Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-18
Дугаар 376
Хэргийн индекс 128/2019/0101/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “О б” ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Л, Ш.З, П.Х-Э нар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“О б” ХХК-ийн гомдолтой,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн

төлөө газрын улсын байцаагч

С.Л, Ш.З,

П.Х-Э нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Л, Ш.З, П.Х-Э нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005540 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0449 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0462 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч П.Х-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулж,

            Гомдол гаргагч “О б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0449 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан ”О б” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Л, Ш.З, П.Х-Э нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005540 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0462 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0449 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Л, Ш.З, П.Х-Э нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005540 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Х-Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гомдол гаргагч “О б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх ...хариуцагчаас тухайн лаборатори нь автобензин дэх марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори мөн эсэх, стандартад заасан шинжилгээний аргаар шинжилж сорилын дүн гаргасан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй... гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 10.2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу “О б” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий улсын байцаагч нарын 0005540 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь: анхан шатны шүүхээс хариуцагч нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тодруулбал: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар зөрчил шалгах ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээдийн гаргасан үйлдэл нь зөрчил мөн эсэх, энэ нь хангалттай тогтоогдож байгаа эсэхийг шалгаж тогтоох, улмаар шийтгэл ногдуулах нь эрх бүхий албан тушаалтны үүрэг тул энэхүү үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 10.2 дугаар зүйлийн 5-д заасан зөрчлийг үйлдсэн нь тогтоогдоогүй болохыг дүгнэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн дүгнэлт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд:

4. Хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийг хангалттай, эргэлзээгүй бүрэн тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн сонгосон ИНЕГ-ын итгэмжлэгдсэн лаборатори нь “Автобензин дэх марганецийн агууламжийг тодорхойлох МNS 0217:2017 стандартад заасан ГОСТ Р 51925 стандартын аргаар шинжлээгүй ба огт өөр төрлийн бүтээгдэхүүн шинжилдэг МNS ASTM D 5185:2008 стандартын арга буюу ашигласан тос, тосолгооны материал дахь бохирдолт, элэгдлийн металл, чанар сайжруулагч элемент мөн суурь тосонд агуулагдах идэвхитэй элементийг индукцийн холбоот плазмтай атом эмиссийн спектрометрээр тодорхойлох аргаар хэмжиж буруу сорилтын дүнгээр гаргасныг МХЕГ-ын байцаагч МNS 0217:2017 стандартад нийцээгүй гэсэн буруу дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзсэн. Баримтлах ёстой стандартын аргаар бус баталгаажаагүй багаж хэрэгслэл, итгэмжлэгдээгүй лаборатори шинжилсэн нь үндэслэлгүй дүгнэлт гарах гол шалтгаан болсон гэж зөв дүгнэж шийдвэрээ гаргасан. Учир нь: “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” МNS 0217:2017 стандартын 5.2-ийн 1-р хүснэгтийн 13-д “... марганецийн агууламж байхгүй байх шаардлага тавьж, марганецийн агууламж 0.25 мг/дмЗ-аас бага байвал байхгүй гэж үзнэ” гэж тайлбарласан байдаг. Гэтэл шинжилгээ хийсэн лаборатори болон МХЕГ-ын байцаагч үүнд огт дүгнэлт хийгээгүй төдийгүй дүгнэлтдээ сорилын дүн болон багажны алдааг 0.5 гэж заасан бөгөөд дээрх стандартын үзүүлэлттэй харьцуулалгуй 0.7мг/дмЗ байгаа тул стандарт зөрчсөн гэж эргэлзээтэй, үнэн бодит бус дүгнэлтийг гаргасан. Тодруулбал: сорилын дүнг 0.25 мг/дмЗ стандартын хэмжээтэй харьцуулж, багажны алдааг хасч тооцвол: -0.25мг/дмЗ буюу байхгүй, нэмбэл 0.75мг/дмЗ буюу түүнээс бага ба байхгүй /сорилтын дүн -0.7*0.5мг/дмЗ/ хэвийн хэмжээнд гэж үзэх боломжтой байсан. Гэвч давах шатны шүүх МУ-д өнөөдөр мөрдөгдөж байгаа стандарт, шинжилгээний аргыг илт буруу хэрэглэсэн, дүгнэлт эргэлзээтэй, бодитой тогтоогдоогүй байтал үүнийг үл харгалзан хэргийг шийдвэрлэсэн.

5. Анхан шатны шүүхээс шаардсан ИНЕГ-ын Оношилгооны лабораториос ирүүлсэн 2019.06.28-ны өдрийн 08/б/100 бичмэл нотлох баримтын /хх-ийн 207 хуудас/-ийн хариулт 1-д “тус лаборатори нь газрын тосны бүтээгдэхүүний элэгдэл бохирдлын ... шинжилгээг MNS ASTM D05185:08 стандарт болон үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу боловсруулсан СШ06 аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн”, хариулт 2-т “ГОСТ Р51925 нь марганецийн агууламжийг ААS /атом шингээлтийн спектрометр/-ийн аргаар тодорхойлох, МNS ASTМ 05185:08 нь элэгдэл бохирдлын болон чанар сайжруулагч элемөнтүүдийг IСР-АЕS спөктрометр /индукцийн холбоот плазмтай/-ээр тодорхойлдог аргын стандартууд” гэж эдгээр стандартууд нь өөр өөр бүтээгдэхүүнд баримталдаг стандарт болох, энэ стандартаар өөр өөр багаж хэрэгслэл, аргаар шинжилдэг болохыг нотолж хариулсан байдаг. Гэтэл газрын тосны бүтээгдэхүүн нь автобензинүүд /АИ80, АИ92, АИ95, АИ98 буюу К1-К5 төрлүүд, өвлийн ба зуны дизель түлшүүд, тос, тосолгооны бүтээгдэхүүн, хийн газууд зэрэг олон төрөл маркад хуваагдах бөгөөд Нисэхийн лабораторийн шинжилсэн арга, стандарт нь автобензийг биш ашигласан тос, тосолгооны бүтээгдэхүүнийг шинжилдэг арга, стандарт болох нь уг баримтаар тогтоогдсон. Энэ нь ИНЕГ-ын Оношилгооны лаборатори нь шинжилгээндээ баримтлах ёстой стандартад заагдсан шинжилгээний аргыг хэрэглээгүй, шинжилгээний сорилтын дүн үндэслэлгүй, буруу гаргасныг харуулж байгаа нь сорилын дүн үндэслэлгүй бөгөөд хэмжлийн нэгжийг алдаагүй, үнэн зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй юм.

6. Мөн дээр дурдсан 2 стандарт, түүний шинжилдэг аргуудын “...шинжилгээний багаж хэрэгсэл өөр өөр ялгаатай ба MNS АSТМ 05185:08 стандарт нь тос тосолгооны бэлдмэлд нэмэлт элемент, болон металлуудыг тодорхойлдог шинжилгээний арга” гэдгийг Гаалийн ерөнхий газрын төв лабораториас 2019.07.18-ны өдөр шүүхэд ирүүлсэн 07/1362 тоот /хх-ийн 206 хуудас/ бичмэл нотлох баримт давхар нотолсон ба энэ төрлийн багаж хэрэгсэл байдаггүй бөгөөд марганецийн агууламжийг хэмжих боломжгүйгээ дурдсан байдаг. Тус компаний нийлүүлэгч тал болох ОХУ-ын чанарын паспортад ГОСТ Р 51925 стандартын аргаар бүтээгдэхүүндээ дүгнэлт ирүүлдэг.

7. МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын анхан шатны шүүхэд 2019.06.19-ний өдрийн 11/620 тоот албан бичиг /хх-ийн 208 хуудас/-т “MNS 0217 стандартын дагуу АИ-92 автобөнзин дэх марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори одоогоор байхгүй байна” гээд МЫ3 АЗТМ 05185:08 стандарт /хх-ийн 209 хуудас, 210 хуудасны ангилалтын код 75,080, хамрах хүрээ 1.1 дэх заалт зэрэг/ -ыг ирүүлснээс харахад автобензин дэх марганецийн хэмжээг тодорхойлох стандарт биш болох нь тогтоогдсон.

8. Гэтэл Давж заалдах шатны шүүх"Стандар, хэмжил зүйн газраас 2019.06.28-ны өдрийн 11/620 дугаартай албан бичгээр “...МЫЗ 0217:2017 стандартын дагуу АИ-92 автобензинд марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори одоогоор байхгүй” гэсэн нь албан бичгийг хүргүүлэх цаг хугацаанд 2019.06.28-ны өдрийн байдлаар автобензинд марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори одоогоор байхгүй талаар тодорхойлсон байх бөгөөд...” гэж хэт нэг талыг баримталсан дүгнэлтийг хийхдээ анхан шатны шүүхээс ЗХШХШтХ-ийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу цуглуулж хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг үгүйсгэсэн төдийгүй нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх журамд заасан үүргээ гүйцэтгээгүй зөрчсөн гэж үзэж байна.

9. Автобензин дэх марганецийн агууламжийг тодорхойлох баталгаажсан болон итгэмжлэгдсэн лаборатори 2019.06.28-ны өдрийг хүртлэх хугацаанд тус газарт бүртгэгдээгүй, одоогоор ийм лаборатори байхгүй гэдгийг тодорхойлсоор атал ийнхүү дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлгүй байна.

10. Давж заалдах шатны шүүх “...МХЕГ-ын байцаагчийн 2018.09.24-ний өдрийн 07/106/363 дугаартай дүгнэлт, бопон гэрчийн мэдүүлгээр марганецийн агууламж 0.6-0.9 мг/дмЗ буюу нэхэмжлэгчийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецийн агууламж байх ёстой үзүүлэлтээс их хэмжээтэй буюу 0.7 мг/дмЗ гэж тодорхойлогдож, тухайн бензинийг хэрэглэснээр хөдөлгүүрийн эд ангид гэмтэл үүсгэх болон хөдөлгүүрээс гарсан утааны найрлагад өөрчлөлт орж, хэрэглэгчийн эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нь тогтоогдсон байх тул “Хөдөлгүүрийн түлш, Этилжээгүй бензин. Техникийн щаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй зөрчилд шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт үндэслэлгүй болохыг дараах үйл баримтаар тогтоогддог.

11. Нэхэмжлэгчээс ШӨХТГ-ын байцаагч нарт 2 дахь дээжийг шинжлүүлэх, үйл ажиллагааг эогсоон битүүмжлэн лацдсан автобензинээс дахин дээж авч шинжлүүлэх, одоо борлуулж байгаа бензинээс дээж авч шинжлэх зэрэг санал, гомдлыг удаа дараа тавьсан боловч дээж авах арга МNS80218:2018 стандартын 7.7-д заасан “маргаан таслахад зориулсан” дээж хадгалах хугацааг зөрчин маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дээжийг устгасан байдаг.

12. Нэхэмжлэгчээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5, 6-д заасны дагуу лабораторийн сорилын дүн анхнаасаа эргэлзээтэй, маргаантай төдийгүй лаборатори өөрийн сорилтод мэргэжлийн дүгнэлт гаргах ёстой /Гаалийн лаборатори, бусад лабораториуд/ атап гаргаагүй байхад мэргэжлийн бус МХЕГ-ын улсын байцаагчаас “...дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн нийт шинжилгээний дүнгээр, ...нийт 10ш сорилт шинжилгээний дүнгээр...” гэх зэргээр шалгалт явуулснаас 3 сарын дараа буюу 2018.09.24-ний өдөр 07/106/363 тоот ерөнхий дүгнэлтийг /хх-ийн 23-24 хуудас/ гаргасан байдагт гомдол гаргаж дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан боловч огт шийдвэрлээгүй орхигдуулсан. Мөн зөрчлийн хэрэг нээснээс хойно буюу 2018.11.27-ны өдөр АМГТГ-ын ахлах шинжээчээр дүгнэлтийг гаргуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад АМГТГ-ын даргаас хүчингүй болгосон нь тогтоогдсон. /хх-ийн 155, 240 хуудас хариуцагчийн тайлбар мэдүүлэг/

13. Нэхэмжлэгчийн зүгээс мөн ИНЕГ-ын Оношилгооны лаборатори нь автобензин дэх марганецийн агууламжийг хэмждэг стандартад заасан хэмжлийн арга болон хэмжлийн багаж хэрэгслэлээр бус огт өөр төрлийн бүтээгдэхүүн болох Ашигласан тос, тосолгооны материал дахь марганецийг тодорхойлдог арга, багажаар сорил, хэмжлийг хийж буруу дүн гаргаж үүн дээр үндэслэн МХЕГ-ын байцаагч буруу дүгнэлт гаргасан нь гол маргааныг үүсгэсэн тул ИНЕГ-ын лаборатори болон ШӨХТГ-т дахин шинжилгээ хийлгэн сорилт, дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан. /ИНЕГ-ын 2019.01.18-ны өдрийн 02/255 тоот албан бичиг/ Өөрөөр хэлбэл: ШӨХТГ-ын эрх бүхий албан тушаалтан хяналт шапгалт хийн дээж авч лабораториор шинжлүүлсэн зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ гагцхүү хуулийн дагуу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу, МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, стандартын дагуу хэрэгжүүлж, хуулийн зарчим, хуульд заасан журмыг баримтлан зөрчил маргааныг мэргэжлийн дагуу үнэн бодитой, үндэслэлтэй, эргэлзээгүй шалгаж тогтоох хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсаныг хууль бус гэж үзэж, манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Тодруулбал, хариуцагчаас ЗХШХШтХ-ийн 114 дүгээр зүйлийн 114.3-т заасан “давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхийн хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэснийг зөрчин:

15. Шүүх магадлалдаа: “...ИНЕГ-ын Оношилгоо хэмжил зүйн лабораториос газрын тосны бүтээгдэхүүнд хийгдэх 42 шинжилгээний үзүүлэлтийг ирүүлсний дотор бүх төрлийн бензинд марганецийг шинжлэх талаар ирүүлснээр шинжилгээ хийгдсэн... энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй төдийгүй анхан шатны шүүхээр огт хэлэлцэгдээгүй болно.

16. АМГТГ-ын ахлах шинжээч Болдбаярын дүгнэлтийг тус газрын даргаас нь хүчингүй болгосон үүнийг хариуцагч анхан шатны шүүх хуралдаан дээр зөвшөөрсөөр атал энэхүү дүгнэлтэд үндэслэсэн гомдол гаргасан - зэргээр ШӨХТГ-ын байцаагчид нь хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас тэдгээрийн оногдуулсан шийтгэл, үйлдэл нь хууль эөрчсөн эсэхийг бүрэн шалган тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

17. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийи 10.2.5-д “үйлдвэрпэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах эээлд нийлүүлж байгаа бараа ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн эуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулсан. Гэтэл хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан эсэхийг тогтоосон зүйл огт байхгүй, хохирол учруулсан хохирогч байхгүй, гэм хорын хэмжээ тогтоогдоогүй, нөлөөлсөн гэм буруу, үйлдлийг тогтоогоогүй энэ талаарх баримт хэрэгт огт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн заалтыг зөрчиж тус компаний эрх ашгийг хохироосон шийдвэрийг гаргаж, хэргийн оролцогч нарт тэгш, шударга, эрх ашгаа шүүхээр хамгаалуулах хуулийн зарчмыг алдагдуулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа нь үндэслэлгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

18. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай, Захиргааны ерөнхий хууль, ЗШШтХ-ийн ЗХШХШтХ-иар тогтоосон зарчмыг баримтлан ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2 “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4 “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” зэрэг хуулийн шаардлагыг хангаж шийдвэрээ гаргасан гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0462 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            20. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 дугаар Хяналт шалгалтын удирдамж, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/70 дугаар тушаалаар “... мэдээллийн хэрэгслээр хуурамч шатахуун болон чанарын шаардлага хангахгүй дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх мэдээллийн дагуу  шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь ... хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах” зорилгоор тус газрын улсын байцаагч С.Л, Ш.З, П.Х-Э нар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “О б” ХХК-ийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ШТС-15 дугаар салбарт худалдан борлуулж байгаа АИ-92 автобензинээс дээж авч, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн, тус лабораторийн СШ18/239 дугаар “Сорил шинжилгээний үр дүнгийн хуудас”-т шинжлүүлэхээр өгсөн автобензин дэх марганецийн агууламж 0.7±0.5 мг/дм3 гэж тодорхойлсон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1240 дүгээр албан бичгээр уг сорилт шинжилгээний хариуд “дүгнэлт гаргуулах”-аар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний (газрын тос, хий) хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар “Шинжилгээний дүнгийн тухай” албан бичгээр “... лабораторийн сорилт шинжилгээний үр дүнгээр автобензин дэх марганецийн агууламж 0.6-0.9 мг/дм3 тодорхойлогдож байгаа нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын шаардлага хангахгүй” гэх дүгнэлтийг хүргүүлжээ.

            21. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Л, Ш.З, П.Х-Энарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005540 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “...”О б” ХХК-ийн ... борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын шаардлага хангахгүй болох нь ... нотлох баримтаар тогтоогдсон” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан 9,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийн үндэслэл “хууль ёсны” болох нь дараах байдлаар тогтоогдохгүй байна.

            22. Монгол Улсад 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартаар этилжүүлээгүй бензиний физик-химийн болон ашиглалтын үзүүлэлтэд “марганецийн агууламж байхгүй байх (марганец 0,25 мг/дм3-аас бага бол байхгүй гэж үзэх)” тусгай шаардлага тавигдсан,  Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн дээрх СШ18/239 дугаар шинжилгээний дүнд дурдагдсан “марганецийн агууламж 0.7±0.5 мг/дм3” гэх тоон үзүүлэлт нь түүний доод хязгаар нь “0.2 мг/дм3”-ээс дээд хязгаар “1.2 мг/дм3” хүртэл байх боломжтой гэж ойлгогдохоор байх тул  гомдол гаргагч “О б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... дүгнэлт эргэлзээтэй, бодитой тогтоогдоогүй”,  “... сорилын дүн үндэслэлгүй бөгөөд хэмжлийн нэгжийг алдаагүй, үнэн зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй” гэх зэрэг гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.

            23. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор “О б” ХХК-ийг “... Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан зөрчил”-д холбогдуулан Зөрчлийн 1802000537 дугаартай хэрэг нээж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр “... үйл ажиллагааг түр зогсоох санал”-ыг нийслэлийн Прокурорын газарт гаргасан, тус Прокурорын газрын хяналтын прокурорын мөн өдрийн 90 дугаар тогтоолоор “...”О б” ХХК-ийн Налайх дүүргийн нутагт байрлах ШТС-15 дугаар салбарт АИ-92 автобензин борлуулахыг түр зогсоож” шийдвэрлэсэн, зөрчилд холбогдогч “О б” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолдоо “... стандартын шаардлага хангахгүй гэсэн шинжилгээ дүгнэлтэд эргэлзэж, санал нийлэхгүй байгаа тул ... дахин шинжилгээ хийлгэх” хүсэлт гаргасан, түүнчлэн, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “... хэргийн оролцогч “О б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр ... Ж.Г-ийг тогтоож, ... /түүнд/ оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн”, зөрчилд холбогдогчийн төлөөлөгч Ж.Г-ээс мөн өдөр нь буюу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй байна, ... лабораторийн дүгнэлтийг ... /өнөөдөр/ танилцуулж байгаа нь хууль зөрчсөн, ... лабораторийн дүгнэлт, хэмжсэн арга, багаж хэрэгсэл ... /хууль ёсны/ эсэх талаар ... дүгнэлт гаргуулах ёстой” гэх тайлбар, мэдүүлэг өгчээ.

            24. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно”, 3-т “эрх бүхий албан тушаалтан ... хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор ... /хүсэлтийг хангах эсхүл татгалзах/ шийдвэрийн аль нэгийг гаргана”, 5-д “... шийдвэрт гомдол гаргаж /болно/”, 4.11 дүгээр зүйлийн 5-д “оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно”, 6-д “оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж тусгайлан заасан, тухайн тохиолдолд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч  “О б” ХХК-ийн төлөөлөгчийн “... дахин шинжилгээ хийлгэх” хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан хэрхэн шийдвэрлэсэн талаар уг зөрчлийн хэрэгт баримт авагдаагүй байх тул “хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэлтэй, энэ нь дээрх хуулийн заалтуудтай, түүнчлэн  “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын 9 дүгээр зүйлийн 9.1-д “... тухайн бүтээгдэхүүний чанарын талаар санал зөрсөн тохиолдолд бензиний дээжийг ... дахин авч шинжилнэ” гэсэнтэй тус тус нийцээгүй, энэ талаарх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...дахин шинжилгээ хийлгэн сорилт, дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, ... хууль тогтоомж, стандартын дагуу хэрэгжүүлж, хуульд заасан журмыг баримтлан зөрчил маргааныг мэргэжлийн дагуу үнэн бодитой, үндэслэлтэй, эргэлзээгүй шалгаж тогтоох хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан” гэх гомдол үндэслэлтэй гэж үзэхээр байна.

            25. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх” зарчмыг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх” зарчмыг тус тус хуульчилсан, энэ тохиолдолд, “О б” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдоогүй, зөрчилд шийтгэл оногдуулах маргаан бүхий захиргааны актын үндэслэл нотлогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            26. Өөрөөр хэлбэл, “О б” ХХК-ийг “... стандартын шаардлага хангаагүй автобензин худалдан борлуулсан” гэх үндэслэлээр зөрчил тогтоон, шийтгэл оногдуулах үндэслэл нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн СШ18/239 дугаар “Сорил шинжилгээний үр дүнгийн хуудас” болсон, уг сорилын дүнгээр “О б” ХХК-ийн худалдан борлуулж байсан автобензин дэх марганецийн агууламж 0.7±0.5 мг/дм3 гэж тодорхойлогдсон нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын “марганецийн агууламж байхгүй байх (марганец 0,25 мг/дм3-аас бага бол байхгүй гэж үзэх)” тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх нь дээрх байдлаар эргэлзээтэй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч “О б” ХХК-иас “дахин шинжилгээ хийлгэх” хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргасан байхад дахин шинжилгээ хийгээгүй, сорилын дүнг баталгаажуулаагүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан “... худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй” зөрчил гаргасан гэж шүүх дүгнэх боломжгүй, анхан шатны шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Л, Ш.З, П.Х-Энарын маргаан бүхий  2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005540 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь зөв байна.

            27. Давж заалдах шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулж, тайлбарлан хэрэглээгүй нь буруу, энэ талаарх гомдол гаргагч “О б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй, анхан шатны шүүхийн “... сорилын дүнг ... /үндэслэлтэй, зөв/ гаргасан эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй” талаарх дүгнэлт, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдэл үндэслэлтэй, зөв, харин шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтуудыг бүрэн, зөв баримтлаагүй байх тул тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0462 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0449 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, ... Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч “О б” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА