Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-09
Дугаар 413
Хэргийн индекс 110/2018/0014/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Е.Х нарын 11 иргэн
Хариуцагч Б аймгийн ИТХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд МХГ
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Е.Х нарын 11 иргэний нэхэмжлэлтэй,

Баян-Өлгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хуралд холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

                   Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

                   Шүүгчид:                          Б.Мөнхтуяа,

                                                             Д.Мөнхтуяа,

                                                             Ч.Тунгалаг,

                   Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны 46 дугаартай “Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах” тухай тогтоолын 1 дэх хэсгийн “...гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн ажилд тухайн үед зээлээр гүйцэтгэсэн ажлын зардалд 488,000,000 төгрөг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510,000,000 төгрөг, үерт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25,000,000 төгрөгийг тус тус хуваарилах”-аар тогтоосныг хүчингүй болгуулах, тусламжийн мөнгө болох 1,223,000,000 төгрөгийг Бүгд Найрамдах Казахстан Улсын саналыг харгалзан ил тод, шударга хуваарилахыг, хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд хуваарилахгүй байхыг, үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд 50,000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510,000,000 төгрөгийг хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлэн гамшигт өртсөн иргэдэд бэлэн мөнгөөр тарааж өгөхийг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0031 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0455 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0031 дүгээр шийдвэрээр: Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.Х нарын нэр бүхий 11 хүний тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны 46 дугаартай Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай тогтоолын 1 дэх хэсгийн ...гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн ажилд тухайн үед зээлээр гүйцэтгэсэн ажлын зардалд 488,000,000 төгрөг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510,000,000 төгрөг, үерт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25,000,000 төгрөгийг тус тус хуваарилахаар тогтоосныг хүчингүй болгох, тусламжийн мөнгө болох 1,023,000,000 төгрөгийг Бүгд Найрамдах Казахстан Улсын саналыг харгалзан ил тод, шударга хуваарилахыг, хүмүүнлэгийн тусламжийг үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд хуваарилахгүй байхыг, үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд 50,000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510,000,000 төгрөгийг хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлэн гамшигт өртсөн иргэдэд бэлэн мөнгөөр тарааж өгөхийг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0455 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нь Захиргааны Ерөнхий хуулийг ноцтой зөрчихөөс гадна Гамшгийн тухай хууль, хандив тусламжийг хуваарилахтай холбоотой журмуудыг зөрчиж шийдвэр гаргасан.

4. Казахстан Улсын Засгийн газраас гамшгийн дараах сэргээн босголтын ажилд зориулж манай улсад 500,000 ам.долларын тусламж үзүүлснээс Засгийн газрын холбогдох шийдвэрээр 400,000 ам.долларыг нь Баян-Өлгий аймагт зарцуулахаар шийдвэрлэсэн. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдаас 15,000 ам.доллар,  Хаан банк болон Төрийн банкин дахь хандивын дансанд 240,000,000 төгрөг цугларсан байхад тухайн хандив тусламжийг үндэслэлгүйгээр хувиарлаж гамшигт нэрвэгдсэн иргэд хүртэх ёстой хандив тусламжаа хүртэж чадахгүйгээр хохирсон. Нийтдээ өнөөдрийн ханшаар 1,223,000,000 төгрөгийг Хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлж хуваарилсан юм. Үүнд 510,000,000 төгрөгийг гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдэд зориулж байшин барихад, 200,000,000 төгрөгийг үерт нэрвэгдсэн иргэдэд мөнгөн тусламж олгоход, 488,000,000 төгрөгийг гамшгийн үеэр гарсан шатахуун, жолооч нарын цалин хөлс, ариутгал, халдваргүйжүүлэлтийн зардалд, 25,000,000 сая төгрөгийг Үерийн ус орсон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрыг засварлахад зарцуулахаар баталсан.

5. Гэтэл энэ их тусламжийн хөрөнгөнөөс ард түмний гарт очиж, нүдэнд харагдах нь тун бага буюу хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, тусламжаар ирсэн хөрөнгө мөнгө гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд чиглэгдэн хүрэлцэхгүйгээр барагтаа шатахууны мөнгөнд зарцуулагдаж байгаад нь маш их гомдолтой, сэтгэл дундуур байсаар ирсэн.

6. 488 сая төгрөгийг гамшгийн үеэр гарсан шатахуун, жолооч нарын цалин хөлс, ариутгал, халдваргүйжүүлэлтийн зардалд, 25 сая төгрөгийг үерийн ус орсон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрыг засварлахад зарцуулахаар болсон нь шударга бус байна. Энэхүү хуваарилагдах ёстой тусламжийн мөнгө зориулалтын дагуу гамшигт нэрвэгдсэн иргэд бидэнд хуваарилагдаагүй.

7. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад нийт 500,000 ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд үүний 50,000 ам.долларыг л шатахуун, цэвэрлэгээ, томилолтын зардалд хуваарилахыг, үлдсэн хэсгийг иргэд бидэнд тарааж өгөх тухай бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн байдаг. Гэтэл хариуцагч тал 400,000 ам.долларын дийлэнх олонх хэсгийг дээрх байдлаар зориулалтын бус байдлаар хуваарилсан. Жил бүр төсвөөс болзошгүй гамшигт зориулж улсаас хөрөнгө мөнгө /нөөц/ хуваарилдаг.

8. Нэр бүхий нэхэмжлэгч нарын олонх нь гэр оронгүй болсон бөгөөд одоо болтол эсгий гэрт хэцүү байдалтай амьдарч байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг улсын хэмжээнд Засгийн газар, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Хэрэв Казахстан Улсаас тусламжийн мөнгө ирээгүй байсан бол хэрхэн асуудлыг шийдвэрлэх нь тодорхойгүй. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана” гэж заасныг аймгийн засаг дарга хэрэгжүүлээгүй. Тухайн жилийн нийт төсвийн 1.0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгө аймгийн гамшгаас хамгаалах төсөвт байх ёстой боловч ийм мөнгө байгаагүй явдалд иргэн хариуцлага хүлээхгүй.

9. Гаднаас ирсэн тусламжийн мөнгийг гамшигт өртсөн иргэдэд тэгш хуваарилаагүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөж, одоо хүртэл гамшгийн улмаас учирсан хохирол арилаагүй. Хандивын мөнгөн хөрөнгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуваарилалт хийхдээ хаалттай, тэгш бус байдлаар, иргэдээс санал хүсэлт авалгүй, хүртээх ёсгүй байгууллагад хуваарилж шийдвэрлэсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хандивын мөнгийг хуваарилах гэж байгаа талаар иргэд мэдээгүй, иргэдийн төлөөллийг хуралдаанд оролцуулаагүй.

10. Хурлаас 510,000,000 төгрөгөөр 56 айлын байшин барихаар төлөвлөж, тогтоол гаргасан нь үлдсэн өрхийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. 50,000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилтээр үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд зарцуулна гэж саналд тодорхой заасан байхад 1/3 илүү хэмжээний санхүүжилтийг үерийн үр дагаврыг арилгахтай холбоотой арга хэмжээнд зарцуулсан байдаг. Үерийн үр дагаврыг арилгахдаа шатахуун түгээх станцуудаас зээлээр шатахуун авсан ба хандивын мөнгөөр төлж болохгүй, хандивлагч орны онцгойлон анхаарахыг хүссэн хүсэлтийг нь үл тоомсорлож хуваарилалт хийсэн. Казахстан Улсаас хохирсон иргэдэд зориулан тэрбум төгрөгийн хандивын тусламж өгсөн байхад үерийн улмаас хохирсон иргэд хохирсон хэвээр байгаа.

11. Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журмын 3.1-д дотоодын хүмүүнлэгийн тусламжийг аж ахуйн нэгж байгууллагаас тусгайлан нэр зааж ирүүлэхээс бусад тохиолдолд хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуваарилан олгох асуудлыг орон нутагт Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан байхад хүмүүнлэгийн тусламжийн зориулалтыг зөрчиж, өөр зүйлд зарцуулсныг шүүх зөвтгөсөн.

12. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

14. Нэхэмжлэгч Е.Х нарын 11 иргэнээс Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “хандив тусламжийг зориулалтын дагуу зарцуулаагүй, Казахстан улсаас ирүүлсэн хандив, тусламжийг иргэдэд бэлэн мөнгөөр тараахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, даалгах” агуулгаар маргаж байгаа боловч дараах байдлаар захиргааны байгууллагыг “хууль зөрчсөн үйлдэл гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

15. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “төсвийн орлого нь татварын орлого, татварын бус орлогоос бүрдэнэ”, 23 дугаар зүйлийн 23.3-т “татварын бус орлого нь ...тусламж болон бусад орлогоос бүрдэнэ”, 23 дугаар зүйлийн 23.10-т “тусламжийн орлого нь төсвийн орлогын бүрэлдэхүүн хэсэг байна” гэж тус тус заасан, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2018 оны 07 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд үерийн гамшиг болсонтой холбогдуулан, Бүгд Найрамдах Казахстан улсаас 400,000 ам.доллар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдаас 15,000 ам.доллар, иргэд, аж ахуй нэг байгууллагуудаас 170 сая төгрөгийн, нийт 1,223,000,000 төгрөгийн хандив, тусламж ирүүлсэн, энэхүү тусламжийн орлого нь хуулийн дээрх заалтад зааснаар “төсвийн орлого” гэдэгт хамаарч байна.

16. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3-т “төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлах” гэж тус тус заасан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 46 дугаар тогтоолоор энэхүү тусламжийн зарцуулалтыг хэлэлцэн баталсан нь хуулиар олгосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд нийцсэн, энэ эрхээ “буруу хэрэгжүүлсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй, 510 сая төгрөгийг иргэдэд бэлэн мөнгөөр тараах биш, орон гэргүй болсон иргэдэд зориулж байшин барихаар баталсан нь захиргааны байгууллагын сонгох эрхийн хүрээнд гарсан шийдвэр гэж үзэхээр байна.

17. Иймээс нэхэмжлэгч нарын “гадаадын хандив тусламжид заасан зориулалтаар хуваарилаагүй, хандивлагч орны онцгойлон анхаарахыг хүссэн хүсэлтийг нь үл тоомсорлож хуваарилалт хийсэн, 400,000 ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд үүний 50,000 ам.долларыг л шатахуун, цэвэрлэгээ, томилолтын зардалд хуваарилахыг, үлдсэн хэсгийг иргэд бидэнд тараах байсан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, нөгөө талаар дээрх мөнгөн тусламжаар орон гэргүй иргэдэд байшин барихаар шийдвэрлэснийг “хандивлагчийн хүсэл зоригоос өөр зориулалтаар хуваарилсан” гэж үзэх боломжгүй юм.

18. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.3-т “төсвийн гүйцэтгэл зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах”, 6.5.5-т “хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэх” гэж төсвийн ил тод байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлэх хэлбэрийг заасан болохоос нэхэмжлэгч нарын “мөнгийг хуваарилах гэж байгаа талаар иргэд мэдээгүй, иргэдийн төлөөллийг хуралдаанд оролцуулаагүй” гэх гомдлоор нэхэмжлэлийг хангах боломжгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд иргэдийг биечлэн оролцуулах үүргийг захиргааны байгууллагад хуулиар хариуцуулаагүй байна.

19. Тухайн орон нутагт иргэдийг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгогдон ажилладаг, мөн өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар удаа дараа саналаа илэрхийлж, тал бүрээс нь хэлэлцсэний эцэст олонхийн саналаар, дээрх байдлаар хандивийн хөрөнгийг зарцуулахаар шийдвэр гаргасан байна.

20. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т “Төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувийг, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна” гэж заасны дагуу 2018 оны орон нутгийн төсвийг батлах үед гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулж төсөв батлаагүй нь захиргааны байгууллагын буруу боловч энэ алдаа нь нэхэмжлэгч нарт давуу эрх олгох үндэслэл биш, хариуцагчаас үүссэн нөхцөл байдалд тохируулан, маргаан бүхий тогтоолыг гаргаж, мөнгөн тусламжийг хуваарилсан байх тул нэхэмжлэгч нарын “орон нутгийн төсөвт гамшгаас хамгаалах зардал батлаагүй, хэрэв мөнгө байсан бол зардал багасах байсан” тухай гомдлоор нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

21. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0031 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0455 дугаар магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ