Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-08-03
Дугаар 268
Хэргийн индекс 128/2015/0444/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч А.Буянхишиг
Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Д.Ганбат
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

А.Буянхишигийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарантуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаар магадлалтай, А.Буянхишигийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Буянхишиг надад 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-338 дугаар тушаалаар Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийг олгож, 2011/60 тоот гэрчилгээгээр баталгаажуулсан тул би Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай “Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээ”-г 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан.

А.Буянхишиг миний бие Тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд 2014/04 тоот “Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээ”-нд зааснаар “Мод тарих, цэцэрлэгт хүрээлэн” байгуулах 0.4 га газрын өөрт ногдох хэсэгт 60 орчим мод, бут, суулгацыг тарьж, цаашид үржүүлгийг өргөжүүлэхээр ажиллаж байна.

Гэрээний дагуу талбай дээр мод үржүүлгийн ажлыг хийж байхад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Нүхтийн амыг хариуцсан мэргэжилтэн 2015 оны 04 дүгээр сард “...танай мод үржүүлгийн талбайд газар олголт хийнэ” гэж мэдэгдсэний дагуу 2015 оны 04 дүгээр сард Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын захиргааны дарга, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нарт гомдлоо гаргасан боловч ямар ч хариу өгөөгүй.

Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Нүхтийн ам хариуцсан мэргэжилтэн “...танай мод үржүүлгийн газарт Д.Ганбат гэдэг хүнд газар олголт хийсэн, кадастрын зураг үзүүлсэн” тухай мэдэгдсэн тул “... газар олгосон шийдвэртэй танилцъя” гэхэд “сайдын тушаал гарсан” гэснээс өөр зүйл үзүүлж чадаагүй.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайд 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А-188 дугаар тушаалыг гаргахдаа дээрх мод, бут, сөөг тарьсан 0.07 га газартай давхцуулан иргэн Д.Ганбатад 1485 м.кв газар ашиглуулах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Кадастрын зураглал, газрын кадастрын тухай хууль, Байгаль орчны сайдын 2011 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”, мөн Сайдын 2008 оны 271 дүгээр тушаалаар батлагдсан “Богдхан уулын дархан цаазат газрын Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар газар ашиглах, байгаль хамгаалах журам”-ын холбогдох заалтууд, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг хуулиудыг зөрчсөн.

Иймд, иргэн Д.Ганбатад газар ашиглуулахаар олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Богдхан уулын Дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын 2014/04 дугаар гэрээ”-г 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээнд заасан 0.4 газартай давхцуулан иргэн Д.Ганбатад газар ашиглуулах шийдвэр гаргасан гэдэг.

Гэвч А.Буянхишигийн “Богдхан уулын Дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын 2014/04 дугаар гэрээ”-гээр ашиглаж байгаа 0.4 га газар нь хууль тогтоомжийн дагуу олгогдсон, албан ёсны ашиглах эрхтэй газар биш тул газрын давхцалтай гэж маргах эрх зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-т “төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан. Гэтэл төрийн захиргааны төв байгууллага буюу сайдын шийдвэргүйгээр газар ашиглуулах гэрээг Богдхан уулын хамгаалалтын захиргаа байгуулсан нь хууль бус юм. Мөн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр буюу гэрээгээр газар ашиглах эрх үүсэхгүй болно.

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т газар ашиглагчийн үүргийг зааж өгсөн бөгөөд нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээг өөрийн буюу зөвшөөрөл бүхий тухайн газарт хэрэгжүүлэхээр заасан.

Иргэн Д.Ганбат газар ашиглах хүсэлтээ холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргаж, тус хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь бусдын хууль ёсны эрх ашгийг хөндсөн зүйлгүй болно.

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Ганбатад олгогдсон Нүхтийн зуслангийн газрын солбилцлын цэгүүд нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээ”-ний дагуух талбайн солбилцлын цэгүүд хоорондоо давхцаагүй.

2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгогдсон Газар ашиглах эрхийн гэрчилгээний талаар маргадаг. Гэтэл нэхэмжлэгч анх “...эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа 0.4 га газрын давхцлын тухай асуудал байгаа. Иргэн А.Буянхишиг гэдэг хүн мод үржүүлгийн гэрээгээр олгогдсон газар болон Д.Ганбатын авсан газар энэ 2 газрын хооронд кадастрын солбицол байхгүй. Анх А.Буянхишиг гэдэг хүнд гэрээгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газраас олгогдсон газар нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зуслангийн газар гэж авсан 800 м.кв газартай давхцсан байсан. Иргэн Д.Ганбат анх энэ маргаан бүхий газарт хуулийн дагуу хүсэлтээ гаргаж, өмчилж авсан. Мод үржүүлэх гэрээн дээр нөхөн сэргээлт хийх мод үржүүлэх талбайн га, солбилцлын цэгүүдийг зааж өгсөн байгаа. Түүнээс биш 0.4 га газрыг гэрээн дээр зааж өгөөгүй. Тэгхээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрэээнд маргаагүй. Иймд, иргэн А.Буянхишигт газар эзэмшүүлэх хуулийн үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн А.Буянхишигээс гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалын иргэн Д.Ганбатад газар ашиглуулахаар олгосон холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус акт болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Буянхишиг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохих журмыг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх иргэн миний хөндөгдсөн эрх, ашиг сонирхлыг авч үзэлгүй зөвхөн гэрээнд заасан солбицлын цэгийн давхцалтай байсан талаар дүгнэсэн нь өрөөсгөл юм.

Миний бие Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газраас гаргасан менежментийн төлөвлөгөөнд мод тарих, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглахаар тусгагдсан 0,04 га газарт мод үржүүлэг хийх хүсэлтээ 2014 оны 06 дугаар сарын 13-н өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын мэргэжилтэн, байцаагч нар газар дээр нь очиж судалгаа хийн мод үржүүлгийн газрын хил заагийг тогтоож өгсөн.

Үйл баримтын бодит байдлыг тогтоолгүйгээр буюу гэрчийн мэдүүлгийг үнэлэлгүй, мод үржүүлгийн ажил хийгдсэн газар дээр очиж үзлэг хийлгүйгээр зөвхөн цаасан дээр бичигдсэн мэдээллийг үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.”3ахиргааны хэргийг хянан шийдэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”гэж заасан үүргээ хангалттай гүйцэтгэлгүйгээр шийдвэрлэсэн тул хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Миний бие 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр уг газрыг ашиглах хүсэлтээ гаргасан. Гэтэл шүүхээс иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах талаар ямар нэг ажиллагаа хийлгүйгээр нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын менежментийн төлөвлөгөөг баталсан. Иргэн, аж ахуйн нэгж нь аливаа газрын эзэмших, ашиглахдаа эрх бүхий байгууллагаас баталсан төлөвлөгөө, зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд төлөвлөгөөний дагуу иргэн А.Буянхишигийн мод үржүүлгийн ажил гүйцэтгэж буй газар нь “мод үржүүлэг, цэцэрлэгт хүрээлэн”-гийн зориулалтаар ашиглахаар төлөвлөгдсөн газар юм.

Шүүхээс 2014/04 тоот “Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээ”-нд дурьдагдсан координатын цэгийн үнэн зөв эсэх талаарх нотлох баримт цуглуулах ажиллагааг хийлгүйгээр хэргийг тал бүрээс нь судлан үзэлгүйгээр шийдвэрлсэн тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Мөн иргэн Д.Ганбатад газар ашиглах эрх олгосон 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А-188 дугаартай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Геодези зураг зүйн тухай хууль, Кадастрын зураглал, газрын кадастрын тухай хууль. Байгаль орчны сайдын 2011 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам” зэрэг холбогдох хууль тогтомжийг зөрчин олгогдсон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад уг нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргааны үйл баримтад хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Энэ хэргийн гуравдагч этгээд иргэн Д.Ганбатад Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар 0,1485 га газар ашиглах зөвшөөрөл олгосон маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалын улмаас  нэхэмжлэгч А.Буянхишигийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой, зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч А.Буянхишиг нь 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2011/60 дугаар бүхий Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу маргаж буй газрын байршлийн ойролцоо зуслангийн зориулалтаар 800 м.кв газрыг ашиглах эртэйгээс гадна Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 2014/04 дүгээр гэрээнд заагдсан солбицол бүхий талбайд нөхөн сэргээлт хийх, мод тарих гэрээг байгуулсан, энэ нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байхыг тухайн гэрээнд заасан байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ анх “... газар давхцсан ...” хэмээн тодорхойлж байсан бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... захиргааны байгууллага тухайн актыг гаргахдаа холбогдох хууль болон журмаар тодорхойлогдсон тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах талаарх шаардлагуудыг зөрчсөн ...” хэмээн тодруулан маргажээ.

Байршилын хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны А-188 дугаар тушаалаар гуравдагч этгээд Д.Ганбатад олгогдсон болон  нэхэмжлэгч А.Буянхишигийн  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2014 онд байгуулсан гэрээнд нөхөн сэргээлт хийх, мод тарихаар заагдсан солбицол бүхий газрууд хоорондоо давхцалгүй болох нь хэрэгт цугларсан газрын байршлын зураг, мэдээллийн санд байршуулсан кадастрын зураг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн нөхөн сэргээлт хийж мод тарьсан газар нь гэрээнд  заагдсанаас өөр газар бөгөөд “... гэрээнд координатын цэг буруу тэмдэглэгдсэнээс давхцал бий болсон, үүнийг шүүх бодит байдал дээр үзэж шалгаагүй...” гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь,  шүүх нэхэмжлэгчийн газар ашиглах эрх  зөрчигдсөн эсэх асуудлыг зөвхөн түүнд газар олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрийн хүрээнд дүгнэн үзэх тул нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар гэрээнд заагдсанаас өөр газарт мод тарьсан, уг газар гуравдагч этгээдэд олгогдсон газартай давхцал бий болсон  гэх нөхцөл байдлыг түүний газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамруулж үзэхгүй болно.

Мөн “... солбицол буруу тэмдэглэгдсэн ...” гэх асуудал нь  “... газрын давхцал бий болсон ...” гэх энэ маргаанд хамааралгүй тул шүүх үүнийг шалгах шаардлагагүй юм.    

Дээрх байдлаар газар давхцаагүй, нэхэмжлэгчийн  газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул “... захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох хууль, журмыг зөрчсөн ...” хэмээн уг захиргааны актыг илт хууль бусад тооцох боломжгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар дээрх хоёр нөхцлийн аль аль нь бүрдсэн тохиолдолд тухайн актыг хүчингүй болгох зохицуулалттай юм.

Иймээс нэхэмжлэгчийн “... шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагч захиргааны акт гаргахдаа хууль зөрчсөн байтал давж заалдах шатны шүүх үүнийг шалгалгүйгээр мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ зөрчсөн ...” гэх гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр,  магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Буянхишигийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                    ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ