Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-04
Дугаар 358
Хэргийн индекс 128/2019/0441/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "Ш" ХХК
Хариуцагч ШӨХТГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Ш” ХХК-ийн гомдолтой,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө

газрын улсын ахлах байцаагчид

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                          Д.Мөнхтуяа,

                                          Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:   Ч.Уранбилэг,

Гомдлын шаардлага: 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0059267 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 128/ШШ2019/0462 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2019/0503 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч У.Х нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 128/ШШ2019/0462 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0059267 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “Ш т” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2019/0503 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, хуулийн дагуух шаардлагыг хангаагүй зэрэг тохиолдолд зөрчлийг арилгуулах, алдааг засуулах зорилгоор тавьсан төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэх нь зүйн хэрэг. Ийм шаардлага нь хууль ёсны шаардлага болно. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн тавьж буй хууль ёсны шаардлага нь өөрөө хууль ёсны байх ёстой. “Хууль ёс”-ны гэдэг нь тухайн шаардлага нь үндэслэл бүхий, биелэгдэх боломжтой, нийтээр хүлээн зөвшөөрөхүйц үр нөлөө бүхий, тухайн нийгмийн тогтолцооны зарчим, үнэт зүйлийг сахисан байж сая хууль ёсны гэдэг ойлголт бүрдэнэ. Гэтэл, гадаад импортын үнийн өсөлт, валютын ханшийн өсөлтийн улмаас шатахуун түгээх станцаар жижиглэнгээр борлуулж буй шатахууны литр тутамд бий болсон алдагдлыг багасгах зорилгоор чөлөөт зах зээлийн зарчмын дагуу үнийг нэгж тутамд 2 хувиар өсгөсөн үйлдлийг буруу, огт нэмэх ёсгүй хэмээн шаардаж, торгууль оногдуулж буй нь хууль ёсны гэх зарчмыг хангахгүй. Өнөөдөр орон даяар зарагдаж буй өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ литр нь 1820-1840 төгрөгөөр зарагдаж байна. 1840 төгрөг болж өсөн зарагдаж буй нь тухайн үеийн 1630 төгрөгөөс 1655 төгрөг болж 35 төгрөгөөр үнэ нэмэгдсэн шалтгаан буюу гадаад хил үнэ, валютын ханшийн өсөлттэй шууд холбоотой. Тухайн үеийнхтэй харьцуулахад нэгж литр тутамд 200, 300 төгрөгөөр өссөн байна. Хэрэв “үнийг бүү өөрчил”, “бүү өсгө” гэх шаардлагыг хууль ёсны шаардлага гэж үзвэл 2018 оны 2-р сард гарсан маргаан бүхий акт буюу шийтгэлийн хуудсаас хойш үнэ өсгөсөн байна гэсэн шалтгаанаар торгуулийн хуудас хэд хэдэн удаа тавигдсан байх ёстой атал торгууль бичигдээгүй. Ийм учир шалтгааны хийгээд зарчмын зөрчилдөөнтэй улсын байцаагчийн шаардлагыг хууль ёсны гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.                                

4. Магадлалын хянах хэсэгт “Тус маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхэд дээрх баримтууд нь ач холбогдолтой, хэрэгт хамааралтай байж болох нөхцөл байдал тогтоогдохгүй” байна гэжээ. Улсын байцаагч нарын зүгээс тус газраас тавьсан шатахууны үнийг “тодорхой түвшинд”, “тогтвортой байлгах” гэсэн шаардлагыг биелүүлээгүй гэсэн шалтгааны улмаас маргаан бүхий актыг гаргасан. Шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн үндэслэл нь “Ш Т” ХХК шатахууны үнийг литр тутамд 30-35 төгрөгөөр буюу нэгж тутам 2%-иар үнийг өсгөж, уг үйлдлээрээ хариуцагчийн шаардлагыг биелүүлээгүй гэдэг. Гэтэл, литр тутам нь 1630 төгрөгөөр зарагдаж байсан бүтээгдэхүүн импортын үнэ болон ам.долларын ханшийн өсөлтийн улмаас зах зээлийн зарчмын дагуу 2%-иар өсөхийг тодорхой түвшинд байгаагүй, тогтвортой байлгаагүй гэж үзэх эсэх,  2%-ийн нэгж үнийн нэмэлт хийх болсон учир шалтгаан, 1630 төгрөгөөр зарсан хэвээр байх юм бол компани их хэмжээний алдагдалд орох төдийгүй, гадаад татан авалт, шатахууны нийлүүлэлтээ тасалдалгүй, тогтвортой байлгах шаардлагыг биелүүлэх боломжгүй болох байсан ба алдагдлаа багасгах зорилгоор нэмсэн гэдгийг харуулах нотлох баримтуудыг ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

5. Маргаан бүхий шийтгэлийн хуудас гарах болсон шалтгаан нь үнэ нэмсэн гэх үйлдлийг буруутгасан асуудал байсан ба гомдол гаргагч талаас шүүхэд үнэ нэмэх болсон талаарх холбогдох учир шалтгааныг харуулах зорилготой баримтууд гаргаж өгсөн. Гомдол гаргагчийн үйлдэл нь хүндэтгэн үзэх зүй ёсны шалтгаан бүхий, зах зээлийн зарчим, зүй тогтол, эрүүл өрсөлдөөний дагуу, ашгийн төлөө хуулийн этгээдийн үндсэн зорилт, бизнесийн зарчмын хүрээнд, алдагдлаа багасгах зорилгоор шатахууны үнийг 2%-иар нэмсэн гэдгийг олж тогтоох нь төрийн албан хаагчийн хууль ёсны гэх шаардлагыг биелүүлсэн үү, эс биелүүлсэн үү гэдгийг хянахад чухал нөлөөтэй. Ямар учир шалтгаан, нөхцөл байдлын улмаас үнэ нэмсэн бэ гэдгийг олж тогтоохгүйгээр, үүнд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр, үнэ нэмсэн гэсэн үйлдлийг буруутгасан акт хууль ёсны үндэслэл бүхий болсон эсэхийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

6. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Гомдол гаргагч “Ш т” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0059267 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол шүүхэд гаргасан ба маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, АИ-92 шатахууны үнэ нэмсэн” гэх үндэслэлээр “Ш т” ХХК-ийг 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

9. Гомдол гаргагчаас “алдагдал нөхөх зорилгоор шатахууны үнэ нэмсэн нь эрх бүхий байгууллагын тогтоол, зөвлөмжийг зөрчсөн үйлдэл биш, улсын байцаагчийн шаардлага хууль ёсны байгаагүй” гэж, хариуцагчаас “Засгийн газрын тогтоол болон Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй, төрөөс татварыг тэглэсэн атал шатахууны үнэ нэмсэн” гэж тус тус маргажээ.

10. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийн хямралыг даван туулах, стратегийн гол бараа бүтээгдэхүүн, тухайлбал, Улсын нөөцийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас тогтоосон бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж, Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийх, зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй” гэж заасан байна.

11. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан, Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 9 дүгээр зөвлөмж гарч, авто бензиний хангамж, үнийн тогтвортой байдлыг ханган ажиллах зохицуулалт хийжээ.

12. Энэ хүрээнд Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор импортоор оруулж ирсэн авто бензин, дизель түлшний /А-80, АИ-92/ онцгой албан татварын хэмжээг тэглэж, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгахыг шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагад үүрэг болгожээ. Гэвч, “Ш т” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр АИ-92 шатахууны борлуулах нэгжийн үнийг 1630 төгрөгөөс 1665 төгрөг болгож нэмэгдүүлсэн тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1/222 дугаар албан бичгээр “хамтарсан зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлэх”-ийг мэдэгдсэн байна.

13. Улсын байцаагчийн дээрх мэдэгдлийг “хууль ёсны биш” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хууль зөрчсөн үүрэг хүлээлгээгүй, гомдол гаргагч хуулийн этгээд нь Засгийн газраас үнийн зохицуулалт хийсэн үйл баримтыг мэдсэн атлаа уг шийдвэрийг хэрэгжүүлээгүй, шийдвэр хэрэгжиж эхлээд удаагүй байхад шатахууны үнэ нэмсэн, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

14. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан, энэ тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудас нь дээрх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, харин улсын байцаагчаас “албан шаардлага” гаргаагүй, “мэдэгдэл” хүргүүлж, шийдвэр гаргах ажиллагааны алдаа гаргасан боловч энэ нь тухайн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь “хууль зөрчсөн” гэж үзэх хангалттай үндэслэл биш юм.

15. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 128/ШШ2019/0462 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2019/0503 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ