Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-02
Дугаар 396
Хэргийн индекс 116/2019/0009/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "Н" ХХК
Хариуцагч Д аймгийн МХГ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“Н” ХХК-ийн гомдолтой,

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                        Б.Мөнхтуяа,

                                        Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:  Б.Уранзаяа,

Гомдлын шаардлага: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0165734 дүгээр шийтгэлийн хуудас, 12-05-031/95 дугаар даалгаврыг тус тус хүчингүй болгуулах,

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0533 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ыг оролцуулж,

Гомдол гаргагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н ХХК-ийн, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн Зөрчилд шийтгэл оногдуулсан 0165734 дүгээр шийтгэлийн хуудас, мөн өдрийн Зөрчил арилгуулах тухай 12-058-031/95 тоот албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0533 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Н” ХХК нь 1364А тусгай зөвшөөрлийг 1998 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа, Дорнод аймгийг нүүрсээр хангадаг. Энэ хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүрдүүлдэг бүхий л бичиг баримтууд бүрдсэн, нэмэлт тодотголууд хийгдсэн. 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд уг тусгай зөвшөөрлийн талбайд “А” ХК олборлолт явуулж байсан. Жил бүр Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг хийдэг байсан. Энэ хугацаанд ямарваа нэгэн зөрчлийн акт, шийтгэвэр тавигдаж байгаагүй, бүх зүйл хэвийн явж байсан гэж харагддаг.

4. Гэтэл “Н” ХХК өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт явуулаад эхэлмэгц л Мэргэжлийн хяналтын газраас өрсөлдөгч компанийн захиалгаар зөрчил илрүүлсэн болж, торгосон. Төрийн хяналт шалгалтын байгууллага илэрхий нэг талд үйлчилж байгаа баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

5. Магадлалд “Ашигт малтмалын тухай хуулийн 35-р зүйлийн 35.3-д...гэсэн нь тус зүйлд заасан (энэ тохиолдолд уулын ажлын төлөвлөгөө) тухайн уурхайд явагдаж буй үйл ажиллагаанд байнга баримтлан ажиллах баримт бичгүүдийг уурхай дээр байлгах шаардлагыг хуульчилжээ. Мөн хуулийн 35.3.2-т заасан уулын ажлын төлөвлөгөө нь уурхайг тухайн жилд ашиглах үйл ажиллагаанд удирдлага болгон ажиллах баримт бичиг гэж үзэхээр байна. Тиймээс...гэснийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй” гэсэн нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг ойлгохдоо хэт явцуурч тайлбарласан.

6. Учир нь дийлэнх уурхай хот суурин газраас зайдуу байрладаг. Харин манай уурхай Чойбалсан хотоос 7 км-ийн зайтай байрладаг, засмал замаар холбогдсон, ажилчид автобусаар ирж очдог, ажил тармагц оффис дээр ирж усанд ордог зохион байгуулалттай, үүнийг хуулиар хориглоогүй. Уурхай дээр ажилчдын хувцас солих амрах болон зааварчилгаа өгөх байр, харуулын хяналтын байр л байдаг. Тэнд бичиг баримт болон бусад зүйлийг хадгалах шаардлагагүй, өдөр тутмын үйл  ажиллагааг уулын инженер удирдан явуулдаг. Уулын ажлын төлөвлөгөөг уурхай дээр гартаа барин ажиллах шаардлагагүй, оффис дээрээ холбогдох инженерүүд, удирдлагатайгаа тухайн сарын, 7 хоногийн, өдөр тутмын үйл ажиллагааг урьдчилан төлөвлөж ажилладаг. Мэргэжлийн хяналтын байцаагчийн явцуурсан, ашиг сонирхлын зөрчлөөр, хууль зөрчин гаргасан шийдвэрийг шүүх хуульд нийцэж байгаа мэтээр тайлбарласанд гомдолтой байна.

7. Мэргэжлийн хяналтын байцаагч анхнаасаа хяналт шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.2-д “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэснийг зөрчиж нотлох баримтгүйгээр, ажлын 18 өдрийн дараа хяналт шалгалтыг эхлүүлсэн байхад шүүх Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын ахлах байцаагч нь хяналт шалгалт явуулах эрхтэй байна гэж тайлбарласан нь гомдлын шаардлагыг илтэд гуйвуулсан /хяналт шалгалт хийх эрхгүй этгээд хяналт шалгалт хийсэн гэж гомдол гаргаагүй/ тайлбар хийжээ.

8. Хэрэв шүүх яг ийм байдлаар шийдвэл нийгэмд буруу жишиг тогтон, хэн нэгэн этгээд зохих нотлох баримтгүйгээр гомдол гаргасан л бол төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийдэг байдал газар авч төрийн хяналт шалгалтын байгууллагад авилга хээл хахуулийн байдал эрс даамжрах байдалд орно. Иймд хуулийн процесс зөрчиж явуулсан хяналт шалгалт өөрөө хүчингүй, улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсын торгуулийн үндэслэл хуульд нийцэхгүй, Зөрчлийн тухай хуулийн 7.11-р зүйлийн 2.1-т “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй” гэж заасныг хэрэглэсэн нь буруу юм.

9. Бид компанийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн, ХАБЭА-ын, санхүүгийн гэх мэт маш олон бичиг баримтуудыг ашиглаж байна. Гэтэл оффис дээр байсан уулын ажлын төлөвлөгөөний бичиг баримтыг уурхай дээр байхгүй байсан шалтгаанаар зөрчил хэмээн үзэж байгаа нь заавал шийтгэл ногдуулах, цаашлаад төсөв бүрдүүлэх зорилгоор улайран байгааг илтгэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9-р зүйлийн 9.4-т “Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэснийг мөн зөрчиж байна.

10. Мөн хяналт шалгалтын дараа зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээж Прокурорын хяналт дор хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан боловч бидний хүсэлтийг хүлээн аваагүйгээр үл барам дарамт шахалт үзүүлэн хууль зөрчин хялбаршуулсан журмаар шийдсэн.

11. Иймд магадлал, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн даалгавар, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

13. Гомдол гаргагч “Н” ХХК-аас Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0165734 дүгээр шийтгэлийн хуудас, мөн өдрийн 12-05-031/95 дугаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгавраар “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Төрийн банкны холбогдох дансанд торгуулийн мөнгийг шилжүүлэхийг даалгажээ.

14. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчаас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12-04-003-246 дугаар албан шаардлага үйлдэж,  “Н” ХХК-ийг “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх эсвэл уурхай дээрээ байлгах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй”  зэрэг зөрчил гаргасан болохыг тогтоож, уг зөрчлийг арилган, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шаардлагын хэрэгжилтийг ирүүлэхийг мэдэгдэж, хэрэв тогтоосон хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хариуцлага тооцохыг анхааруулж байжээ.

15. Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан байна.

16. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Мэргэжлийн хяналтын байцаагч нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр  албан шаардлага үйлдсэн бөгөөд зөрчлөө таслан зогсоож, арилгах даалгавар өгч, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэхэд энэ талаар хариу мэдэгдэх үүрэг өгсөн атлаа зөрчлийг арилгах тогтоосон хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уг албан шаардлагад заагдсан үйл баримттай адилхан үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.1 дэх хэсэгт заасан төрийн хяналт шалгалт нь иргэн, хуулийн этгээдийн явуулж буй үйл ажиллагаа хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэж, илэрсэн зөрчлийг арилгах зарчим, 53 дугаар зүйлийн 53.1-т “гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна”, 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 10.9.12-т “хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” гэж тус тус заасанд нийцэхгүй байна.

17. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалаар баталсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 10.4.9-д “албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврын хугацаа дуусмагц ... гүйцэтгэлийн шалгалт хийх эсэхийг шийдвэрлэнэ”, 11.7-д “ албан шаардлага нь зөрчлийг арилгахыг шаардаж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах зорилгоор үйлдэх” гэж тус тус зааснаас үзэхэд албан шаардлагад дурдсан зөрчлүүдийн хүрээнд зөрчлийг арилгах үүрэг хүлээлгэж, хэрэв арилгахгүй бол захиргааны шийтгэл хүлээлгэхээр байна.

18. Хэдийгээр улсын байцаагчаас зөрчлийг илрүүлсэн даруйд түүнийг арилгах хугацаа тогтоолгүйгээр гаргасан зөрчилд хариуцлага тооцож, торгох боломж нь Зөрчлийн тухай хуулиар нээлттэй байсан боловч захиргааны сонгох эрхийн хүрээнд зөрчлийг арилгах хугацаа тогтоосон албан шаардлага хүргүүлсэн буюу торгоогүй тул энэ хугацаанд гомдол гаргагчид тогтоосон хугацаанд зөрчлөө арилгах боломжтой гэсэн ойлголт өгсөн, өөрөөр хэлбэл энэ хугацаанд зөрчлөө арилгах бол торгохгүй гэсэн итгэл гомдол гаргагчид бий болсон байхад хариуцлага ногдуулж буй нь мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах” гэж заасан шалгуулагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байна.

19. Дээрхийг нэгтгэн үзэхэд тухайн албан шаардлагад тогтоосон хугацаа дуусмагц улсын байцаагчаас гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгаагүй тохиолдолд хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл бүрдэх тул шийтгэлийн хуудас болон түүнийг дагаж гарсан эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгож, шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0533 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 10 дугаар зүйлийн 10.9.8-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Н” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0165734 дүгээр шийтгэлийн хуудас, 12-05-031/95 дугаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ