Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-30
Дугаар 237
Хэргийн индекс 128/2015/0130/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Б.Баттулга
Хариуцагч Тахарын ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

Б.Баттулгын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Даваажамьяан, Д.Намжилсүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 335 дугаар магадлалтай, Б.Баттулгын нэхэмжлэлтэй, Тахарын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар тушаалаар 9 дүгээр тойргийн Тахарын албаны дэд бөгөөд шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх тасгийн даргаар томилогдон ажиллаж байсан билээ.

Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Баттулга, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А.Шоовдор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын дараа хэргийн холбогдогч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгчийн зөвшөөрөлгүй нэр бүхий 11 иргэнтэй уулзуулсан, хуяглан хүргэх харуул, туслах тахар Б.Чин-Очирыг ажлын 5 өдөр ажиллуулсан, туслах тахар Э.Болдсайхан, Ч.Басбаяр нарыг амралтын өдрүүдэд хувийн ажилдаа ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны А/96, 90 дүгээр тушаалаар батлагдсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4 дүгээр бүлгийн 4.15, Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 208 дугаар тушаалаар батлагдсан Тахарын албаны албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 3.1.19, 3.1.20, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан Тахарын ерөнхий газрын даргын тушаалыг гардаж аваад 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан юм.

Төрийн албаны зөвлөл миний гомдлыг хянаад хугацаа тогтоож, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1577 тоот албан бичгээр Тахарын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ц.Азбаярт шилжүүлсэн бөгөөд Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 61/01 албан бичгээр дахин шалгалт хийх үндэслэлтэй гэсэн хариу өгсөн. Үүнээс үзэхэд тушаал гаргах үед байсан нотлох баримт нь үндэслэлгүй, зөрчлийг нотлох чадамжгүй болох нь маргаан шийдвэрлэх комиссын хурлаар тогтоогдож, дахин шалгаж, нэмэлт баримт цуглуулан миний эрх зүйн байдлыг дордуулахаар шийдвэрлэсэн нь илт тодорхой юм.

Тушаалд дурдагдсан 2 зөрчлийн талаар дурдвал, би Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа ирэхэд А.Шоовдор нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал эхэлсэн байсан. Албаны дарга Д.Мөнхзулд ажилдаа орж байгаа тухай илтгэхэд албан хаагч нартаа хяналт тавьж, үүрэг өгч ажиллах үүрэг өгсөн. Шүүх хурлын хамгаалалт, зохицуулалтын төлөвлөгөө, томилгоо урд өдөр нь хийгдэж, албаны дарга баталж, албан хаагч нарт танилцуулагдаж, үүрэг тавигдсан байх журамтай. Энэ журмыг албаны дарга Д.Мөнхзул мөрдөөгүй байв. Хурал дуусаж, шүүгчийн зөвшөөрөлтэй иргэд шүүгдэгч нартай уулзаж, шүүгдэгч нарыг хуяглан Сэлэнгэ аймгийн цагдан хорих байранд хүргүүлсэн.

Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр албан тушаалаа урвуулан ашиглаж, 11 хүнийг шүүгдэгч нартай уулзуулсан асуудал байхгүй. Хэн гэдэг хүн, хэн гэдэг шүүгдэгчтэй уулзсан болохыг тогтоож, шалгаагүй байж албаны дарга Д.Мөнхзулын энэхүү мэдээллийг үнэн гэж тушаалд дурдсан нь хууль тогтоомжид нийцэхгүй, гомдолтой байна. Өөрийн эхнэрийн дэлгүүрийн засварт Хорих 445 ангиас гэрээгээр 2 ялтанг авч ажиллуулан, туслах тахар Б.Чин-Очироор харуулсан нь үнэн бөгөөд чин сэтгэл гаргаж хянагчаар ажиллаж надад тусалсан. Энэ тухай өөрийнх нь бичсэн тодорхойлолтыг гомдолдоо хавсаргасан болно.

Манай дүүгийнх Ерөө дулааны төмөр замд ажиллаж байгаад 179 дүгээр зөрлөгт томилогдож нүүх болоход нь туслах тахар Э.Болдсайхан нь Ч.Басбаярыг гуйж, өвөлжөөний модыг ачилцуулсан, энэ үйлдэлд албан тушаал ашиглаж, туслах тахар нарт дарамт шахалт үзүүлж, албадан ажиллуулсан асуудал байхгүй. Миний бие төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин Төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасныг зөрчөөгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг удирдлага болгож, сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн тушаалд тэмдэглэгдсэн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4 дүгээр бүлгийн 4.15, Тахарын албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 3.1.19, 3.1.20, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.8-д заасныг зөрчиж, сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож, нотлогдоогүй, тушаалд дурдагдсан зөрчил, миний үйлдэл эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоогүй, дурдагдсан зөрчлөөс учирсан гэм хор, хор уршиг бий болоогүй, сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнгүй байхад Тахарын албаны дарга Д.Мөнхзулын нууц гэх нотлогдоогүй мэдээллийг үндэслэн шалгалт хийсэн.

Иймд Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр “Б.Баттулга, Г.Мөнгөнбаяр, Д.Мөнхзул нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, мөн ажилгүй байсан хугацааны цалинг минь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Даваажамьян шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тахарын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Тахарын албаны тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

Нэхэмжлэгч Б.Баттулга нь “А.Шоовдор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын дараа хэргийн холбогдогч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгчийн зөвшөөрөлгүй нэр бүхий 10 иргэнтэй уулзуулсан” бөгөөд 2014 оны 11 дүгээр 17-ны өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд шүүгдэгч А.Шоовдор нарт холбогдох шүүх хуралдаанаас өөр шүүх хуралдаан зарлаагүй байсан ба тухайн шүүхэд нэвтрэгсэдийн бүртгэлд бүртгэсэн иргэдийн нэрс дотор шүүгчийн зөвшөөрөлгүй Б.Пүрэвдорж, А.Оюунчимэг, Д.Саранчимэг, Д.Эрдэнэчимэг, Д.Уранчимэг, Д.Ганзориг, Ц.Ууганжаргал, Б.Долгорсүрэн, Л.Насанбуян, Ж.Дунуу нарын нэрс байсан.

Мөн тухайн үед тусгаарлах тасалгааны тахар Б.Чин-Очир уулзалтын бичиггүй хүмүүсийн нэрсийг шүүгчээс олгосон зөвшөөрлийн бичгийн ард тэмдэглэж байснаа гэрчийн мэдүүлэгт дурдсан ба захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтыг гарган өгсөн. Иргэн Б.Баттулга нь 9 дүгээр тойргийн тахарын албаны дэд бөгөөд шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах тасгийн даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа Хорих 445 дугаар ангиас 2 ялтан авч хувийн хүнсний дэлгүүрийнхээ засварыг хийлгэхдээ өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилтан Б.Чин-Очироор харгалзуулан ажлын цагаар 5 хоногийн хугацаанд ажиллуулсан, мөн 9 дүгээр тойргийн тахарын албаны алба хаагч туслах тахар Э.Болдсайхан, Ч.Басбаяр нараар өвөлжөөний мод зөөлгөсөн болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон болно.

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүдэд Тахарын албаны хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.5-т “Тахарын албаны ажилтны сахилга, ёс зүйн зөрчилд албаны шалгалт явуулна” гэж заасны дагуу албаны шалгалт явуулж зөрчлийн шинж байдлыг хангалттай тогтоон Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Баттулгын гаргасан гомдолд дурдсан үндэслэлд дараах тайлбарыг гаргаж байна.

1. А.Оюунчимэг нь тухайн өдөр иргэний үнэмлэхгүй байсан тул шүүгдэгч Даваадоржтой уулзаагүй гэжээ. Тус 9 дүгээр тойргийн Тахарын албаны шүүхэд нэвтрэгсэдийн бүртгэлд А.Оюунчимэг нь Даваадоржтой уулзахаар шүүхэд 15 цаг 17 минутад нэвтэрч уулзалт хийн 15 цаг 27 минутад шүүхээс гарсан болохыг тэмдэглэсэн байна. Мөн тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан харуул хуяг Б.Чин-Очир шүүгчийн зөвшөөрөлгүй уулзалт хийсэн гэх иргэдийн нэрсийг уулзалтын бичгийн ард гараар бичиж тэмдэглэсэн байдаг. Дээрх тэмдэглэлд А.Оюунчимэгийн нэр бичигдсэн байгаа болно.

2. Д.Ганзориг нь эгч Наранчимэгтэй уулзах хүсэлт гаргасан боловч, зөвхөн 2 хүн оруулна гэсэн тул шүүхийн ажилтнаас хол газраас ирсэн учраа хэлж, гуйж байгаад уулзахыг зөвшөөрүүлсэн гэжээ. А.Шоовдор нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болсон 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүгчийн зөвшөөрлөөр олгогдсон уулзалтын бичгүүдийг тус шүүхээс нотлох баримтаар гаргуулан хэргийн материалд хавсаргасан. Дээрх уулзалтын бичиг дотор Д.Ганзоригт олгосон шүүгчийн зөвшөөрөл байхгүй бөгөөд тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан харуул хуяг, туслах тахар Б.Чин-Очирын шүүгчийн зөвшөөрөлгүй уулзалт хийсэн иргэдийн нэрсийг уулзалтын бичгийн ард гараар бичсэн тэмдэглэлд Д.Ганзоригийн нэр бичигдсэн байсан.

3. Б.Пүрэвдорж нь шүүгдэгч Даваадоржтой огт уулзалт хийгээгүй, түүнийг оруулаагүй гэжээ. Шүүхэд нэвтрэгсэдийн бүртгэлийн 21-д Б.Пүрэвдорж нь шүүхэд 15 цаг 17 минутад нэвтэрч, 15 цаг 27 минутад шүүхээс гарсан ба Даваадоржтой уулзалт хийсэн болохыг тэмдэглэсэн байна.

4. Д.Эрдэнэчимэг нь шүүгдэгч Д.Наранчимэгтэй шүүгчийн зөвшөөрөл авч уулзсан гэжээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжпэгч Б.Баттулгын гаргасан гомдлын дагуу Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхээс тухайн өдөр шүүгчийн зөвшөөрлөөр олгосон уулзалтын бичгүүдийг нотлох баримтаар гаргуулан авсан бөгөөд Д.Эрдэнэчимэгт олгосон шүүгчийн зөвшөөрөлтэй уулзалтын бичиг байхгүй байсан.

5. Д.Саранчимэг, Ж.Дунуу, Б.Долгорсүрэн, Л.Насанбуян, Д.Уранчимэг нар нь шүүхийн нарийн бичгийн даргаас зөвшөөрөл авч албан ёсоор уулзсан гэжээ. Дээрх нэр бүхий иргэдэд олгосон шүүгчийн зөвшөөрөлтэй уулзалтын бичиг байхгүй ба тухайн өдөр шүүгчийн зөвшөөрөлгүй уулзалт хийсэн иргэдийн нэрс дотор бичигдсэн.

Тухайн өдөр нэхэмжлэгч Б.Баттулга нь 9 дүгээр тойргийн Тахарын албаны дэд бөгөөд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, тойргийн шадар тахарын албан үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны А/96, 90 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүргийг биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдээс харагдаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс Тахарын ерөнхий газрын дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр тушаалыг гаргасан нь хуульд нийцсэн гэсэн дүгнэлтийг гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 499 дүгээр тушаалд холбогдуулан нэхэмжлэгч Б.Баттулгын гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй байх үндэслэлтэй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр тушаалын Б.Баттулгад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Баттулгыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Баттулгын ажлаас халагдсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих ёсоор тооцож олгохыг Тахарын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 335 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Баттулгын “Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 499 дүгээр тушаалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Баттулга, түүний өмгөөлөгч С.Нэргүй нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шударга шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх хэт нэг талыг хамгаалж шийдвэрлэлээ гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн эхэнд “...хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэж дүгнэсэн байдаг боловч давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судлаагүй, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Магадлалын 6 дугаар талд “тодруулбал, 10-11 иргэдийг шүүгчийн зөвшөөрөлгүй шүүгдэгч нартай уулзуулсан нэхэмжлэгчийн үйлдэл нь” гэж заасныг зөрчсөн гэдэгтээ ямар нотлох баримтыг үндэслэл болгож буйгаа заагаагүй. Хавтаст хэрэгт туслах тахар Б.Чин-Очирын гараараа бичсэн арваад хүний нэрсийн жагсаалт байдаг бөгөөд түүнийгээ Баттулгын хууль бусаар уулзуулсан хүмүүс гэж тайлбарладаг. Үүнийг нь хариуцагч тал хөдөлшгүй баримт мэтээр тайлбарладаг бөгөөд давж заалдах шатны шүүх уг тайлбарыг нь гол үндэслэлээ болгон шийдвэрлэсэн нь хэт нэг талыг хамгаалж шийдсэн гэж үзэж байна.

Мөн магадлалын 6 дугаар талд “...харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулахаар гаргаж өгсөн Б.Долгорсүрэн, Д.Уранчимэг, Д.Ганзориг, Ж.Дунуу, Л.Насанбуян, Ц.Ууганжаргал гэх нэр бүхий иргэдийн тодорхойлолт, бичиг болон эдгээр иргэдийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр Б.Баттулгын гаргасан зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь уг нотлох баримтуудыг тухайн хэрэгт холбогдолтой талаас нь судалж үзээгүй, хэрэгт байгаа туслах тахар Б.Чин-Очирын гараараа бичсэн арваад хүний нэрсийн жагсаалтанд дээрх иргэдийн нэрс давхцаж байгааг харьцуулан судлаагүй, мөн хариуцагч талаас гаргасан давж заалдах тухай гомдолд шүүхийн шийдвэрт дурдсан нэр бүхий иргэдийн гэрчийн мэдүүлэгт дурдсанаар “шүүгдэгчтэй түүний гэр бүл төрөл садны хүмүүс уулзах зөвшөөрлийг шүүгчийн туслахаас авч өмгөөлөгчөөрөө дамжуулах болон өөрсдөө орж уулзсан” гэх боловч үүнийг нотлох шүүгчийн зөвшөөрлөөр олгогдсон уулзалтын бичиг хэргийн материалд байхгүй гэжээ.

Шүүгчийн зөвшөөрлөөр олгогдсон уулзалтын бичиг хэргийн материалд байхгүй гэдэг нь тухайн иргэдийн шүүхээс авсан зөвшөөрлийн баримтуудыг туслах тахар Б.Чин-Очир нь өөрөө үрэгдүүлсэн эсэх, зөвшөөрлийн баримтуудыг авч үлдээгүй эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч дэд дарга Баттулгыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Туслах тахар Э.Болдсайхан, Ч.Басбаяр нарыг амралтын өдрүүдэд хувийн ажлаа хийлгэсэн зөрчлийн тухайд дурдвал, магадлалын 6 дугаар талд “...түүнчлэн тахарын албаны албан хаагч Э.Болдсайхан, Ч.Басбаяр, П.Бат-Эрдэнэ нарыг амралтын өдрөөр хувийн ажлаа хийлгэсэн, жолооны эрхээ хасуулсан этгээдээр автомашин жолоодуулсан зэрэг зөрчил гаргасан байна” гэж дүгнэсэн байгаа.

Ингэж дүгнэсэн нь хэрэгт байгаа нотлох баримтуудыг хэтэрхий хайнга судалж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байдал нь харагдаж байна. Энэ нь нэхэмжлэгч Баттулга нь Э.Болдсайхан, Ч.Басбаяр, П.Бат-Эрдэнэ нараас хувийн журмаар туслаад өгөөч гэж гуйсан тэд зөвшөөрөөд хамт явж өвөлжөөний мод зөөж өгсөн, энэ тухай Э.Болдсайхан, Ч.Басбаяр, П.Бат-Эрдэнэ нар нь Тахарын албан шалгалтын комисст хэлж мэдүүлсэн, бичиг үйлдэж өгсөн нь хэрэгт байгааг давж заалдах шатны шүүх уншиж танилцаагүй байна. Мөн жолооны эрхээ хасуулсан этгээдээр автомашин жолоодуулж хувийн ажлаа хийсэн гэдэг нь Тахарын албанд ямар хамааралтай болоод зөрчилд тооцоод байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрийн хүнсний дэлгүүртээ ажилласан 2 ялтныг туслах тахар Б.Чин-Очироор харгалзуулан ажлын 5 өдөр ажилуулсан гэж дүгнэсэн зөрчлийн талаар дурдвал, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхэд Тахарын албаны албан хаагчид ажил амралтын өрөө байхгүй жижүүрийн ойролцоо бөөгнөрөөд байгаа нь Батттулгад таагүй санагдаад Шүүхийн тамгын даргад өрөө гаргаж өгөх боломжтой эсэхийг ярилцахад “цайны өрөөг” өөрсдийн хөрөнгөөрөө тохижуулаад авч болно гэдэг зөвшөөрлийг аваад Тахарын албаны дарга Мөнхзулд танилцуулсан бөгөөд Мөнхзул дарга нь Дарханы хорих ангийн удирдлагатай ярилцаад 2 ялтан авахаар тохиролцож цахилгаанчин, барилгын засалчин 2 ялтанг авч харгалзагчаар Б.Чин-Очирыг томилж ажлуулсан.

Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхэд Тахарын албаны албан хаагчдын ажил амралтын өрөөг нэхэмжлэгч Баттулга өөрийн зардлаар иж бүрэн засаж тохижуулсан. Энэ хугацаанд нь 2 өдөрт нь өөрийн дэлгүүрийн цахилгаан монтажыг солиулах ажлыг хийлгэхдээ даргадаа хэлээд хийлгэсэн гэдгээ хаана ч нууж хаалгүй хэлж байсан. Мөн 2 ялтан ажилуулсан нийт ажлын хөлсийг Баттулга өөрөөсөө бүгдийг нь төлсөн. Одоо Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхэд Тахарын албаны албан хаагчдын ажил амралтын өрөөтэй тохилог сайхан ажлын байртай ажиллаж байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь энэ талаар гаргасан хэрэгт байгаа нотлох баримтын талаар юу ч дурдаагүй, бүхэлд нь үгүйсгэж шийдвэрлэсэн байдал болон Тахарын ерөнхий газар нь санаачилгатай ажилласан нөхцөл байдлыг нь урамшуулахгүй юмаа гэхэд дарж шийтгэх гээд байдаг нь “урмыг нь хугалахаас ууцыг нь хугла” гэдэг л болоод байна.

Дархан-Уул аймгийн Тахарын албаны дарга Д.Мөнхзулын мэдээллийн дагуу Тахарын ерөнхий газраас шалгалтын комисс ирж шалгасан бөгөөд Д.Мөнхзулын мэдээллийг нууцлаад байдаг, хавтаст хэрэгт ч байхгүй байна. Бид урьд нь цагдаагийн байгууллагад хамт ажиллаж байх үеэс таарамж муу байсан тул Тахарын албаны дарга Д.Мөнхзул нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан санаатайгаар зохион байгуулалттайгаар гүтгэж байна гэж би үзэж байна. Шүүгдэгч Шоовдор нарын давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товлосон өдрийн Тахарын ажилтнуудын ажил үүргийн заавар төлөвлөгөөг Мөнхзул дарга өөрөө гаргасан бөгөөд заавар төлөвлөгөө гаргасан удирдах ажилтан ажлын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байдгийг хариуцагч тал сайн мэдэж байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байхад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т заасан үндэслэлтэй нийцэхгүй болжээ.

Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Б.Баттулга, Г.Мөнгөнбаяр, Д.Мөнхзул нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 499 дүгээр тушаалын 1 дүгээр заалтаар Есдүгээр тойргийн тахарын албаны дэд дарга бөгөөд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, тойргийн шадар тахар Б.Баттулгыг “2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А.Шоовдор нарт холбогдох хэргийн давж заалдах шүүх хуралдааны дараа хэргийн холбогдогч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгчийн зөвшөөрөлгүй нэр бүхий 11 иргэнтэй уулзуулсан, хуяглан хүргэх харуул, туслах тахар Б.Чин-Очирыг ажлын 5 өдөр, журам сахиулах хуяг, туслах тахар Э.Болдсайхан, Ч.Басбаяр нарыг амралтын өдрүүдэд хувийн ажилдаа ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4 дүгээр бүлгийн 4.15, Тахарын албаны алба хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 3.1.19, 3.1.20, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.8 дахь заалтуудыг зөрчсөн” гэж төрийн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Б.Баттулга нь “...хэн гэдэг хүн хэн гэдэг шүүгдэгчтэй уулзсан болохыг тогтоож шалгаагүй байж албаны дарга Д.Мөнхзулын мэдээллийг үнэн зөв гэж үзсэн, хувийн ажилдаа Б.Чин-Очироор туслалцуулсан, Э.Болдсайхан, Ч.Басбаяр нарыг гуйж ажиллуулахдаа албан тушаалаа ашиглаж, тэдэнд дарам шахалт үзүүлж, албадсан асуудал байхгүй” гэж, хариуцагч “...уулзалтын бичиггүй хүмүүсийг шүүгчдэгч нартай уулзуулсан нь баримтаар тогтоогдсон, өвөлжөөний мод зөөлгөхдөө эрхээ хасуулсан жолоочоор зөөлгүүлсэн, хувийн ажилд өөрийн шууд удирдлагад ажилладаг ажилтнаа ажлын 5 өдөр ажиллуулж сахилга, ёс зүйн зөрчил гаргасан” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн А.Шоовдор нарын 5 шүүгдэгчтэй уулзах уулзалтын 10 бичгийг тэдний гэр бүлийн гишүүд болох 15 хүний нэр дээр тус шүүхээс олгосон, уулзалтын 289, 293, 294, 296 дугаартай бичгүүд нь шүүгдэгч Д.Наранчимэгтэй холбоотой, иргэн С.Төмөрбаатар, Э.Дэлгэрбаяр нарт тус бүрт нь 2 уулзалтын бичгээр 2 удаа Д.Наранчимэгтэй уулзах зөвшөөрөл олгогдсон, уулзах зөвшөөрөлгүй гэж үзсэн Э.Дэлгэрбаяр, Б.Долгорсүрэн нар нь уулзалтын 293, 296 дугаартай бичигтэй байсан, шүүгдэгч Д.Одонтуяатай уулзах зөвшөөрлийг 295, 297 дугаартай 2 уулзалтын бичгээр өгсөн, шүүгдэгч Б.Даваадоржтой уулзсан гэх Б.Пүрэвдорж, А.Оюунчиэмэг, шүүгдэгч Д.Наранчиэмэгтэй уулзсан гэх нэр бүхий 6 хүн уулзалтын бичиггүй зэрэг нь тус тус тогтоогджээ.

Түүнчлэн хувийн ажилдаа ажиллуулсан 2 ялтанг харгалзуулахаар өөрийн шууд удирдлагад ажилладаг туслах тахар Б.Чин-Очирыг гуйж ажлын 5 өдөр ажиллуулсан, мөн туслах тахар Э.Болдсайхан, Ч.Басбаяр нарыг амралттай байх үед нь гуйж тэднээр өвөлжөөгөө буулгуулсан зэрэг нь тогтоогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж зааснаас үзвэл зөрчил гаргасан нь тогтоогдсон байх, хүлээлгэх хариуцлага нь зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохирсон байхыг шаарджээ.

Нэхэмжлэгч Б.Баттулга нь өөрийн шууд удирдлагад ажилладаг алба хаагчийг гуйж ажлын өдрүүдэд хувийн ажилд ажиллуулсан буруутай үйлдэл тогтоогдож байгаа боловч албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан, ажилтныг дарамталж эрхшээлдээ байлгасан, хууль бусаар үүрэг даалгавар өгсөн гэх ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна.

Үүний зэрэгцээ уулзалтын бичиггүй хүмүүсийг дур мэдэн шүүгдэгч нартай уулзуулсан гэх үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй, Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны А/96,90 дүгээр тушаалаар баталсан “шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг мөрдөж ажиллах, уулзалтанд гарч буй зөрчлийг таслах зогсоох талаар өгсөн албаны даргын үүргийг эсэргүүцсэн, биелүүлээгүй гэх үндэслэл мөн тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 40.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх зөрчил тус бүрт хамааралтай нотлох баримт бүрдсэн байхад дүгнэлт хийлгүй, зөрчил тогтоогдсон гэж ерөнхий байдлаар дүгнэн, зөрчлийн шинж байдалд нийцээгүй хариуцлагыг хэвээр үлдээсэн нь буруу байна.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 335 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ          

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ