Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-07-04
Дугаар 244
Хэргийн индекс 033/2016/0016/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Монгол Ардын намын хороо
Хариуцагч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Баян-Өлгий аймгийн

Бугат сумын Монгол Ардын намын хорооны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа,  П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, Ч.Ням нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Баян-Өлгий аймгийн Бугат сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Бугат сумын Монгол Ардын Намын хорооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн дагуу Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс аймгийн мандатын тоог хуваарилсан нь Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох хэсгийг зөрчихөөс гадна Бугат сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн 37 тоот тогтоолын 2, 4 дүгээр хэсгүүдийг эс зөвшөөрч байна.

1. Баян-Өлгий аймгийн 2015 оны хүн амын тоогоор тус аймгийн Алтанцөгц сумын нийт хүн амын тоо 2835, үүнээс 18 нас хүртэлх хүн амын тоо 1090, 18-аас дээш насны хүн ам буюу сонгогчдын тоо 1745. Харин Бугат сумын нийт хүн амын тоо 3666, үүнээс 18 нас хүртэлх хүн амын тоо 1493, 18-аас дээш насны хүн ам буюу сонгогчдын тоо 2173 болох нь статистикийн мэдээ, улсын хүн амын тооллогоор тогтоогдож байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т нэг хэсэг нь суманд 2000-аас дээшгүй ... сонгогчтой байна гэж заасныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөрчиж, 2173 сонгогчтой Бугат сумын мандатын тоог 1 болгож тогтоосон боловч 1745 сонгогчтой Алтанцөгц сумын мандатын тоог 2 болгож тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй байна.

Учир нь, сонгогчдын тоогоор 2 мандаттай байх хуулийн шаардлагыг хангаагүй мөртлөө 2173 сонгогчтой мандатын тоог 1 болгож хуваарилсан байна. Үүний улмаас Бугат сумын сонгогч болон сонгуульд нэр дэвшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна.

Тус сумын сонгогчдын тоог харгалзан Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасны дагуу Бугат сумын мандатын тоог 2, Алтанцөгц сумын мандатын тоог 1 болгож хуваарилах нь хуульд нийцэх болно. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Сонгуулийн тухай хууль болон тус сумын сонгогч, сонгуульд нэр дэвшигчдийн эрх ашгийг зөрчиж байгаа тул Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн ИТХ-ын мандатын тоог тогтоох тухай 37 дугаартай тогтоолын хавсралтын 2, 4 дүгээр хэсгүүдийн мандатын тоог өөрчилж, Алтанцөгц сумын мандатын тоог 1, Бугат сумын мандатын тоог 2 болгон тус тус хуулийн дагуу өөрчлөхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр бүлэгт сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын 22 дугаар зүйлийн 22.5-д ...Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно..., 22.8-д ...аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоотой уялдуулан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна гэж заасан байгаа.

Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга К.Баймурат мандатын тоог батлах төслийг танилцуулахад аймгийн сонгуулийн хэсгийн хороог 12 сумын, Өлгий сумын 13 багтай нийлж 25 хэсгийн хороог байгуулж, мандатын тоог 39 болгон тогтоосон тохиолдолд мандатын тоог хуваарилах зарчмыг дээрх хуулийн хүн амын тоо, сонгогчдын тоотой уялдуулан гэсэн заалтыг анхаараагүй байна.

2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 37 тоот тогтоолыг аймгийн ИТХ-ын 6 Тэргүүлэгч Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1- дэх хэсгийг үндэслэнэ гэж мандатын тоог баталсан тухай заалтад 45-аас доошгүй хоногийн өмнө гэсэн заалтыг баримтлаагүй.

Хурлын нарийн бичгийн дарга боловсруулсан төслийг хугацаанаас өмнө баталсан шийдвэр, тогтоол хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Үүнээс болж Бугат сумын иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Нөгөө талаар 2015 оны жилийн эцсийн тооллогоор Бугат сум Алтанцөгц сумаас 831 хүн ам, 418 сонгогчоор илүү байгааг Иргэний бүртгэл, статистикийн газраас баталгаажуулж өгсөн байгаа.

Бугат сумын МАН-ын хорооны дарга миний бие сонгуулийн Ерөнхий хорооноос зөвлөгөө авч сонгуулийн мандатын тоог батлах зарчим, засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн байршлын хэмжээг тогтоосон. Иймд Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, 22.8 дахь заалтыг үндэслэн Бугат сумын иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг анхаарч хууль журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тус шүүхэд ирүүлсэн тайлбарт: Орон нутгийн сонгуулийн хуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны төлөөлөгчийг нэг, эсхүл хэд хэдэн мандаттай тойргоос сонгоно гэж Сонгуулийн тухай хуульд заасан ба энэ хуулиар Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоохоор зохицуулагдсан юм.

Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан, мөн аймгийн ИТХ-ын 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Өлгий сумын хүн амын тоо ихтэй 5 багийг хувааснаар шинээр 4 баг нэмэгдэж, нийт 13 багтай болсон. Иймээс аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоог шинэчлэн тогтоох шаардлага үүссэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн тоог 39 гэж тогтоосон юм.

Үүний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 37 дугаартай тогтоолоор аймгийн ИТХ-ын сонгуулийн мандатын тоог баталсан билээ. Мандатын тоог хуваарилах хууль зүйн үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д Орон нутгийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд дараах мэдээллийн хамт хүргүүлнэ гэж заасныг баримталсан болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тухайн сумын хүн амын тоо, сонгогчийн тоо нь мандат хуваарилах асуудалд хамааралгүй юм. Харин сонгуулийн хэсэг байгуулах тухайд бол Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-оос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана, 23.2-д Нэг хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймгийн төвд 2500-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчтой байна гэж заасны дагуу зөвхөн сонгуулийн хэсэг байгуулахад сонгогчийн тоо хамааралтай юм. Сонгуулийн хэсэг байгуулах, сонгуулийн мандатын тоо хуваарилах тухай асуудал нь 2 өөр өөр ойлголт юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоол нь Бугат сумын сонгуулийн сонгогчдын болон сонгуульд нэр дэвшигчдийн эрх ашгийг зөрчөөгүй, хууль ёсны шийдвэр учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1, Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Бугат сумын Монгол Ардын Намын хорооноос, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мандатын тоог тогтоох тухай 37 дугаартай тогтоолын хавсралтын 2, 4 дүгээр хэсгүүдийн мандатын тоог өөрчилж, Алтанцөгц сумын мандатын тоог 1, Бугат сумын мандатын тоог 2 болгон тус тус хуулийн дагуу өөрчлөхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хайв хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын гэрээ, Монгол Улсын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийг тус тус хэрэглэж, Бугат сумд Аймгийн иргэдийн хурлын 2 мандат хуваарилах ёстой байсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг зөрчиж Бугат сумын Сонгуулийн мандатын тоо 2 байх, 2-оор тогтоох ёстой байхад 1 болгож өөрчилсөн нь Бугат сумын нийт иргэдийн эрх ашиг, улс төрийн сонгуулийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т зааснаар хариуцагч шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцүүлэн сонгогчдын тоог харгалзан тухайн засаг захиргааны нэгж буюу Бугат сумд ногдох мандатын тоог батлах үүрэгтэй.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл сумын төлөөлөгчдийн тоо буюу мандатын тоог 3 байхаар сум тус бүрт 7000-9000 хүн амтай, Алтай, Булган, Толбо, Баяннуур, Сагсай сумын төлөөлөгчдийн тоо буюу мандатын тоо 2 байхаар сум тус бүрт 3000-5000 хүн амтай, Алтанцөгц, Бугат, Буянт сумын төлөөлөгчдийн тоо буюу мандатын тоог 1 байхаар сум тус бүрт 1000-3000 хүн амтай. Гэтэл 3666-аас илүү хүн амтай Бугат сумд 1 төлөөлөгчийн тоо буюу 1 мандат олгож хууль зөрчлөө.

Үүнээс дүгнэж үзвэл хариуцагч хүн амын тоог харгалзаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хүн амын тоог харгалзан үзэж, Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 1 дугаар сарын 27 -ны өдрийн 16 дугаар тогтоолоор төлөөлөгчийн тоог 39 болгож баталсан юм.

Нэгэнт 25 тойрогт 39 төлөөлөгчийн тоо баталсан учир Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолоор сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-т мандат хуваарилах нь үндэслэлтэй зөв боловч 152.1.1-т төлөөлөгчдийн тоо гэсэн заалтыг харгалзан үзэж төлөөлөгчдийн тоог зөв хуваарилах ёстой. Мандат гэдэг нь хоёр утгатай. Нэгдүгээрт эрхийн үнэмлэх, хоёрдугаарт захирагчийн эрх юм. 2000-2012 онд УИХ болон орон нутгийн сонгуулийн хуульд төлөөлөгчдийн тоо гэсэн хуулийн заалтаар байсан боловч 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн хуулийн заалтад мандат гэж оруулж ирсэн байгаа.

Мандат буюу эрхийн үнэмлэхэд хүн амын тоо хамааралгүй нь үнэн. Гэхдээ 152.1.1-т зааснаар төлөөлөгчдийн тоог яаж, юуг үндэслэн тогтоосныг шүүх уг үйл баримтад дүгнэлт хийж үнэлээгүй. Мөн сонгуулийн хуулийн 151.4-ийг харгалзах ёстой гэж үзэж байна.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлд иргэн бүр 2 дугаар зүйлд дурдсанаар хариуцагчийн зүгээс Сонгуулийн тухай хуулиас илүү хүчин чадалтай энэхүү олон улсын гэрээг баримталж, сонгогч болон Бугат сумын Монгол Ардын намын хорооны нэр дэвшигч /иргэн/-дэд тэгш боломж олгох үүрэгтэй байсан.

Анхан болон Давж заалдах шатны шүүхээс 3666 хүн амтай Бугат сум нь Алтанцөгц сумаас 831 хүн, 428 сонгогчоор илүү байх боловч 1 мандатыг дутуу хуваарилж, тэгш бус байдлыг бий болгосон, Монгол Ардын намын хорооны гишүүдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн хариуцагчийн үйлдлийг зөвтгөсөн нь хууль бус юм.

2. Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2-т заасныг хариуцагч болон шүүх хэрэглээгүй ба хүн амын нягтрал байршлыг харгалзан тогтоосон тооны мандатыг Баян-Өлгий аймгийн 12 сум болон аймгийн төвд сонгогчдын тоотой хувь тэнцүүлэн хуваах хуулийн зохицуулалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчид ашигтай байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд Сонгуулийн тухай хуулийн 23-р зүйлийн 2 дахь заалтыг 1 мандаттай тойргийг 2 болгон өөрчлөх эрх байхгүй, ийм шийдвэр гаргах эрхгүйг тогтоож чадсангүй. Тэр ч байтугай аймгийн сонгуулийн мандатын тоог тогтоосон хурлын тэргүүлэгчдийн 11 гишүүн бүрэлдэхүүн ирцийн хувьд хуульд заасан ирцийг бүрдүүлээгүй зөвхөн хурлын тэргүүлэгчдийн дарга Б.Лазадхааны оруулсан саналаар шийдвэрлэснийг хянаж үзээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Монгол ардын намын хороо тус аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 37 дугаар тогтоолын холбогдох хэсгийг өөрчлүүлэх буюу Алтанцөгц сумын мандатын тоог 1, Бугат сумын мандатын тоог 2 болгон өөрчлөхийг даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд “хүн амын тоог харгалзалгүй мандат хуваарилсан, хүн ам багатай тойрогт 2 мандат, хүн ам ихтэй тойрогт 1 мандат тогтоосон нь сонгогчдын болон төлөөлөгчдийн эрхийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр маргажээ. 

Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д зааснаар сонгуулийн тойргийг сонгуулийн тогтолцоо, хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан байгуулж, мандатын тоог тогтоох ёстой.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-т “сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг явуулахад тухайн сумын баг тус бүр нь сонгуулийн тойрог болно” гэж заасан байгаа нь зөвхөн хүн амын тоог харгалзан үзэхгүй, засаг захиргааны хуваарийг мөн харгалзан үзэх талаар зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтын агуулгаас харахад сонгуулийн тойрог байгуулах болон мандатын тоог тогтооход дээрх 3 нөхцлийг харгалзан үзэхээр байх тул нэхэмжлэгчийн “хүн амын тоог харгалзах” тухай тайлбар хууль зүйн үндэслэлтэй боловч ийнхүү мандатын тоо тогтоохдоо зөвхөн хүн амын тоог харгалзах биш өөр бусад нөхцөл болох сонгуулийн тогтолцоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзах тул “Алтанцөгц сум нь 2835, Бугат сум нь 3666 хүн амтай” гэсэн хүн амын тоон үзүүлэлтийг үндэслэн захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй.

Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт сонгуулийн тогтолцоог ердийн олонхийн саналаар сонгогдох жижиг можиратор тогтолцоотой байхаар заасан бөгөөд нэг тойрогт ногдох мандатын тоо нь олонхийн сонгуулийн тогтолцооноос хамаарч байгаа тул сонгуулийн тойрог тус бүрийн сонгогчийн тоог адил байлгах, зөвхөн хүн амын тоон үзүүлэлтэд ач холбогдол өгөх хууль зүйн боломжгүй юм.

Мөн хариуцагчаас сонгуулийн тойрогт мандатын тоо хуваарилсан шийдвэрээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн сонгуулийн тойрогт нэг мандат хуваарилсан байдал нь бусад бүх нэр дэвшигч нам, эвсэл, бие даагч нарт бүгдэд адилхан үйлчилсэн, тэгш эрхийн зарчмыг зөрчөөгүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэгдүгээрт, захиргааны байгууллагаас хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх гэсэн нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой тул нэхэмжлэгчийн “тэгш боломж олгоогүй” гэх хяналтын гомдол үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар захиргааны байгууллага нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ