Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-16
Дугаар 421
Хэргийн индекс 110/2018/0028/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Х.М
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөл
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Х.М-ын нэхэмжлэлтэй, Төрийн албаны

зөвлөлийн Баян-Өлгий аймаг

дахь Салбар зөвлөлд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Д.Мөнхтуяа

Шүүгчид:             Г.Банзрагч

                              Б.Мөнхтуяа

                              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:   Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 9 дүгээр тогтоолын К.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нэр дэвшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа тус Салбар зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2019/0044 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0490 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2019/0044 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолын К.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,   Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 35 дугаар зүйлийн 35.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0490 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2019/0044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Х.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Миний төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийн 2 жилийн хүчинтэй хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу бусдын буруутай үйл ажиллагаанаас буюу К.Турсынханы гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон хяналтын прокурорын тогтоол, хариуцагчийн Төрийн албаны зөвлөлийн Баян-өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолын К.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зэрэг үйл баримтаар тогтоогдсон ба бусдын буруутай үйлдлийн улмаас буюу өөрөөс үл хамаарах шалтгаанаар нөөцөд байх хугацаа өнгөрсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар хуульд нарийвчлан зохицуулагдаагүй.

4. Гэтэл анхан болон давж заалдах шатны зөвхөн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны болон нөөцөд байх 2 жилийн хугацаа өнгөрсөн гэх асуудлаар дүгнэлтийг хийж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж заасан ба шүүх" нөөцийн бүртгэлийн хугацаа хүндэтгэн үзэх шалтгаан болон гэмт хэргийн улмаас өнгөрсөн" асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуулиар тухайлан зохицуулаагүй энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй.

5. Гэвч энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь дээрх эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байгаа ба Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг огт хэрэглээгүй. Иймээс давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг хэрэглээгүй гэж үзэж байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно гэж заасан ба бусад хууль тогтоомжид хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааныг улмаас хэтэрсэн бол хугацааг сэргээхээр зохицуулсан байдаг. Гэмт хэргийн хохирогч болж өөрөөс үл хамаарах шалтгаанаар нөөцийн бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол нэр дэвшүүлэх шийдвэр гаргах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заасантай нийцэх бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эс үйлдэхүйг зөвтгөсөн шийдвэр гаргасанд гомдолтой байгаа ба шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн.

7. Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “нэхэмжлэгч нь К.Турсынханы хуурамч бакалаврын диплом ашигласан гэм буруутай үйлдлийн улмаас миний эрх, ашиг сонирхол хөндөгдсөн тул нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг хариуцагчид гаргасан боловч нэр дэвшүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байхад нөөцийн бүртгэл хүчинтэй байх хугацаа өнгөрсөн асуудалд захиргааны байгууллагын хууль бус, буруутай үйл ажиллагаа байгаагүй нь тогтоогдсон, хариуцагч нь сонгон шалгаруулалт зохиоч байгуулахдаа бүрдүүлсэн баримт бичгийг шалгах үүрэг хүлээхгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна, 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг ноцтойгоор зөрчсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

8. Монгол Улсын төрд 32 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн мэргэшсэн төрийн албан хаагч бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн ганц хүний нэрийг дэвшүүлэхгүй, гэмт хэргийн хохирогч болсон байхад миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхгүй байгаад туйлын гомдолтой байгаа ба ийм байдлаар гэмт хэрэгтнүүдийг үйлдлийг зөвтгөж, түүний улмаас хохирсон хүнийг хохирч үлд гэж шийдвэрлэдэг жишиг тогтвол хуурамч, хууль бус үйлдлийг шүүх хамгаалдаг систем бий болно. Үүнийг огт харгалзаж үзээгүй ба шударга шүүхээр шүүлгэх эрхийг минь анхан болон давж заалдах шатны шүүх зөрчөөд байна.

9. Төрийн албанаас хууль бусаар халагдаж, 2 жилийн дараа ажилдаа томилогдох эсхүл төрийн албаны зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгохоор маргах явцад 2 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн иргэнийг албан тушаалд нь томилж ажиллуулдаг жишиг нэгэнт тогтсон ба миний эрх зөрчигдсөн байдал үүнтэй яг ижилхэн байгааг шүүх анхаарч үзээгүй. 2015 онд хэрэв К.Т гэмт хэрэг үйлдэж, сонгон шалгаруулалтад оролцоогүй бол цор ганц сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн Х.М- би нэр дэвшиж, томилогдох боломжтой байсан ба хариуцагч болон анхан, давж заалдах шатны шүүхийн гаргаж байгаа шийдвэр нь огт ёс суртахууны хэм хэмжээ, шударга ёсны зарчимд ч нийцэхгүй болно.

10. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0490 дугаартай магадлал, Баян-өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2019/0044 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, Баян-өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бологчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин “хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

12. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад иргэн Х.М-, К.Т нар өрсөлдөж, шалгаруулалтын дүнгээр хамгийн өндөр оноотой К.Турсынханыг уг албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, шалгаруулалтад тэнцсэн Х.М-ыг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, тус Зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг гаргасан ба Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар томилогдож, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ажиллаж байсан К.Турсынханыг “бакалаврын дипломыг хуурамчаар ашигласан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр Толбо сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/38 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

13. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 39-д “сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна”, 40-д “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй...” гэж тус тус зааснаас үзвэл, Баян-өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 09 дүгээр тогтоолын хүчин төгөлдөр байх хугацаа 2017 оны 3 дугаар сард дуусгавар болсон тул нэхэмжлэгч Х.М- нь маргаж буй албан тушаалд “нөөц”-ийн жагсаалтаас шууд нэр дэвших боломжгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Тодруулбал, дээрх журмаар сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар тусгайлан зохицуулсан, энэ тохиолдлын хувьд К.Т “хуурамч диплом ашиглаж сонгон шалгаруулалтад оролцсон, улмаар томилогдон ажилласан” гэх үйл баримт нь нэхэмжлэгч Х.М-ыг “нөөц”-д бүртгэсэн Баян-өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 09 дүгээр тогтоолын хүчинтэй байх 2 жилийн хугацаанд илрээгүй, нэхэмжлэгчид “шаардах” эрх үүсээгүй байхад уг хугацаа өнгөрснөөс хойш илэрсэн нөхцөл байдалтай нь уялдуулан захиргааны хэргийн шүүхэд “нэхэмжлэл гаргах хугацаа, хэтэрсэн хугацааг сэргээлгэх” талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан зохиоцуулалтыг энэ маргаанд адилтган хэрэглэх боломжгүй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна.

15. Түүнчлэн, Улсын Их Хурал, хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэсэн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацааг нарийвчлан тогтоосон, “хэм хэмжээ” бүхий уг журам нь хууль тогтоомжийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасны дагуу хуулийн нэгэн адил шүүх хэрэглэнэ.

16. Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... бусдын буруутай үйлдлийн улмаас буюу өөрөөс үл хамаарах шалтгаанаар нөөцөд байх хугацаа өнгөрөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар хуульд нарийвчлан зохицуулагдаагүй,... ЗХШХШТ хуулийн 11.4-т заасанд нийцүүлэн шийдвэрлэх байсан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

17. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Х.М- 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Баян-өлгий аймаг дахь Салбар зөвлөлд “... маргаан бүхий албан тушаалд К.Турсынханы нэрийг дэвшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, өөрийнх нь нэрийг дэвшүүлсэн шийдвэр гаргуулах”-аар хүсэлт гаргасан, тус зөвлөлийн даргаас амаар “... нөөцөд байх 2 жилийн хугацаа өнгөрсөн тул нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн” хариу өгсөн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Х.М-ыг бүртгэсэн “нөөцийн бүртгэлийн” хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа нэгэнт 2017 оны 3 дугаар сард дуусгавар болсон учир түүнийг томилуулахаар нэрийг нь дэвшүүлээгүй хариуцагчийн “эс үйлдэхүй”-г хууль бус гэж үзэхгүй.

18. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”-оор заасан, энэ тохиолдлын хувьд, нэхэмжлэгч Х.М-ыг “нөөц”-д бүртгэлтэй байсан гэдгээр түүнд “давуу” эрх эдлүүлэх хуулийн боломжгүй учир нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүхийн гаргаж байгаа шийдвэр нь огт ёс суртахууны хэм хэмжээ шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй юм.

19. Иймд, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2019/0044 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0490 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                        Ч.ТУНГАЛАГ