Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-07-27
Дугаар 255
Хэргийн индекс 128/2015/0878/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Д.Адъяасэд
Хариуцагч Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Иргэн Д.Адъяасэдийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Д.Адъяасэд, түүний өмгөөлөгч О.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0324 дүгээр магадлалтай, иргэн Д.Адъяасэдийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Адъяасэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Адъяасэд би 2007 оноос эхлэн Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт байгаль хамгаалагчаар ажилласан бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа эдлээд 09 дүгээр сарын 26-ны өдөр ажилдаа орохоор иртэл Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Соронзонболд “...таныг амралттай байх хугацаанд шалгалт хийхэд улсад их хэмжээний хохирол учруулсан зөрчил илэрсэн. Хэрвээ та өөрөө өвчин зовлонтой боллоо гээд ажлаас халагдах өргөдлөө өгөөд гарвал таныг шалгаж зовоохгүй, оронд чинь өөр хүн авна” гэж хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс “608 ширхэг нойтон мод огтолж, улсад 43.815.000 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, 1 жил гаруй хугацаанд байцаан шийтгэх ажиллагаа явуулаад гэм буруугүй болохыг тогтоож, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон. Миний бие Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт “ажлаас халагдах тухай” ямар нэгэн хүсэлт, тэр тусмаа эрүүл мэндийн шалтгаанаар халагдах хүсэлт огт өгөөгүй, эрүүл мэндийн улмаас ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон тухай эрх бүхий шийдвэр, магадлал огт байхгүй байхад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар намайг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас халсан байна. Иймд, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын /Г.Болормаа/ 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д.Адъяасэд нь Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны амыг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр өвчний учир чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2013 оны 10  дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Улмаар 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар “Ажил хүлээлцэх комисс” байгуулан 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, Д.Адъяасэдээс ажлыг хүлээн авч шинээр ажилд орсон байгаль хамгаалагч н.Ганболдолд түүний ажлыг хүлээлгэн өгсөн. Энэ талаар илтгэх хуудас бичиж, комиссын гишүүд болон ажлаа хүлээлгэж өгч байгаа байгаль хамгаалагч болон хүлээн авсан байгаль хамгаалагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Ажил хүлээлцэх явцад Д.Адьяасэд байгаль хамгаалагчийн хариуцаж байсан газраар явж үзэхэд ихээхэн хэмжээний нойтон мод огтлогдсон байсан ба энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох тул ажил хүлээлцэх комисс ярилцаад байгууллагын зүгээс дахин ой модоор нь явж шалгах комисс томилж, тооллого явуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгууллагаас комисс гарч Толгойтын Зүүн салааны "Ухны ам"-нд тооллого явуулж, 608 ширхэг нойтон мод огтлогдсон болохыг тогтоосон тул харъяалах дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Энэ асуудал нь түүнийг ажлаас чөлөөлсөн асуудалтай огт холбоогүй бөгөөд дараа нь болсон асуудал юм. Нэхэмжлэлд “2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан” гэжээ. Энэ нь худал болохыг баримтаар нотлогдоно.  Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг баримтлан Д.Адъяасэдийн “Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0324 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.3. 23.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4. 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Д.Адьяасэдийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Д.Адьяасэдийг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх буюу 14 сар 20 хоногийн цалин хөлс 6.750.491 төгрөгийг хариуцагчаас гаргуулсугай” гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Д.Адъяасэд нь Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороог хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хүсэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар чөлөөлсөн, хэдийгээр түүнийг эрүүл мэндийн шалтгааныг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байгаагүй ч, хуулийн энэ үндэслэлээр чөлөөлөхөд заавал мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхыг шаардсан зүйл байхгүй юм. Нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх үйл баримтыг нотлохын тулд Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтгэр, Бүртгэл хяналтын карт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүхээс бичиг хэргийн ажилтан Т.Туяаг гэрчээр асуусан. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрч Т.Туяагийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д “үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон зохигчийн төлөөлөгчийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй” гэснийг зөрчсөн гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасан зохицуулалт нь үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн  өмгөөлөгчийг гэрчээр оролцуулж боломжгүй талаар заалт бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Нөгөөтэйгүүр, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан давж заалдах шатны шүүх уг маргааныг шийдвэрлэсэн атлаа 39.4-т заасныг ямар үндэслэлээр хэрэглэхгүй байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл болж байна. Д.Адъяасэд 2013 оны Б/109 дүгээр тушаалыг мэдэж байсан гэдгээ шүүхэд мэдүүлсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдож байхад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзсэнгүй. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ

Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар тус газрын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Толгойтын зүүн салаа хариуцсан байгаль хамгаалагч Д.Адъяасэдийг эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх болсон гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас түр чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Д.Адъяасэд “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан үндэслэл бүрдээгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэж марган, дээрх 2013 оны Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр, Бүртгэл, хяналтын карт, Ажил хүлээлцсэн акт зэргээр Д.Адъяасэд 2013 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдож байхын зэрэгцээ түүний 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн, ажил үүргээ гүйцэтгээгүй нь “Ажлаас чөлөөлөх тухай” захиргааны байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэтэл Давж заалдах шатны шүүхээс “Д.Адъяасэдийн гаргасан хүсэлт хэрэгт байхгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гэх баримтууд авагдаагүй” гэсэн үндэслэлээр дээрх Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан “...биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэх нөхцөл байдлыг төрийн албан хаагч өөрөө нотлох бөгөөд шаардлагатай тохиолдолд захиргааны байгууллага тодруулах арга хэмжээ авах эрхтэй юм.

Тухайн тохиолдолд, Д.Адъяасэдийн гаргасан хүсэлтийг үндэслэн түүнийг төрийн албанаас түр чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасантай нийцсэн, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн төрийн алба эрхлэх эрх зөрчигдөөгүй байх тул “ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн 2013 оны Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн ... төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасны дагуу мөн хуулийн 23.3.1-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн Д.Адъяасэд нь төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох учиртай.

Хариуцагч Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/1600 дугаар албан бичгээр Д.Адъяасэдийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцож, тус байгууллагад сул орон тоо байхгүй тул ажиллуулах боломжгүй талаар мэдэгдэж байсан атлаа энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад “Д.Адъяасэд ажлын хариуцлага алдаж, албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан, гэмт хэргийн шинжтэй зөрчил тул түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилох боломжгүй” гэсэн тайлбарыг ирүүлсэн нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдон, сул орон тоо гарсан нөхцөлд ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхийг зөрчжээ.

Иймд, нэхэмжлэгч Д.Адъяасэдийн “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0324 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5-д заасныг баримтлан Д.Адьяасэдийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Д.Адъяасэдийг байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн томилохыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                                Х.БАТСҮРЭН