Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-10-10
Дугаар 293
Хэргийн индекс 128/2015/0235/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Б.Саруул
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Т.Жавхлан, О.Насанхишиг, С.Базаррагчаа, Н.Цэцэгмаа, С.Түмэнбаяр, М.Батзориг, Б.Орхон, Д.Гантулга, М.Ганболд, Д.Тайван-Од, Ч.Мөнхсайхан
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Иргэн Б.Саруулын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баатаржаргал, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2016/0381 дүгээр магадлалтай, иргэн Б.Саруулын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан Б.Саруулын “Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн Т.Жавхлан, О.Насанхишиг, С.Базаррагчаа, Н.Цэцэгмаа, С.Түмэнбаяр, М.Батзориг, Б.Орхон, Д.Гантулга, Н.Төмөрбаатар, М.Ганболд, Д.Тайван-Од нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн С.Базаррагчаа, Ч.Мөнхсайхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” 574 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2016/0381 дүгээр магадлалаар шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б.Саруулын “Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” гэснийг “нэхэмжлэгч Б.Саруулын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамжийг хүчингүй болгож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баатаржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжуудаар Б.Саруулын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулан нэр бүхий 11 иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус байхад эдгээр захирамжууд нь хууль ёсны гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Шүүхээс нэхэмжлэгч Б.Саруулыг А/31 дүгээр захирамжид гомдол гаргаагүй учраас нэр бүхий 11 иргэнд бусдын эзэмшиж буй газартай давхцуулан олгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь, Баянгол дүүргийн Засаг дарга 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар А/31 дүгээр захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон жагсаалтад заагдсан иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байгааг шүүх анхаарч дүгнэж чадсангүй. Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Б.Саруулаас “Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Гэр бүлийн хамтын хэрэгцээнд газар эзэмших эрх олгох тухай” А/240 дүгээр захирамжийн Т.Жавхлан, О.Насанхишиг, С.Базаррагчаа, Н.Цэцэгмаа, С.Түмэнбаяр, М.Батзориг, Б.Орхон, Д.Гантулга, М.Ганболд, Д.Тайван-Од нарт холбогдох хэсгийг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай, гэрээний хугацаа сунгах, талбай, байршлын хаяг өөрчлөх тухай”  А/839 дүгээр захирамжийн С.Базаррагчаа, Ч.Мөнхсайхан нарт холбогдох хэсгийг, мөн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/1081 дүгээр захирамж, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/574 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баатаржаргал шүүхийн шийдвэр, магадлалын “нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” хэсгийг эс зөвшөөрч, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анх “Флора центр” ХХК эзэмшиж байсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4 станцын урд байрлах 10000 м.кв газраа 2012 оны 05 дугаар  сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр иргэн Б.Саруулд шилжүүлснийг Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/301 дүгээр захирамжаар баталгаажуулж, улмаар Б.Саруулаас уг газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмших хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар шийдвэрлэж, тэрээр тухайн байршилд 21801 м.кв газрыг “цэцгийн хүлэмжний зориулалт”-аар эзэмших эрхтэй болжээ.

Гэтэл Б.Саруулд 21801 м.кв газрыг эзэмшүүлсэн дээрх 2012 оны А/367 дугаар захирамжийг “үндэслэлгүйгээр талбайн хэмжээг нэмэгдүүлэн газар олгосон” гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  А/31 дүгээр захирамжаар хүчингүй болгож, нэхэмжлэгчийн анх эзэмшиж байсан 10000 м.кв газрын эзэмших эрхийг 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар сэргээсэн байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/31 болон 2014 оны А/239 дүгээр захирамжууд нь харилцан хамааралтай гарсан захиргааны актууд байх бөгөөд “үндэслэлгүйгээр талбайн хэмжээг нэмэгдүүлэхээс өмнө эзэмшиж байсан газар эзэмших эрх хуульд нийцэж байгаа бол сэргээх” зорилгоор 2014 оны А/239 дүгээр захирамж гарч, захирамжийн 2 дахь заалтаар “дүүргийн Засаг даргын 2013 оны А/31 дүгээр захирамж хүчингүй болсонд тооцсон” байх тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “А/31 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байдлыг шүүх анхаарч үзээгүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн С.Базаррагчаа, М.Батзориг, Д.Гантулга, М.Ганболд, Т.Жавхлан, О.Насанхишиг, Б.Орхон, Д.Тайван-Од, С.Түмэнбаяр, Н.Цэцэгмаа нарын 10 иргэн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “хүнсний ногоо тарих” зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Засаг дарга шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Учир нь, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэдэг нь газар эзэмших хүсэлтэд заасан газар бусдын хууль ёсоор мэдэлдээ байлган, ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байхыг ойлгоно.

Тухайн тохиолдолд, дээрх нэр бүхий 10 иргэнд тус бүр эзэмшүүлсэн 1000 м.кв газар Б.Саруулын эзэмших эрх бүхий 10000 м.кв газартай давхцаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Нөгөөтэйгүүр, маргаан бүхий 10000 м.кв газрыг анх “Флора центр” ХХК-иас шилжүүлэн авахад 2 га хэмжээгээр хашаалсан байсан хэдий ч эрх бүхий этгээдээс олгосон, хүчин төгөлдөр гэрчилгээний үндсэн дээр Б.Саруул 10000 м.кв газрыг эзэмших эрхтэй байх тул хууль ёсоор эзэмших эрх бүхий хэмжээнээс илүү гарсан газрыг чөлөөлөх тухай Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/574 дүгээр захирамж Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн “Тогтоох” хэсэгт “маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон” талаар тусгаагүйг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцжээ.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2016/0381 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН