Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-18
Дугаар 423
Хэргийн индекс 110/2019/0012/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Х.Х
Хариуцагч БӨА-ийн Б сумын ИТХ-ын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Х.Х-ын нэхэмжлэлтэй, БӨА-ийн Б сумын ИТХ-д

холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                      Шүүгч Д.Мөнхтуяа

Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                        П.Соёл-Эрдэнэ

                                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Б сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2019/0035 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0466 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Х.Х-, түүний өмгөөлөгч, Л.Жавзмаа, А.Кадирбек нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч Х.Х-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2019/0035 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Х-аас Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Б сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Х.Х-ыг төлөөлөгчөөс огцруулах тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг “Б сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хурлын төлөөлөгчийг огцруулах тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0466 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2019/0035 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Х-ын гаргасан “Баян-Өлгий аймгийн Б сумын ИТХ-ын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Х.Х-ыг төлөөлөгчөөс огцруулах тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б сумын ИТХ-ын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хурлын төлөөлөгчийг огцруулах тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагч Б сумын ИТХ-ын дарга Х.Хавдалмуратын давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0466 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж уг хуралдаанаас ээлжит хуралдааны товыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1400 цагт хуралдуулахаар зарлаж  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан байгаа. Хуралдаанд хэлэлцэх асуудлын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Хавдалмурат нь “төлөөлөгч Х.Х-  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Дээд шүүхийн шийдвэрээр гэмт хэрэгт холбогдсон байна. Би шүүхийн вэб сайтаас авсан” гэж бичигтэй цаас харуулсан. Гэтэл би Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй "хүчин төгөлдөр шийдвэрийг " одоо хүртэл гардаж аваагүй. Шийдвэр ирснээс хойш энэ асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биелүүлэх ёстой, миний төлөөлөгчийн бүрэн эрхэд халдаж төлөөлөгчөөс татах ёсгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг зөрчсөн, жилийн эцсийн ээлжит хуралдаан учраас бусад асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж хэлсэн. Төлөөлөгч Ш.Болатбек нь Х.Х-ын хэргийн талаар прокурор, шүүхээс ямар нэгэн бичиг ирсэн эсэх талаар асуухад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Хавдалмурат үгүй гэсэн хариу өгсөн.

4. Намайг төлөөлөгчөөс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхээр бол 1 хоногийн өмнө шүүхийн шийтгэх тогтоолыг төлөөлөгч нарт тараах ёстой байсан боловч тараагаагүй, надад ч мэдэгдээгүй. Хуралд оролцсон төлөөлөгчийн 50-иас дээш хувь нь гар өргөж намайг төлөөлөгчөөс эргүүлэн татсан. Миний бие Улсын Дээд шүүхийн шийдвэрийн огноо, дугааргүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус хуралдааны 30 дугаар тогтоолыг 3 хоногийн дараа хүлээн авсан. Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээсэн боловч ирээгүй учраас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. X.Хавдалмурат нь холбогдох материал, тайлбарыг шүүхэд өгөхдөө, өмнөх 30 дугаар тогтоолыг баталгаатай болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  30 дугаар тогтоол /хуурамч/ гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар  тогтоолын агуулгыг өөрчилж, өмнөх тогтоолд "…Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн ..." гэснийг "...Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаар тогтоолыг тус тус үндэслэн...” гэж нотлох баримтаар хавсаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж “Б сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30,  2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож” өгөхийг хүссэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь  хангаж, хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30,  2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж уг хуралдаанаас ээлжит хуралдааны товыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1400 цагт хуралдуулахаар зарлаж, хэлэлцэх асуудлаар миний “төлөөлөгчийн” бүрэн эрхийг татах асуудлыг хэлэлцэх ёсгүй байсан. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрх нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж тус тус заасан.

6.  Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д  заасныг зөрчсөн. Миний бие Улсын Дээд шүүхийн "хүчин төгөлдөр шийдвэр"-ийг гардан аваагүй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг тус тус баримтлан миний нэхэмжлэлийг хангаж, зөв шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг анхаарч үзээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтуудад буруу дүгнэлт хийж, хариуцагчийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэснийг, мөн тус хуулийн 5 дахь хэсэгт заасан “шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэснийг тус тус зөрчсөн. Миний бие Улсын Дээд шүүхийн 533 дугаар тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гардан авч, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх хэргийг түдгэлзүүлсэн. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0466 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2019/0035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлын шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хуралдаанаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно”, 13.1.4.“гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” гэсэн заалт, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гаргасан “Х.Х-ыг төлөөлөгчөөс огцруулах тухай” 30 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

10. Учир нь, нэхэмжлэгч Х.Х-ыг “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 217 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 111 дүгээр тогтоолыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 533 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн хувьд “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан” гэсэн дээр дурдсан хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн байна.

11. Хэдийгээр хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “...бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 24 дүгээр зүйлийн 24.3. “... гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах...” гэснийг зөрчиж, шийдвэр гаргах ажиллагааны алдаа гаргасан боловч энэ нь маргаан бүхий актад заасан хууль зүйн үндэслэл буюу бодит байдлыг үгүйсгэхгүй юм.

12. Учир нь, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, шүүхээс маргаан бүхий актыг /шийдвэр гаргах ажиллагааны алдаатай гэсэн үндэслэлээр/ хүчингүй болгосон ч нэхэмжлэгч нь “гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон” тул тэрээр хуульд заасан үндэслэлээр Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй буюу түүний эрх сэргэхгүй учир маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

13. Иймд, “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг одоо хүртэл гардаж аваагүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 23.4-ийг зөрчсөн, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгсөн...” гэсэн агуулгатай /Тодорхойлох хэсгийн 3-6/ нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

14. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар  захиргааны байгууллага нь захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр засах эрхтэй тул “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолыг техникийн алдааны улмаас огноог буруу бичсэн, 20-ны өдөр хуралдаан болоогүй” гэсэн хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон маргаан бүхий тогтоолуудын агуулга, зорилго ижил байгаа зэргээс үзвэл, хариуцагч нь захиргааны актын бичилтийн алдааг /2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэснийг 19-ний өдөр болгож, Улсын дээд шүүхийн тогтоолын дугаарыг бичсэн нь/ тухайн актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр зассан гэж үзэх боломжтой.

15. Иймээс Баян-Өлгий аймгийн Б сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар /бичилтийн алдаатай/ тогтоол нь бие даасан эрх зүйн үр дагаваргүй, өөрөөр хэлбэл 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоолоос өөр агуулга, зорилгогүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулахгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

16. Иймд, энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан “...X.Хавдалмурат нь шүүхэд холбогдох материалыг тайлбарын хамт өгөхдөө, өмнөх 30 дугаар тогтоолыг баталгаатай болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрчилсөн” гэсэн утгатай нэхэмжлэгчийн хяналтын гомдол болон “бодит байдал дээр нэхэмжлэгч нь хоёр тогтоолтой байхад акт биш гэж үзсэн нь буруу” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан гомдлыг хангах боломжгүй.

17. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтыг “Хурлын төлөөлөгчийн хувьдаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэнэ” гэж тайлбарлах нь хуулийн зорилго, агуулгад нийцэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан гомдол үндэслэлгүй.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0466 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.МӨНХТУЯА

          ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ