Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-10-10
Дугаар 291
Хэргийн индекс 128/2015/0654/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Р.Анхбаяр, Я.Ганчимэг, Н.Мөнхцэцэг, Ш.Чулуунхүү, Б.Хулан
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ц.Орхон
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Иргэн Р.Анхбаяр, Я.Ганчимэг, Н.Мөнхцэцэг,

Ш.Чулуунхүү, Б.Хулан нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Н.Мөнхцэцэг, Ш.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 247 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0393 дугаар магадлалтай, Р.Анхбаяр, Я.Ганчимэг, Н.Мөнхцэцэг, Ш.Чулуунхүү, Б.Хулан нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 247 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг баримтлан Ш.Чулуунхүү, Р.Анхбаяр, Н.Мөнхцэцэг, Я.Ганчимэг, Б.Хулан нарын “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0001425 №223/2015 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 37б, 38б байрны дунд газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0393 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэмэгдүүлсэн Нийслэлийн Засаг даргын дугаар нь нууцлагдсан захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн 3 дахь заалтыг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Б.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч нар захиргааны хэргийн шүүхэд 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанаар зөвхөн нэг шаардлагыг шийдвэрлээд нөгөөг нь огт дурдаагүй, хэлэлцэлгүй орхисон. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг давж заалдах гомдлоор хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь процессын алдаа гэж үзэж  байна. Учир нь, нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн дотор шийдвэрлэж, хэрэг үүсгэхээс татгалзсан тохиолдолд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нэхэмжлэгчид байдаг. Гэтэл анхан шатны шүүх ийм ажиллагааг огт хийгээгүй, давж заалдах шатны шүүх магадлал гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасан “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэснийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг анхан шатны журмаар бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн атлаа иргэдийн төлөөлөгчдийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, нэхэмжлэгч нарт хурлын товыг мэдэгдээгүй, зөвхөн Б.Хулангийн төлөөлөгч надад л мэдэгдсэн байгаа нь процессын алдаа төдийгүй, нэхэмжлэгчдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд “дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх автомашины зогсоол”-ын зориулалтаар Баянзүрх дүүрэгт 1150 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, харин 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүүхдийн тоглоомын талбай тохижилт бүхий автомашины газар доорх зогсоол байгуулах тухай” А/322 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар байрны зүүн талд 1550, 6 дугаар байрны урд 2000 м.кв газрыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд төлөвлөсөн байдаг. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/918 дугаар захирамж нь архиваас өөр өөр янзаар гарч ирдэг бөгөөд энийг шалгуулах хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр татгалзсан атлаа захирамж, захиргааны актууд дээрх алдаатай үг, үсгийг техникийн шинжтэй, ялимгүй зөрчил гээд хайхрахгүй өнгөрч байгаа нь хэргийн үнэн мөнийг олоход саад учруулж байна. Ц.Орхон анх 40, 41 байрны дунд захирамж гаргуулсан гэдэг ба энэ захирамжийн хавсралтыг өөрчлөөд 37б , 38б байрны зүүн талд болгосон гэсэн, энэ талаар шүүх мөн л шалгаж тогтоогоогүй. Бид “Ус дулааны төвд олгосон” нэг ижил байршилтай, давхцсан захирамжтай холбоотой материалыг  шүүхээр гаргуулахаар удаа дараа оролдсон боловч шүүх энэ талаар шалгаж тодруулахаас татгалзаж, хэргийн бусад оролцогчид нь үүнийг нуух, мэдэгдэхгүй байхыг хичээсэн тул нэхэмжлэгч нарын зүгээс аргагүйн эрхэнд нэр, дугаар нь нууцлагдсан захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн юм. Гэтэл шүүх хэргийн үнэн зөвийг олохын оронд анхнаасаа нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/918 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1150 м.кв газрыг “Дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх автомашины гараж”-ийн зориулалтаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэн Ц.Орхоноос гаргасан хүсэлт, Нийслэлийн Засаг даргын дээрх А/918 дугаар захирамж болон холбогдох бусад бичиг баримтыг үндэслэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37б 38б байрны дунд “Дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай, газар доорх гараж” барих “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус тус олгожээ.

Нэхэмжлэгч Р.Анхбаяр, Я.Ганчимэг, Н.Мөнхцэцэг, Ш.Чулуунхүү, Б.Хулан нараас “оршин суугчдаас санал авалгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон, тус байршилд гараж барих нь орон сууцны барилгын чанарт сөргөөр нөлөөлнө” гэсэн үндэслэлээр тухайн байршилд гараж барихыг эс зөвшөөрч, маргажээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас маргаан бүхий байршилд тохижилт бүхий газар доорх 1 давхар автозогсоолын “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ц.Орхонд олгосон үйл баримтаас хойш батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын дагуу “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд автозогсоол барих тохиолдолд оршин суугч иргэдийн саналыг бичгээр авсан байх”-ыг шаардах боломжгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн тухайн орчмын автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх авто зогсоолын барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосны улмаас нэхэмжлэгч нарын орон сууцны байшингийн чанар муудах, нурах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн эсэх нь баримтаар  тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Харин нэхэмжлэгч нараас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37б, 38б байрны зүүн талд газар эзэмших эрх олгосон, огноо, дугаар нь нууцлагдсан захирамжийг хүчингүй болгуулах” гэж ямар захиргааны актад холбогдуулан маргаж байгаа нь тодорхойгүй шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авах эсэх талаар шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөсөн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3, 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх бол; иргэн, хуулийн этгээдээс хууль бус гэж үзэж байгаа захиргааны актаа тодорхойлон,  түүний улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, эрхээ хэрхэн сэргээлгэх талаар нэхэмжлэгч өөрөө тодорхойлох учиртай.

Нэхэмжлэгч Р.Анхбаяр, Я.Ганчимэг, Н.Мөнхцэцэг, Ш.Чулуунхүү нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул шүүх хуралдааны товыг гомдол гаргагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргах ба энэ тохиолдолд шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, тэдгээрийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүрэгтэй” гэж заасныг зөрчөөгүй, энэ талаарх нэхэмжлэгч Б.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар  сарын 17-ны өдрийн 221/МА2016/0393 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН