Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-10-10
Дугаар 292
Хэргийн индекс 128/2015/0269/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч “Норбу” ХХК
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Баяржаргал, Б.Халиунаа
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“Норбу” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Норбу” ХХК-ийн захирал Ц.Тогтохдалай, түүний өмгөөлөгч Г.Батдорж,  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уранчимэг, хариуцагч З.Баяржаргал, Б.Халиунаа, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0434 дүгээр магадлалтай, “Норбу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Баяржаргал, Б.Халиунаа нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар шийдвэрээр 1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-д заасныг баримтлан татварын улсын байцаагчийн 2013 оны 253858 актаар тогтоосон төлбөрөөс багасгаж тооцсон төлбөрийн үлдэх хэсэг болох 7,793.0 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх, 2,337.9 мянган төгрөгийн торгууль, 2,485.2 мянган төгрөгийн алданги, нийт 4,823.1 мянган төгрөгийн төлбөр тогтоосныг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 2. Нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг 253858 тоот актаар тогтоосон төлбөрөөс багасгаж тооцсон төлбөрийн үлдэх хэсэг болох 7,793.0 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх, 2,337.9 мянган төгрөгийн торгууль, 2,485.2 мянган төгрөгийн алданги, нийт 4,823.1 мянган төгрөгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж, тухайн хэмжээний дүнгээр актын төлбөрийг багасгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0434 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтуудыг нэгтгэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 13 дугаар зүйлийн 13.6.7, 14 дүгээр зүйлийн 14.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан “Норбу” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 253858 тоот актын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Санхүүгийн түрээсийн хүүтэй холбогдох хэсгийг зөрчилд тооцож 26,833,700 төгрөгийн нөхөн татвар, 8,050,100 төгрөгийн торгууль, 12,546,000 төгрөгийн алданги ногдуулсныг хүчингүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-т заасныг баримтлан 2,937.900 төгрөгийн торгууль, 2,654.400 төгрөгийн алданги, нийт 5,592.3 мянган төгрөгийн төлбөрийг өршөөж, 253858 тоот актаар тогтоосон төлбөрөөс нийт 53,022,100 төгрөгийг хасч багасгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч “Норбу” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “Норбу” ХХК өөрийн нэр дээр банкнаас зээл авч ашигласан бөгөөд үндсэн зээл, зээлийн хүүг компани өөрийн хөрөнгөөс төлж барагдуулсан. “Норбу” ХХК, “Норбу агко” ХХК, “Норбу экьюпмент” ХХК-ууд нь хоорондоо хаамарал байхгүй, охин болон давамгай байдалтай хуулийн этгээдүүд биш бөгөөд бүгд тус тусдаа санхүүгийн эх үүсвэрээр байгуулагдсан бөгөөд харин Тогтохдалай нь эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд гүйцэтгэх удирдлагаар ажилладаг юм. Гэтэл “Норбу” ХХК-ийн банкнаас авсан зээлийн хүүгийн зардлыг татвараас хасагдах зардал биш гэж үзэн, бусад компанид ашигласан мэтээр худал гүтгэж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “энэ хуулийн 8.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэж заасантай нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээрх зээлийг “Норбу” ХХК өөрийн үйл ажиллагаандаа зарцуулаагүй гэсэн татварын байцаагчийн дүгнэлтийг нягтлан шалгаагүй, хариуцагч талын дүгнэлтийг хийсвэрээр баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Эдгээр компаниудын хувьцаа эзэмшигч, дүрэм хэрэг хэрэг ач холбогдолтой нотлох баримтыг шинжлэн судлаагүй, шалгаж тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Манай компани гурвалжингийн төмрийн захаас арматур худалдан авч, ашигласан бөгөөд манай арматур худалдсан “Хүслэнт Хулан” ХХК нь зохих журмын дагуу бүхий л баримтыг бүрдүүлэн өгч, энэхүү санхүүгийн баримтуудыг үндэслэн бид нягтлан бодох бүртгэлдээ тусгасан болно. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биел байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу манай компани “Хүслэнт Хулан” ХХК-д бараа худалдан авсны төлбөр мөнгийг тушааснаар, уг компани холбогдох баримт бичгийг бидэнд шилжүүлснээр энэхүү худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэхүү худалдан авалтыг хуурамч гүйлгээ байна гэж биднийг хуурамч падаан бүрдүүлсэн мэт гүтгэн нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсанд гомдолтой байна. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Баяржаргал, Б.Халиунаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Татварын улсын байцаагчийн 253858 дугаар актаар тогтоосон “Санхүүгийн түрээсийн хүүд хамаарах нийт 292,599,700 төгрөгийн зөрчилд ногдох 29,259.9 төгрөгийн нөхөн татвар, 8,788.1 мянган төгрөгийн торгууль, 13,759.2 мянган төгрөгийн алдаги ногдуулсныг хүчингүй болгож, “Норбу” ХХК-ийн төлбөр зохих төлбөрөөс багасгаж шийдвэрлэхдээ шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “Норбу” ХХК 6,107,930.5 мянган төгрөгийн борлуулалт хийснээс НӨАТ-тай борлуулалт нь 5,765,909.9 мянган төгрөг харин чөлөөлөгдөх борлуулалт нь 342,020.6 мянган төгрөг байсан.  Борлуулалтад хамаарах НӨАТ-ын буцаалт буюу худалдан авалтаар 4,809,702.5 мянган төгрөг хасагдаж үлдэх хэсэгт НӨАТ төлөх тайлан гаргасан нь НӨАТтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь НӨАТ ногдох, үлдсэн хэсгийг уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл үйлчилгээнд буюу ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн НӨАТ ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэж заасны дагуу чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалт болох 292,599,7 мянган төгрөгийн зөрчилд буюу 29,259.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 8,778.1 мянган төгрөгийн торгууль, 13,759.2 мянган төгрөгийн алдангийг төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байсан.  Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалын санхүүгийн түрээсийн хүүд хамаарах 292,599,700.00 мянган төгрөгийн зөрчлийн дүнтэй хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “Норбу” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зээлийн хүүгийн төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцсон асуудлын тухайд:

“Норбу” ХХК 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Голомт банкнаас 1 жилийн хугацаатай 1 тэрбум төгрөгийн зээл /хүү 1,4%/ авч, өөрийн дансаар “Норбу экьюпмент” ХХК-д шилжүүлсэн үйл баримттай талууд маргаагүй. Харин хариуцагч “уг зээлийг “Норбу” ХХК өөрийн үйл ажиллагаандаа зарцуулаагүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэлгүй” гэж, нэхэмжлэгч “зээлийн хүүд төлбөр төлсөн нь үнэн тул хасаж тооцох үндэслэлтэй, татварын улсын байцаагч уг зээлийг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаагүй гэдгийг хангалттай нотлоогүй, хийсвэр дүгнэсэн” гэсэн үндэслэлээр тус тус маргажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд албан татвар ногдох орлогоос хасагдах зардалыг тодорхойлсон ба 12.1.7-д “зээлийн хүү” гэж заасан байна. Энэхүү албан татвар ногдох орлогоос хасч тооцох зээлийн хүүг мөн хуулийн 14 дүгээр зүйлд нарийвчлан тодорхойлсон байна.

Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “энэ хуулийн 8.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэж, аж ахуйн нэгж зээлийг ямар зорилгоор авсан, тухайн зориулалтаар ашигласан эсэхээс хамаарч зээлийн хүүг татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэл болохоор заажээ.

Нэхэмжлэгч 2010 онд Голомт банкнаас авсан 1 тэрбум төгрөгийн зээлийг өөрийн үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэхэд зориулан авсан, тухайн зориулалтаар зарцуулсан болохоо өөрөө нотолж чадаагүй байхын зэрэгцээ уг зээлийг өөрийн хамаарал бүхий “Норбу экьюпмент” ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тухайн зээлийн хүүд төлсөн 96,475,100 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэлгүй байна.

“Хүслэнт хулан” ХХК-ийн хий бичилттэй НӨАТ-ын падааныг ашиглан төсөвт төлөх татварыг бууруулсан асуудлын тухайд:

 “Норбу” ХХК 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Хүслэнт хулан” ХХК-иас 20,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг худалдан авсан хэмээн №010092772 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, орлого, зарлагын баримтыг үндэслэн төсөвт төлөх тухайн татвараас 2,000,000 төгрөгийг хасч тооцсон байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” байхаар заасан ба  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4-т “анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” гэж тодорхойлжээ.

“Хүслэнт хулан” ХХК-ийн захирал Ш.Жаргалмаа “нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичилттэйгээр бусдад ашиглуулсан” талаар Цагдаагийн байгууллагад мэдүүлэн, тус компанийн НӨАТ-ын падааныг хий бичилттэйгээр бусад аж ахуйн нэгжүүд ашигласан эргэлзээтэй нөхцөл байдалд “Норбу” ХХК тухайн худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болохоо падаан, орлого зарлагын баримтаас бусад  анхан шатны баримтаар эргэлзээгүй нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан “Хүслэнт хулан” ХХК-ийн борлуулалтын дэвтэр, падаан, орлого, зарлагын баримтаар “Норбу” ХХК-ийг тус компаниас 20,000,000 төгрөгийн худалдан авалт хийж, түүнд ногдох 2,000,000 төгрөгийн татвар төлсөн гэж үзэх боломжгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Санхүүгийн түрээсийн гэрээний хүүгийн талаар:

Татварын улсын байцаагч “тус компани 2008-2012 онд хийсэн нийт 6,107,930,500 төгрөгийн борлуулалтаас санхүүгийн түрээсийн хүү 342,020,600 төгрөг бөгөөд энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн тул төсөвт төлөх тухайн татвараас хасах үндэслэлгүй” гэж маргаж байхад шүүх маргааны үйл баримтыг буруу тодорхойлсны улмаас үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэрлэн заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа, үйлчилгээ нь анхнаасаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх ойлголт; харин хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх нь нэгэнт төсөвт төлсөн татварыг төсөвт төлөх тухайн татвараас хасч тооцох харилцаа юм.

“Норбу” ХХК тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн гэрээгээр худалдан  борлуулдаг ба тухайн бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг гаалиар оруулж ирэхдээ төлдөг, харин уг барааг санхүүгийн түрээсийн гэрээгээр борлуулсан санхүүгийн түрээсийн хүү нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.7-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлчилгээнд хамаардаг, өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татвар анхнаас нь ногдуулаагүй бараа, үйлчилгээнд хасалт хийх үндэслэлгүй байна.

“Норбу” ХХК-ийг чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтаар хасч тооцсон зөрчил гаргасан гэсэн татварын улсын байцаагчийн тайлбар үндэслэлтэй байх боловч  Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “268,377.1 мянган төгрөгийн зөрчилд 26,833.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 8,050.1 мянган төгрөгийн торгууль, 12,546.0 мянган төгрөгийн алданги” гэж маргаан бүхий актын тооцоололд өөрчлөлт оруулсан байх тул энэ хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “Норбу” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0434 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 13 дугаар зүйлийн 13.6.7, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийг тус тус баримтлан “Норбу” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Баяржаргал, Б.Халиунаа нарын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 253858 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан “Норбу” ХХК-ийг 10,988.0 мянган төгрөгийн торгууль, 15,200.4 мянган төгрөгийн алданги төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаад,  мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН