Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-18
Дугаар 377
Хэргийн индекс 110/2019/0014/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "С" ХХК
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“С” ХХК-ийн гомдолтой,

Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн

улсын байцаагч нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0050 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0441 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж-ийг оролцуулж,

            Гомдол гаргагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш болон хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Н, Х.С нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0050 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1, 17 дугаар зүйлийн 17.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С ХХК-иас Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0441 дүгээр магадлалаар: Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2019/0050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гомдол гаргагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэгчээс “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчсөн, “Өлгий Ойл” ХХК-иас худалдаж авсан 8,710,000 төгрөгийн шатахууны үнийг бүхэлд нь үндэслэлгүйгээр борлуулалтын орлого гэж үзсэн, нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөх үүрэг байхгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүссэн. Гэтэл давж заалдах шатны шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам ноцтойгоор зөрчигдсөн, нотлох баримтууд цуглуулах шаардлагатай гэж үзэж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг давж заалдах шатны шүүх эөрчиж, улсын байцаагч нарын нотлоогүй, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай гэж үзсэн нь хууль бус байна. Учир нь “С” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй ямар ч үл хөдлөх хөрөнгө байхгүй, 8,710,000 төгрөгийн шатахууны зарлагын баримтыг борлуулалтын орлого гэж үзэх үндэслэл байхгүй байхад огт ач холбогдолгүй нотлох баримтыг цуглуулахаар буцаасан байна. Иймээс давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглээгүй байна.

5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” гэж заасан ба уг шалгуурыг огт хангаагүй, 50 сая төгрөгийн борлуулалтын орлого олоогүй учраас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг үүсэхгүй. Гэтэл энэ талаар давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийхгүйгээр гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг хэрэглээгүй байна.

6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй, хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн болох нь тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасныг хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэх үүрэгтэй байсан гэж үзэж байна.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, “С” ХХК-ийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

8. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Н, Х.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх нь Татварын хуулийн заалтуудыг сайн судлаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн гомдлын дагуу буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

9. Ногооннуур сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 0201100316001 тоот улсын бүртгэлийн, 3065472 тоот регистрийн дугаартай, Б.Харшынбай захиралтай “С” ХХК-ний 2013.01.01-ний өдрөөс 2017.12.31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлт, тайлагнах үүргийн биелэлтийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02180600063 дугаар томилолтыг үндэслэн татвар хяналт шалгалт явуулан 2019 оны 01 дүгээр сарын 07-нд илэрсэн зөрчилд 0175151 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулан хариуцлага тооцсон болно. Уг компани нь 2015 оноос хойш нэг ч төгрөгийн татвар төлж байгаагүй ба 2017 онд 1000 төгрөгийн татвар төлөхөөр тайлагнасан боловч одоо болтол төлөөгүй байна. “С” ХХК нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгааг орон нутаг хариуцсан татварын улсын байцаагч А.Ерлан нотолж байгаа. 

10. Иймд “С” ХХК-ийн захирал 6 Харшынбайн гаргасан нэхэмжлэлд  дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

11. Татвар төлөгч шалгалтын хугацаанд удаа дараа дуудсан боловч дансны депозит хуулгаа шуудангаар ирүүлсэн ба нэг ч удаа биечлэн ирж уулзаагүй бензиний үлдэгдлийн талаар ямар нэгэн тайлбар бичгээр болон утсаар мэдэгдэж байгаагүй болно. 2017 оны ХААН банкны дансны хуулаар 509,600 төгрөгийн борлуулалт хийсэн болох нь нотлогдож байгаа.

12. 2017 онд “Өлгий Ойл” ХХК-иас 40 тоот падаанаар 8,710,000 төгрөгийн шатахуун авсан ба уг барааны улдэгдэл 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн байдлын тайланд огт байхгүй байгаа нь борлуулалт хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /байгууллагын ашиг тооцох боломжгүй учир Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дүгээр заалтаар 2015 онд 5,687,650 төгрөгийн бензиний борлуулалт хийсэн нь “С” ХХК-ний ХААН банкны 5187117850 тоот дансны депозит хуулгаар батлагдаж байна. Мөн татвар төлөгч өөрөө 2016 онд Аж ахуйн нэгжийн орлого, албан татварын тайланд 5,600,000 төгрөгийн :борлуулалт хийснээр тайлагнасан боловч НӨАТ-ын тайланд огт тусгаагүй “X” тайлан өгч байсан нь цахимаар илгээсэн тайлангуудаар нотлогдбж байна.

13. “С” ХХК нь НӨАТ төлөгчөөр 2014 оны 09 дүгээр сарын 01-нд бүртгүүлэн 0041476 тоот гэрчилгээ авч 2017 оны 03 дугаар сарын 31-нд НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасагдсан байна. Иймд 2015, 2016 онд НӨАТ төлөгч байсан нь нотлогдож байна. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэсэн заалтыг баримтлан НӨАТ, торгууль, алданги нөхөн тооцсон болно.

14. 2013-2017 онуудын санхүүгийн байдлын тайланд 28,305,000 төгрөгийн /нийлбэр дүнгээр/ үндсэн хөрөнгөтэй гэж тайлагнасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үндэслэл болж байна.

15. Иймд татвар төлөгч “С” ХХК-ийн захирал А.Харшынбайн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчдын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг хэвээр үлдээн баталгаажуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          17. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Х.Сейфуллин, Д.Нурлан нар “С” ХХК-ны 2013-2017 онуудын татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж,  “татвараа үнэн зөв тодорхойлох, тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй, ... аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогыг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэлд дутуу тусгасан, ... нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу тооцсон, ... Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөөгүй” гэх зөрчил тогтоон,  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “С” ХХК-д 635,601 төгрөгийн торгууль, 2,118,670 төгрөгийн нөхөн татвар, 745,227 төгрөгийн алданги, нийт 3,499,498 төгрөгийн төлбөр оногдуулсан, тус компаниас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “... тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, татвар төлөгч биш, 2016 онд ... 11,288,000 төгрөгийн бензин, шатахуун худалдан авсан боловч станцын түгээгүүр эвдэрсэн тул өнөөдрийг хүртэл борлуулаагүй, ... бензин шатахууныг борлуулсан эсэхийг тогтоогоогүй атлаа төлбөр тавьсан, ... ААНОАТ-ын  тайланд 399,600 төгрөгөөр тусгагдсан, харин 5,600,000 төгрөгийн борлуулалтыг хаанаас гаргаж ирсэн нь тодорхой бус” гэж, хариуцагчаас “...удирдамж томилолтын дагуу хяналт шалгалт хийсэн, “С” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хасагдсан тул 2015, 2016 оны ... борлуулалтад нэсэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөх үүрэгтэй, ... 2015 онд 5687650 төгрөгийн бензиний борлуулалт хийсэн нь тус компанийн ХААН банкны 5187117850 тоот дансны депозит хуулгаар батлагдаж байгаа, ... татвар төлөгч өөрөө 2016 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 5,600,000 төгрөгийн борлуулалт хийснээр тайлагнасан боловч НӨАТ-ын тайланд огт тусгаагүй X тайлан өгч байсан нь цахимаар илгээсэн тайлангуудаар нотлогдсон, ... 2017 онд Өлгий Ойл ХХК-иас 48 тоот падаанаар 8710000 төгрөгийн шатахуун авсан ба уг барааны үлдэгдэл 2017 оны 4-р улирлын санхүүгийн байдлын тайланд огт байхгүй байгаа нь борлуулалт хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй, ... 2013-2017 онуудыг санхүүгийн байдлын тайланд 28305000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэж тайлагнасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үндэслэл болж байна” гэх зэргээр тус тус маргажээ.

18. Хэрэгт гомдол гаргагч “С” ХХК нь ямар нэг үл хөдлөх хөрөнгө өмчилдөг талаар нотлох баримт авагдаагүй, тус компанийн 2013-2017 оны санхүү байдлын тайланд бүртгэгдсэн “үндсэн хөрөнгө”-ийн нийлбэр дүнгээр балансын үнийг тогтоож, үүнээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, “үндсэн хөрөнгө”, “үл хөдлөх хөрөнгө” гэх ойлголтууд нь татварын хууль тогтоомжоор ялгаатай тодорхойлогдсон эсэх, “үндсэн хөрөнгө” гэж бүртгэсэн зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө мөн эсэх, “С” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эсэхийг анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийх шаардлагатай, энэ үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан магадлал зөв гэж үзлээ.

19. Түүнчлэн, “С” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдэж, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүртгэлээс хасагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн, уг хуулийн   5 дугаар зүйлийн 5.2-т “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” гэж заасан, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “С” ХХК-д “нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу тооцсон” зөрчилд оногдуулсан шийтгэлд уг хуулийн өөрчлөлт нөлөөлөх эсэх,  хяналт шалгалтаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд тус компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч гэж үзсэн үндэслэл нь юу болох талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх нь зүйтэй байна.

20. Гомдол гаргагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шөгенөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа авах  “С” ХХК-ийн эрхийг нь зөрчсөн” гэх боловч анхан шатны шүүхэд ийм үндэслэлээр маргаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “С” ХХК-ийн захирал Б.Харшынбайн “... тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа авах” эрхийг хэрхэн зөрчсөн талаар гомдол гаргагч аливаа баримт шүүхэд гаргаагүй, хэрэгт авагдсан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, татварын улсын байцаагч Д.Нурланы Илтгэх хуудаст “ ... “С” ХХК-ийн захирал Б.Харшынбайг оролцуулахаар дуудсан боловч ирээгүй, шалгалт хийх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч гардан авахаас татгалзсан, ... шалгалтын явцад удаа дараа ирж уулзах, тооцоо судалгаатай танилцах талаар утсаар мэдэгдсэн боловч ... тайлбар хэлж ирээгүй, ... 2018 оны 11 дүгээр сарын 17-нд 95942360 утсаар ирэхийг мэдэгдсэн боловч ... хэл амаар доромжилж, ... хяналт шалгалтын ажилд саад учруулсан” талаар тусгагдсан, үйл баримтыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул энэ үндэслэлээр “... дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу, ... шүүх гомдлыг хангаж шийдвэрлэх үүрэгтэй байсан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй.  

21. Түүнчлэн, дээрх байдлаар анхан шатны шүүхийн дүгнээгүй, холбогдох баримтуудыг цуглуулаагүй, тогтоогдоогүй асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагч татварын улсын байцаагч Д.Нурлан, Х.Сейфуллин нараас хяналтын журмаар гаргасан “...шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг хэвээр үлдээн баталгаажуулж өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

22. Иймд, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0441 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагч татварын улсын байцаагч Д.Н, Х.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “С” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА