Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-30
Дугаар 239
Хэргийн индекс 128/2015/0612/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч П.Цолмон
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Н.Мөнхбат
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

П.Цолмонгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сувд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 290 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор П.Цолмонгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол Саппорогийн ард байрлах хуучнаар “Глоб интер” ХХК-ийн барилгыг 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БХЗХӨБ албанаас дуудлага худалдаагаар “Сандэй” ХХК буюу “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны өмчөөс зочид буудлын цогцолбор барилга 2970 мкв хэмжээ бүхий А, В, С блокийг төмөр хайсан хашаа, бетонон зам талбай, бусад дагалдах хөдлөх эд хөрөнгийн хамт худалдан авсан. Мөн уг байрнаас иргэн Л.Отгонбаяр 3 өрөө орон сууц, 265 мкв зоорийн хэсэг, 310 мкв үйлчилгээний газрыг мөн худалдаж авсан байдаг.

Гэтэл иргэн Л.Отгонбаяр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, худалдаа үйлчилгээний зориулалтаар 4150 мкв газрын П.Цолмонд надад эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 783 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хүлээн авч хэрэг үүсгэн шалгах явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3/705 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 628 дугаар захирамжаар П.Цолмонд 4246 мкв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгосон байна. Харин иргэн Л.Отгонбаяр нь нийтийн орон сууцны хэсэгт ямар нэг зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийсэн болохыг тогтоож, Л.Отгонбаярын нэр дээр газар эзэмших эрх олгосон ямар нэгэн захирамж, шийдвэр гараагүй. Мөн зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн орц, гарцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэгч иргэн Л.Отгонбаярын хууль ёсны эрх, ашиг сонирхол, тухайлбал газар эзэмших эрх нь хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэсэн тайлбарыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байдаг.

Учир нь уг газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар байсан бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай байсан тул Нийслэлийн өмч, газрын харилцааны албанаас уг газрыг нийтийн эзэмшилд нь үлдээхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү захиргааны байгууллагын шийдвэрийг хэн аль нь хүлээн зөвшөөрч улмаар Л.Отгонбаяр нь өөрийн эзэмшилд байсан бүх объектуудаа манай байгууллагад худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж, одоо маргаж буй газартаа холбоотой бүх асуудал маргааныг эцэслэн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх хүлээн авч уг татгалзлалыг баталсан шүүгчийн 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183 дугаар захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Гэтэл энэ явдлаас хойш 4 жилийн дараа гэнэт ирсэн Ням овогтой Мөнхбат нь иргэн Л.Отгонбаяр нар хуурамч бичиг үйлдэж, улмаар үгсэн хуйвалдан Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүх буюу хуучнаар Сүхбаатар дүүргийн шүүхээр манай байгууллагын хашаанд байгаа нийтийн эзэмшлийн талбай дээр байх өргөтгөлийг Н.Мөнхбат нь өөрийн өмч болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гарган улмаар 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1206 дугаар захирамж гаргуулан өөрийн өмч болохыг тогтоолгон, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамж гаргуулан авч манай байгууллагын хашаанд байрлах газраас 54 м.кв газрыг хууль бусаар авчихсан байсан.

Энэ хууль бус явдлыг сүүлд 2013 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон хойно нь мэдсэн бөгөөд дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд хүсэлт гаргуулан захирамжийг дахин хянуулахад уг захирамж хууль бусаар гаргасан болохыг тус шүүх хүлээн зөвшөөрч шүүгч Н.Оюунтуяагийн гаргасан 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1206 дугаар өмчлөгч мөн болохыг тогтоосон захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон.

Хожим уг шаардлага бүхий нэхэмжлэлээсээ иргэн Н.Мөнхбат өөрөө татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүхэд гаргасныг дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шүүгч Т.Батсүх хүлээн авч 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21023 дугаар захирамж гаргасан болно.

Үүний дараа манай зүгээс Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа иргэн Н.Мөнхбатад хууль бусаар олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийг холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч ...түр хүлээж бай шалгаж байна гэсээр өнөөдрийг хүрлээ. Энэхүү захирамж нь хуулийн дараах зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа юм.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр инженерийн шугам сүлжээ бүхий дээрх газар нь ямар нэгэн барилга барих боломжгүй нийтийн эзэмшлийн зам талбайг гражийн зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгосон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан ...нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ... мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно... гэх хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Дээрх маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газар мөн, бусдад шилжүүлэхийг хориглосон Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг даргын тайлбартай, хүчин төгөлдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183 дугаар захирамж байсаар байхад уг газрыг иргэн Н.Мөнхбатад олгосон Төрийн захиргааны байгууллагын үйлдэл өөрөө хууль бус юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийн Н.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн зам талбай хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор хууль зүйн сөрөг үр дагавар гарах юм.

Учир нь Н.Мөнхбат нь маргаан бүхий газрыг 2006 оноос ашиглаж ирсэн иргэн Л.Отгонбаяраас худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээг хийгдэхээс өмнө маргаан бүхий газрын иргэн Н.Мөнхбат ашиглаж байсан нь төлбөр төлсөн баримтаар нотлогддог.

Мөн иргэн Н.Мөнхбат нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших хүсэлтээ дүүргийн Засаг даргад 2012 оны 4 дүгээр сард гаргаж улмаар хүсэлтийг дүүргийн Засаг даргын зүгээс хянан үзээд эзэмших эрхийн баталгаажуулж маргаан бүхий газрын эрх зүйн харилцаа үүссэн талаар баримтууд нь дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивд байгаа баримтаар нотлогдож байна.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамааруулж өгсөн бөгөөд хүчингүй болгох эсэх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэх юм.

Харин нэхэмжлэлийн агуулга хэсэгт тусгагдсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан байгаач 2012 онд дээрх заалтад тусгагдсан төлөвлөгөөнд маргаан бүхий газар нь тусгагдаагүй байсан болно.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.2.3 дахь заалтад энэ журмын 3.2.1 дэх заалт буюу өөрөөр хэлбэл нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газраас бусад газрын эзэмших бол дүүргийн газрын албанд хандана гэсний дагуу өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээгээр илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан байхад маргаан бүхий газрын хэмжээ нь дээрх заалтад заагдсан хэмжээнд хүрэхгүй учир дуудлага худалдаа болон, төсөл сонгон шалгаруулах шаардлагагүй болно.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: 2006 онд Л.Отгонбаяраас Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны ард хуучнаар “Сандэй” ХХК, одоо “Мөнгөн гүүр” нэртэй эмнэлэг байрлах хашаанд байх 54 мкв агуулахын зориулалттай байрыг худалдан авсан байдаг. Энэ агуулахын зориулалттай байрыг Л.Отгонбаяраас худалдан авах үед уг байр нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй, аман хэлцэл хийн худалдан авсан юм.

Л.Отгонбаяр нь энэ 54 мкв агуулахын байрыг 2006 оноос хойш өөрийн бараа материалыг хадгалах агуулахын зориулалттай ашиглаж байгаад 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр агуулахын зориулалттай барилгын газрыг Н.Мөнхбатад эзэмшүүлэх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 182 дугаартай захирамж гарч, энэ захирамжийг үндэслэн 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга Н.Мөнхбатад уг газрын гэр бүлийн хамтын хэрэгцээний эзэмшигч болсон байдаг.

Гэтэл 2011 оноос хойш "Мөнгөн гүүр хоспитал" ХХК-тай газар эзэмшлийн талаар маргаан үүсч Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1225 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 638 дугаартай магадлал, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 191 дугаартай тогтоолоор маргаан бүхий газар нь Н.Мөнхбатын эзэмшлийн газар гэдэг нь хөтөлбөргүй тогтоогдсон. “Мөнгөн гүүр” ХХК-ийн захирал П.Цолмон нь хувийн ашиг сонирхлын үүднээс Н.Мөнхбатын хууль ёсны эзэмшлийн газрыг өөрийн эзэмшилд авахыг санаархан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Цолмонгийн гаргасан ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийн иргэн Н.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 290 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гуравдагч этгээд Н.Мөнхбат иргэн Л.Отгонбаяр нар үгсэн хуйвалдан хоорондоо хүчин төгөлдөр бус хэлцэл хийж, түүнийгээ иргэний хэргийн шүүхээр батлуулахаар хандсан. Шүүх гуравдагч этгээдээр татагдах ёстой байсан Д.Цолмонг оролцуулалгүйгээр хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэх тайлбарыг үндэслэж Сүхбаатар дүүргийн шүүхээс 2012 оны 1206 дугаар шүүгчийн захирамж гарч Н.Мөнхбат агуулахын өмчлөгчөөр тогтоогдсон юм.

Энэ хууль бус үйлдлийг нэхэмжлэгч П.Цолмон үл зөвшөөрч шүүхэд хүсэлт гаргаж 1206 дугаар шүүгчийн захирамжийг уг захирамж гаргасан шүүгч нь өөрөө 2014 оны 7832/Ч захирамжаараа хүчингүй болгосон. Ингээд ердийн журмаар дахин маргах гэтэл гуравдагч этгээд Н.Мөнхбат нь 54 мкв агуулахын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагаасаа татгалзсан бөгөөд уг татгалзлыг Дүүргийн иргэний анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 191 дүгээр захирамжаар албажуулсан байдаг. Эндээс үзэхэд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэн "...агуулахыг иргэн Л.Отгонбаяраас 2006 онд худалдан авсан..." гэдэг нь анхнаасаа хууль бус байсан болохыг нотолж байна.

Гуравдагч этгээд Н.Мөнхбат нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 1206 дугаар шүүгчийн захирамжийг эх сурвалжаа болгон “Иргэн П.Цолмонгийн эзэмшлээс өөрийн 54 мкв агуулахыг албадан шилжүүлэх тухай” нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргаж улмаар шүүхийн 2013 оны 1225 шийдвэр гарсан байдаг. Энэ бүхнийг тайлж үзвэл энэ агуулах нь иргэн П.Цолмонгийн эзэмшилд байсан болохыг нотолж байна.

Тодруулбал анхнаасаа Н.Мөнхбатын эзэмшилд байсан юм бол яахлаараа албадан шилжүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах юм бэ гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Нөгөөтэйгүүр 2013 оны 1225 дугаар шийдвэр нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 1206 дугаар шүүгчийн захирамжийг эх сурвалжаа болгосон гэдгийг мөн анхаарна уу.

Гэвч энэ захирамж нь сүүлд дээрх дурдсаны дагуу хүчингүй болсон тул иргэн Н.Мөнхбатын эзэмшлийн болон өмчлөлийн агуулах гэж байхгүй гэдгийг шүүхийн шийдвэр дахин нотолж байна.

Гуравдагч этгээд Н.Мөнхбат болон иргэн Л.Отгонбаяр нарын үгсэн хуйвалдааны нь нэг тал болох Сонгинохайрхан дүүргийн газрын алба 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр газрын төлбөр тодорхойлох тухай акт" гэх баримт үйлдэж иргэн П.Цолмонгийн эзэмшилд байсан агуулахын газрыг гуравдагч этгээд Н.Мөнхбатад газрыг төлбөрийг тушааж байсан гэх үндэслэлээр түүнд эзэмшүүлсэн захирамж гаргасан байдаг.

Эндээс үзэхэд Сонгинохайрхан дүүргийн газрын алба гуравдагч этгээд Н.Мөнхбаттай газрын төлбөр тодорхойлох тухай акт"-ыг байгуулахдаа уг газар дээр очиж үзлэг хийж акт үйлдээгүй, уг агуулахыг Н.Мөнхбатынх гэдгийг баримтаар нотолсон нотолгоо байхгүй байсаар байхад гэрээ байгуулсан нь анхнаасаа хууль бус юм.

Шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэгээс үзэхэд иргэн П.Цолмонгийн эзэмшил газартай шууд залгаж газар эзэмшүүлсэн, ямарваа нэг зааглах хил хязгааргүй, одоо ашиглаж байгаа эмнэлгийн зурагт анхнаасаа байсан зуун хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарц, галын аюулгүй байдлын аврах гарцыг тус тус хаасан, барилга хооронд байх норм стандартыг зөрчсөн зөрчил байсаар байхад давхцалгүй гэх үгэнд ач холбогдол өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх эцэстээ үнэнд гүйцэгдэн иргэн П.Цолмонгийн эзэмшлийн газар анх 4246 мкв газар байсан түүнийг нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг хааж байна гэж үзэн газрын хэмжээг багасгаж 4150 мкв болгосон болохыг хүлээн зөвшөөрч байгаад баяртай байна. Төр иргэн П.Цолмонгийн шударга дуудлага худалдаагаар мөнгө төлж авсан газрыг Нийтийн эзэмшлийн явган хүний орц гарцыг хааж байна гэж буцаан авсан атлаа одоо энэ бол нийтийн эзэмшлийн зам талбай биш бусдын орц гарцыг хаагаагүй, бусдын эзэмшил газартай давхцалгүй гэж байгаа нь шударга ёсонд нийцэх юм уу.

Уг маргаан бүхий акт нь илтэд хууль зөрчиж гаргасан байхад уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна гэж үзэх нь өөрөө анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй болохыг харуулж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Цолмон нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийн Н.Мөнхбатад холбогдох хэсэг, газрын гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээдэд 54 мкв газар эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “уг газрыг бусдад эзэмшүүлэх ёсгүй, нийтийн эзэмшилд үлдээх, нийтийн эзэмшлийн газар” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулахгүйгээр газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд гуравдагч этгээд нь бусдаас агуулахын зориулалтай байр худалдан авч, уг барилгыг хууль ёсоор эзэмшиж байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1225 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 638 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байна.

Мөн Газрын төлбөрийг тодорхойлох тухай 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн актаар гуравдагч этгээд нь 54 мкв газрыг ашиглаж, газрын төлбөр төлж байсан нь тогтоогдсон тул захиргааны байгууллагаас гуравдагч этгээдийн 54 мкв газар дээрх агуулахын барилгыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан нөхцөл байдлыг үндэслэн, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн байгааг хууль бус гэж үзэхгүй, бусдын барилга байрлаж байгаа газрыг нийтийн эзэмшлийн газар гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчээс “уг газрыг гуравдагч этгээдээс өмнө ашиглаж байсан” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан барилга дунд энэхүү маргаан бүхий агуулахын байр хамааралгүй байгаа тухай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэсэн байна. Иймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэжээ.

Мөн “гуравдагч этгээд нь агуулахын барилгыг 2006 онд худалдаж авсан гэдэг нь анхнаасаа худлаа байсан, агуулахын барилга Н.Мөнхбатынх мөн эсэхийг захиргаа шалгаж тогтоолгүйгээр газрын төлбөр тодорхойлох акт үйлдсэн” гэх гомдлын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрт хамааралтай, өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийн эсрэг маргаан үүсгэх эрхтэй болно. Гэтэл дээрх агуулахын байр худалдах худалдах авах гэрээ, газрын төлбөр тодорхойлох акт нь нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд хамааралгүй, нэхэмжлэгчид чиглээгүй болно.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт зааснаар газар, түүний дээрх үл хөдлөх хөрөнгийг салгаж үл болох зарчмын дагуу захиргааны байгууллагаас гуравдагч этгээдийн агуулахын байрыг бодитойгоор хууль ёсоор эзэмшиж ирсэн байдлыг харгалзаж, агуулахын байрны доорх газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ 4246 мкв байсныг 4150 мкв болгож, багасган, нийтийн эзэмшилд үлдээсэн боловч нийтийн эзэмшилд шилжүүлсэн гэх газрын зарим хэсэг нь хоосон биш, 54 мкв газарт бусдын хууль ёсоор эзэмшиж байгаа агуулахын зориулалттай байр байрлаж байсан, захиргааны байгууллагаас уг барилгыг буулгах шийдвэр гаргаагүй, харин газар ашигласны төлбөр тогтоож, гуравдагч этгээдэд газар болон түүний дээрх байрыг ашиглах эрх олгож байсан тул нэхэмжлэгчийн “бусдад өгөхдөө нийтийн эзэмшлийн биш гэж байгаа нь шударга бус” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

“Маргаан бүхий газар дээр хувийн гэр, орон сууц баривал хөршийн хил, заагтай холбоотой ноцтой байдал үүсэх” тухай нэхэмжлэгчийн гомдол нь бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй, газар эзэмшил, ашиглалтын явцад Иргэний хуулийн дагуу шийдвэрлэх асуудал юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 290 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ