Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-16
Дугаар 422
Хэргийн индекс 128/2019/0305/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч М.А
Хариуцагч ЦЕГ-ыг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

М.А-ын нэхэмжлэлтэй, ЦЕГД-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                        Шүүгч Д.Мөнхтуяа

Шүүгчид:                          Б.Мөнхтуяа

                                          П.Соёл-Эрдэнэ

                                          Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/911 тоот тушаалыг бүхэлд нь, мөн даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/188 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0358 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0512 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, Х.Наранбаатар нарыг оролцуулж, Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0358 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1, 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А-оос гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/911 тоот “Сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг бүхэлд нь, мөн даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/188 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0512 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0358 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1, 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаалын М.А-од холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/911 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0512 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/188 дугаар тушаалын М.А-од холбогдох хэсгийг хүчингүй болгосон үндэслэлээ “Автобаазын 2018 оны буюу 12 сарын хугацаанд хамаарах ажил байдалд 2 сар орчим хугацаагаар ажилласан нэхэмжлэгчийг буруутгаж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь шударга бус байна, нэхэмжлэгчийг дээд шатны аль байгууллага, ямар албан тушаалтны ямар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт, үр дүнг тооцоогүй талаарх нотолгоог Автобаазын 2018 оны үйл ажиллагааг шалгасан ажлын тайлан, танилцуулга, маргаан бүхий тушаалд зааж тусгаагүй, тодорхой бус байх бөгөөд шүүхэд энэ талаарх тайлбар, баримт нотолгоог гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг уг үндэслэлээр буруутгасныг үндэслэлтэй зөв гэж үзэх боломжгүй байна”  гэж тус тус тайлбарлажээ.

4. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд,  мөн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс сахилгын шийтгэл оногдуулах хүртэл хугацаанд Автобаазын дэд даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн бөгөөд дээрх хугацаанд Автобаазын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт явуулсан дүнгийн тухай танилцуулгад дурдагдсан байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр хийсэн шалгалтад дурдагдсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тодорхой зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байсан. Алба хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, ашиглалтын инженер, цагдаагийн ахмад О.Пүрэв, цагдаагийн дэд ахлагч Б.Алтаншагай нараар ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заагдсан ажлын үндсэн чиг үүргийг гүйцэтгүүлээгүй, үйл ажиллагаанд нь хяналт тавиагүй, диспетчер /энгийн/ Б.Золзаяаг томилогдсон ажил, үүргээс өөр “хүний нөөцийн туслах” гэх байгууллагын орон тоо, бүтцэд байхгүй ажил үүрэг гүйцэтгэж байхад хяналт тавьж, таслан зогсоогоогүй, цагдаагийн байгууллагын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах зориулалт бүхий албаны гаражид хувийн эд зүйлийг хадгалсан зэрэг нь тухайн жилийн ажилласан хугацаанаас хамааралгүй хийж гүйцэтгэх ажил байхад тухайн асуудлын талаар холбогдох байгууллагад танилцуулаагүй, таслан зогсоох арга хэмжээ авахгүй байсаар дээрх зөрчлүүд шалгалтаар илэрсэн.

5. Автобаазын дэд даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын “Ажлын байрны зорилго" хэсэгт “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлттэй уялдуулан байгууллагыг хүний нөөцөөр хангах, хүний нөөцийг сурган дадлагажуулах,” чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг дээд шатны аль байгууллага, ямар албан тушаалтны ямар тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт, үр дүнг тооцоогүй талаарх нотолгоог Автобаазын 2018 оны үйл ажиллагааг шалгасан ажлын тайлан, танилцуулга, маргаан бүхий тушаалд зааж тусгаагүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн дээрх зөрчлүүдэд ямар нэг дүгнэлт хийлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэсэгчлэн үнэлж буй нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

6. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа, Автобаазын үйл ажиллагаанд явуулсан төлөвлөгөөт шалгалтын дүн /үнэлгээ/-тэй маргаагүй бөгөөд гомдлын үндэслэл нь “2018 оны бүтэн жилийн үйл ажиллагаанд хамаарах ажил байдалд 2 сар ажилласан намайг буруутгасан” гэсэн байхад давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийг дээд шатны аль байгууллага, ямар албан тушаалтны ямар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт, үр дүнг тооцоогүй талаарх нотолгоог Автобаазын 2018 оны үйл ажиллагааг шалгасан ажлын тайлан, танилцуулга, маргаан бүхий тушаалд зааж тусгаагүй, тодорхой бус” гэж хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцээгүй.

7. Автобаазын үйл ажиллагааг “Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-д заасан аргачлалын дагуу үнэлэхэд 66.0 буюу “Дутагдалтай” дүгнэгдсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т 3 ”Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт, аюулгүй байдлыг хангах” чиг үүргийг тус тус хэрэгжүүлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл оногдуулна” гээд 81.4.3-д “албан тушаал бууруулах” гэж заасан. Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг ...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “бодит байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх” зарчмыг хангасан гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/911 тоот тушаалыг хууль ёсны гэсэн үндэслэлээр хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв байна.

11. Харин хариуцагчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаалын М.А-од холбогдох хэсэг нь бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий биш тул хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Тодруулбал, нэхэмжлэгч М.А- нь 2018 онд 56 хоног ажилласан, тухайн жил Автобаазын даргаар цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар ажиллаж байгаад төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дараа өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарсан байхад байгууллагын бүтэн жилийн үйл ажиллагааны явцад гарсан алдаа дутагдалтай холбогдуулан “өдөр тутам тавих хяналтыг сулруулсан, удирдлагын манлайллыг хангаж ажиллаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь “бодит нөхцөл байдалд тохироогүй”, мөн маргаан бүхий актад заасан сахилгын гэх зөрчлүүд нь нэхэмжлэгчтэй шууд холбоогүй, бүрэн тогтоогдоогүй байхад түүнийг Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн гэж үзэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь “үндэслэл бүхий биш” байна.

13. Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актад заасан зөрчил тус бүрт “... М.А- нь дээд шатны ямар байгууллагын ямар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаагүй, үр дүнг тооцоогүй талаар шалгалтын ажлын тайлан болон актад тодорхой тусгаагүй, 2018 онд Автобаазын даргаар өөр хүн ажиллаж байхад 2 сар орчим ажилласан дэд даргыг /нэхэмжлэгчийг/ “албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй гэж буруутгасан нь шударга бус, баазын даргын зөвшөөрлөөр албаны гаражид хувийн эд зүйлсийг хадгалсан гэснийг хариуцагч үгүйсгэж нотлоогүй, нэхэмжлэгч нь өөртөө цалин гаргуулах талаар шийдвэр гаргаагүй..., өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг буруутгаж буй сахилгын гэх зөрчлүүд нь бүрэн тогтоогдоогүй” гэх зэргээр дүгнэсэн байх тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан “...давж заалдах шатны шүүх дээрх зөрчлүүдэд ямар нэгэн дүгнэлт хийлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэсэгчлэн үнэлж буй нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй...” гэсэн утгатай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Мөн хариуцагч маргаан бүхий актын үндэслэлээ зөвтгөхдөө “...М.А- нь ажлын байрны тодорхойлолтод заасан дээд шатны байгууллага, албан тушаалтны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт үр дүнг тооцон, тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх үндсэн зорилго, зорилтоо биелүүлээгүй” гэж маргасан атлаа “...давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийг дээд шатны аль байгууллага, ямар албан тушаалтны ямар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт, үр дүнг тооцоогүй талаарх нотолгоог Автобаазын 2018 оны үйл ажиллагааг шалгасан ажлын тайлан, танилцуулга, маргаан бүхий тушаалд зааж тусгаагүй, тодорхой бус гэж хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцээгүй” гэж гомдол гаргаж байгаа нь /Тодорхойлох хэсгийн 6/ үндэслэлгүй.

15. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0512 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.МӨНХТУЯА

         ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ