Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-27
Дугаар 225
Хэргийн индекс 114/2016/0003/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч А.Лхагважаргал
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Н.Нарангэрэл, Д.Уянга
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

А.Лхагважаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 262 дугаар магадлалтай, А.Лхагважаргалын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэглсэн төлөөлөгч Г.Энхсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Лхагважаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Лхагважаргал нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар даргын 2009 оны 61 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн албан тушаалд Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд тэнцэж томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч юм.Аймгийн Засаг даргын 2013 оны А/27 тушаалаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга албан тушаалд ажиллаж байсан.

Дээрх албан тушаалд ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан ажил үйлчилгээг хугацаанд нь биелүүлж 2009-2015 онуудад 85-95 хувьтай дүгнүүлж байсан. Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байх хугацаандаа ямарваа нэгэн байдлаар хуулийн хүрээнд сахилгын арга хэмжээ авч байгаагүй болно. Аймгийн аудитын газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/75 тоот Хариуцлага тооцох тухай албан шаардлагыг үндэслэн аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Сүхбаатарын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасны дагуу 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж 11 сарын цалингаас 20 хувь хасаж уг сахилгын шийтгэл хэрэгжсэн байхад дахин аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Сүхбаатарын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь сахилгын нэг зөрчилд 2 өөр сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж, мөн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дүгээр тушаалын 3 дугаар хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

А.Лхагважаргалын ажил, албан тушаалын орон тоонд томилогдон ажиллаж байгаа М.Уянга нь Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад хангаагүй хүнийг 2015 оны 12 дугаар сарын эхээр томилсон. Гэтэл М.Уянга 2015 оны ажлын үр дүн гэж цалингийн 1.5 хувиар тооцож урамшуулал олгосон байна. Үүнээс үзэхэд 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлт болон урамшуулал нь миний ажиллаж байсан хугацааны үнэлгээ гэж үзэж байна.

Иймээс Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг эргүүлэн олгуулах, 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлэх, үр дүнгийн гэрээний урамшуулал болох албан тушаалын үндсэн цалингийн 1.5 хувь цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Лхагважаргал нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргаж, ажил үүргээ гүйцэтгэхдээ хууль тогтоомжийг сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 35 дугаар тушаалаар батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам” -ын 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтуудыг зөрчсөн. Энэ нь Аудитын газрын 2015 оны “Хариуцлага тооцуулах тухай” 01/75 дугаар албан шаардлагад дурдсан мэргэшлийн шалгалтын шаардлага хангахгүй хүмүүсийг бүртгэж шалгалт өгүүлсэн, улмаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тогтоолоор 2 хүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар, 2 хүнийг нөөцөд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг үндэслэл нь төрийн албан хаагчийн өргөсөн тангараг, ёс зүйтэй холбоотой томоохон зөрчил гаргасан байна гэж үзэж, 2015 оны Б/64 дүгээр тушаалаар түүнд ногдуулсан цалингийн 20 хувийг хасах сахилгын шийтгэлийг өөрчлөн хүчингүй болгож, 2015 оны Б/69 дүгээр тушаалаар 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халсан болно.

Уг тушаалын 4 дэх заалтаар “аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Х.Батбаатарт холбогдох санхүүгийн тооцоог хийж дуусгахыг үүрэг болгосон” бөгөөд 2015 оны Б/64 дүгээр тушаалаар суутгагдсан суутгалыг нөхөж олгохыг даалгасан боловч суутгалыг нөхөн олгоогүй юм байна. А.Лхагважаргал нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, жил бүр хийгдэж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлдэг “Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайлан”-г маш хангалтгүй гүйцэтгэсэн. Тухайлбал, жил бүр шинэчлэн Төрийн албаны зөвлөлд тайлагнах ёстой аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөнийг 2010 оноос хойш шинэчлэлт хийлгүй тайлагнаж, төрийн байгууллагыг хууран мэхэлж байсан. Мөн үүрэгт ажилд нь хамаарах аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалуудыг архивын нэгж болгон хүлээлгэн өгөхдөө 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар тушаалын 2 дугаар хуудас буюу тушаалыг баталсан эрх бүхий этгээдийн тамга, гарын үсэг бүхий баталгааны хэсэг байхгүй, 2015 оны Б/39, Б/47 дугаар тушаалууд дутуу гэх зэрэг зөрчил дутагдлуудыг гаргасан нь илэрсэн болно. Иймд А.Лхагважаргалын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Н.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эрхлэх ажил үүргийн зэрэгцээгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны Б/75 дугаар тушаалаар аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэж байгаа болно. Ингэж хавсран гүйцэтгэхдээ ямар нэгэн нэмэгдэл, урамшуулал авдаггүй бөгөөд хэлтсийн ажлын чиг үүргийн дагуу албан шаардлагаар гүйцэтгэж байна. Уг ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилсон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны Б/75 дугаар тушаалыг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төрийн захиргаа, удирдлагын хэлтэст ирж холбогдох бичиг баримтад үзлэг хийхдээ хуулбарлан авсан болно. Шүүх хуралдаанд оролцохгүй боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд М.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны Б/73 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын төрийн захиргаа, удирдлагын хэлтэст хүний нөөцийн мэргэжилтэн, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаа болно. Одоогоор хүний нөөцийн асуудлыг хариуцаж ажиллаж байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын эрхлэх асуудлыг тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл гүйцэтгэж байгаа юм. Миний бие эрх зүйч мэргэжил эзэмшсэн, уг ажлыг хийхэд хүндрэл бэрхшээл байхгүй бөгөөд томилогдсоноос хойш ямарваа нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байгаа болно. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: 1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1.1,13.1.2, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Лхагважаргалын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Лхагважаргалыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 2545056.60 төгрөгийг аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, А.Лхагважаргалтай  байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, баталгаажуулахыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 262 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас “13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2” гэснийг хасч, 1 дэх заалтын “11.6” гэсний дараа “19 дүгээр зүйлийн 19.1, 19.2” гэж, “төгрөгийг” гэсний дараа “Дархан-Уул” гэж тус тус нэмж, ”даалгасугай” гэснийг “даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Үр дүнгийн гэрээний урамшуулал болох албан тушаалын үндсэн цалингийн 1.5 хувь цалинг гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэглсэн төлөөлөгч Г.Энхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах болон анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ А.Лхагважаргалд ногдуулсан захиргааны шийтгэл хэрэгжиж дууссан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

А.Лхагважаргалд ногдуулсан сахилгын цалин бууруулах шийтгэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ногдуулах бүрэн эрхтэй бөгөөд тухайн зөрчлийн шинж байдлыг үнэлж дүгнэн ажлаас халах шийтгэл болгож өөрчилсөн нь үндэслэлтэй ба цалингийн суутгалыг нягтлан бодогч Х.Батбаатар нь ажлаас халах тушаалд заасны дагуу олгох нь зүйтэй байсан. Түүний буруу үйл ажиллагааны улмаас захиргааны шийтгэлийг давхардуулан ногдуулсан мэт харагдаж байгаа болно. Гэрч Х.Батбаатар нь мэдүүлэг өгөхдөө тухайн мөнгийг олгох боломжтой тухай тайлбарласан болно.

2. Үр дүнгийн гэрээг дүгнэх заалт оруулсныг эс зөвшөөрч байгаа бөгөөд үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаа өнгөрсөн болно. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг баримтлан “... аймгийн Аудитын газрын 2015 оны 01/75 дугаар албан шаардлагад ... “Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 ..., 40 дүгээр зүйлийн 40.1 ... гэсэн заалтуудыг зөрчсөн … А.Лхагважаргалд ... сахилгын арга хэмжээ авах .../гэж заасан/” гэх үндэслэлээр албан тушаалын сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Лхагважаргалд ногдуулж, цалингаас зохих суутгал хийж, тайлагнахыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчид үүрэг болгосон, үүний дагуу А.Лхагважаргалын 2015 оны 11 дүгээр сарын цалингаас 20 хувийг суутгасан байна.

Үүний дараа, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дүгээр тушаалаар мөн “... аймгийн Аудитын газрын 2015 оны 01/75 дугаар албан шаардлагад дурдснаар ... хууль тогтоомж зөрчсөн” гэх үндэслэлээр А.Лхагважаргалыг үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулж, уг тушаалын 3 дахь заалтаар Засаг даргын Тамгын газрын даргын өмнөх “...цалингийн 20 хувиар нэг сарын хугацаанд бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа хүчингүй болгосон, нэхэмжлэгч “... нэг зөрчилд 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан нь ... хууль бус” гэж, хариуцагч “... өмнөх тушаалаа хүчингүй болгож, сахилгын шийтгэлийг өөрчилсөн ... нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, А.Лхагважаргал нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэхдээ  “... шаардлага хангахгүй хүмүүсийг бүртгэж, шалгалт өгүүлсэн, улмаар ... 2 хүнийг төрийн жинхэнэ албанд томилуулахаар, 2 хүнийг нөөцөд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн” зөрчил гаргасан, уг үйл баримт болон түүнд сахилгын шийтгэл ногдуулсан    Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/64 дүгээр тушаалтай маргаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.1-д “сануулах”, 26.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах”, 26.1.З-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид “цалингийн хэмжээг нэг сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж, тухайн сард цалингаас нь суутган авсан зэргээс дүгнэвэл, нэхэмжлэгч А.Лхагважаргал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх 2 шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дүгээр тушаалаар А.Лхагважаргалыг үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан дээрх “...сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах” зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Аудитын газрын 2015 оны 01/75 дугаар албан шаардлагад дурдсан нэг төрлийн зөрчилд 10 хоногийн зайтай хоёр тушаал гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.3-т заасан сахилгын шийтгэлийг дараалан ногдуулсан, ингэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн байх тул цалин бууруулах сахилгын шийтгэл нэгэнт хүлээсэн нэхэмжлэгч А.Лхагважаргалд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дүгээр тушаал хууль бус гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг эрх бүхий этгээд үнэлж, дүгнэх үүрэгтэй, ийнхүү үнэлж дүгнэсэн байдал нь төрийн жинхэнэ албан хаагчийг “албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах” үндэслэл болохоор заасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар “... /төрийн жинхэнэ албан хаагч/ үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн талаар харьяалах дээд шатны удирдах ажилтны үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх /эрхтэй/” байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаа өнгөрсөн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “...үр дүнгийн гэрээний урамшуулал болох албан тушаалын үндсэн цалингийн 1.5 хувь цалинг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Уг асуудлаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт тусгалгүй орхисон алдааг  давж заалдах шатны шүүхээс залруулсан болон “...хуулийн зүйл заалтыг оновчтой хэрэглэх” талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг зөрчөөгүй байна.

Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 262 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА