Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-02
Дугаар 399
Хэргийн индекс 128/2019/0204/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч ЦЕГД
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Цагдаагийн ерөнхий газрын

даргад холбогдох захиргааны

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                                 Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                        Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга:              Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0450 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0517 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0450 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 47 дугаар зүйлийн 47.1.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах, албанаас халах тухай” Б/25 дугаар тушаалын Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б-ыг С аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид 6.352.338 /зургаан сая гурван зуун тавин хоёр мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.

 2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0517 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0450 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 47 дугаар зүйлийн 47.1.4” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0450 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0517 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ “...зүй бус харьцаж, дарамтлан маргалдсаны улмаас Б.О-ын биед гэмтэл учирсан”, “эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн байгаа газрыг олж тогтоох үйл ажиллагаандаа иргэнийг албадан оролцуулж, эрхэд нь хууль бусаар халдсаны улмаас бусдад хохирол учирсан” гэх буюу Б.О-ын биед гэмтэл учирсан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх үндэслэл хэрэгт авагдсан албаны шалгалтын материалаар бүрэн нотлогдоогүй байна" гэж дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч нь С аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа мөн аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу эрүүгийн 1831000000002 дугаартай хэргийн яллагдагч Б.Б-г эрэн сурвалжлах зорилгоор Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тухайн эрүүгийн хэрэгт хамааралгүй Б.О-тай уулзаж, түүнээс яллагдагч Б.Б-ийн байгаа газрыг заалгахаар зүй бус харьцаж, дарамтлан, маргалдсаны улмаас Б.О-ын биед хүнд гэмтэл учирсан нь түүнд явуулсан албан шалгалтаар тогтоогдсон. Хэдийгээр нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэж явсан хэдий ч эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн байгаа газрын олж тогтоох үйл ажиллагаандаа иргэнийг үндэслэлгүйгээр хүч хэрэглэн албадан оролцуулж, эрхэд нь хууль бусаар халдсаны улмаас хохирол учирсан үйлдэл нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй дүрэм”-ийн 2.2.2 дахь заалт “цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх” 2.3.2 дахь заалт “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа алба хаагчтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх”, 2.4.1 дэх хэсэг “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх”-т заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн.

5. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “цагдаагийн хаагч хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах, албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлахыг хориглосон, мөн хуульд зааснаар үйл ажиллагаагаа иргэн хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулж болохоор заасан бөгөөд дээрх тохиолдолд нэхэмжлэгч нь тухайн үйл ажиллагаанд хамааралгүй иргэнийг албадах, эрхшээлдээ оруулах үйлдлээс дээрх үр дагавар бий болсон гэж үзсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

7. Тодруулбал, шүүхүүд “нэхэмжлэгч Б.Б-ын гаргасан зөрчил нь “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.3.2-т заасан “ноцтой зөрчил” буюу “цагдаагийн байгууллагын эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон” үйлдэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

8. Гэтэл энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь “санаатай” буюу “ноцтой” эсэх нь эхэлж эрүүгийн журмаар тогтоогдох боломжтой, энэ утгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “эрүү, иргэн, захиргааны ...журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх гэсэн нөхцөлд хамаарахаар байжээ.

 9. Ийм ч учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Нэхэмжлэгчид албаны шалгалт явуулж, албанаас халах үндэслэл болох үйл баримт буюу “2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тухайн эрүүгийн хэрэгт хамааралгүй Б.О-тай уулзаж, түүнээс яллагдагч Б.Б-ийн байгаа газрыг заалгахаар зүй бус харьцаж, дарамтлан маргалдсаны улмаас Б.О-ын биед гэмтэл учирсан” гэх асуудал нь Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байжээ.

 10. Харин уг хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4166 дугаар захирамжаар “Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд “...Б.Б нь бусдын биед гэмтэл учруулж, цагдаагийн албаны нэр хүнд, эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгож” гэсэн нь хэдийгээр холбоотой мэт боловч нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх, хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлахгүй бөгөөд хоёр тусдаа процесс ажиллагаа байна” гэсэн дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болсон гэж үзэх үндэслэлтэй.

11. Энэ нь хяналтын шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч Б.Б-т холбогдох хэрэг нь эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдэж, анхан шатны шүүхийн тогтоолоор ял шийтгэл хүлээсэн байгаа” гэсэн тайлбараас харагдаж байна.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэсэн зарчмын дагуу “шүүх энэ хуулийг /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль/ зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0450 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0517 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ