Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-21
Дугаар 325
Хэргийн индекс 020/2014/0108/З/Н
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Д.З, Б.У нар
Хариуцагч СБД-ийн ЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Л.М
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Б.У, Д.З нарын нэхэмжлэлтэй,

СБД-ийн ЗД-д холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                       Б.Мөнхтуяа

                                       Д.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Иргэн Л.М-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ давхардуулан олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийг хүчингүй болгох, Б.У- миний бие Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчөөгүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгох”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0205 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0359 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баярхүү, гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч М.Пүрэвжамц нар,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0205 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У, Д.З нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийн Л.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У-ийн миний бие Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчөөгүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0359 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.У, Д.З нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Л.М-т гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар давхардуулан олгосон 118 тоот захирамжийг хүчингүй болгуулах, гуравдагч этгээдийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154, 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0359 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4. Лхамсүрэнгийн Адилбиш, Адилбишийн Балжинням, М.Мөнгөнтуяа нар нь 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд “Зуслангийн газрыг өөрсдийн эзэмшилд бүртгүүлэх” хүсэлт гаргаж, ингэхдээ Л.Адилбиш, А.Балжинням нар нь өргөдөлдөө зуслангийн байшин бүхий газрыг бүртгүүлэх тухай бичсэн, Сүхбаатар дүүргийн Газрын алба нь тэдний өргөдлийг 2510 гэсэн ижил дугаараар бүртгэсэн, мөн Адилбишийн өргөдөлд Адилбишид 0,05 га, А.Балжиннямд 0,04 га, М.Мөнгөнтуяад 0,04 га талбай бүхий газар олгохоор цохолт хийсэн нь тэдний газар нэг доор байршилтай, байшинтай газар байсан гэж үзэхээр, хавтаст хэрэгт авагдсан Шаргаморьтын зуслангийн айлуудын газрын байршлыг харуулсан зураг дээр 3 айлын гэхээр том газар дундаа байшинтай зурагдсан байх ба уг газар нь одоогийн Л.Адилбишийн эзэмшил газрын кадастрын зурагт байгаа газартай газар, байшин бүгд яв цав тохирч байна. Энэхүү газар нь одоогоор Шаргаморьтын зуслангийн хотоос ирэх төв замаас зүүн хойд чиглэлд байршдаг. Гуравдагч этгээдийн эзэмшлийн газар нь төв замаасаа урд зүгт дээрх зурагт байгаа газраас байршлын хувьд өөр газарт байршилтай байгаа бөгөөд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дээрх зөрүүтэй байдлыг шалгуулахаар хүсэлт гаргаж байсныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан. Газрын тухай хуульд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байдаг ба тухайн газрыг бусдад эзэмшүүлэхэд газар эзэмшихээр гаргасан өргөдөл нь зохих шаардлага хангаагүй, уг өргөдөлд дурдагдсан газар эзэмших, ашиглах талаар эрх зүйн маргаантай, эсхүл бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхардсан зэрэг зөрчилтэй бол энэ талаарх үндэслэлийг ажлын 15 хоногт багтаан Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас баталсан загварын дагуу мэдэгдлээр хариу өгч, хүсэлт бүртгэх дэвтэрт холбогдох бичилтийг хийж, бүртгэлээс хасах, тухайн шатны газрын алба, даамал нь шаардлагатай бол өргөдөлд дурдагдсан газарт биечлэн очиж танилцах бөгөөд өргөдлийг хуанлийн 30 хоногийн дотор нягтлан шалгаж, шийдвэр гаргуулахаар эрх бүхий Засаг даргад уламжлах шийдвэрийг гаргах үүрэгтэй байдаг. Гэтэл тухайн асуудлыг хариуцах төрийн байгууллага өөрийн эрхийн хүрээнд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан байгаа нь дээр зөрчилгүй гэж үзэхээр байгаа ба шүүхийн магадлалд энэ талаар дурдсан байна.

5. Гэтэл анхнаасаа энэ газарт давхардуулж газар олгосон эсэх асуудлыг тодруулахаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан боловч үүнийг шүүх шийдвэрлээгүй байгаа нь шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

6. Гуравдагч этгээд Л.М- нь 2005 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 118 тоот захирамжаар уг газраа эзэмших эрхтэй болж гэрээ гэрчилгээг авсан боловч уг газартаа 2002 оноос хойш хашаа барьж амьдарч байсан болохыг хажуу айлуудын хүмүүс болох уг хашааг харж хандаж байсан Б.Чулуун, Б.Алтантуяа, газрын албаны ажилтан О.Хадбаатар, Түвшинбаяр нар биднийг уг газрын талаар хөөцөлдөж явсныг гэрчилсэн байхад уг гэрчийн мэдүүлгүүдэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Газрыг өөрийн эзэмшил хамгаалалтад байлгасан хугацааг зөвхөн “мэдээллийн санд орсон” гэх үйл баримтаар тогтоох нь хангалттай бус байна. Гэтэл Л.М-т тухайн газрыг бусдын эзэмшил газартай давхардуулан олгосон гэж дүгнэсэн байна.

7. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0359 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, энэ хэргийн гуравдагч этгээд Л.М-т Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжаар тус дүүргийн 15 дугаар хороо, Шаргаморьтод зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн 0,04 га газар нь тус Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн нэхэмжлэгч Б.У-ийн эзэмшиж буй 560 м.кв, Д.Зоригийн эзэмшиж буй 561 м.кв газартай тус тус давхцалтай болох нь тогтоогджээ.

10. Харин нэхэмжлэгч Б.У, Д.З нар нь анх 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар иргэн А.Балжинням, М.Мөнгөнтуяа нарын эзэмшиж байсан 0,04 га газрыг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар түрүүлж үүссэн газар эзэмших эрх хамгаалагдах учиртай бөгөөд дээр дурдсан маргааны үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч нарт 2004 онд буюу гуравдагч этгээдээс өмнө маргаж буй газрыг эзэмших эрх үүссэн гэж үзнэ.

12. Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжаар Л.М-д газар эзэмшүүлэхдээ дээр дурдсан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн, төрийн захиргааны байгууллагаас иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа газар эзэмших хүсэлтэд хавсаргасан баримтыг нягтлан шалгаагүй нь буруу болохыг шүүхүүд зөв дүгнэжээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0205 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0359 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ