Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-20
Дугаар 209
Хэргийн индекс 128/2015/0948/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Цахим хөтөлбөр" ХХК
Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Цахим хөтөлбөр” ХХК-ний нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Бум-Очир нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 219 дүгээр магадлалтай, “Цахим хөтөлбөр” ХХК-ний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч Баянзүрх дүүргийн Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Цахим хөтөлбөр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани 2013 онд рестораны зөвшөөрлөө сунгуулахаар Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэст очиход рестораны гадуур хашаа барьсны дараа сунгана гэсэн. Үүний дагуу хашаагаа бариад дахин очтол энэ жилийн зөвшөөрөл сунгах хугацаа дууссан тул 2014 оны 4 дүгээр сард хүрээд ир, зөвшөөрлийг чинь ямар ч асуудалгүй сунгаад өгнө, тэр хүртэл үйл ажиллагаагаа явуулж бай гэсэн. Энэ хугацаанд хууль тогтоомжид заасан ямар ч зөрчил гаргалгүй рестораны үйл ажиллагааг явуулж байсан болно.

Ингээд 2014 оны 4 дүгээр сард зөвшөөрлөө сунгуулахаар очтол танайх зөвшөөрлөө хугацаанд нь сунгуулаагүй тул газар дээр нь үзэж, танилцаж байж зөвшөөрөл олгоно гэсэн. Дээрх болсон явдлыг тайлбарлан хэлж, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажилтнууд 2013 онд манай ресторантай танилцаад өгсөн бичгийг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн Б.Халиунаа даргад өгсөн. Үүнээс хойш намайг тус хэлтэст очиж, зөвшөөрлөө сунгуулах талаар уулзах бүрд очиж үзэн, танилцаж байж зөвшөөрөл олгоно гзэд буцаадаг бөгөөд хэд хэдэн удаа ирж танилцсан боловч, ирэх бүрдээ өөр өөр шаардлага тавьж байсан. Тухайлбал тогооч бармен гадаад хэлтэй байх, амралтын цагаараа хэвтэж амардаг ортой байх, ажилчдын хувцасны өлгүүртэй байх, хаягаа товгор үсэгтэй болгох, гутлын цахилгаан тоос арчигчтай байх гэх мэт.

Манай компани дээрх шаардлагуудыг болон бусад рестораны үйл ажиллагаа явуулахад тавигддаг шаардлагыг бүрэн хангасан бөгөөд Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ хоолны газрын ангилал зэрэглэлийн МNS 4946:2005 стандартын шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Мөн Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа болон мэргэжилтэн Ч.Октябрь нартай очиж уулзахад амаараа янз бүрийн зүйл шаарддаг. Хэд хоногийн дараа манайхаас юу шаардсаныг тодруулахаар эргүүлээд асуухад түүнийгээ санадаггүй, мэддэггүй. Хугацаатай албан шаардлага, албан бичиг зэргээр манайхтай огт харилцдаггүй байсан.

Б.Халиунаа даргад хэлж, асуудлыг шуурхай шийдэж өгөхийг хүстэл асуудал бүр эсрэгээрээ эргэж, манайхыг зүгээр цайны газраар ажилла, спиртийн сул найрлагатай ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл өгөхгүй гэж дарамтлах болсон.

2014 оны эцэс болж, Худалдаа үйлчилгээний хэлтсээс тавих шаардлага улам хатуурч, ресторандаа их засвар хий гэх болсон. Зөвхөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх эсэхээс хамааран манай компани дампуурахад тулж, их хэмжээгээр хохирч байгаагаа хэлээд хуулийн байгууллагад хандахаа хэлэхэд манай рестораны архиар үйлчлэх зөвшөөрлийг хасаж, зөвхөн пиво, вино зарах эрхтэй кафегаар ажилла гэсэн.

Манай компанийг анх хүсэлтээ гаргаж байх үед хууль, журамд заасан хугацаанд нь цайны газраас бусад хэлбэрээр буюу баар, кафе, рестораны аль ч хэлбэрээр зөвшөөрөл өгсөн бол манайх хүлээн зөвшөөрөх байсан боловч ингээд жил гаруй хугацааны дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээний эхлэх дуусах оны цифрийг штрихээр дарсан Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хачин гэрээг өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс утсаар ярьж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг манайд мэдэгдсэн. Тус компани нь 2011 онд 41 сая, 2012 онд 63,3 сая, 2013 онд 65,7 сая, 2014 оны 1 дүгээр улиралд 9,5 сая, 2014 оны 2 дугаар улиралд 0, 2014 оны 3 дугаар улиралд 0, 2014 оны 4 дүгээр улиралд 5,1 сая, 2015 оны 1 дүгээр улиралд 0 төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн батлагдсан Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам-ын 4.3-т зааснаар Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, тухайн үйлчилгээний стандартын шаардлагыг хангасан талаар эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд дүгнэлт гаргуулж, дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлтэй үйл ажиллагааны гэрээ байгуулан, худалдаа, үйлчилгээний мэдээллийн санд бүртгүүлсний дараа худалдаа, үйлчилгээ эрхэлж, холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулна, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Дараах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд "Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно, 16.2.5-д согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх гэж тус тус заажээ.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг рестораны согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгуулахаар гаргасан өргөдлийг хууль, журамд заасан хугацаанд шалгаж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэн, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохыг болон дээрх тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулахыг Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгодог.

Тус компанийн Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийн дагуу Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын 2.2 дахь заалтад Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс хүсэлт хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор энэхүү журмын дагуу ажлын хэсгээр шалгуулж, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн материалыг бүрдүүлж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Худалдаа, үйлчилгээний хэлтсийн нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн Ч.Октябрь, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах ахлагч П.Ганбаяр нар Бумба зоогийн газарт Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл МNS 4946:2005 стандартын шаардлагыг хангасан эсэхэд шалгалт хийсэн. Уг шалгалтаар стандартын доорх заалтуудыг зөрчсөн байсан тул үүрэг даалгаврыг өгсөн.

Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл МNS 4946:2005 стандартын дагуу нийт 93 үзүүлэлтээр 93 оноо авахаас 51 үзүүлэлтийг хангаж 51 оноо буюу 54,8%-тай хангалтгүй оноогоор дүгнэгдэж Нэгдүгээр зэрэглэлийн рестораны шаардлагыг хангаагүй бөгөөд авсан үнэлгээгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулсан.

Аттестатчиллын шалгалтаар стандартад заагдсан шаардлагуудын дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дахин ажлын байраа үзүүлээгүй, мөн стандартын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй.

Нэхэмжлэгчээс, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ хоолны газрын ангилал зэрэглэл МNS 4946:2005 стандартыг хангасан гэсний дагуу Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа, Нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн Ч.Октябрь нар дахин ажлын байрыг үзэхэд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг зөрчсөн байсан.

Тус компанийн санхүүгийн нөхцөл байдал хүнд байгааг харгалзан үзэж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах саналыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд уламжилж өгөх хүсэлт тавьсны дагуу дэмжлэг үзүүлэн Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох саналыг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6/153 албан бичгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд уламжилсны дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/06 дугаар тушаалаар 04/0069 дугаартай спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл гарсан боловч хугацаандаа авалгүй 3 сарын хугацаа өнгөрсөн.

Иймд нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл, согтууруулах ундаа худалдах, түүгээр үилчлэх тусгай зөвшөөрлийг Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга сунгаагүй гэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс Аттестатчиллын дүн мэдээ хүргүүлэх тухай 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6/153 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрладаг “Цахим хөтөлбөр” ХХК-д Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг кафены төрлөөр шинээр олгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлсэн.

Дүүргийн саналыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/06 дугаар тушаалаар “Цахим хөтөлбөр” ХХК-д шинээр кафе ажиллуулах тусгай зөвшөөрлийг олгосон. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн батлах тухай 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/190 дүгээр тушаалын дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэт цаасыг ашиглан зарцуулж ирсэн.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн олголт, үнэт цаасны ашиглалтад хяналт тавих дотоод журмын 4 дүгээр хэсгийн 4.3-т заасан Бичигдсэн тусгай зөвшөөрлийг хариуцсан мэргэжилтнүүд Хотын ерөнхий менежерийн тушаал гарсан өдрөөс эхлэн 1 сарын дотор аж ахуйн нэгжүүдэд тарааж дуусган улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор нягтлан бодогчтой тооцоо хийж тайлагнана гэж заасны дагуу нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлөө авахыг удаа дараа мэдэгдэж байсан боловч “Цахим хөтөлбөр” ХХК-ийн захирал С.Бум-Очир тусгай зөвшөөрлийг авахгүй гэж мэдэгдсэн тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам-ын 3 дугаар хэсгийн 3.6-д заасны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/76 дугаар тушаалаар Цахим хөтөлбөр ХХК-д олгосон 04/0069 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудалд тус албаны буруутай үйл ажиллагаа байхгүй тул хариуцагчаас чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгзэр сарын 22-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Цахим хөтөлбөр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг рестораны согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай  зөвшөөрлийг  сунгуулахаар  гаргасан  өргөдлийг  хууль,   журамд  заасан хугацаанд шалгаж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэн, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй болон үйл ажиллагаа явуулах үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохыг болон дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулахыг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 219 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар нэхэмжлэгч “Цахим хөтөлбөр” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн “... спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай “Цахим хөтөлбөр” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч хууль, журамд заасан хугацаанд шалгаж Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт  танилцуулахыг  даалгаж,   нэхэмжлэлийн  үлдэх  хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Цахим хөтөлбөр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдох захиргааны хэргийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 219 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дүгээр шийдвэрт "... спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх" тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай "Цахим хөтөлбөр" ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, хууль, журамд заасан хугацаанд шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчлөхдөө дараах алдааг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлд бичигдсэнээр "... сунгуулахаар гаргасан өргөдлийг хууль журамд заасан хугацаанд шалгаагүй, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэн Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох" гэж байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн өргөдлийг хүлээж аваагүй, зохих байгууллагад танилцуулаагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн мөн нэхэмжлэгч өргөдөл гаргаагүй байхад хариуцагч байгууллагыг өргөдлийг хүлээж аваагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Магадлалын хянавал хэсэгт /магадлалын 9 дэх тал/ "Хариуцагчийн баримталсан гэх НИТХ-ын 2007 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан журам"-д сунгуулах асуудлыг зохицуулаагүй байна, хүсэлтийг 2013, 2014 онд хүсэлтийг огт бүртгэдэггүй гэсэн байх тул нэхэмжлэгчийг хүсэлтээ гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй гэж дурдсан. 2013 оны 06 дугаар сарын 20-нд гэрчилгээний үнэ төрийн сангийн дансанд тушаасан зэргээр удаа дараа хандаж байсан гэсэн тайлбарыг үгүйсгэх аргагүй байна гэсэн. Тус төлбөр нь дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн үнэ болохоос спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар төлсөн төлбөр биш юм. Шүүх сунгуулах өргөдөл гаргахад ямар нэг төлбөр төлдөггүй болохыг анхаараагүй.

Харин давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхээс хэрэгт холбогдолгүй, хамааралгүй зүйлд дүгнэлт хийсэн байдаг.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 219 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Цахим хөтөлбөр” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Алтан тэвш” амины орон сууцны хорооллын 11-55 тоот хаягт байршилтай өөрийн байранд рестораны үйл ажиллагаа эрхэлдэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009 оны 11-29-208-1875 дугаар дүгнэлтээр уг компанийн рестораны зориулалтаар ашиглаж буй 312 м.кв талбайтай байрыг  “үйлчилгээний зориулалтаар ашиглах бүрэн боломжтой” гэж, 2011 оны 11-29-129/267 дугаар дүгнэлтээр ажил үйлчилгээ нь “...“Хоолны газрын ангилал зэрэглэл, үндсэн шаардлага” MNS-5021:2005 улсын стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан” гэж тус тус дүгнэсэн, үүний үндсэн дээр тус компанийн “Бумба” ресторанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “спиртын өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх” 04/0002 дугаартай тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгожээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-д тусгай зөвшөөрлийг сунгуулахад баримтлах журмыг нарийвчлан заагаагүй боловч, тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийг сунгуулах тухай хүсэлтээ тухайн дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэст гаргасны дагуу ажлын хэсэг томилогдон, “шаардлага хангасан эсэх”-ийг шалгаж, дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс санал дүгнэлтээ нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлж, улмаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерт танилцуулагдан шийдвэрлэгддэг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгч, хариуцагч нар уг үйл баримттай маргаагүй байна.

“Цахим хөтөлбөр” ХХК-ийн захирал С.Бум-Очироос тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар 2013 оны “хавар” Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэст хандсан болох нь тус хэлтсийн Нийтийн хоол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан М.Сувдаагийн шүүхэд гаргасан “... тухайн үед 2013 оны 4 дүгээр сард аттестатчлал явагдаж байсан... тэр хүн /С.Бум-Очир/-д хог тээврийн гэрээ хийгээд ир гэж хэлээд явуулж байсан” гэх тайлбараар тогтоогджээ.

Нэхэмжлэгчээс “...2013 оны 07, 2014 оны 04 дүгээр сард хүсэлтээ бичгээр өгч байсан” гэж, хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хүсэлтээ бичгээр гаргасан талаар баримт байхгүй” гэж маргах боловч, шүүхээс хийсэн үзлэгийн явцад хариуцагчийн гаргасан тайлбараар 2013, 2014 онд тус хэлтэст гаргасан хүсэлтийг “...бичиг хэргээр дамжуулдаггүй, шууд хариуцсан мэргэжилтэнд өгдөг байсан, 2015 оны 01 дүгээр сараас бүртгэлийн дэвтэр хөтөлдөг болсон” байх тул нэхэмжлэгч тухайн үед “хүсэлтээ бичгээр гаргаагүй” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд, давж заалдах шатны шүүхээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсээс “...хүсэлтийг зохих журмын дагуу хуульд заасан хугацаанд /нэхэмжлэгчийн “Бумба” рестораны үйл ажиллагааг/ шалгаж, тусгай зөвшөөрлийг сунгах эсэх талаарх саналыг гаргаагүй” гэх үндэслэлтэй дүгнэлт хийн, “Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн “... спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай “Цахим хөтөлбөр” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч хууль, журамд заасан хугацаанд шалгаж Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт  танилцуулахыг  даалгаж” шийдвэрлэсэн нь зөв байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, “Цахим хөтөлбөр” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байх боловч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хууль, журамд заасны дагуу шийдвэрлээгүй захиргааны байгууллагын буруутай эс үйлдэхүй тогтоогдож байх тул хүсэлтийг дахин хүлээн авч, зохих журмын дагуу шалгаж, эрх бүхий этгээдэд танилцуулснаар захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан “...үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй эс үйлдэхүйг тогтоолгох”, “үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохыг даалгах” зэрэг нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын эрх хэмжээнд хамааралгүй, нэхэмжлэгчийн “...стандарт шаардлагыг хангасан эсэх”-ээс тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь захиргааны байгууллагад хадгалагдаж байгаа тул “...зөвшөөрөл олгохыг болон зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтүүд зөв байна. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... өргөдөл гаргаагүй байхад... өргөдлийг хүлээж аваагүй гэж үзлээ” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 219 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА