Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-25
Дугаар 383
Хэргийн индекс 128/2019/0141/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "СМ г" ХХК
Хариуцагч ШӨХТГ-ын УБ И.Х
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“См г” ХХК-ийн

гомдолтой, Шударга өрсөлдөөн,

хэрэглэгчийн төлөө газрын

 улсын байцаагч И.Х-д

холбогдох зөрчлийн хэргийн

тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                         Д.Мөнхтуяа

                                          П.Соёл-Эрдэнэ

                                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/29 дүгээр албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005544 дүгээр “Шийтгэлийн хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0512 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0523 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч И.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0512 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х-д холбогдуулан “См г” ХХК-иас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/29 дүгээр албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005544 дүгээр “Шийтгэлийн хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0523 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “См групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х-д холбогдох захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хянуулахаар гомдол гаргаж байна.

4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг хэлнэ. Зөвхөн Зөрчлийн тухай хуульд заасан ажиллагааг явуулахыг ойлгоно. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар “См г” ХХК-ийн Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу 22-ын товчооны баруун талд байрладаг ШТС-34 салбар дээр хяналт шалгалт явуулахдаа "Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам” болоод МNS 0218:2008 стандартыг зөрчиж дээж авсан, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.10 дугаар зүйлийн 3-д “Орчин тойрондоо аюул учруулж болзошгүй ...тэсэрч дэлбэрэх, хорт бодис, бусад байдлаар аюул учруулж болзошгүй эд зүйлээс дээж авахдаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээг урьдчилан авна” гэж заасныг зөрчсөн, ба 5-д “шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж заасан байхад огт баримтлаагүй, улмаар Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори /итгэмжлэгдсэн бус эрхгүй лаборатори/-д шинжлүүлж, хууль бус дүгнэлт гаргуулсан.

5. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид МNS0217:2017 стандартын дагуу шинжлээгүй, МNS АSТМ D5185:08 стандартын шинжилгээний аргаар шинжилсэн байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан "Худалдагч заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол” гэдэг үндэслэлээр буюу МNS 0217:2017 стандартын дагуу бүтээгдэхүүн оруулан ирж худалдаагүй гэж манай компанид албан шаардлага болон шийтгэлийн хуудсыг хүргүүлсэн нь зөрчилтэй. Дэлхий дахинд МNS АSТМ D5185:08 стандартын шинжилгээ нь 2018 онд хүчингүй болсон бөгөөд энэхүү шинжилгээгээр автомашины эд ангийг шинжилдэг болохоос авто бензинийг шинжилдэггүй болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн Стандарт, хэмжил зүйн газрын албан бичгээр нотлогддог. Ингэж хууль бус стандартын аргаар шинжилж, зөвхөн марганец байгаа үндэслэлээр, марганец ирээдүйд хүн ам, автомашины эд ангид хохирол учруулж болзошгүй гэсэн ерөнхий магадлалтай байдлаар аж ахуйн нэгжүүдийг буруутгаж зөрчлийг хууль бус журмын дагуу цуглуулсан нотлох баримт дээр тулгуурлан дүгнэлт гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийг огт хэрэглээгүй  бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон дээж авах журмыг л дурдсан.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан холбогдогчийн бүх эрхийг хязгаарлаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар дур зоргоороо аашлан 3 сарын дараа зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгаж акт тавьсан. Мөн хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж заасан  байхад эрхээр хангаагүйгээр үл барам стандартыг зөрчиж 4 сар хадгалах үүрэгтэй байсан дээжийг албаар устгаж холбогдогчийн эрх, ашгийг шууд  зөрчсөн. Үнэхээр устсан болон анхнаасаа дээж аваагүй эсэхэд ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар нь стандартын, шаардлага хангахгүй шатахуун борлуулж, хэрэглэгчийг хохироосон гэж буруутган зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулж, тус компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоосон атлаа “Рн” ХХК-ийн чанарын паспорт, гаалийн лабораторийн сорилт, дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нээсэн нь дээрх байгууллагуудын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийг үгүйсгэсэн зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасаар байхад шүүхээс стандарт шаардлага, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зэргийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5-д “хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасаар байхад, журмын дагуу дээж аваагүй асуудлыг анхан шатны шүүхээс огт шалган шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьсан.

7. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдааны дэгийг дараах байдлаар зөрчсөн. Үүнд: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар манай бүх хэрэг маргаан манай талд гарч байгаа, бусад шүүгч нар манай талд шийдвэрлэж байгаа гэх тайлбаруудыг шүүх хуралдааны танхимд удаа, дараа хэлж шүүгчид нөлөөлсөн. Нотлох баримтыг шинжлэн судлахдаа дутуу судалсан, нотлох баримтын шаардлага хангахгүй дуу, дүрсний бичлэгийг үнэлж дүгнэн хууль, журамд нийцсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэлт өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан. Шүүхээс МNS ASTM D5185:08 стандартын шинжилгээгээр шинжилхэд АИ-92 авто бензинд марганец байгаа эсэх нь тогтоогдож байгаа талаар хангалттай нотлох баримт цуглуулаагүй атлаа үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Гомдол гаргагч “См г” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй.

11. “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар хяналт шалгалт явуулахдаа “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам” болон MNS 0218:2008 стандартыг зөрчиж дээж авсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.10 дугаар зүйлийн 3-д “Орчин тойрондоо аюул учруулж болзошгүй ...тэсэрч дэлбэрэх, хорт бодис, бусад байдлаар аюул учруулж болзошгүй эд зүйлээс дээж авахдаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээг урьдчилан авна” гэж заасныг зөрчсөн, ба 5-д “шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална гэж заасан байхад огт баримтлаагүй” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-д заасан хяналтын гомдлын тухайд эдгээр журмыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн, тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.10 дугаар зүйлийн 3-ийг зөрчиж “аюулгүй байдлыг хангах арга хэмжээ аваагүй, түүний улмаас аюулгүй байдал алдагдсан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна эдгээр үндэслэлүүд нь зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

12. Түүнчлэн, Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны 06/742 дугаар албан бичгээр /2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал/ “Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь 2015 оноос 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд бүх төрлийн бензин, тос тослогооны материалд марганецын агууламж тодорхойлох шинжилгээг гүйцэтгэх итгэмжлэлийн гэрчилгээ олгогдож байсан” нь тогтоогдож байх тул тус лаборатори нь “итгэмжлэгдсэн эрхгүй” гэсэн хяналтын гомдол /Тодорхойлох хэсгийн 4-д/ үндэслэлгүй. 

13. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид MNS0217:2017 стандартын дагуу шинжлээгүй, MNS ASTM D5185:08 стандартын шинжилгээний аргаар шинжилсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д "Худалдагч  заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол” гэдэг үндэслэлээр буюу МNS 0217:2017 стандартын дагуу бүтээгдэхүүн оруулан ирж худалдаагүй гэж манай компанид албан шаардлага болон шийтгэлийн хуудсыг хүргүүлсэн нь зөрчилтэй” /Тодорхойлох хэсгийн 5-д/ гэсэн гомдлын тухайд дээр дурдсан Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны 06/742 дугаар албан бичгээс үзвэл, тус лаборатори нь MNS ASTM D5185:08 стандартын дагуу шинжилгээ хийх итгэмжлэгдсэн эрхтэй байсан, уг стандарт нь MNS буюу үндэсний стандартад хамаарах учир Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу түүнийг зөрчсөн гэх үндэслэлгүй.

14. Мөн “Дэлхий дахинд МNS АSТМ D5185:2008 стандартын шинжилгээ нь 2018 онд хүчингүй болсон бөгөөд энэхүү шинжилгээгээр автомашины эд ангийг шинжилдэг болохоос авто бензинийг шинжилдэггүй” гэх гомдлын тухайд Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны 06/742 дугаар албан бичигт “уг стандартыг Америкийн сорилт, материалын байгууллага /ASTM/-аас хүчингүй болгож, АSТМ D5185:2018 болгон шинэчилсэн тул түүнийг хянаж, үндэсний болгох, мөрдөх үүрэг даалгаврыг холбогдох техникийн хорооноос тус лабораторид өгсөн” гэснээс үзвэл, МNS АSТМ D5185:2008-ыг хууль бус, огт хэрэглэгдэх ёсгүй гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл энэхүү шинжилгээний арга, стандарт нь Монгол улсад мөрдөгдөж байх үед Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь маргаан бүхий актын үндэслэл болсон шинжилгээний үр дүнг гаргасан /2018.08.07-17, 1 дэх хавтаст хэргийн 106-107 дахь тал/ байх бөгөөд одоогоор АSТМ D5185:2018–ийг үндэсний болгох үйл ажиллагаа явагдаж байна гэж үзэхээр байна.

15. Түүнээс гадна, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн шинжилгээний үр дүнд  /1 дэх хавтаст хэргийн 106-107 дахь тал/ “Бүтээгдэхүүний стандартын дугаар” гэдэг дээр MNS0217:2017 гэсэн бөгөөд уг стандартыг хангаж буй эсэхийг шалгахдаа янз бүрийн аргыг хэрэглэсэн нь харагдаж байна. Тухайлбал, “Аргын стандартын дугаар” гэдэг дээр марганецийн агууламжийг тодорхойлоход MNS ASTM D5185:08-ыг, мөн энэ аргаар хар тугалганы хэмжээ болон төмрийн агууламжийг тодорхойлсон /гэхдээ шаардлага хангасан/, бензолын хэмжээг MNS ASTM D 6277:14 гэсэн өөр аргаар тодорхойлсон байхад “зөвхөн шаардлага хангаагүй марганецын агууламжийн хувьд “MNS ASTM D5185:08” мөрдөх ёсгүй, бусад шаардлага хангаж байгаад нь уг аргыг, эсхүл MNS0217:2017-оос өөр аргыг хэрэглэж болно” гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм. 

16. Хариуцагчаас хяналт шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэглэх ба хэрэв хяналт шалгалтын явцад зөрчил тогтоогдвол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг тогтоож, холбогдох шийтгэлийг оногдуулах эрх зүйн зохицуулалт үйлчилж байна, иймд “шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон дээж авах журмыг дурдсан” гэх /Тодорхойлох хэсгийн 5-д/ гомдол үндэслэлгүй.

17. Тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан “холбогдогчийн эрхийг огт эдлүүлээгүй, 3 сарын дараа акт тавьсан, дахин шинжилгээ хийлгэх эрхийг эдлүүлээгүй, дээжийг албаар устгаж холбогдогчийн эрх, ашгийг шууд зөрчсөн, журмын дагуу дээж аваагүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул “дээрх зөрчлийг шүүх огт шалгаагүй, хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьсан” гэсэн гомдлыг хангах боломжгүй.

18. Мөн “хариуцагч нараас шүүхэд нөлөөлсөн, шүүх нотлох баримтыг дутуу судалсан, шаардлага хангахгүй нотлох баримтыг үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

19. Иймд, шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0512 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0523 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

          ШҮҮГЧ                                                                    Г.БАНЗРАГЧ