Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-16
Дугаар 418
Хэргийн индекс 128/2019/0260/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “В в т” ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“В в т” ХХК-ийн гомдолтой,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө

газрын улсын байцаагч

П.Н-Э-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Б.Мөнхтуяа

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0059273 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0437 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0488 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг, хариуцагч П.Н-Э нарыг оролцуулж,

            Хариуцагч улсын байцаагч П.Н-Э-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0437 дугаар шийдвэрээр: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.6, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн тус тус баримтлан “В в т” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-д холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 0059273 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0488 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4, Зар сурталчилгааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан ”В в т” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-д холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, тус газрын улсын байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 0059273 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон, ”В в т” ХХК-ийн захирал Ц.Т-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагч улсын байцаагч П.Н-Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “В в т” ХХК-ийн “World wine” дэлгүүрийн бүх салбараар “Noble”, “Louis eschenaur”, “Grаnd sud grenanche rose”, “JP.Chenet merlot”, “JP.Chenet cabernet syrah” гэх нэртэй дарснуудын сар шинийн хямдралтай худалдааны талаар зар сурталчилгаагаа World wine гэх фэйсбүүк пэйж хуудаснаа түгээсэн хуудас /брошур/ нь Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6.-д “согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах”-ыг хориглоно, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах” гэж заасныг зөрчин согтууруулах ундааны урамшуулалт худалдааг World wine гэх фэйсбүүк пэйж хуудаснаа түгээсэн хуудас /брошур/ байрлуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон зар сурталчилгааг түгээсэн болох нь зөрчлийн ажиллагаанд авагдсан холбогдох материал, гэрэл зураг, хууль ёсны төлөөлөгч Ц.Сувдаагаас авсан тайлбар мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

4. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0488 дугаартай магадлалд Зар сурталчилгаа тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг оюуны өмчийн улсын хяналтын алба Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагчаас өрсөлдөөнтэй холбоогүй харин согтууруулах ундаа сурталчилсан гэсэн үндэслэлээр, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хуулиар олгосон эрхэд халдаж шийтгэл оногдуулсан хууль бус гэсэн дүгнэлт хийх замаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг учир дутагдалтай гэж үзэж байна.

5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э нь “В в т” ХХК-ийг согтууруулах ундаа сурталчилсан гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулаагүй болно.

6. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 14-д “Согтууруулах ундааг сурталчлах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт зааснаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 6.5 дугаар зүйлийн 14-т зааснаар шийтгэл оногдуулна.

8. “В в т” ХХК нь дээрх үйлдэл нь Согтууруулах ундааг сурталчлах журам зөрчсөн үйлдэлд хамаарахгүй бөгөөд хуулиар хориглосон зүйлийг World wine гэх фэйсбүүк пэйж хуудаснаа түгээсэн хуудас /брошур/ байрлуулсан үйлдэл нь хуулиар хориглосон зар сурталчилгааг түгээсэн үйлдэл юм. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 12.1.3-т “өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах” гэж тус тус заасан байдаг.

9. Зар сурталчилгааны тухай хуулийн 3.1.1-т “зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид бүтээгдэхүүн гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” гэж заасан байдаг.

10. Мөн Зар сурталчилгааны тухай хуулийн 2.1-т ”Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдах аливаа зар сурталчилгаанд энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан байдаг тул “В в т” ХХК нь дээрх үйлдэл нь хуулиар хориглосон зүйлийг World wine гэх фэйсбүүк пэйж хуудаснаа түгээсэн хуудас /брошур/ байрлуулсан үйлдэл нь хуулиар хориглосон зар сурталчилгааг түгээсэн үйлдэл юм.

11. Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6-д “согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах”-ыг хориглоно гэж заасан байдаг. “В в т” ХХК нь сар шинийн хямдралтай худалдаа зарласан нь согтууруулах ундааны худалдаанд аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулж буй үйлдэл болно.

12. Согтууруулах ундаа худалдаалж буй бусад аж ахуй эрхлэгчид хуулиар хориглосон зар сурталчилгаа түгээхгүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулан зах зээлд өрсөлдөж байхад “В в т” ХХК нь өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулан хуулиар хориглосон зар сурталчилгаа түгээсэн үйлдэл юм.

13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дахь хэсэгт зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 10.1 дүгээр зүйлд заасан асуудлаар зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдал, шийтгэл оногдуулсан шалтгаан нөхцлийг харгалзан үзээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

14. Иймд, шийдвэрийг дахин судалж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулж Архидан согтуурахтай тэмцэх тухай, Зар сурталчилгааны тухай, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

16. Гомдол гаргагч “В в т” ХХК нь “спиртын өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах” тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд, “... 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуустал “World wine” дэлгүүрийн бүх салбараар хямдралтай худалдаа явагдаж байна” гэж, “Noble”, “Louis eschenaur”, “Grаnd sud grenanche rose”, “JP.Chenet merlot”, “JP.Chenet cabernet syrah” гэх нэрийн дарснуудын зураг, хямдруулсан үнийг харуулсан зурагт зар сурталчилгааг өөрийн “World wine” нэртэй цахим facebook хуудсаар түгээсэн, уг үйл баримт болон дээрх нэр бүхий дарснууд нь согтууруулах ундааны төрөлд “хамаарах эсэх” талаар талууд маргаагүй байна.

17. Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “... зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ ... –ний зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг /ойлгох/”-оор, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “... 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс ... согтууруулах ундаанд хамаарах”-аар, 9 дүгээр зүйлийн 9.2.6-д “... согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах /хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглох/”-оор тус тус зааснаас үзэхэд, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс буюу согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч, худалдаалагч, түүгээр үйлчлэгч нь өөрийн бараа, ажил үйлчилгээний зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор мэдээлэл түгээхдээ согтууруулах ундааны хэрэглээг урамшуулах, нэмэгдүүлэх үр дагавар үүсгэхүйц, аливаа хэлбэрийн сурталчилгаа явуулахыг хориглосон байна.

18. Аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас зах зээлд нийлүүлж буй өөрийн бараа, ажил, үйлчилгээний зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтэд зар сурталчилгаа түгээхийг нийтлэг байдлаар хуулиар зөвшөөрсөн, ингэхдээ хэрэв тухайн бараа, бүтээгдэхүүн нь “согтууруулах ундаа” бол тодорхой хязгаарлалтыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар нарийвчлан тогтоосон, тухайн тохиолдолд, “В в т” ХХК өөрийн худалдан борлуулж буй согтууруулах ундааны үнийг хямдруулах эрхийг уг хуулийн хязгаарлалт хөндөөгүй, харин “хямдралтай худалдаа” нь согтууруулах ундааны борлуулалтыг нэмэгдүүлэх, худалдан авалтыг урамшуулах зорилготой сурталчилгаа байж болохгүй гэж ойлгоно.

19. Өөрөөр хэлбэл, аливаа “хямдралтай худалдаа”-г тухайн бараа бүтээгдэхүүний “борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн анхаарлыг татах, худалдан авалтыг урамшуулах” зорилготой гэж үзэх үндэслэлтэй, хямдралтай худалдааны талаарх зар сурталчилгааг мөн энэ агуулгын хүрээнд тайлбарлах нь буруу биш, ердийн тохиолдолд “В в т” ХХК өөрийн худалдан борлуулж буй согтууруулах ундааны талаарх зар сурталчилгааг хуулиар зөвшөөрөгдсөн байдлаар олон нийтэд мэдээлэх эрхтэй, харин согтууруулах ундааны хэрэглээг урамшуулах, нэмэгдүүлэх үр дагавар үүсгэх борлуулалтыг нэмэгдүүлэх агуулгатай “хямдралтай худалдаа”-ны зар сурталчилгаа аливаа хэлбэрээр түгээж болохгүй.

20. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 10.1 дүгээр зүйл... –д заасан зөрчил ... /-ийг шалган шийдвэрлэх/”-ээр, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т “хуулиар хориглосон зар сурталчилгааг ... түгээсэн бол ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор тус тус заасан, гомдол гаргагч “В в т” ХХК дээрх байдлаар хуулиар хориглосон зар сурталчилгааг түгээсэн зөрчилд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0059273 дугаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “5,000,000 төгрөгөөр торгох” шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй, гомдол гаргагч “В в т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

21. Иймд, “В в т” ХХК өөрийн худалдан борлуулж буй нэр бүхий согтууруулах ундааг хямдруулан худалдах мэдээллийг олон нийтэд түгээсэн нь  Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6-д “... аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглох”-оор заасантай нийцээгүй, хуулиар хориглогдсон зар сурталчилгаа түгээсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, давж заалдах шатны шүүх “... хямдралтайгаар худалдаалах талаар мэдээлэл гаргасан нь хуулиар хориглосон согтууруулах ундааг сурталчилсан үйлдэлд тооцогдохгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хариуцагчийн “...”В в т” ХХК-ийг согтууруулах ундаа сурталчилсан гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулаагүй ... /байхад/ согтууруулах ундаа сурталчилсан гэсэн үндэслэлээр, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хуулиар олгосон эрхэд халдаж шийтгэл оногдуулсан хууль бус гэсэн дүгнэлт хийсэн, ... хуулийг буруу тайлбарласан” гэх агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0488 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА