Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-10-17
Дугаар 309
Хэргийн индекс 128/2015/0364/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Батмөнх, Р.Даваа, Ц.Хандаа
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, Х.Алтанхүү нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0386 дугаар магадлалтай, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Батмөнх, Р.Даваа, Ц.Хандаа нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2014.06.30-ны өдрийн 210003852 дугаар актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0386 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Батмөнх Р.Даваа, Ц.Хандаа нарт холбогдох захиргааны хэрэгт давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан баримтыг бүрэн дүүрэн шинжлэн судлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 192 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны татвар хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5-т “хяналт шалгалт хийсэн Татварын улсын байцаагч акт, дүгнэлтийг татвар төлөгчид танилцуулахаас өмнө ХШАЭН-ийн даргад, эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулна” гэж заасан. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.9-д “татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн актыг татварын хяналт шалгалт эрхэлсэн нэгжийн даргад, эсхүл түүнийг орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулан гарын үсэг зуруулж, хянан баталгаажуулна”, 7.10-т “Татварын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн даргыг түр эзгүй байх хугацаанд албан ёсоор түр орлон гүйцэтгэх татварын улсын байцаагчийг тухайн татварын албаны даргын тушаалаар томилно” гэж заасан. Татварын ерөнхий газрын даргын 2011 оны 13 дугаар тушаалаар Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэлийн ажил үүргийг татварын улсын байцаагч М.Алтангэрэл, Н.Эрдэнэчимэг, Х.Наранчимэг болон Р.Даваа нар орлон гүйцэтгэхээр заасан бөгөөд энэхүү тушаалын дагуу 2014 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралттай байгаа Б.Даваадэмбэрэлийн албан үүргийг Р.Даваа орлон гүйцэтгэсэнд тооцон гарын үсэг зурах эрхтэй бөгөөд ийнхүү зурсан нь хууль зөрчөөгүй юм. Гэтэл шүүх дээрх байдлыг анхаарч үзээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21140200015 дугаар томилолтоор тус хэлтсийн татварын улсын байцаагч Б.Батмөнх, Р.Даваа, Ц.Хандаа нар “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 2009-2013 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.

 

Шалгалтаар нийт 313,280,856.7 мянган төгрөгийн зөрчил илэрсэн гэж татварын улсын байцаагч нар 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр  210003852 тоот акт үйлдэн, 10,602,294.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 355,646.9 мянган төгрөгийн торгууль, 2,092,197.6 мянган төгрөгийн алданги, нийт 16,247,139.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу тус Зөвлөл хянаж 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “313,280,856,705.4 төгрөгийн зөрчлөөс 9,113,998,706.9 төгрөгийн зөрчилд ногдох 916,410,830.7 төгрөгийн нөхөн татвар, 274,928,249.7 төгрөгийн торгууль, 285,923,060.4 төгрөгийн алданги, нийт 1,477,262,140.8 төгрөгийг хасч, 304,166,857,988.5 төгрөгийн зөрчилд ногдох 9,685,883,915.4 төгрөгийн нөхөн татвар, 3,277,718,674.1 төгрөгийн торгууль, 1,806,274,523.1 төгрөгийн алданги, нийт 14,769,877,112.6 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий 210003852 дугаар актын нэг хувьд Хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэл гарын үсэг зурж хянан баталгаажуулсан, үлдэх  хувийг улсын байцаагч Р.Даваа баталгаажуулсан байдал илэрч мэдэгдсэн, өөрөөр хэлбэл, актын бусад хувийг нэхэмжлэгч олж үзсэнээр дээрх нөхцөл байдлыг мэдэж, нэхэмжлэлийн шаардлагаа “акт илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж өөрчилсөн байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ уул шаардлагатай холбоотой үйл баримтыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн эсэх, энэ журмыг хэрэглэх боломжтой байсан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр шийдсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх журам нь захиргааны байгууллагад өөрийн гаргасан шийдвэрээ нягтлан хянах боломж олгоход чиглэгддэг тул шүүх бүрэлдэхүүн энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0386 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан  Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Батмөнх, Р.Даваа, Ц.Хандаа нарт холбогдуулан гаргасан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Батмөнх, Р.Даваа, Ц.Хандаа нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                              ШҮҮГЧ                                                                     Х.БАТСҮРЭН