Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-25
Дугаар 387
Хэргийн индекс 128/2019/0357/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "Э" ХХК
Хариуцагч ТЕГ УТОХГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

“Э” ХХК-ийн гомдолтой,

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого,

хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах

хэлтсийн улсын байцаагчид холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                           Г.Банзрагч,

                                                       Д.Мөнхтуяа,

                                                       Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0428 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0449 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Э, хариуцагч Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0428 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н-н 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0449 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0428 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Улсын Их Хурлаас өөрчлөлт оруулж “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэсэн хэсгийг хассанаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндсэн дээр гарч байгаа Шийтгэлийн хуудсыг мөн зүйлд заасан захиргааны акт гэж үзэж Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах шалгуурууд, шийдвэр гаргах ажиллагааны журам мөн хамаарна.

4.  “Шийтгэлийн хуудас” нь Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн заалтыг зөрчсөн, үндэслэлгүй байгаа талаар тайлбарласан, анхан болон давж заалдах шатны шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус, захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй болжээ гэдгийг тогтоож дүгнэсэн атал шүүхээс чухам ямар нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагын илэрхий алдаатай үйл ажиллагааг өөрт нь засах, дахин нэхэмжлэгчийн эрхэд халдах, төрийн байгууллагаас хамааруулж дахин дахин баримт материал өгүүлэх зэргээр цаг хугацааны явцад байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах нөхцөл үүсгэж байгаад гомдолтой байна.

5.  Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт учир шалтгааныг нөхцөл байдалтай уялдуулан зөв тодорхойлсон боловч хууль хэрэглээний хувьд хуулиар хориглосон ажиллагааг явуулах нөхцлийг бүрдүүлсэн, уг асуудлыг шалгах эрх нь Татварын улсын байцаагчид олгогдоогүй байгааг нягтлан шалгаж үзсэнгүй.

6.  Хариуцагч Татварын улсын байцаагч хуулиар өөрт олгосон эрхээ хэрэгжүүлээгүй, эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоог хангаагүй буюу нэхэмжлэгч “Э” ХХК-иас хууль ёсны тайлбар авалгүйгээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь тогтоогдож байгаа бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч талын тайлбар, маргаж буй үндэслэлийн талаар хариуцагч огт ажиллагаа явуулж шалгаагүйг шүүх зөв дүгнэсэн. Улмаар дээрх нөхцөл байдлыг тогтоосны дараа НӨАТ-ын баримтыг олгох эсэх асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн.

7.  Гэтэл хариуцагч татварын улсын байцаагч нь Татварын Ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэсэгт харьяалагддаг бөгөөд Татварын хяналт шалгалтын хэлтсийн байцаагч биш тул уг асуудлаар шалгалт явуулдаггүй. Энэ талаараа ч шүүхэд тодорхой тайлбарласан, 2014-2018 оны Татварын төлөвлөгөөт шалгалт хийж буй хүмүүст холбогдох материалаа шилжүүлсэн гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан.

8.  Мөн “Э” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан татварын тайлан, санхүүгийн тайланг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн /Татварын байгууллагад 1 хувь нь хадгалагддаг/ үүнийг хариуцагч тал няцаагаагүй, тайлангийн талаар маргаагүй нь хариуцагч тал уг тайланг мэдэж байгаа төдийгүй хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж байна.

9.  Гэтэл шүүх уг нөхцөл байдлыг шалган тогтоосны дараа баримт өгөөгүй зөрчил үйлдсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн нь Татварын улсын байцаагчийн гаргасан “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар шийтгэлийн хуудаст хамааралгүй асуудлаар дахин хяналт шалгалт явуулах нөхцөлийг бүрдүүлж, дахин маргаан үүсэх эхлэлийг тавьсан, Эдийн Засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хүрээнд хуульд нийцээгүй.

10.  Мөн шүүх талуудын маргаагүй асуудлаар Татварын байцаагч шалгалт явуулах, Эдийн Засгийн ил тод байдлыг дэмжих хуулиар хориглосон ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6.1-д “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно”. гэж заасан байхад уг асуудлаар шалгалт явуулах, мөн хуулийн 6.2-т “Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж ажиллагаа явуулахаар хуульд нийцээгүй шийдвэр гаргасан.

11.  Маргаан бүхий 2018/03 дугаар “Шийтгэлийн хуудас”-ны 1.2 дахь заалт нь нэгж хийгээд мөнгөн дүнгийн хувьд зөрүүтэй, мөн яг тухайн шийтгэлийн хуудаст “Э” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн хэддүгээр зүйл, заалтад заасан зөрчлийг гаргасан учир ямар, хэр хэмжээтэй шийтгэл оногдуулаад байгаа нь тодорхойгүй, татварын улсын байцаагч нь өөрийн эрхийн хүрээнд нотлох баримт цуглуулсан нь бодит байдал дээр тухайн тохиолдол нь зөрчил биш болохыг нотолж үнэн зөв дүгнээгүй, манай компанийг тайлбар, баримт гаргах боломжоор хангаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байгаагүй, маргаантай байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зарим гомдол гаргасан иргэд нь манай компанитай огт гэрээний харилцаанд ороогүй хамааралгүй, Орон сууц захиалсан иргэд бүрийн хувьд харилцан адилгүй талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

12.  Шийтгэлийн хуудас, түүнийг оногдуулсан татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн хууль бус акт, үйл ажиллагаа юм.

13.  Иргэд нь анхнаасаа манай компанитай гэрээ байгуулах үедээ тухайн орон сууц нь НӨАТ-гүй дүнгээр өмнө нь гэрээ цуцлагдсан, хэрэв НӨАТ-ийн баримт авах бол нэмж 10 хувийн татварын дүнг төлөх ёстойг тайлбарлаж, харилцан зөвшөөрч орон сууцаа авсан атлаа хожим ийнхүү гомдол санал гаргаж байгаад гайхаж байна. Бодит байдал дээрээ тухайн орон сууцны барилгын борлуулалтыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд хүлээн зөвшөөрч, тайлагнасан ба эдгээр нь гэрээ байгуулах үеийн уулзалтын тэмдэглэл, санхүүгийн тайлангуудаар нотлогдож байгаа болно. Энд иргэд харин ч 10 хувь хямд үнээр орон сууц авч хожсон уу гэхээс хохирсон зүйл огт байхгүйг шүүгч мэргэн ухаанаараа тунгаан шүүн үзнэ гэж гүнээ итгэж байна.

14.  Маргаан бүхий Захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй болохыг давж заалдах шатны шүүх тогтоосон бөгөөд үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дурдаж, дүгнэсэн атлаа дахин шинэ акт гаргахаар түдгэлзүүлсэн нь Төрийн байгууллагын албан хаагчийн хууль бус хуульд нийцээгүй үйлдлийг зөвтгөх боломж олгож, аж ахуйн нэгжийг чирэгдүүлсэн шударга бус шийдвэр юм.

15.  Төрийн байгууллагын албан хаагч хууль зөрчиж шийдвэр гаргаад шүүх үүнийг дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэсэн нь цаг хугацааны хувьд аж ахуйн нэгжид хэчнээн их хохиролтой болохыг шүүх ялгамжтай үнэлсэнгүй. Анхан шатны шүүхийн хувьд хоорондоо зөрчилтэй шийдвэрт дүгнэлт хийсэнгүй.

16.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...иргэнд Е-баримт олгоогүй, эсхүл огт Е-баримт хэвлэх төхөөрөмж хэрэглээгүй болгохыг тогтоосон зүйлгүй байна.” гэсэн атлаа ““Э” ХХК нь нэр бүхий 12 иргэнд Нэмэгдсэн өртгийн албан татварын Е-баримт олгоогүй” зөрчлийг нотлох үүрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтанд байгаа бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж шүүх үзэв” гэсэн нь өөр хооронд зөрчилтэй юм.

17.  Учир нь шүүх эхний дүгнэлтээр “Е-баримт олгоогүй, эсхүл огт Е-баримт хэвлэх төхөөрөмж хэрэглээгүй” гэх зөрчлийн аль нь болохыг тогтоогоогүй байна” гэсэн хэр нь 2 дахь дүгнэлтээр “Е-баримт олгоогүй” зөрчил хэмээн зөрүүтэй, агуулгын зөрчилтэй дүгнэлтийг хийж, улмаар үүнийгээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр агуулгын зөрчилгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Мөн шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх бодит нөхцөл байдал тогтоогдсонгүй.

18.  Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Т.Н нь гомдол гаргасан иргэдийн талаар буюу маргааны үйл баримтын талаар шалгуулахаар Татварын Ерөнхий газрын Хяналт, шалгалтын газарт өгсөн талаар хэлж байсан бөгөөд нэхэмжлэгч тал ч “” ХХК-д шалгалт орж байгаа талаар болон Татварын Ерөнхий газрын албан тушаалтнуудад холбогдох тайлбарыг албан бичгээр өгч байснаа дурдаж, зарим албан бичиг нь хэрэгт авагдсан төдийгүй давж заалдах шатны шүүх хуралдаанд Татварын төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар шүүгчийн асуусан асуултад нэхэмжлэгч болон хариуцагч тодорхой тайлбарлаж, уг шалгалтаар энэхүү маргаан бүхий асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойг дурдсан.

19.  “Э” ХХК-ийн 2014-2018 оныг дуустал хугацааны үйл ажиллагаанд Татварын төлөвлөгөөт хяналт шалгалт орж байгаа, уг шалгалт хийгдэж дуусаагүй байна. Улмаар шалгалт явуулж буй Татварын Ерөнхий газрын улсын байцаагч нар иргэдийн өргөдөл гомдолтой холбогдох бүхий л баримт материалыг шаардаж аван шалгалт явуулж байгаа. Гэтэл Татварын нэгдсэн хяналт, шалгалт явуулж байгаа асуудлаар Татварын улсын байцаагч дахин шалгаж ажиллагаа явуулах нь хуульд нийцэхгүй бөгөөд “Нэг үйл баримтыг нэг байгууллагын 2 албан тушаалтан давхардуулан шалгах, шалгалт явуулах эрхгүй этгээдийг шалгалт хий” гэх нөхцөлийг үүсгэлээ.

20.  Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан” өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

21.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

22.  Гомдол гаргагч “Э” ХХК-иас,  Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын, Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол гаргасан бөгөөд “шинэ борлуулалт биш байсан, орон сууц нэг этгээдээс өөр этгээдэд шилжсэн тул татвар төлөх үүрэг үүсэхгүй, иргэдийн төлөх төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар хассан учраас е-баримт олгохгүй, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар тайлагнасан борлуулалт учраас дахин төлбөр төлөхгүй” гэж маргаж байна.

23.  Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 11.19 дүгээр зүйлийн 6.5-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэх” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд эрх бүхий этгээдээс иргэн, аж ахуй нэгжийг “зөрчил үйлдсэн” гэж үзэн хариуцлага ногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэхүйг хуулиар зөрчилд тооцсон тохиолдолд тохирох хариуцлага ногдуулах ба энэ тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудсын үндэслэл тодорхойгүй, шийтгэлийн хуудаст “е-баримт олгоогүй зөрчил гаргасан” гэсэн атлаа хариуцлага хүлээлгэхдээ “кассын тасалбарын машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй” гэж буруутгасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй.

24.  Тодруулбал, хариуцагч нь шийтгэлийн хуудсыг үйлдэх болсон үндэслэлээ нотолж чадаагүй, Зөрчлийн тухай хуулийн баримталсан заалт үйлдэлд нь тохироогүйн зэрэгцээ “е-баримт олгоогүй” гэх үйл баримт нь гомдол гаргагч хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч, төлөх үүрэгтэй эсэхийг тогтоохтой холбоотой өөр үйл баримтад хамаарах бөгөөд гомдол гаргагч хуулийн этгээдийн 2014-2018 оны татвар ногдуулалтад  “төлөвлөгөөт” хяналт шалгалт хийгдэж байгаа, уг ажиллагаа дуусаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогджээ.

25.  Үүний зэрэгцээ Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар татварын хяналт шалгалт нь давхардахгүй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн хяналт шалгалтыг нэг ажиллагаагаар бүрэн дүүрэн тогтоох үүрэгтэй тул нэг хяналт шалгалтаар зөрчил гаргасан эсэхийг тогтоох нь татвар төлөгчийн эрх ашгийг хүндэтгэх зарчимд нийцнэ.

26.  Анхан болон давж заалдах шатны шүүх “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөх үүргээ зөрчсөн эсэх, баримт хэвлэж өгөөгүй, эсхүл кассын машин, хэвлэх төхөөрөмж хэвлэх үүргээ зөрчсөн зөрчлийн аль нь болох талаар нөхцөл байдлыг тодруулахаар шийдвэрлэсэн” нь дээр дурдсан хуулийн заалтуудад нийцэхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн үйл баримтууд байхгүй тул маргаан бүхий шийтгэлийг хүчингүй болгож, гомдлыг хангах нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0428 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0449 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1.3, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Э” ХХК-ийн гомдлыг хангаж, Татварын ерөнхий газрын харьяа, Улсын төсвийн орлого хяналтын газрын, Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж, шийдвэрийн “тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг хасч өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ