Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-10-12
Дугаар 298
Хэргийн индекс 128/2015/0811/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч “Монголиан пропертис констракшн” ХХК
Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газар барилгажилтын зөвлөл
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Монголиан пропертис констракшн” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, түүний өмгөөлөгч З.Сүхбаатар нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0419 дүгээр магадлалтай, “Монголиан пропертис констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газар барилгажилтын зөвлөлд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаар шийдвэрээр, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.4, Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/2178 дугаар албан бичиг, Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 8 дугаар Хурлын протоколын “Монголиан пропертис констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0419 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгч “Монголиан пропертис констракшн” ХХК-иас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч компани анх 16 давхар барилга барих зөвшөөрлийг хүссэн боловч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар зөвшөөрөөгүй, 13, 12 давхар барилга барих зөвшөөрлийг хүссэн боловч бас л зөвшөөрөөгүй. Харин сүүлд 9 давхар барилга барих зөвшөөрлийг хүсэхэд ямар нэгэн норм дүрмийн зөрчилгүй байсан тул зөвшөөрч 122 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон. Гэтэл “анхнаасаа архитектур төлөвлөлтийн даалгавар зөв олгогдсон эсэхийг тогтоогоогүй” гэж давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь маргаан бүхий захиргааны акттай хамараалгүй, өөр үйл баримтыг анхан шатны шүүхээр нотлуулах гэсэн зөрчилтэй зүйл гэж үзэж байгаагаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

Манай компанид олгогдсон 2015 оны 122 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох, хуульд заасан үндэслэл бүрдээгүй, шийдвэрт дурдсан зүйлс нь бодит бус,  шалгаж тогтоогоогүй, тухайн оршин суугч иргэдийн ямар эрх ашиг хөндөгдөхийг захиргааны байгууллага хянаж үзэлгүйгээр зөвхөн “иргэд эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр манай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг бол зөвхөн  ямар хэмжээтэй газарт хэдэн давхар барилга барихыг зөвшөөрсөн акт болохоос барилга яг хаана байрлуулан, хаалга, цонх нь хаашаа харсан, ямар зохион байгуулалттай барихыг тогтоосон акт биш юм. Бид орчиндоо эерэг нөлөөтэй байдлаар барилгын эскиз зургаа гаргуулан батлуулах боломжтой байхад “оршин суугчдын эсэргүүцэл” гэсэн үндэслэлээр хийсвэрээр дүгнэн, манай зөвшөөрлийг цуцалсанд гомдолтой байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй нотлох баримтыг цуглуулахыг шаардаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хуучнаар 50 дугаар дэлгүүрийн хойд талд 525 м.кв газарт 9 давхар Үйлчилгээтэй, орон сууцны барилга барих “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Монголиан пропертис констракшн” ХХК-д олгосон байна.

Гэтэл тухайн орчмын байрны оршин суугч иргэд болон барилгын өмчлөгч, үйл ажиллагаа явуулдаг бусад хуулийн этгээдээс тус байршилд барилга барихыг эсэргүүцсэн саналыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлснийг Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар Хурлаар хэлэлцээд “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хүчингүй болгохыг дэмжсэн байна.

Энэхүү “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн Газар, барилгажилтын зөвлөлийн Хурлын шийдвэр болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг “Монголиан пропертис констракшн” ХХК гаргажээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4-т “... “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг” гэж тодорхойлсон ба энэхүү захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд захиргааны хэргийн шүүхийн зорилго оршино.

“Монголиан пропертис констракшн” ХХК-д хүргүүлсэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/2178 дугаар албан бичиг нь Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар Хурлаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болохыг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн, Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий Архитекторт гаргасан гомдлын хариуг хүргүүлсэн агуулгатай байна.

Гэтэл анхан шатны шүүх уг албан бичиг захиргааны актын шинжийг агуулсан эсэх, үүнийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журамд зааснаар барилга барих хүсэлтийг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн шийдвэрийг үндэслэн “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор баталгаажуулдаг байна.

Харин нэгэнт олгогдсон “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хүчингүй болгох шийдвэрийг захиргааны байгууллага хэрхэн гаргадаг, уг 122 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хүчингүй болгохыг дэмжсэн Газар барилгажилтын зөвлөлийн Хурлын шийдвэрийг хэн, хэрхэн баталгаажуулсан, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий Архитектороос ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Зөвлөлийн Хурлаар хэлэлцсэнээс өөр тусдаа гаргасан шийдвэр байхгүй” гэж тайлбарлаж байх боловч шүүх тухайн үйл баримттай холбоотой нотлох баримтыг цуглуулж, маргаан бүхий захиргааны актыг зөв тодорхойлж, хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Харин давж заалдах шатны шүүх “тус байршилд 9 давхар барилга барихад  холбогдох барилгын норм, дүрэмд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй тул  мэргэжлийн этгээдээс шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэж,   маргаан бүхий захиргааны актын үндэслэл, акт хууль бус эсэх, үүний улмаас нэхэмжлэгч “Монголиан пропертис констракшн” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй асуудлаар нотлох баримт цуглуулахыг шаардсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасантай нийцээгүй байна.

Барилга барих үйл явц нь барилга, байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг боловсруулах, барилгын эскиз зураг батлуулах, техникийн нөхцөл олгох, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох зэрэг үе шат бүхий ажиллагаа бөгөөд үүнээс зөвхөн “Архитектур төлөвлөлтийн даалгавар” олгох шатанд гаргасан захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой тус маргаанд 9 давхар барилга барьснаар барилгын норм дүрэм зөрчих, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эсэхийг тогтоох боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монголиан пропертис констракшн” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0419 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН