Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-27
Дугаар 223
Хэргийн индекс 128/2015/0646/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “Бэржин уньт” ХХК
Хариуцагч Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч С.Бямбаа, Г.Ганбат
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Бэржин уньт” ХХК-ний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, Ц.Эрдэнэбаяр, хариуцагч Г.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 82 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр магадлалтай, “Бэржин уньт” ХХК-ний нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч С.Бямбаа, Г.Ганбат нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Бэржин уньт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус компани нь Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Бямбаа, Г.Ганбат нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актыг хүчингүйд тооцуулах гомдлыг Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан бөгөөд уг байгууллага 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 24 тоот тогтоол гарсан. Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол нь манай компаниас үл хамаарах шалтгаанаар бид гардаж аваагүй байсан тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4574 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх эрхээ хангуулсан болно.

Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын агуулга, маргааныг шийдвэрлэсэн байдал нь “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 5.4 дэх заалтад нийцээгүй байх тул уг зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Актад “Бэржин уньт” ХХК нь нийт 104,452.2 мянган төгрөгийн зөрчлийн акт тавигдсан ба тухайн барааг худалдан авсан анхан шатны баримт байгаа. Татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй талаар дараах тайлбарыг хүргүүлж байна.

2012 онд манай компанийн барилга угсралтын ажил ид явагдаж байсан. Бид худалдан авалт хийхдээ бэлтгэн нийлүүлэгч нь хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгаж худалдан авалт хийдэг юм.

Тухайн үед манай компани худалдан авалт хийхдээ гэрээ байгуулж төлбөрийг бэлнээр хийж, холбогдох анхан шатны баримтуудыг хуульд заасны дагуу бүрдүүлдэг.

Манай худалдан авалтыг нотолсон анхан шатны баримтууд байгаа боловч татварын улсын байцаагч хүлээн аваагүй болно.

Иймд манай нэхэмжлэл хууль зүйн болон бодит үндэслэлд нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Г.Ганбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 889 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй 2765721 регистртэй “Бэржин уньт” ХХК-ийн 2011-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 29-ний өдрүүдэд хэсэгчилсэн шалгалт хийсэн. Шалгалтыг Татварын Ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээлэл, тус компаниас ирүүлсэн баримтыг үндэслэн хийсэн бөгөөд тухайн үед Эрсдлийн удирдлагын газар “Силикон стийл” зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн хий бичилттэй падаан худалдаж байгааг тогтоон нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгалтад хамруулсан юм.

Шалгалтаар “Бэржин уньт” ХХК-ийг 2012 онд З ширхэг падаанаар 710.945.6 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашигласан гэж үзэн 71.094.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 21328.4 мянган төгрөгийн торгууль, 12.029.2 мянган төгрөгийн алданги бүгд 104.452.2 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 тоот акт бичсэн болно гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр: 1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актын тогтоох хэсгийн 1-д заасан “Бэржин уньт” ХХК-д ногдуулсан “Силикон стийл” ХХК-аас авсан гэх НӨАТ-ын хуурамч падаан ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулсан зөрчилд хамаарах 31617,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 9485,4 мянган төгрөгийн торгууль, 5349,8 мянган төгрөгийн алданги, нийт 46453,1 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож,

2. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан актын тогтоох хэсгийн 1-д заасан “Энх-Амьдаа” ХХК, “Алтайнжаргалант өргөө” ХХК-иудын хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайланд тусган татвар ногдох орлогоос хасч, албан татвар бууруулсан зөрчилд ногдуулсан 39476,6 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-д заасныг баримтлан актын тогтоох хэсэгт заасан торгууль, алдангиас нийт 18522,4 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээс чөлөөлж,

4. Актаар тогтоосон нийт 104452,1 мянган төгрөгийн төлбөрийг 64975,5 мянган төгрөгөөр багасгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр магадлалаар: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 082 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бэржин-Уньт” ХХК-ийн “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Бямбаа, Г.Ганбат нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3, 4 дэх заалтыг нэгтгэн

“2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан “Бэржин-Уньт” ХХК-ийг Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актаар тогтоосон 21328,4 мянган төгрөгийн торгууль, 12029,2 мянган төгрөгийн алданги төлөхөөс чөлөөлсүгэй.” гэж, шийдвэрийн 5 дахь заалтыг 3 дахь заалт болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 82 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч С.Бямбаа, Г.Ганбат нарын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаартай акт, түүнийг хэлэлцсэн Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 24 тоот тогтоолоор "Бэржин уньт" ХХК-ийн 2011-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж дээрх онуудад хийгдсэн худалдан авалтуудаас "Силкон стийл" ХХК, "Энх-Амьдаа" ХХК, "Алтайн жаргалант өргөө" ХХК-иудын 3 ширхэг НӨАТ-ын падааныг хий бичилттэй тул 710,945,600 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар бууруулсан гэж үзэн нийт 104,452,200 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Анхан шатны шүүх "Силкон стийл" ХХК-иас бодитой худалдан авалт хийсэн үндэслэлтэй гэж үзэн тус компанитай холбоотой НӨАТ-ын зөрчилд хамаарах 31,617,900 төгрөгийн нөхөн татвар, 9,485,400 төгрөгийн торгууль, 5,349,800 төгрөгийн алданги нийт 46,453,100 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс нэр бүхий гурван компаниас хийсэн худалдан авалтууд нь бүгд бодитой тул давж заалдах шатны шүүхэд хандсан.

Гэтэл Давж заалдах шатны шүүх "Силкон стийл" ХХК-иас бараа, материал худалдаж авсан гэдгээ эргэлзээгүйгээр нотолж чадаагүй, гэрээ хэлцэл байгуулаагүй гэсэн үндэслэлээр НӨАТ-ын падаан хий бичүүлж авсан гэж үзэж тус тус компанитай холбоотой НӨАТ-ын зөрчилд хамаарах 31,617,900 төгрөгийн нөхөн татвар, 9,485,400 төгрөгийн торгууль, 5,349,800 төгрөгийн алданги нийт 46,453,100 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь татварын байцаагч Г.Ганбат хяналт шалгалт хийхэд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд байсан, худалдан авалт хийгдсэн гэдэгтэй маргахгүй гэсэн анхан, давж заалдах шатны шүүх хуралдаан дээрх хариу тайлбар, мөн Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагч талыг яагаад давж заалдах гомдол гаргаагүй талаар асуусан асуултад бодит худалдан авалт хийгдсэн тул маргаагүй гэсэн хариулт "Бэржин Уньт" ХХК-ийн "Силкон стийл" ХХК-иас бараа, материал авсан талаарх хоёр компанийн бэлэн мөнгөний санхүүгийн анхан шатны баримтууд хавтаст хэрэгт байсаар байтал нотлох баримтаар үнэлээгүй дүгнэлт хийсэн.

Мөн Давж заалдах шатны шүүх "Силкон стийл" ХХК-тай гэрээ, хэлцэл байгуулаагүй тул НӨАТ-ын падааныг хий бичүүлж авсан гэж үзжээ. Иргэний харилцаанд аливаа худалдан авалтыг хийхдээ заавал гэрээ, хэлцэл байгуулсан байх шаардлагагүй, мөн аливаа хэлцэл аман ба бичгээр байгуулагддаг. Манай компанийн хувьд 2011-2012 онд барилга угсралтын ажил гүйцэтгэсэн ба барилгын материалын төвлөрсөн захуудаас худалдан авалтуудаа тухайн үеийн аль болох бага үнээр, өөрийн хэрэгцээгээр нь аль шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ цаг тухайд нь авдаг ба худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тодорхой хугацааны дараа тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээгээ тодорхойлсон.

Бид нэр бүхий гурван компанийн падааныг хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх ямар ч боломжгүй татварын цахим тайлангийн системд үзэхэд зөрчилгүй байсан, мөн тус компаниудын зүгээс худалдан авалт хийгдсэн талаар бичилтээ цахим тайлангийн системдээ шивсэн байхад уг компаниудаас холбогдох хохирлыг барагдуулаагүй байж үйл ажиллагаагаа явуулж байгаа "Бэржин уньт" ХХК-ийг буруутгаж, төлбөр ногдуулж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл "Бэржин уньт" ХХК-ийн хувьд ч одоо хохирогч болчихоод байгааг анхаарч үзнэ үү.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2011-2012 онд "Бэржин уньт" ХХК эдгээр худалдан авалтыг үнэхээр бодитой хийсэн үү эсхүл ямар нэг худалдан авалт хийгээгүй байж хуурамч падаан ашигласан уу гэдэг дээр бодитой дүгнэлт хийгээгүй, түүнийг нотлоогүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа "Бэржин уньт" ХХК-нд холбогдох 2013 оны 21/0009927 дугаартай акт болон холбогдох нэхэмжлэл бүхий захиргааны хэрэг огт хамааралгүй "Энх-Амьдаа" ХХК, "Алтайн жаргалант өргөө" ХХК-иудад хийгдсэн татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн дүгнэлт, тухайн компаниудын захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэл, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газрын албан бичгүүдийг үндэслэж дээрх "Энх-Амьдаа" ХХК, "Алтайн жаргалант өргөө" ХХК-иуд ажил, үйлчилгээ явуулаагүй байна гэж үзэж тэдгээр компаниудын хууль бус үйлдлийн улмаас хохироод байгаа "Бэржин уньт" ХХК-ийн эрх ашгийг дахин хохироосон шийдвэр гаргасан.

"Энх-Амьдаа" ХХК, "Алтайн жаргалант өргөө" ХХК-иудад хийгдсэн татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн дүгнэлт нь манай нэхэмжлэлтэй хамааралгүй ба нэр бүхий компаниудын захирлуудтай хийсэн ярилцлага нь ямар нэг хууль сануулаагүй тул хэрэгт нотолгоо болох боломжгүй юм. Түүнчлэн ЦЕГ, УМБГ-ын албан бичгүүд нь тус компаниудын нэр бүхий этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба НӨАТ-ын хуурамч падаан нь тухайн этгээдүүдтэй холбоотой болохоос "Бэржин уньт" ХХК-тай хамааралгүй болохыг давхар нотолж байна.

Нэр бүхий компаниудтай холбоотой хий бичилт бүхий НӨАТ-ын зөрчлүүд иргэн, эрүү, захиргааны журмаар шалгагдаж, зарим нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. "Силкон стийл" ХХК-ийн НӨАТ-ын хуурамч падаантай холбоотой зарим хэрэг өмнө нь Улсын Дээд шүүхээр шийдвэрлэгдсэн ба шүүх бодитой худалдан авалт хийгдсэн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэж байжээ. Энэ удаад ч Улсын Дээд шүүх хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн зарчмын дагуу шийдвэрээ гаргана гэж найдаж байгаа тул хяналтын гомдол гаргаж байна.

Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг нэр бүхий гурван компанийн 3 ширхэг НӨАТ-ын падааныг хий бичилттэй тул 710,945,600 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч. албан татвар бууруулсан гэж үзэн нийт 104,452,200 төгрөгийн төлбөр ногдуулсан зөрчлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Бямбаа, Г.Ганбат нар нь “Бэржин уньт” ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчлэн шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар актаар “... нэр бүхий компаниудаас бараа худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа ... хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ... бичүүлэн бүрдүүлж ... татвар ногдох орлогыг бууруулсан” гэх зөрчил тогтоон, нийт 71,094.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 21,328.4 мянган төгрөгийн торгууль, 12,029.2 мянган төгрөгийн алданги бүгд 104,452.2 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “... худалдан авалт хийсэн ... падаан хуурамч гэдгийг мэдээгүй” гэж, хариуцагч “... падаан хий бичилттэй ... нь тогтоогдсон, акт нь ... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 8.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заажээ.

Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Нэхэмжлэгч “Бэржин уньт” ХХК нь “.../2012 онд 710,945.6 мянган төгрөгийн/ ... цемент, арматур зэрэг барилгын материалыг 100 айл, Тэх болон Гурвалжингийн гүүрний барилгын захаас “Силикон стийл” ХХК, “Энх-Амьдаа” ХХК, “Алтайн жаргалант өргөө” ХХК-иудаас бэлэн мөнгөөр худалдан авсан” гэх боловч “Бэржин уньт” ХХК-иас уг гүйлгээ гарсан, төлбөр тооцоо хийснийг нотолсон баримт байхгүй, хэрэгт авагдсан “Силикон стийл” ХХК-иас 245,000,000 төгрөгийн үнэ бүхий “цемент” борлуулсан гэж “Бэржин уньт” ХХК-нд бичиж олгосон бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын 0012362791 дугаартай падаан, “Энх-Амьдаа” ХХК-иас 149,766,273 төгрөгийн үнэ бүхий “барилга, холбооны материалын бөөний худалдаа” борлуулсан гэж мөн компанид бичиж олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын 0012347181 дугаартай падаан, “Силикон стийл” ХХК-ийн дугааргүй кассын орлогын ордер болон зарлагын баримтууд зэрэг нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна.

Иймд, хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтуудыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэгч “Бэржин уньт” ХХК-ийг “... захаас бодитоор барилгын материал худалдан аваагүй” гэж дүгнээгүй, 2012 онд хийсэн гэх 710,945,600 төгрөгийн худалдан авалт нь тус компанийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “.../баримтаар нотлогдоогүй бол/ ... албан татварыг хасч тооцохгүй” гэсэн заалтыг баримталсан хариуцагч татварын улсын байцаагч нарын маргаан бүхий 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21/0009927 дугаар акт хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болно.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, давж заалдах шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актаар тогтоосон нийт төлбөрөөс торгууль, алдангийг уг хуульд хамруулан чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Бэржин уньт” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА