Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-12-18
Дугаар 430
Хэргийн индекс 128/2019/0356/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч П.Д
Хариуцагч ШЕЗ
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

П.Д-ийн нэхэмжлэлтэй,

ШЕЗ-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

                Даргалагч, шүүгч:           Ч.Тунгалаг,

                Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                         Б.Мөнхтуяа,

                                                         Д.Мөнхтуая,

                Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

               Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: ШЕЗ-н 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 120/ШШ2019/0541 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0565 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 120/ШШ2019/0541 дүгээр шийдвэрээр: Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын ШЕЗ-д холбогдуулан гаргасан П.Д-ийн Монгол Улсын ШЕЗ-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0565 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0541 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Д, түүний өмгөөлөгч Ө.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /15-р нүүрт/ Шүүгчийн эрх зүйн 20.3, 20.4.1-д заасныг дурдсан атлаа эсрэг агуулгатай шийдвэр гаргажээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дор дурдсан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэж заасан дотор “шүүгчийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоол” гарсан гэх үндэслэл байхгүй буюу хуульд байхгүй үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20.4.1-д заасныг зөрчсөн.

4. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.5-д заасан “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэх үндэслэлийг “яллагдагчаар татагдсан тогтоол” гарсан гэдэгтэй адилтгаж хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас авч үзвэл яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж заасан нь тус бүр өөр агуулга, үр дагавар бүхий үйл баримт байна. Яллагдагчаар татах тогтоолыг прокурор гаргах бөгөөд энэ үед гэм буруугийн асуудал мөн эрүүгийн хариуцлагын асуудал огтхон ч яригдахгүй. Харин мөрдөгчөөс мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж прокурорт шилжүүлж түүний дараа прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дараа шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийж шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзвэл гэм буруугийн хурал хийж шийдвэрлэнэ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-д заасан гэм буруугийн шүүх хурлаар түүнийг гэм буруутайд тооцсон бол тэр үеээс эхлэн шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагад татагдсан гэж үзнэ. Энэ үед Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.5-д заасан үндэслэл хууль зүйн утгаараа үүснэ. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулжээ. Тус эрүүгийн хариуцлага ногдуулах шүүх хурлаас гарсан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол тэр үед Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18.4.3-д “гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон” гэж заасны дагуу шүүгчийг огцруулах үндэслэл үүснэ.

6. Гэтэл Монгол Улсын ШЕЗ нь Прокурорын тухай хуулийн 58.6.д “Прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахтай холбогдуулан түүний бүрэн эрхийг Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлж болно” гэж заасантай төсөөтэй хэрэглэсэн. ШЕЗ -ийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05 тоот хуралдааны тэмдэглэлд энэ талаар дэлгэрэнгүй тусгагдсан байгаа бөгөөд ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тодорхой тусгасан.

7. Хууль тогтоомжийг “хэрэглэх” эрх зөвхөн шүүхэд байна. Харин Монгол Улсын ШЕЗ шүүх биш харин захиргааны байгууллага тул хуулийг “хэрэгжүүлэх” үүрэгтэй тул хууль хэрэгжүүлэгч хуулийг заасан хэвээр хэрэгжүүлэх ёстой болохоос түүнийг хэрэглэх, тэр тусмаа төсөөтэй хэм хэмжээг иш татан тайлбарлан хэрэглэх эрх байхгүй.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.5 “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэж заасныг шүүгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байхыг ойлгохоор байна гэж тайлбарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” мөн хуулийн 11.5.Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан.

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх зарчмын дагуу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль дах “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэх ойлголтыг тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулж, сүүлд хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1, 34.1-д заасныг тус тус хэрэглэн тайлбарлах ёстой атал тийнхүү хууль хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй. Гэсэн атлаа ямар нэгэн хууль зүйн болон онолын үндэслэлгүйгээр “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэдэг “яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол” гарсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон уясын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” мөн хуулийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан.

11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх зарчмын дагуу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль дах “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэх ойлголтыг тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулж, сүүлд хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1, 34.1-д заасныг тус тус хэрэглэн тайлбарлах ёстой атал тийнхүү хууль хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй. Гэсэн атлаа ямар нэгэн хууль зүйн болон онолын үндэслэлгүйгээр “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэдэг “яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол” гарсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

12. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан тогтоолтой холбогдсон гомдлыг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.А-ийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5/1984 тоот албан бичгээр “П.Д-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож” гэснээр хүчингүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгчид өгсөн дээд шатны прокурорын хариу мэдэгдэх хуудас бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны албан ёсны баримт бичиг бөгөөд энэ баримтыг шүүх үнэлээгүй.

13. Харин Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу дээд шатны прокурорын шийдвэрийг биелүүлээгүй доод шатны прокурорын хууль зөрчсөн эс үйлдэхүйн үр дүнгээ илтгэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш байгууллагад буюу ШЕЗ-д хаягласан албан мэдэгдлийг илүүтэй үнэлж үндэслэл болгосныг зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.

14. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол нь Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.А-ийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5/1984 шийдвэрээр хүчингүй болж, Нийслэлийн прокурорын газрын прокурор н.М 2019 оны 02 дугаар сарын 12-ны 5/275 тоот шийдвэрт өмгөөлөгчийн гаргасан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дээд шатны прокурорт гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Улсын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас гарах үед үйлчлэл нь сэргэсэн болно.

15. Өөрөөр хэлбэл ШЕЗ 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанд үндэслэл болгож байх үед тухайн прокурорын тогтоол хүчингүй байсан. Энэ талаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд мөн хууль зүйн үндэслэл бухий хариу өгөөгүй. Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж заасан эрх зүйн хэлбэрээр шийдвэр гаргана гэж заасан.

16. Гэтэл “албан бичиг” гэх хууль ёсны бус баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хүчин төгөлдөр, хууль ёсны, эцсийн гэх агуулгаар шийдвэрлэсэн нь мөн л хуулийн буруу хэрэглэсэн.

17. Шүүх захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй. Монгол Улсын үндсэн хуулийн 49.1-д “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, 49.2-д “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан.

18. ШЕЗ нь Үндсэн хуулийн 49.3-д зааснаар “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана” гэж заасан үндсэн чиг үүргийг гүйцэтгэх байгууллага. Үндсэн хуулийн 49.4-д зааснаар ШЕЗ шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.

19. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж зааснаар ШЕЗ-ийн үйл ажиллагаа Монгол Улсын үндсэн хуульд заасан зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл ШЕЗ нь шүүхээр маргаан хянан шийдвэрлэхэд нэг тал болон оролцдог Прокурорын тогтоолд шууд үндэслэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал /шийдвэр/ гаргаж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах өөрийн үндсэн зорилгодоо үйл ажиллагаа гэж үзэх үндэслэл байхгүй.

20. ШЕЗ-ийн тус шийдвэр жишиг болбол Монгол Улсын шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд Прокурорын байгууллага халдаж болох маш том орон зайг үүсгэсэн байна. Үүнийг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 болон Монгол Улсын үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй.

21. Мөн ШЕЗ нь Захиргааны ерөнхий хуулийн 43-р зүйлд заасны дагуу мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 82.2-д “Дараах тохиолдолд 3ахиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ, 82.2.1-т “гомдол гаргах хугацаа өнгөрсөн” гэж заасныг зөрчин захиргааны актын талаар гомдол гаргах боломж олгоогүй, ийнхүү гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй байтал хууль зөрчин Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн улмаар түүнийг үндэслэн Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 44 дүгээр зарлиг гарч П.Д-ийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр зөвлөлийн 30 дугаар тогтоол хэрэгжиж, П.Д-ийн акттай маргах эрхийг олголгүй гүйцэтгэснээр эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөөгүй.

22. Мөн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа П.Д-г шийдвэр гаргах ажиллагаанд өмгөөлөгчтэйгөө оролцох боломжоор хангаж, ШЕЗ-ийн хурлыг хойшлуулах хусэлтээ гаргасаар атал үл хэрэгсэн үргэлжлүүлэн шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 14-т “...хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах,” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 16.1-д ”Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно” гэж заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэж маргаж байхад “ШЕЗ олонхоор шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй ” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн шийдэл биш байна.

23. Энэ талаарх давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс зөрчил байна гэж дүгнэсэн атлаа “Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зарчимтай нийцэж байна” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийг тусгайгаас ерөнхий рүү шилжүүлэн хэрэглэх ёстой.

24. Иймд хуульд нийцсэн байх, үндэслэл бүхий байх үндсэн шаардлагыг хангаагүй шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

25. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарласан байх тул шүүхүүдийн дүгнэлтийг өөрчилж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

26. Нэхэмжлэгч П.Д-аас ШЕЗ -ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч зорилгодоо нийцээгүй шийдвэр гаргасан, тогтоол гаргахдаа хүчин төгөлдөр болоогүй  прокурорын тогтоолд үндэслэсэн, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн” гэж маргаж байна.

27. ШЕЗ -ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолоор шүүгч П.Д-ийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

28. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д зааснаар шүүгч “эрүүгийн хариуцлагад татагдсан” бол ШЕЗ -ийн саналыг үндэслэн Ерөнхийлөгчөөс шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр зохицуулсныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, шүүгч “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэснийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэгдсэн, уг тогтоол нь “хүчин төгөлдөр болсон” байхыг ойлгохоор байна.

29. Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 201701000004 дүгээр прокурорын тогтоолоор шүүгч П.Д-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд П.Д-аас энэхүү тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурорт гомдол гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

30. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5/411 дүгээр “Хариу мэдэгдэх хуудас”-т “...эрүүгийн хэргийг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй, энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй” гэж байсан, нэхэмжлэгчээс “дээд шатны прокурорт гомдол гаргасан” талаар тайлбарласаар байхад холбогдох баримтыг тодруулаагүй, ШЕЗ-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны үед яллагдагчаар татах тогтоолд гомдол гаргаж ажиллагаа үргэлжлэн явагдаж байсан, дээд шатны прокуророос эцсийн шийдвэр гаргаагүй байжээ.

31. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3-т “яллагдагч нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт гомдол гаргах эрхтэй” гэж, 15.7 дугаар зүйлийн 1-т “...прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргана”, мөн зүйлийн 4-т “...шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана” гэж тус тус заасан тул ШЕЗ нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх, дээд шатны прокурор хянасан эсэхийг нягтлалгүйгээр, маргаан бүхий тогтоолыг гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй гэж үзлээ.

32. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “яллагдагчаар татсан тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурорт гомдол гаргаж байсан тул эцсийн шийдвэр гараагүй байхад хуралдсан” тухай гомдол үндэслэлтэй байна. Харин “гэм буруугийн хуралдаан хийсний дараа түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх” тухай гомдол үндэслэлгүй юм.

33. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл тодорхой байх зарчимтай, энэ тохиолдолд захиргааны байгууллага нь маргаан бүхий 30 дугаар тогтоолыг гаргах үндэслэл болгосон “Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тухай тогтоолыг үндэслээгүй, харин Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/732 дугаар албан бичгийг үндэслэсэн байгаа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д нийцэхгүй, албан бичиг, түүнд дурдагдсан үйл баримт нь хэргийн нөхцөл байдлыг шууд тогтоох эрх зүйн эх сурвалж биш байна.

34. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа хоёр урьдчилсан нөхцөлийн хүрээнд буюу захиргааны акт хууль зөрчсөн эсэх, уг хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт замаар хэргийг шийдвэрлэх байна.

35. Тухайн тохиолдолд дээр дурдсанаар маргаан бүхий 30 дугаар тогтоол хууль зөрчсөн болох нь тогтоогдож байх боловч түүний улмаас нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгчийн тайлбарласнаар Улсын ерөнхий прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”-аар эцсийн шийдвэр гарсан буюу нэхэмжлэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоогүй тул бодит нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй юм.

36. Нэхэмжлэгчээс “маргаан бүхий тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар ийм төрлийн нэхэмжлэлд тавигдах урьдчилсан нөхцөл нь “нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол үүссэн” тохиолдолд хангагдах ба нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгчид ямар нэгэн онцгой ашиг сонирхол үүсэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхүүдийн шийдэл зөв учраас шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 120/ШШ2019/0541 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0565 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

         ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ