Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-20
Дугаар 379
Хэргийн индекс 114/2019/0007/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч С ХХК
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Н ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор

сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                       Д.Мөнхтуяа,

                                                  Ч.Тунгалаг,

                                                  П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:             Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх, ашиглах эрхийн акт гаргахыг даалгуулах”

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0387 дугаар магадлалтай,

            Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 тоот захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх, ашиглах эрхийн акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0387 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйлийн 44.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын “С” ХХК-ийн “газар ашиглуулах” талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 тоот захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-р заалтад “...ЗЗНДНТУТХ-ийн 29.3, Газрын тухай хуулийн 21.4.3,38.1,44.5,61.1-д заасныг баримтлан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзэж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн газар ашиглах хүсэлт гаргасныг захиргаа шийдвэрлээгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах”... гэж өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй болно.

4. Учир нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрх олгуулах хүсэлт” гаргасан байдаг бөгөөд хууль эрх зүйн үүднээс газар ашиглах эрх олгуулах хүсэлт гаргах эрхгүй этгээд болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нь нэхэмжлэгч “С” ХХК-д 2017 оны 10-р сарын 03-ны өдрийн 195 дугаар захирамжаар “Н” ХХК-ийн эзэмшиж байсан 5 га газрыг “С” ХХК-д тэдний хооронд 2017 оны 06-р сарын 15-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн 5 га газрыг 100 хувь Хятад улсын хөрөнгө оруулалттай “С” ХХК-д эзэмшүүлэхээр шилжүүлсэн байдаг. Хонгор сумын Засаг дарга нь энэхүү 2017 оны 195 дугаар захирамжаа гадаадын хөрөнгө оруулалттай ХХК нь газар эзэмшиж буй нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.5-д заасныг зөрчиж байна гэж үзэж 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар захирамжаар өөрийн гаргасан дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгосноор анхны газар эзэмшигч “Н” ХХК-ийн маргаан бүхий газрын эзэмших эрх бүхий Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 211, уг захирамжаар олгосон газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаар захирамж нь хүчин төгөлдөр хэвээр хадгалагдана. Энэ үндэслэлээр “С” ХХК нь бусдын эзэмшил бүхий газрыг өөрт ашиглах эрх олгуулахаар хүсэлт гаргах эрхгүй этгээд болно. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтад зохих үнэлэлт хийхгүйгээр захиргаанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүйд гомдолтой байна.

5. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь “Н” ХХК, “С” ХХК- ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь Газрын тухай хуулийн 44.5, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл буюу хууль зөрчиж хийгдсэн гэрээ болохыг анхаарч үзэлгүй “С” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн захиргаанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхгүйг тогтоож, хүсэлтийг шийдвэрлүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн гэрээ нь өөрөө хууль зөрчиж хийгдсэн нь хууль зөрчсөн зөрчилтэй эрх байтал түүнийг сэргээлгэхээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0387 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...ЗЗНДНТУТХ-ийн 29.3, Газрын тухай хуулийн 21.4.3, 38.1,44.5, 61.1-д заасныг баримтлан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзэж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн газар ашиглах хүсэлт гаргасаныг захиргаа шийдвэрлээгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах”... гэж өөрчлөлт оруулсаныг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх, ашиглах эрхийн акт гаргахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан зөвшөөрөгдсөн хувилбараас аль нэгийг нь сонгон хэрэглэх боломж байсан боловч ...газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. ...мөн сонсох ажиллагаа хийлгүйгээр шийдвэр гаргасан” гэж маргажээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн “...нэхэмжлэгч “С” ХХК-д газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй, хариуцагч сумын Засаг дарга Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж нэхэмжлэгчид  газрыг шилжүүлж эзэмшүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас  “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

10. Учир нь, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: ...38.3.3. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж тус тус хуульчилсан.

11.       Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, маргаан бүхий 5 га газрыг анх Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр захирамжаар “Н” ХХК-д эзэмшүүлсэн байх бөгөөд тус компани болон нэхэмжлэгч “С” ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу түүний эзэмшил газрыг нэхэмжлэгч компанид шилжүүлэн эзэмшүүлжээ. Гэвч “С” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж /БНХАУ-ын иргэн D J компанийн хувьцааны 20 хувь, L Y 80 хувийг эзэмшдэг/ байна.

12. Иймд маргаан бүхий, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 257 дугаар захирамжаар, гадаадын хөрөнгө оруулалттай “С” ХХК-д газар шилжүүлж эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 2017 оны 195 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь мөн хуулийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэнтэй нийцсэн. Энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ. 

13. Харин нэхэмжлэгч “С” ХХК-ийн “ашиглах эрхийн акт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

14. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” , 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрын тусгай зориулалт, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно”, 44.8-д “газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж газар ашиглах эрхтэй болно.

15. Нэхэмжлэгч “С” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хонгор сумын Засаг даргад хандан “газар ашиглах эрх олгуулах хүсэлт” гаргасныг хариуцагчаас шийдвэрлээгүй болох нь тогтоогджээ. Иймд давж заалдах шатны шүүхээс “сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дүгнэн, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна гэж үзлээ.

16. Харин гуравдагч этгээд “Н” ХХК нь өөрийн хүсэл зоригийн дагуу нэхэмжлэгч компанитай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, мөн хүсэлтээ гарган, “С” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн, иймд Хонгор сумын Засаг даргын 2017 оны 195 дугаар захирамжийг хүчингүй болгосноор гуравдагч этгээдийн газар эзэмших эрх сэргэх үндэслэлгүй юм. Иймд “...хууль бус шийдвэрийг хүчингүй болгосноор анхны газар эзэмшигч “Н” ХХК-ийн маргаан бүхий газрыг эзэмших эрх ...хэвээр хадгалагдана. Энэ үндэслэлээр “С” ХХК нь бусдын эзэмшил бүхий газрыг өөрт ашиглах эрх олгуулахаар хүсэлт гаргах эрхгүй, ...давж заалдах шатны шүүх ...хууль зөрчиж хийгдсэн гэрээ болохыг анхаарч үзэлгүй, “С” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн захиргаанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхгүйг тогтоож, хүсэлтийг шийдвэрлүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна. 

17. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

18. Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Чинбатаас мөн өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх боловч ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тодорхойгүй, энэ үндэслэлийг нотлох баримтыг хүсэлтэд хавсаргаж ирүүлээгүй, түүнчлэн түүний өмгөөлөгч Б.Оюунбилэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0387 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                             ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА