Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-13
Дугаар 367
Хэргийн индекс 112/2019/0011/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч П.А
Хариуцагч У аймгийн БОАЖГД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

П.А-ийн нэхэмжлэлтэй,

Увс аймгийн Байгаль орчин,

аялал жуулчлалын газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                          Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                             Г.Банзрагч,

                                            Д.Мөнхтуяа,

                                            Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ,

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Уул уурхай, байгаль орчин үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0390 дүгээр магадлалтай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 06 сарын 05-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0390 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2017 оны” гэснийг хасаж, “тухай” гэсний дараа ”/2002 оны/” гэж нэмж, “48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3” гэснийг “26 дугаар зүйлийн 26.1.3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хянан шийдвэрлэх үүрэгтэй ба хариуцагч нь анхан шатны шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар батлагдсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзсэнийг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 тоот тушаалын эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр гагцхүү захиргааны байгууллагаас хэргийн оролцогчийн оролцоог хангах зорилгоор явуулсан ажиллагааны нэг хэлбэр болох мэдэгдэх хуудсыг эрх зүйн үр дагавар агуулсан захиргааны акт гэж үзэж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Нэхэмжлэгч П.А-д өгсөн мэдэгдэх хуудсаар түүнд гаргасан зөрчил, түүний үр дагаврын талаар захиргааны байгууллага мэдэгдэж, хариу тайлбараа гаргахыг хүссэн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч П.А нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад бичгээр тайлбар гаргасан тайлбартаа зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн, түүний тайлбар нь 3 хоног ажил тасалсныг зөвтгөх хүндэтгэн үзэх шалтгаан биш байсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 тушаалын үндэслэх хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2 дахь заалтыг хэрэглэсэн бөгөөд тус заалтын агуулга нь сахилгын зөрчил давтан гаргасан тухай бус харин ажилтан 45 хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан агуулгатай юм. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр мэдэгдэх хуудсанд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй.

5. Нэхэмжлэгч П.А нь сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 тоот тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Гэвч нэхэмжлэгч П.А-д албан томилолтын хугацаа хэтрүүлсэн нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт зөрчсөн болохыг Газрын дарга биечлэн уулзаж мэдэгдсэн бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь бичгээр тайлбар гаргаж өгснийг газрын дарга хянаж үзээд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу арга хэмжээ авах тухай цохолт хийж хүний нөөцөд шилжүүлсэн байдаг. Шүүхээс Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажилласан байсан Ж.Х-аас гэрчийн мэдүүлэг авсан боловч 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 тоот тушаалыг гардуулж өгсөн эсэх талаар тодруулаагүй, бичгээр гаргасан тайлбарыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн, давтан зөрчил гаргасан нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

6. Иймд хяналтын шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг үнэн зөв шийдвэрлэж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч П.А-ээс Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Уул уурхай, байгаль орчин үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий тушаалаар “2 буюу түүнээс дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгчээс “байгууллагын дотоод журмын нэмэлт өөрчлөлтийг батлаагүй, 2 өдөр ажил тасалбал ноцтой зөрчилд тооцох зохицуулалт дотоод журамд байхгүй, сануулах шийтгэл ногдуулсан тухай мэдэгдээгүй” гэж, хариуцагчаас “сануулах шийтгэлийг амаар мэдэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тус тус маргажээ.

9. Төрийн албаны тухай /2002/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”  гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн шинж байдалд тохирсон хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ эдгээр зөрчил нь эрх зүйн хувьд хэлбэржиж, тухайн албан хаагчийн хувьд хүчин төгөлдөр хэм хэмжээ гэж хүлээн зөвшөөрөгдсөн байх учиртай.

10. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан, уг журмын 10.2.2-т “хоёр буюу түүнээс дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан /45 хоногийн дотор/ бол ноцтой зөрчилд тооцох”-оор зохицуулсан боловч уг журмыг хэрхэн баталсан нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “байгууллагын дотоод журмын нэмэлт өөрчлөлтийг хамт олноор хэлэлцэн баталсан” гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй буюу тухайн хурал болсон талаарх баримтыг шүүхэд өгөөгүй зэргээс үзэхэд Хөдөлмөрийн дотоод журмыг үйлчилж байсан, хүчин төгөлдөр гэж үзэх нь эргэлзээтэй, энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

11. Иймээс хариуцагчийн “хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаар хариуцагч нь анхнаасаа буюу нэхэмжлэлд хариу тайлбар гаргах үед болон анхан шатны шүүх хуралдаанд “2018 оны 4 сард томилолтын хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан тул сануулах шийтгэл ногдуулсан, дараа нь 2015 оны 5 сард 3 хоног ажил тасалсан, байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчсөн тул ажлаас халсан” гэж  тайлбарлаж байсан, иймээс шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 дугаар “сануулах” сахилгын шийтгэлийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хариуцагчийн “зөвхөн 3 хоног ажил тасалсан зөрчилд хариуцлага тооцсон, удаа дараа гэх үндэслэлээр тушаалыг гаргаагүй” гэх гомдол няцаагдаж байна.

12. Шүүхээс нэхэмжлэгчийг 2018 оны 5 сард ажил тасалсан зөрчил гаргасан болохыг тогтоосон, гэвч зөрчилд тохирсон хариуцлага хүлээлгээгүй, ялангуяа, хариуцагчийн нэрлэн заасан “удаа дараа” гэх үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэлийг хангасан шүүхүүдийн шийдэл хуульд нийцжээ.

13. Төрийн албаны тухай хуулийн /2002/ 26 дугаар зүйлийн 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид  сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-т “Сахилгын  шийтгэл  ногдуулах  үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай  баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулсан  байна...”, мөн журмын 6-д “...Тушаалыг  сахилгын  шийтгэл  хүлээсэн  төрийн  захиргааны албан  хаагчид танилцуулж…”  гэж тус тус зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж, гаргасан тушаалыг танилцуулах үүрэг нь хариуцагчид байна.

14. Гэтэл хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн үндэслэлийг нотолсон болон гардуулсан баримт байхгүй, хариуцагчийн “сануулах шийтгэлийг амаар танилцуулсан” гэх тайлбар нь дээрх хууль болон журмын зохицуулалтад нийцэхгүй, өөрөөр хэлбэл, тусгайлан зохицуулсан журмын дагуу сануулах шийдвэрийг амаар мэдэгдэх биш, бичгээр гаргаж, уг шийдвэрийг танилцуулж баримтжуулахаар заасан тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

15. Давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Мэдэгдэх хуудсыг өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж дүгнэсэн, тухайлбал уг мэдэгдэх хуудаст “2018 оны 4 сар, 2018 оны 5 сарын зөрчлийг нэрлэн зааж, давтан зөрчил гаргасан тул ажлаас халах болсныг мэдэгдэж байна” гэсэн нь хариуцагчийн “зөвхөн 2018 оны 5 сард ажил тасалсан зөрчилд хариуцлага тооцсон” гэх тайлбартай зөрчилдөх талаар дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлсэн болохоос уг мэдэгдлийг захиргааны акт гэж дүгнээгүй, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцсэн учраас хариуцагчийн “захиргааны байгууллагаас хэргийн оролцогчийн оролцоог хангах зорилгоор явуулсан мэдэгдэх хуудсыг эрх зүйн үр дагавар агуулсан захиргааны акт гэж үзсэн” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй.

16. Хариуцагчийн “шүүхээс Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажилласан байсан Ж.Х-аас гэрчийн мэдүүлэг авсан боловч 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 тоот тушаалыг гардуулж өгсөн эсэх талаар тодруулаагүй, бичгээр гаргасан тайлбарыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй” гэх гомдол нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт нийцэхгүй, холбогдох хууль, журамд зааснаар сануулах шийтгэл гардуулсан баримт нь баримт бичгийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдож, захиргааны байгууллага өөрөө нотлох үүрэгтэй болохоос шүүхээс нотлохыг шаардах, шийдвэр гарсны дараа гэрчийн мэдүүлгээр тогтоогдох үйл баримт биш юм.

17. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0390 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ