Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-22
Дугаар 218
Хэргийн индекс 128/2016/0024/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агьбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 280 дугаар магадлалтай, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газраас “Улаанбаатар цахилгаан дулааны түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2007 оноос 2011 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2012 оны 210183 тоот актаар 43,241,411.4 мянган төгрөгийн зөрчилд 930,638.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 456,506.0 мянган төгрөгийн торгууль, 217,262.6 мянган төгрөгийн алданги, 488,115.5 мянган төгрөгийн хүү, нийт 2,092,522.5 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

Улсын Их Хурлын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус баталсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө гэжээ.

Дээрх хуулийн заалтын дагуу Улаанбаатар цахилгаан дулааны түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь 570.229.500 төгрөгийн татварт хамааралтай нуусан орлогыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлангаас тайлагнаж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр татварын албанд мэдүүлээд байна.

Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэжээ. Тус хуулийн 8 дугаар зүйлд Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.

Үүнээс харахад бусдад учруулсан хохирлыг нөхөн төлбөр үүрэг нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан этгээдэд хамааралтай бөгөөд 4.3-т заасан этгээд буюу захиргааны хариуцлага хүлээсэн этгээд хамааралгүй байгаа тул ус актаар тогтоогдсон нөхөн татвар чөлөөлөгдөхөөр байна. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны 210183 дугаартай акт нь Татварын ерөнхий хуулийн /1992 он/ 13 дугаар зүйл, 74 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу татварын зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги, хүү тооцон хариуцлага ногдуулсан ба эдгээр зөрчилд нь Татварын улсын байцаагчийн акт үйлдэж, тэр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заалтыг хангаж байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь 100 хувийн төрийн өмчийн компани ба санхүүгийн хувьд алдагдалтай ажилладаг, компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх мөнгөн урсгалыг жил бүр Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг. Тухай жилийн үйл ажиллагаанд хамааралгүй их хэмжээний мөнгөн урсгал нь Монгол Улсын эрчим хүчний системийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул дээрх хэмжээний татварыг төлбөрийг төлөх нь хүндрэлтэй байна. Иймд Татварын улсын байцаагчийн 210183 дугаар акт, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 237 дугаар магадлалаар 570,229,550 төгрөгийн нөхөн татвар, холбогдох 319,594,020 төгрөгийн торгууль, 137,315,900 төгрөгийн алданги, 217,218,700 төгрөгийн хүү, нийт 1,244,358,120 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу төлбөрийг чөлөөлж, өршөөлд хамруулж өгнө үү гэв.

Хариуцагч Гааль, татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого хяналтын газрын хууль, эрх зүйн хэлтсийн татварын улсын байцаагч С.Батбилэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3562 тоот чиглэл өгөх тухай албан тоотоор “..2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон Татварын маргаан таслах зөвлөл болон шүүхийн шийдвэр гараагүй татварын албадад бүртгэлтэй татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хяналт шалгалтын өрөөс нөхөн татвараа төлсөн болон татвар төлөгчийн хүсэлтийг харгалзан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар тухайн татварын албаны даргын тушаалаар актаар ногдуулсан хариуцлагыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэнэ” гэжээ.

Маргаан таслах зөвлөлөөс татвартай холбоотойгоор шүүхээр маргаж байгаа иргэн, хуулийн этгээдүүдийн асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж, харин маргаан таслах зөвлөлд хандаагүй иргэн, хуулийн этгээдийг хүү, торгуулийг хүчингүй болгохоор чиглэл өгсөн. Өнөөдрийг байдлаар дээрх өгсөн чиглэлээсээ татгалзаж байгаа. Одоогийн байдлаар тушаал, шийдвэр нь гараагүй байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу өршөөлд хамрагдаж байгаа асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр чиглэл өгсөн. Өршөөлийн тухай хуульд хүү, торгууль, алданги яригдах байх. Харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өршөөх тухай асуудал яригдахгүй байх. Үүнтэй холбоотойгоор шүүхэд анх удаа маргаж байна.

Татварын байгууллагаас аж ахуй нэгжээс ирүүлсэн тайланг хүлээн авч баталгаажуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор материал шаардах, хяналт шалгалт явуулахыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар хориглосон. Тус баримтуудыг нууцын ажилтан авч, архивлаж байгаа гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр: 1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аар төлүүлэхээр тогтоосон 319,594,020 төгрөгийн торгууль, 137,315,900 төгрөгийн алданги, 217,218,700 төгрөгийн хүү нийт 674,128,620 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж,

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аар төлүүлэхээр тогтоосон 570,229,500 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх болон Анхны ардчидсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 280 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтад "Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1,4 дүгээр зүйлийн 4.1" заалтыг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 280 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

1. Анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хүү, торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлсэн боловч 570,229,500 төгрөгийн нөхөн татварыг үлдээж шийдвэрлэсэн.

Үндэслэл нь "...нөхөн татвар нь хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй... " гэжээ. Мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөх нь татвар төлөгчийн үүрэг болохоос "захиргааны шийтгэл" биш гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл нөхөн татвар нь төрд заавал төлөх ёстой төлбөр, үүнийг төлөхгүй байх нь төрд хохирол учрах тул эрх зүйн утгаараа хохирол юм. Тэгвэл Өршөөлийн хуулийн 8 дугаар зүйлд Хохирол нөхөн төлөх тухай заалт байгаа ч энэ заалт нь Захиргааны хариуцлага хүлээсэн этгээдэд хамааралгүй заалт юм. Хуулийн 8 дугаар зүйлд заасан хохирол нөхөн төлөх асуудал нь хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх болон гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй ... байхаар зохицуулагдсан. Харин хуулийн 4.3-д заасан захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдэд хохирол нөхөн төлөх заалт хамаарахгүй байгаа.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг үндэслэж хуулийн зорилт нь нуун дарагдуулсан орлогыг сайн дураараа ил тод болгоход чиглэсэн байна. "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн хувьд    сайн дурын үндсэн дээр хийгдсэн шинж байхгүй, татварын улсын байцаагч 2012 онд зөрчлийг илрүүлж акт тогтоосон тул хуульд хамаарахгүй гэжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд "нуун дарагдуулсан" гэдэг үг, агуулга байгаа. Шүүх нуун дарагдуулсан гэдэг нь татвар болон татвар ногдох орлогыг санаатай нуусан үйлдлийг хамруулж байгаа нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж байна.

Тэгвэл татварын мэдлэг чадваргүй, нягтлан бодох бүртгэл, тооцоогоо алдаатай хөтөлсөн гэх мэт хүчин зүйлээс шалтгаалж болгоомжгүйгээр татвар болон татвар ногдох орлогоо мэдүүлээгүй, дутуу мэдүүлсэн буюу "нуусан" үйлдэл, эс үйлдлийг яах вэ? аливаа эрх зүйн хариуцлага нь санаатай үйлдэл, эс үйлдэлд хүнд, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэлд хөнгөн хариуцлага хүлээлгэх зарчимтай.

Өөрийн "нуусан" энэ алдаагаа тухайн хуулийн этгээд мэдэхгүй, мэдэх боломжгүй байж байгаад төрийн мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар илэрч болно. Энэ тохиолдолд болгоомжгүй "нуун дарагдуулсан" гэдгээ хүлээн зевшөөрч сайн дураараа тайлагнах эрх нь нээлттэй гэж үзэж байгаа ба хуулиар ч ямар нэг хориглосон болохгүй гэсэн заалт байхгүй.

Ялангуяа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани 100 хувь төрийн өмчит компани бөгөөд санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийх, татвар ногдох орлогыг нуух субьектив санаа зорилго байхгүй юм.

Хуулийн дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит компани нь 570,229,500 төгрөгийн татварт хамааралтай нуусан орлогыг Эдийн засгийн ил тод байдлын тайлангаар сайн дураараа тайлагнаж 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр татварын албанд мэдүүлсэн ба тайланг татварын байгууллага баталгаажуулан бар код олгосон.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль батлагдсантай холбоотой татварын байгууллага Монгол улс даяар татварын хяналт шалгалтыг зогсоож байгаа нь хуулиар олгосон эрхээ эдлэн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжоор иргэд, хуулийн этгээдийн эрхийг нь жигд хангаж байгаа явдал юм.

Өөрөөр хэлбэл хөрөнгө, орлогоо санаатайгаар "нуун дарагдуулсан", улмаар татварын хяналт шалгалтанд ямар нэг байдлаар хамрагдаагүй, татварын хяналт шалгалтаас зугтаасан этгээд нь хуульд хамрагдаж төлбөрөөс чөлөөлөгддөг, харин болгоомжгүйгээр татвар ногдох орлогоо дутуу мэдүүлсэн буюу мэдүүлээгүй, тэр нь мэргэжлийн хяналт шалгалтаар илэрснийг нь хүлээн зөвшөөрч, сайн дураараа татварын байгууллагад мэдүүлэхээр хандаж байгааг нь хуульд хамааруулахгүй төлбөрийг нь төлүүлдэг шударга бус байж болохгүй. Хууль иргэн, хуулийн этгээдэд тэгш, шударга үйлчлэх ёстой.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар уг хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батлахаар заасан ба Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор батлагдсан "Эдийн засгийи ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ын нэр томъёоны тодорхойлолтоор хяналт, шалгалт хийгдсэн бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах боломжгүй, харин хяналт шалгалт хийгдээгүй нь зөрчлөө ил болгосноор хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байгаа нь хуулиас давсан хэм хэмжээг уг журмаар тогтоож байгаа ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн шударга ёсны зарчим, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн заалтыг шууд зөрчиж байгаа юм.

Өөрөөр хэлбэл хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар Засгийн газар хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг батлах ёстойгоос бус хуулиар зохицуулах харилцаа, хуулийн үйчлэх хүрээ, хамаарах этгээдийг тогтоох эрх байхгүй. Засгийн газрын журмын 2.1.1-д "нуун дарагдуулсан" гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг, гэжээ. Тэгвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар заавал тогтоогдсон байх гэсэн зохицуулалт байхгүйг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг хэрэгжүүлэхэд шударга бус, тэгш бус нөхцөл байдал үүсч байгааг гагцхүү шүүх залруулах боломжтой тул дээрх хуулийг Монгол Улсын Үндсэн хууль шударга ёсны зарчимд нийцүүлэн татвар төлөгчдийн тэгш байдлыг хангах, бизнесийн үйл ажиллагаа тогтвортой байх, татвар төлөгчдийг ялгаварлан үзэхгүй байх зарчмыг удирдлага болгон манай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нөхөн татвар 570,229,500 төгрөгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Г.Бурмаа, Х.Долгормаа, Ё.Энхтуяа нарын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210183 дугаар акт, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар (хуучин нэрээр) шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 237 дугаар магадлалаар тогтоосон “...570,229,500 төгрөгийн нөхөн татвар, 319,594,020 төгрөгийн торгууль, 137,315,900 төгрөгийн алданги, 217,218,700 төгрөгийн хүү, нийт 1,244,358,120 төгрөгийн төлбөр”-өөс “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх болон, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилго нь... хуулийн этгээд ... нуун дарагдуулсан .../болон/ ...  олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ... тайланд тусгаж, шинээр тайлагнасан...  байх ба эдгээр үйл ажиллагаа нь ... хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх...” гэж, 2 дугаар зүйлийн 2.2-т “... орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д “...татварын ... тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ....  /орлогоо/ тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр ... тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ... орлогоо ... мэдүүлээгүй ... хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр ... мэдүүлсэн бол ... хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж тус тус зааснаас үзэхэд татвар төлөгч хуульд заасан хугацааны дотор “нуусан орлого”-оо сайн дурын үндсэн дээр татварын байгууллагад мэдүүлснээр уг хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгч 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө олсон орлогоо татварын байгууллагад мэдэгдээгүй, тайлагнаагүй, нуусан бөгөөд түүнийгээ өөрийн сайн дураар ил болгож, татварын байгууллагад 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор мэдүүлснээр ийнхүү орлогоо нуусны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөхөөр уг хуульд заасан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “...570,229,500 төгрөгийн татварт хамааралтай нуусан орлого”-ын хувьд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамаарахааргүй байна.

Учир нь, уг “нуусан орлого”-ыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Г.Бурмаа, Х.Долгормаа, Ё.Энхтуяа нар 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн, талууд уг үйл баримттай маргаагүй тул  татвар төлөгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг “...нуусан орлогоо өөрийн сайн дураар ил болгож, татварын байгууллагад мэдүүлсэн” гэж үзэх  боломжгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...болгоомжгүйгээр татвар ногдох орлогоо дутуу мэдүүлсэн..., тэр нь хяналт шалгалтаар илэрснийг хүлээн зөвшөөрч, сайн дураараа мэдүүлэхээр хандаж байгаа...-г хууль хамааруулахгүй /байгаа нь/ шударга бус” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх”, 8 дугаар зүйлийн 8.1-д “...учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй”, 10 дугаар зүйлийн 10.2-т “... өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон ... шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх” гэж тус тус заасан байх тул татварын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210183 дугаар акт, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар (хуучин нэрээр) шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 237 дугаар магадлалаар эцэслэн тогтоосон, татвар төлөгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд ногдуулсан захиргааны хариуцлага (шийтгэл) болох “...319,594,020 төгрөгийн торгууль, 137,315,900 төгрөгийн алданги, 217,218,700 төгрөгийн хүү”-г уг хуулийн үйлчлэлд хамруулж, өршөөн хэлтрүүлсэн нь зөв байна.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй тул хугацаанд нь төлөөгүй  570,229,500 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг түүнд захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа гэж үзэхгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүхүүд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд, “...хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, анхан шатны шүүх “... /нөхөн/ татварыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх болон ... өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтыг орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т “...давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн ... өөрчлөх эрхтэй” гэсэнтэй нийцэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 280 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА