгүй”, “... хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хугацаандаа төлөөгүй”  зөрчилд оногдуулсан торгууль, алданги, хүүгийн төлбөр нь өршөөлд хамрагдах үндэслэлтэй, гомдол гаргагчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлын үндэслэлийг хүлээж авах нь зүйтэй байна.

            17. Эдгээр үндэслэлээр, шийдвэр магадлалд тус тус өөрчлөлт оруулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0470 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсаар “М г и” ХХК-д оногдуулсан 17,449,004 төгрөгийн торгууль, 1,706,644 төгрөгийн алданги, 88,358 төгрөгийн хүүгийн төлбөрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх хугацаанд ногдох хэсгийг хасч, нөхөн татвар болон төлбөрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА