Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-18
Дугаар 427
Хэргийн индекс 128/2019/0492/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Б ХХК
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “Б” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн

 мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин,

геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид

 холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Гомдлын шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Балжиннямын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066732 дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0619 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0566 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулж,

            Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0619 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Балжиннямын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066732 дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0566 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0619 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 566 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч шийдвэр, магадлалыг хүчингүй болгон гомдлыг хангуулахаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4. Давж заалдах шатны шүүхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт “... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн ...” гэж зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

5. Давж заалдах шатны шүүх “...төлөвлөгөөт хяналт шалгалт хийхтэй холбоотой сургалт зохион байгуулагдахыг ... Заяажаргал мэдэж, нярав Г.О-г уг сургалтанд оролцуулсан, уг сургалтын үеэр хяналт шалгалтын удирдамжийг Г.О-т өгснийг З-д өгсөн болох нь гэрч Г.О-н мэдүүлгээр тогтоогдсон байх тул шалгуулах этгээдэд мэдэгдээгүй дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна ... ” гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.О нь нэхэмжлэгч “Барс Импэкс” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, хүлээлгэн өгсөн материал гэх зүйлүүдийг дамжуулан өгөх үүрэггүй, тараах материалд шалгалтын удирдамж гэх зүйлүүд байсан эсэх нь тодорхойгүй, материалуудыг Г.О-с нэхэмжлэгч Ч.А-т хүлээлгэн өгөөгүй, мэдэгдэл, хяналт шалгалтын удирдамжийг нэхэмжлэгч хүлээн аваагүй. Мөн давж заалдах шатны шүүх шалгуулагч этгээд гэдэг нь заавал итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж үзэхгүй гэж дүгнэсэн байх бөгөөд харин шалгуулагч этгээд гэдэг нь хэн байх талаар огт дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгчээс шалгуулагч этгээд гэдэгт компанийн гүйцэтгэх удирдлагын талаар дурьдсан байтал түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн талаар гэж ойлгон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

6. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51. 2 дахь хэсэгт зааснаар шалгуулах этгээдийг хяналтын улсын байцаагч зөв тогтоогоогүйгээс төрийн хяналт шалгалт хийх хуулиар тогтоосон журмыг зөрчиж хяналт шалгалт явуулсан гэж үзнэ. Хяналт шалгалтын журмыг зөрчиж гаргасан шийдвэр өөрөө хүчин төгөлдөр бус. Хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийх явцад хуульд заасан шалгуулах этгээдийг хяналт шалгалтын ажиллагаанд огт оролцуулаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шалгуулах этгээд хэн болохыг тогтоох шаардлагагүй, боломжгүй мэтээр тайлбар өгсөн ба компанид хамааралгүй этгээд, шалгуулах этгээд биш этгээдийг хяналт шалгалтын ажиллагаанд оролцуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн М.Э нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүйг мэдсээр байж хяналт, шалгалтын үйл ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчсөн нь илт тодорхой байтал Б ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь хяналт шалгалтын болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болохыг мэдсэн гэж үзэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

7. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт “... Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана...” гэж зааснаар шалгуулах этгээдэд буюу нэхэмжлэгчид ямар ч хэлбэрээр мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогддог. Хяналтын улсын байцаагч нь нэхэмжлэгчийн холбогдох утас, байрлаж буй хаяг, шуудангийн хаяг зэрэг мэдэгдэх мэдээллүүд нь илэрхий тодорхой байхад хяналт шалгалтын ажиллагаанд оролцогч этгээдүүдийн биеийн байцаалт, төлөөлөх эрхтэй эсэхийг шалган тогтоогоогүй үйл ажиллагаа явуулсныг хууль ёсны үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт “... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангах...” гэж зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 619 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 566 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

9. Гомдол гаргагч “Б” ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0066732 дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “...Манай компани нь тус газарт байрлах обьектыг газрын хамт 1995 онд хувьчлан авч, газар эзэмших эрх 2001 онд үүссэн, улмаар 2005 онд газар эзэмших эрхийг сунгуулж, хугацаа дуусах болоогүй байхад 2012 онд хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийн дагуу “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх ёстой” гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсаныг зөвшөөрөхгүй, мөн хариуцагч нь баталсан удирдамжийн зорилгоос гажиж, зөвлөн туслалгүйгээр шууд шийтгэл ногдуулсан, түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй” гэж маргажээ. 

10. Маргаан бүхий 0066732 дугаар шийтгэлийн хуудсаар, “Б” ХХК-ийг “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй” зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн 3000 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан байна. 

11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, тухайн маргаанд хамаарах хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцжээ. 

12. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно”, 34.8-д “...гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулах, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байгаа бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж гэрээндээ хавсаргах, гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэж байхаар заасан бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2-т зааснаар газар эзэмшигч газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.

13. Түүнчлэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /2012 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ...аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах ...-/аас/ өмнө хийнэ”, 7.4-т “...одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ...-д байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана” гэж зааснаар хууль батлагдах тухайн үед ажиллаж байсан үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөхөд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэхээр байна.

14. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, гомдол гаргагч “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжаар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс-1 худалдааны төв байрлах 12476 м.кв газрыг “үйлчилгээний” зориулалтаар эзэмшдэг бөгөөд уг газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ. Гомдол гаргагчаас энэ үйл баримттай маргадаггүй, харин сүүлд 2012 онд батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу буруутган, хариуцлага хүлээлгэж буйг зөвшөөрөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй юм. 

15. Дээрх байдлаар “Б” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, ...үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж ...хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцсэн гэж үзлээ.

16. Түүнчлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02-01-329 тоот албан бичгээр томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийх талаар мэдэгдэл хүргүүлж, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 02-01/74 тоот удирдамж баталж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор сургалт зохион байгуулсан байх ба тус сургалтад “Б” ХХК-ийг төлөөлж Г.О оролцсон, түүнд шалгалт хийх тухай удирдамжийг гардуулж өгсөн, мөн хяналт шалгалтын ажиллагаанд тус компанийг төлөөлөн М.Э оролцсон /М.Э нь шалгалтын тэмдэглэлд дэд захирал гэж гарын үсэг зурсан, тэрээр тус компанид ажилладаггүй талаар мэдэгдээгүй/ зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, иймээс гомдол гаргагчийн энэ үндэслэлээр гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт “...Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана...” гэж зааснаар шалгуулах этгээдэд буюу нэхэмжлэгчид ямарч хэлбэрээр мэдэгдээгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

17. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0619 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 566 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ч.ТУНГАЛАГ

                           ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА