Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-09
Дугаар 409
Хэргийн индекс 114/2019/0011/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Г.Б
Хариуцагч Д-У АЙМГИЙН ЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "М С Э К К" ХХК
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Засаг даргад

 холбогдох захиргааны хэргийн

тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                         Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                            Б.Мөнхтуяа

                                           П.Соёл-Эрдэнэ

                                           Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                   Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт баригдах Удирдлагын “С” дээд сургуулийн цогцолборын барилга барих зориулалт бүхий 5000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгуулах, Аймгийн Засаг даргын А/497 тоот захирамжийн хавсралтын 10 дугаарт байгаа Г.Б надтай холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгуулах”

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 526 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч М.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч Г.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын шүүхэд гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт баригдах Удирдлагын “С” дээд сургуулийн цогцолборын барилга барих зориулалт бүхий 5000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагад үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 43 дугаар зүйлийн 43.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-аас нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 526 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт баригдах удирдлагын “Соёмбо” дээд сургуулийн цогцолборын барилга барих зориулалт бүхий 5000 м.кв талбай, 000451933 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт байгаа Г.Б-д холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай” гэж 2 дахь заалт болгож, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 дэх заалт болгон өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага буюу “газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг хариуцагчид даалгах” шаардлагын тухай: Миний бие газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ Дархан-Уул аймгийн Засаг даргад удаа дараа бичгээр гаргаж, улмаар хүсэлтийнхээ талаар биечлэн уулзаж, мөн утсаар лавлан асууж байсан бөгөөд тухай бүрд “Таны хүсэлтийг судлан шийдвэрлэж байгаа” гэсэн хариу өгдөг байсан тул “заавал шүүхэд хандаад яахав, асуудлыг эв зүйгээр шийдэж болох юм байна” гэсэн итгэл үнэмшил, хүлээлттэй байсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сараас манай газар дээр сэндвичэн барилга баригдаж эхэлсэн тул 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газар сунгуулах хүсэлтээ дахин бичгээр гаргасан. Үүний дараа Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга н.Г, аймгийн ерөнхий архитектор н.Э-тай албаны өрөөнд нь биечлэн уулзахад “танай газрыг хүчингүй болгосон захирамж гараагүй, газар дээр чинь барилга баригдсан нь үнэн, таны газрыг сунгаж өгнө” гэж надад хариуцлагатай хэлсэн тул итгэж дахин хүлээсэн.  Гэтэл газар эзэмших эрхийг 2 жилийн өмнө хууль бусаар цуцалсныг шүүхэд маргаан үүсгэсэн үедээ олж мэдсэн. Давж заалдах шатны шүүхээс “шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нь газар сунгуулах хүсэлтийнхээ хариуг хэрхэн хөөцөлдөж байсан талаар хангалттай тайлбар гаргаж нотолж байсан, хариуцагч тал үүнтэй маргаагүй.

 4. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу “газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухай: Миний газар эзэмших эрхийг цуцалсан Дархан-Уул аймгийн Засаг даргын  2016 оны А/479 дүгээр захирамж гарсныг 2 жил 6 сарын дараа мэдэж 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өгсөн.   

Гэтэл Магадлалын Хянавал хэсэгт “Түүнчлэн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дүгээр албан бичгээр “хүсэлт гаргасан тус газрын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй" талаар мэдэгдсэн албан бичгийг нэхэмжлэгч Г.Б-ын гэр бүлийн хүн болох Р.Б 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурж хүлээн авсан, уг баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин анхан шатны шүүхээс "... актыг ирж авах талаар утсаар мэдэгдэж харин захиргааны байгууллагаас дээрх маргаан бүхий актыг гардуулах арга хэмжээ аваагүй нь хуульд нийцээгүй" гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

5. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөл хариуцсан мэргэжилтэн Б.Б-ийн тайлбар, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн телефон хэрэглэгчийн ярианы дэлгэрэнгүй жагсаалтын 247 дугаарт нэхэмжлэгч Г.Б-ын 99071999 дугаарт холбогдож ярьсан ярианы 56 секундын бичлэг зэргээс үзэхэд Г.Б нь өөрийн газар эзэмших эрхийг цуцалсан захиргааны акт гарсан, уг актын улмаас түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөнийг тухайн үед буюу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн гэж үзэхээр байна” гэж давж заалдах шатны шүүх илэрхий буруу дүгнэлт хийсэн. Нэгдүгээрт, Г.Б миний бие насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай иргэн хүний хувьд нийгмийн харилцаа тэр дундаа эрх зүйн үр дагавар үүсгэсэн хуулийн харилцаанд өөрийн нөхрөөрөө дамжуулан өмнө нь оролцдоггүй байсан.

6. Миний нөхөрт танилцуулсан гэх баримтыг үзэхэд хэзээ, хаана, ямар утгатай баримт танилцуулсан талаар огт тэмдэглэл үйлдээгүй бөгөөд утасны дугаарыг нь буруу бичсэний дээр хүлээн авсан гарын үсэг нь ч мөн эсэх нь эргэлзээтэй хүснэгт байсан. Хэрэв албан тоот танилцуулсан бол ямар утгатай албан тоот танилцуулсныг тэмдэглэх байсан. Миний нөхөр хэзээ ч утга, агуулга нь тодорхойгүй хоосон хүснэгтэд гарын үсэг зурах боловсролтой хүн биш. Тухайн үед миний нөхөр газрын асуудлаар намайг албан ёсоор төлөөлж байгаагүй бөгөөд сүүлд шүүхэд маргаан үүсэхэд арга буюу хувийн хүндэтгэх шалтгаанаар түүнд шүүхэд төлөөлөх итгэмжлэл гаргаж өгсөн.

7. Иймд надад гардуулаагүйн дээр намайг төлөөлөх эрхгүй миний нөхөрт танилцуулсан гэх утга агуулга тодорхойгүй баримтаар "газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн гэдэг нь илт үндэслэлгүй, нөхөж үйлдсэн  баримт гэж үзэж байна. Иймд, миний нөхөр Р.Б-д өгсөн гэх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дүгээр албан бичгийг дахин нягтлан үзэхийг хүсэж байна. Энэ тухай миний нөхөр Р.Б-д хуулиар мэдэгдэх үндэслэлгүйг нотолж байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Өргөдөл гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах ба эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана” гэж тодорхой заасан. Миний нөхөр Р.Б надтай хамтарч гарын үсэг зураагүй, хүсэлт тавиагүй, төлөөлөх эрхээ үүсгээгүй байхад нөхөр Р.Б-д албан тоотыг өгч мэдэгдсэн гэсэн нь  хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл болсныг давж заалдах шатны шүүх үнэлсэнгүй. Миний бие өөрийн газар сунгуулах хүсэлтийн талаар олон албан тушаалтантай утсаар ярьж санал, гомдол, тайлбар хэлж байсан.

8. Давж заалдах шатны шүүх 56 секундын бичлэг гэсэн байх боловч энэ нь бичлэг биш 56 секундын яриа үргэлжилсэн гэсэн бүртгэл байсан. Би хэзээ ч утсаар газар эзэмших эрх цуцлагдсан тухай мэдээлэл авч байгаагүй. Хэрэв бичлэг байсан бол яригдсан асуудал нь тодорхой байх байсан. Миний бие өөрийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг цуцалсан гэх хариуцлагатай асуудал яригдлаа гэхэд 1 минут хүрэхгүй хугацаанд ярилцахгүй, мэдээллийг аль болох гүйцэд үнэн зөв авахыг хичээх байсан, мөн миний газар дээр барилга баригдах хүртэлх хугацаанд надад газар эзэмших асуудлыг чинь шийдэж байгаа гэсэн хүлээлт үүсгэсэн байсан.

Давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримт гээд байгаа 56 секунд нь өөрөө үнэн бодит нотолгоо болж чадахгүй байхад хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Миний газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй болон цуцалсан шийдвэрийн алинд ч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй, танилцах, тайлбар санал хэлэх боломж олгоогүй, түүнчлэн шийдвэр гаргахдаа танилцуулаагүй нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн. Нотлох баримтын шаардлага хангахгүй, нөхөж үйлдсэн байх магадлалтай баримтуудыг хариуцагч шүүхэд өгсөн.

9. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь газрын наймаа эрхэлж, бизнесийн байгууллагатай хамтран иргэний газрыг булаан авсан тухай:  Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож бусдад шилжүүлэхдээ илэрхий газрын наймааны шинжтэй үйлдэл гаргасан. Тухайлбал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “М С Э К К" ХХК-ийн анх "Б г" ХХК-иас худалдан авсан 2,5 га газар нь манай маргаан бүхий газраас газар зүйн байрлалын хувьд өөр газар байсан.

Газрын хэмжээ нэмэгдэж байгаа бол өмнөх 2,5 га газар дээр нэмэлтээр 2,5 газар олгож нийт 5 га газар болгон өргөтгөх байтал хаа хамаагүй, орон зайн хувьд өөр байршилтай манай 5 га газрыг шууд олгосон нь илэрхий хууль зөрчсөн. Манай газраас ихдээ 2,5 га газрыг олгох боломж байсан. Гэтэл өмнөх өөр газрын 2,5 га газрыг яасан нь тодорхойгүйгээр, шууд байршил сайтай бусдын газрыг булаан эзэмшүүлсэн ажиллагаа явагдсан. Энэ нь анхан шатны шүүхийн үзлэгээр ил болсны дээр шүүх хуралдаан дээр яригдсан баримт болно. Энэ бүхний үр дагаварт боловсрол, сургуулийн барилга баригдахаар хуулийн дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлж тодорхой хөрөнгө оруулалт хийж байсан иргэн миний газрыг Засаг дарга бизнесийн байгууллагад шилжүүлж, газар эзэмших хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 526 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11. Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж зөв дүгнэж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий актыг хариуцагч “гардуулаагүй” байна гэсэн үндэслэлээр хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож буюу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Учир нь, нэгэнт нэхэмжлэгч газар эзэмших эрхээ сунгуулахыг шаардах эрхээ алдсан /гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн/ тохиолдолд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон актыг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчид эрх зүйн хамгаалалт үүсэхгүй юм.

12. Нэхэмжлэгч Г.Б-д Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 504 дүгээр захирамжаар 2 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгогдсон бөгөөд газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар газар эзэмших эрх буюу гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон, үүний дараа нэхэмжлэгчээс 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт, мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргад хандан газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан боловч холбогдох хариуг өгөөгүй, иймд тэрээр эрхээ хамгаалуулахаар шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 19-нд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гомдол гаргах журам, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

13. Тодруулбал, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ дуусгавар болсноос хойш бүтэн 5 жилийн дараа шүүхэд хандсаныг “захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид 5 жил хүлээлт үүсгэж, итгэл төрүүлсэн” гэх боломжгүй, мөн шүүхүүдийн дүгнэсэнчлэн, хэрэгт авагдсан баримтаар энэхүү “итгэл төрүүлсэн” гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй буюу үгүйсгэгдэж байх тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-т заасан нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

14. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах маргаан бүхий акт болох хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/497 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь агуулгын хувьд ойлгомжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь аль хэдийнээ дуусгавар болсон байхад Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгожээ.

15. Гэхдээ маргаан бүхий акт нь ийнхүү агуулгын болоод шийдвэр гаргах ажиллагааны алдаатай байлаа ч /анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн/ нэгэнт нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг нь сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйтэй маргах эрхээ алдсан учир уг акттай маргах нь ач холбогдолгүй юм.

16. Түүнээс гадна “хэрэгт авагдсан баримтаар Г.Б нь өөрийн газар эзэмших эрхийг цуцалсан захиргааны акт гарсан, уг актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөнийг тухайн үед буюу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн гэж үзэхээр байна” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхүйц үндэслэл, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд “маргаан бүхий актыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн, миний нөхөрт танилцуулсан гэсэн баримт байхгүй, гарын үсэг нь эргэлзээтэй, миний нөхөр хоосон хүснэгтэд гарын үсэг зурах боловсролтой хүн биш, зөвхөн надад мэдэгдэх ёстой байсан, газар цуцалсан асуудлыг 1 минут хүрэхгүй хугацаанд ярилцахгүй...” гэх зэрэг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-8-д заасан хяналтын гомдлын үндэслэлээр дээрх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж, гомдлыг хангах боломжгүй.    

17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаан дээр “миний гарын үсгийг хуурамчаар зурсан” гэсэн боловч “хуурамч нотлох баримт”-тай холбоотой асуудлаар шүүхэд ямар нэгэн хүсэлт /нотлох баримтаас хасуулах, шинжээч томилуулах тухай гэх зэрэг/ гаргаж байгаагүйгээс гадна энэ нь даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн үндэслэлийг үгүйсгэх ач холбогдолгүй юм. 

18. Мөн нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захирамжтай маргаагүй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-д заасан гомдлын үндэслэл нь энэхүү хэрэгт хамааралгүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

19. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 526 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ