Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-02
Дугаар 401
Хэргийн индекс 120/2018/0013/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "С-У" ХХК
Хариуцагч Ө аймгийн ТХТХШТ ТУБ Э.Б, Э.Ж
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“С-У” ХХК-ийн гомдолтой,

Ө аймгийн ТХТХШТ ТУБ Э.Б,

Э.Ж нарт холбогдох зөрчлийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                         Б.Мөнхтуяа

                                        П.Соёл-Эрдэнэ

                                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Ө аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Э.Ж нарын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1102201829 дүгээр “шийтгэлийн хуудас”-ны 5 дахь заалтыг хүчингүй болгуулах”

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 120/ШШ2019/0012 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0487 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 120/ШШ2019/0012 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан/ 53 дугаар зүйлийн 53.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С-У” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Ө аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж, Э.Б нарын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1102201829 дугаар шийтгэлийн хуудасны 5 /тав/ дахь заалтыг хүчингүй болгож, “С-У” ХХК-ийн төлөх нийт төлбөрөөс 14,559,818 төгрөгийн нөхөн татвар, 4,367,945 төгрөгийн торгууль, 6,042,324 төгрөгийн алданги зэргийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0487 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 120/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /хуучин/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга, 2016.01.01-ээс дагаж мөрдөгдсөн/ 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан “С-У” ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Э.Ж нарт холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Э.Ж нарын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1102201829 дүгээр “шийтгэлийн хуудас”-ны 5 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын улсын байцаагч Э.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Э.Ж нарын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1102201829 дүгээр “шийтгэлийн хуудас”-ны 1-4 дэх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах болохыг дурдаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “шийтгэлийн хуудас”-ны 5 дахь заалтаар ногдуулсан 4.367.945 төгрөгийн торгууль, 6.042.324 төгрөгийн алданги төлөхөөс “С-У” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 10.410.269 төгрөгөөр багасган 18.333.830 төгрөг болгосон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “С-У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0487 дугаар магадлалыг хүлээн авч дараах  гомдлыг гаргаж байна.

4. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 120/ШШ2019/0012 дугаар шийдвэрээр: Гомдол гаргагч “С-У” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Ө аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж, Э.Б нарын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1102201869 дугаар “шийтгэлийн хуудас”-ны 5 /тав/ дахь заалтыг хүчингүй болгож, “С-У" ХХК-ийн төлөх нийт төлбөрөөс 14.559.818 төгрөгийн нөхөн татвар, 4.367.945 төгрөгийн торгууль 6.042.324 төгрөгийн алданги зэргийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.

5. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0487 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч татварын улсын байцаагч Э.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шийтгэлийн хуудасны 5 дахь заалтаар ногдуулсан 4.367.945 төгрөгийн торгууль, 6.042.324 төгрөгийн алданги төлөхөөс “С-У” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 10.410.269 төгрөгөөр багасган 18.333.830 төгрөг болгохоор шийдвэрлэсэн.

6. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байхад Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Э.Ж нарын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1102201829 дүгээр шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт “...гаргасан зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.2, 74.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..." гэж бичсэн ба Татварын ерөнхий хууль /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан/, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон Зөрчлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг өөрчилсөн “Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан хуулиудын аль хуулийг хэрэглэж шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ “шийтгэлийн хуудас”-т заагаагүй.

7. Зөрчил шалган шийдвэрлэх явцад “С-У” ХХК нь зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, зарим зөрчлийг гаргаагүй гэж маргаж байхад Өмнөговь аймаг дахь Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас Татварын ерөнхий газрын болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны албан бичгүүдийг үндэслэн “С-У” ХХК-ийг зөрчил үйлдсэн нь тодорхой болсон гэж дүгнэн, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасантай нийцээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

 10. Маргаан бүхий актын 5 дахь заалтаар гомдол гаргагч “С-У” ХХК-ийг “М г э и” ХХК-иас 145,598,182 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн 14,559,818 төгрөгийн нөхөн татвар, 4,367,945 төгрөгийн торгууль, 6,042,324 төгрөгийн алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

11. Тодруулбал, “М г э и” ХХК-ийн 5437024 тоот регистрийн дугаартай, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээрх худалдан авалтын бичилт хуурамч болох нь прокурорын болон цагдаагийн байгууллагын холбогдох албан бичгээр тогтоогдож байгаагаас гадна нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3 буюу 2015 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэснийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, энэхүү худалдан авалт бодитойгоор хийгдсэн гэдгийг нотлох НӨАТ-ын падаанаас өөр анхан шатны санхүүгийн баримт байхгүй байна.

12. Ийнхүү шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил тогтоогдож байгаа буюу “С-У” ХХК-ийн зүгээс зөрчлийг үгүйсгэж маргаагүй, өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь маргаан бүхий актад заасан зөрчлийг үгүйсгэсэн санхүүгийн бусад нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч, мэтгэлцээгүй байх тул “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, гаргаагүй гэж маргасаар байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль бус” гэсэн тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан хяналтын гомдлын үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

13. Хэдийгээр хариуцагчаас зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй ч, хэрэв ердийн журмаар шийдвэрлэсэн бол маргаан бүхий акт гарахгүй байсан буюу зөрчил үгүйсгэгдэх байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 14. Гэтэл анхан шатны шүүх “зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй, аль хуулийг хэрэглэж шийтгэл оногдуулснаа шийтгэлийн хуудсанд заагаагүй...” гэж дүгнэн маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүхийн дүгнэсэн уг үндэслэлээр бол маргаан бүхий акт бүхэлдээ хүчингүй болох учиртай, гэтэл нэхэмжлэгчээс тухайн актын бусад зүйл, заалтыг хүлээн зөвшөөрч байгаа нь гомдлын шаардлагын үндэслэл нь өөрөө үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

15. Мөн шийтгэлийн хуудаст зөрчил гарсан үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий /материаллаг/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.2, 74.3 болон  /зөрчилд хүлээлгэх хариуцлага/ маргаан бүхий актыг гарах үед буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж буй зөрчлийг тогтоох процедурыг журамласан Зөрчил шалган шийдвэрлэх тухай /процессын/ хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэсэн нь зөв байх тул “аль хуулийг хэрэглэж шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан гомдол үндэслэлгүй.

16. Иймд, шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0487 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ