Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-08-17
Дугаар 277
Хэргийн индекс 128/2016/0114/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Сан зураг" ХХК
Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Сан зураг” ХХК-ний нэхэмжлэлтэй 
захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч  “Сан зураг” ХХК-ний захирал Ц.Дондог, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 282 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 347 дугаар магадлалтай, “Сан зураг” ХХК-ний нэхэмжлэлтэй, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Сан зураг” ХХК-ний захирал Ц.Дондогийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Сан зураг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” нэртэй тендерт оролцох урилгыг хүлээн авч техникийн саналын зааврын дагуу өөрийн саналаа маягтаар бүрдүүлж битүүмжилж тендерт оролцсон. 
Оролцогч бүрийг оноогоор шалгаруулах, үнэлгээний шалгуур үзүүлэлтээ баримтлаагүйн улмаас манай эрх ашиг хөндөгдсөн. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны тендер сонгон шалгаруулалтын талаарх дүгнэлтийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам “…техникийн саналд 6.2, 6.4 гэсэн зааврын маягтын дагуу онооны систем баримтлаагүй зөрчсөн” болохыг дурьдаж тендер сонгон шалгаруулах ажиллагаа хууль зөрчсөн болохыг мэдэгдсэн. 
Иймд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... “Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь холбогдох тендерийн баримт бичгийг Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 тоот тушаалаар батлагдсан Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 35-39 дүгээр зүйлд заасны дагуу Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмыг баримтлан тендер шалгаруулалтыг явуулсан болно. 
Тендер шалгаруулалттай холбоотойгоор захиалагч байгууллага болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6/4485 дугаар албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт “...байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ” гэжээ. Захиалагчийн дээрх ажлын даалгаврын дагуу Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн ТӨЗ-ний 4.5-т “тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ ирүүлнэ” гэж заасан. 
Мөн тухайн тендерт оролцогчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцах өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу өрсөлдөөнийг хязгаарласан тухай ямар нэгэн гомдол гаргаагүй болохыг дурдъя. 
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Үнэлгээний хороо (эрх залгамжлагч нийслэлийн Засаг дарга)-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... “Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” /Налайх дүүрэг 5 дугаар хороо/ зөвлөх үйлчилгээний ажил нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 24/04 тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/446 дугаар захирамжаар хөрөнгө нь батлагдсан. 
... Захиалагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 6/4485 дугаар дүгнэлтийг манай газарт ирүүлсэн. Уг дүгнэлтэнд “...ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст заасан нарийвчилсан үнэлгээний явцад тодруулах асуудал, онцгойлон анхаарах чиглэлийг харгалзан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан 2015 оны 2 дугаар улиралд багтаан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамд ирүүлэхийг үүгээр мэдэгдье” гэсний дагуу Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ-4.5-д “тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ ирүүлэх тухай” шаардлага тавьсан. 
... Тендерт “Цагаан уулын оргил” ХХК, “Сан зураг” ХХК, “Эм И Си Эс Зэт Би” ХХК гэсэн 3 компани материалаа ирүүлсэн. 
Тендерийн техникийн саналын нээлт 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутанд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд болсон бөгөөд Үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын баталсан тендер шалгаруулах журам, тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлыг харгалзан техникийн саналыг үнэлсэн. 
... “Сан зураг” ХХК нь техникийн саналын авбал зохих доод оноог хангаагүй тул санхүүгийн саналыг нээлгүй буцааж үлдсэн хоёр компани болох “Цагаан уулын оргил” ХХК, “Эм И Си Эс Зэт Би” ХХК-ниудын санхүүгийн саналыг нээж тэмдэглэл хөтөлсөн. 
... Сангийн Яамнаас ирүүлсэн 6/5525 дугаар албан тоот бичгээр Тендерийн бичиг баримтад “Санхүүгийн саналыг нийтийн өмнө нээх, түүнийг онооны системээр үнэлэх: 6.4. Захиалагч техникийн саналыг үнэлэн техникийн доод онооны шалгуурыг хангаагүй, эсхүл ажлын даалгавар болон зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй санал ирүүлсэн зөвлөхөд энэ тухай мэдэгдэж, зөвлөхийг сонгох ажиллагаа дууссаны дараа тэдгээрийн санхүүгийн саналыг нээлгүй буцаах тухай дурдана. Үүний зэрэгцээ техникийн доод оноог хангасан зөвлөхөд санхүүгийн саналыг нээх өдөр, цагийг албан бичгээр болон утсан холбоогоор мэдэгдэнэ. Энэ өдөр нь дээрх мэдэгдлийг гаргасан өдрөөс хойш таваас багагүй бөгөөд санал нээлтэнд оролцох хүсэлтэй зөвлөхөд энэ боломжийг олгохуйц хоногийн дараа байна гэж заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон.
Үүнд Үнэлгээний хороо үнэлгээг буруу хийсэн талаар дурдаагүй болно. 
...Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 282 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.12, 36.17 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сан зураг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 347 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Сан зураг” ХХК-ний захирал Ц.Дондог хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Техникийн саналыг ирүүлэх маягт (3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6)-д бусад мэдээлэл гэгчид зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийн зөвлөх эрхийг зөрчсөн зүйлийг нэмж оруулсан, эрхийн гэрчилгээ, ижил төстэй ажлын гэрээний хуулбар, дээрх мэдээллийг Үнэлгээний хороо харгалзан үзнэ, үнэлгээнд харгалзан үзнэ гэж захиргааны шинж чанартай хууль бус акт хийхээ мэдэгдээд, зөвлөх аж ахуйн нэгжийн өрсөлдөөнийг хязгаарласан, хязгаар хийхээ ТӨЗ 4.5-д ихээхэн тодорхой заасан. 
Сангийн яам 6.4 дэх заалтаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон байхад шүүгч нь Сангийн яаманд гаргасан гомдлыг хянан үзээд монгол хэл зүйн найруулга муу, хариуцагчийн талыг баримталсан давуу талыг олгосон, захиргааны хэм хэмжээгээ зөрчсөн тодорхойлолт бичсэн шүүгч Д.Батбаатарт үнэхээр харамсаж байна. ... Утгагүй зүйлээр “Сан зураг” ХХК-ийн Ц.Дондогт хариуцагчийн 2 дахь урилгыг өгөөгүй болохыг дэмжиж буй шүүгчийг магадлалаа дахин харахыг хүсэж байна. 
Техникийн санал оноогоор үнэлэх, үнэлгээний дэд шалгуур үзүүлэлт бүрийг хураангуйд захиалагч оновчтойгоор бэлтгэж чадаагүй. Үүний улмаас техникийн санал, тендер шалгаруулалт буруу болсон. Үүнийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын захиалагчийн бэлтгэсэн жишээ болох онооны систем 80 онооноос хэтэрч чадаагүй байгааг тодорхой харуулсан болно. 
Тендерийг зарлагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь “Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” нэртэй тендерийг зарласан учраас тендерийн нэр буруу байснаас маргаан дагуулсан. Жишээ нь: Байгаль орчинд бохир усны нөлөөллийн үнэлгээ хийхэд БОНХАЖ-ын яамны сайдын эрхийн гэрчилгээ ирүүлнэ гэсэн, БХБ яамны сайд цэвэрлэх байгууламжид тусгай зөвшөөрөл олгодог, тусгай зөвшөөрөл ирүүлнэ гэж байхгүй. Бусад нэмэлт мэдээлэл гэгчид зөвхөн эрхийн гэрчилгээ ирүүлнэ гэснээр захиргааны хууль бус актын эхлэл болсон. Үнэлгээний хороо үнэлгээндээ харгалзан үзсэнээр аж ахуйн нэгжийг хасах болсон.   
...Тендерт оролцогч Ц.Дондог нь үйлдвэрийн болон ахуйн бохир усыг цэвэрлэх талаар ажлын туршлага ихтэй талаараа захиалагчид маягтаар хүргүүлсэн... БХБ яамнаас зураг төсөл зохиогчид тусгай зөвшөөрөл олгоогүй болохоо албан бичгээр “Сан зураг” ХХК-ний нэр дээр мэдэгдсэн байдаг...гэжээ.
                                                                                 ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” зөвлөх үйлчилгээний тендерт нэхэмжлэгч “Сан зураг” ХХК оролцохоор материалаа хүргүүлсэн, тендер шалгаруулах Үнэлгээний хороо “Сан зураг” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, үндэслэлээ “... техникийн саналын авбал зохих доод оноог хангаагүй” гэжээ.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцохоор хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд урьдчилан (50,000 төгрөгөөр) худалдсан “Тендерийн баримт бичиг”-ийн Хоёрдугаар бүлэг (Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа)-ийн 4.5-д “зөвлөх нь ... ТӨХ (тендерийн өгөгдлийн хүснэгт)-д тодорхойлсон... -ы дагуу  техникийн санал ирүүлнэ” гэж, “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн 4.5-д “... тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ ..., ... сүүлийн 2 жилд ... гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын гэрээний хуулбар болон чанартай гүйцэтгэсэн талаар захиалагчаас гаргуулсан тодорхойлолт... /зэргийг/  ... тендерийн материалд ирүүлнэ” гэж тус тус заасан, нэхэмжлэгч “Сан зураг” ХХК-иас тендерийн материал ирүүлэхдээ дээр дурдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ, сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын гэрээний хуулбар болон чанартай гүйцэтгэсэн талаар захиалагчаас гаргуулсан тодорхойлолт зэргийг хавсаргаагүй, талууд эдгээр үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгч “... /анхнаасаа/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ шаардах ёсгүй, ... /ингэснээр/ нээлттэй тендерт оролцогч аж ахуйн нэгжийн эрхийг хязгаарласан, ... би /олон жил/ цэвэрлэх байгууламжийн чиглэлээр ажиллаж /туршлага хуримтлуулсан/ ... оноогоор үнэлээгүй” гэж, хариуцагч “... хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй /тул/  авбал зохих доод оноог хангаагүй, ... тендерээс татгалзсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “... тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх  тухай сонирхогч этгээдийн саналыг /ойлгоно/” гэснээс үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах гэж буй “захиалагч” нөхцөл шаардлагаа тогтоох эрхтэй, ажил үйлчилгээ худалдах гэж байгаа этгээд уг нөхцөл шаардлагад нийцүүлэн саналаа бэлтгэн ирүүлэх үүрэгтэй байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/446 дугаар захирамжаар “нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих... ажлын жагсаалт-ыг баталсан, уг жагсаалтын 1.8-д Налайх дүүрэгт “Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” хийх зөвлөх үйлчилгээг 25 сая төгрөгийн төсөвт өртгөөр худалдан авахаар шийдвэрлэсэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын орлогч даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3/757 дугаартай албан бичгээр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт “... /дээрх/ захирамжийн дагуу төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ... гэж байгаа тул холбогдох зургийн даалгавар, техникийн тодорхойлолт, бусад материалын ирүүлэх”-ийг хүссэн, тухайн тохиолдолд захиалагч буюу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийчилсан үнэлгээ хийх эрхтэй байх, сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын гэрээний хуулбар болон чанартай гүйцэтгэсэн талаар захиалагчаас гаргуулсан тодорхойлолтоор ажлын туршлагаа нотлох нөхцөл шаардлага тавьж, уг нөхцлөө тендерийн баримт бичигт урьдчилан заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэсэнтэй нийцсэн байх тул уг үйлчилгээг гүйцэтгэхээр сонирхогч “Сан зураг” ХХК захиалагчийн тавьсан нөхцөл, шаардлагын хүрээнд тендерийн баримт бичгээ ирүүлэх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, тендерт оролцохоор сонирхогч этгээдээс захиалагчийн тавьсан шаардлага, нөхцөл “зөв эсэх” эсхүл “тендерийн нэр буруу”  талаар маргах эрхгүй, тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын дагуу материалаа бүрдүүлэн ирүүлэх үүрэгтэй тул “Сан зураг” ХХК-ийн “...үнэлгээний шалгуур үзүүлэлт бүрийг захиалагч оновчтойгоор бэлтгэж чадаагүй, ...үүний улмаас техникийн санал, тендер шалгаруулалт буруу болсон”, “тендерийн нэр буруу байсан” гэх зэрэг үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй. 
Түүнчлэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “... Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих “Гадна бохир усны шугам сүлжээ” төсөлд ... байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай” гэх дүгнэлт гарган Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.6-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ .../-г тусгай зөвшөөрөлтэй/ хийх”-ээр, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг ...  эрх авсан дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэх”-ээр тус тус заасан байх тул “зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээтэй байх” захиалагчийн шаардлага, нөхцлийг “...хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан” гэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “ .../ийм/ тусгай зөвшөөрөл шаардах ёсгүй, ... аж ахуйн нэгжийн эрхийг хязгаарласан” гэх хяналтын гомдол үндэслэлгүй байна. 
Хэрэгт нотлох баримтаар хавсарган ирүүлсэн хоёр хавтас “Тендерийн баримт бичиг” материалаас үзвэл, ТӨХ-ийн 6.2-т “...авбал зохих техникийн доод оноо 70” байхаар тогтоосон, Үнэлгээний хороо “Сан зураг” ХХК-ийн ирүүлсэн тендерийн техникийн саналыг оноогоор үнэлж, “ижил төстэй зөвлөхийн үйлчилгээ үзүүлсэн ажлын тоо, туршлага” шалгуурт авбал зохих 20 онооноос 0.8, “ажлын төлөвлөгөө ба аргачлал” шалгуурт авбал зохих 40 онооноос 19.2 оноо, “гүйцэтгэх голлох мэргэжилтнүүд”-тэй холбоотой шалгуур үзүүлэлтэд авбал зохих 20 онооноос 17 оноо, “зургийн ерөнхий инженерийн ур чадвар” шалгуур үзүүлэлтэд авбал зохих 20 онооноос 18 оноо, нийт 55 оноо өгсөн, энэ нь техникийн саналд авбал зохих нийт 100 онооны 70 хувь хүрээгүй байх тул “Сан зураг” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр нь “Тендерийн баримт бичиг”-ийн 6.2-т “...Үнэлгээний хороо ... техникийн саналд үнэлгээ хийнэ. ... Санал бүрт техникийн оноо өгнө. ... ТӨХ-д заасан техникийн доод оноог хангаагүй тендерээс татгалзана” гэсэнд нийцсэн, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэл бүхий болжээ. 
Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 282 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 347 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Сан зураг” ХХК-ийн захирал Ц.Дондогийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч “Сан зураг” ХХК-ийн захирал Ц.Дондог улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             М.БАТСУУРЬ 

ШҮҮГЧ                                                        Д.МӨНХТУЯА