Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-10-24
Дугаар 322
Хэргийн индекс 117/2016/0006/З/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч П.Баатарчулуун
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн улсын байцаагч Ж.Баасансүрэн
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

П.Баатарчулууны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч П.Баатарчулуун, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 389 дүгээр магадлалтай, П.Баатарчулууны нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн улсын байцаагч Ж.Баасансүрэнд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 68 дугаар зүйлийн 68.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Баатарчулууны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монголбанкны улсын байцаагч Ж.Баасансүрэнгийн гаргасан 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 002194 дүгээр шийтгэвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 389 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгч П.Баатарчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болох нь: Магадлалын 7 дахь нүүр хэсэгт “өөрөөр хэлбэл 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 002194 тоот шийтгэвэр бол шүүхийн дүгнэж байгаачлан 2014 оны 10 дугаар сард илрүүлсэн зөрчилдөө /11 сарын дараа/ арга хэмжээ авч байгаа биш харин 2015 оны шалгалтын үр дүнд авч буй арга хэмжээ гэж маргаж байхад шүүх шаардлагатай зарим баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байна” дүгнэжээ. Гэтэл хэрэгт авагдсан 002194 тоот шийтгэвэрийн зөрчлийн утга хэсэгт “Монголбанкны улсын байцаагчийн шаардлага биелүүлээгүй, улсын байцаагчийн 12025/14/001 тоот акт, Банкны тухай хууль 68.1.13 дахь заалт” гэж дурдсан байна.

Өөрөөр хэлбэл 002194 тоот шийтгэвэр нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2015/12/004 тоот дугаартай улсын байцаагчийн актад бус 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12025/14/001 тоот дугаартай улсын байцаагчийн актыг үндэслэсэн байна. Үүнээс үзвэл тус шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу нотлох баримтыг нухацтай дүгнэн үзээгүйгээр 2014 оны актад үндэслэн ногдуулсан шийтгэвэрийг 2015 оны актад үндэслэсэн байна гэж буруу дүгнэсэн байна. Тиймээс 2015 онд ногдуулсан улсын байцаагчийн акт бол энэ хэрэгт хамааралгүй тул анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байна.

Хэрэв шүүх нотлох баримтыг зөв үнэлсэн бол Монголбанкны улсын байцаагч “2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12052/14/001 дугаартай акт, мөн өдрийн 12025/14/001 дугаартай мэдэгдлийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу 11 сарын дараа шийтгэвэр ногдуулсан нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэж заасныг зөрчсөн, хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэх ёстой байсан.

Дархан салбар өмнө нь гаргаж байгаагүй, үргэлжилсэн буюу давтан гаргасан үйлдэл байхгүй бөгөөд ногдуулсан акт, мэдэгдэл нь Улсын байцаагчийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2.6, 12.2.8-д зааснаар хүчин төгөлдөр болоогүй тул Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан зөрчил гэж үзэхгүй. Учир нь Монголбанкны улсын байцаагчийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2.6-д “...12.2.3 болон 12.2.4-т заасан хугацаанд тайлбар, гомдол гаргаагүй нөхцөлд улсын байцаагчийн тогтоосон акт, мэдэгдэл, шийтгэвэр нь хүчин төгөлдөр хэвээр үлдэж мөрдөгдөнө”, 12.2.8-д “улсын байцаагчийн акт нь хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тухайн зөрчилтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэх, түүнд ногдуулах арга хэмжээ, захиргааны шийтгэлийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл болно” гэж тус тус зааж журамлажээ.

Үүнээс үзэхэд улсын байцаагчийн акт, мэдэгдэлд тайлбар гаргасан тохиолдолд тухайн тайлбарт Монголбанкнаас хариу өгч байж тухайн акт болон мэдэгдэл хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэж үзэж байна. Иймд, дээрх үндэслэлийг хянан үзэж гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

            Монголбанкны Дархан-Уул аймаг дахь Хэлтсийн улсын байцаагч Ж.Баасансүрэн “зээлийн өрийн үлдэгдэл, авлагын эрсдэлийн сангийн тооцоолол”-ын байдлыг Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт шалгаж,” бусад банкин дахь зээл нь чанаргүйд бүртгэгдсэн зээлдэгч Г.Болдхуягийн хэвийн зээлийн ангиллыг дахин хийгээгүй, зээлийн эрсдэлийн сан байгуулаагүй; авлагын дансанд бүртгэгдсэн авлага /тэмдэгтийн хураамж/-уудад авлагын эрсдэлийн сан байгуулаагүй” гэх зөрчил илрүүлэн, тус банкинд “Зөрчил илэрсэн тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12025/14/001 дугаартай акт тогтоож, мөн өдрийн 12025/14/001 дугаартай “Зөрчил илэрсэн тухай” мэдэгдлээр  зээлдэгч Г.Болдхуягийн зээлийг хэвийн бус ангилалд бүртгэж, алдагдлаас хамгаалах санг нэмэгдүүлж байгуулах, мөн шүүхийн тэмдэгтийн хураамжийн гэх авлагад уг дүнгээр авлагын эрсдэлийн санг нэмж байгуулах, үүнтэй холбогдох гүйлгээнүүдийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор хийж, санхүүгийн баримтыг ирүүлэх шаардлага хүргүүлжээ.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 002194 дугаартай шийтгэврээр “улсын байцаагчийн шаардлага биелүүлээгүй” гэж Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.13-т заасныг үндэслэн П.Баатарчулууныг 960000 төгрөгөөр торгосон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралт нь “шүүхийн байгууллагад төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөр нь  урьдчилгаа төлбөр байхад акт тогтоосон” гэж  энэ тухай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тайлбар гаргасан, зээлдэгч Г.Болдхуягийн “хэвийн” зээлийг “хугацаа хэтэрсэн” ангилалд  бүртгэсэн, зээл болон авлагын эрсдэлийн санг байгуулсан, уг үйл баримттай хариуцагч маргаагүй байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ. Хянан шалгагч нь улсын байцаагчийн эрх эдэлнэ” гэж заасан ба улсын байцаагчийн бүрэн эрх, үйл ажиллагааны журмыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А-111 дүгээр тушаалаар батлагдсан “Монголбанкны улсын байцаагчийн дүрэм”-ээр тодорхойлсон, уг дүрэмд “улсын байцаагч нь хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчилд “акт”, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, ...зорилгоор “мэдэгдэл” бичих, мэдэгдлээр... шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар” өгөх гэж зааснаас үзвэл акт, мэдэгдэл бичсэн нь хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд байна.

Харин актыг нэхэмжлэгч П.Баатарчулуунд холбогдуулж бичээгүй, мэдэгдэлд заасан шаардлага, үүрэг даалгаврыг түүнд хариуцуулаагүйн зэрэгцээ акт, мэдэгдэлд дурдсан зөрчлийг Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар арилгаагүй болох нь, мөн ажлын чиг үүргийн хувиар данс хариуцсан ахлах байцаагч буруутай гэдэг нь тогтоогдоогүй учир “шаардлага  биелүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах эрх зүйн үндэслэлгүй юм.

Монголбанкны  хянан шалгагч нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-ын 5-д “банк, түүний үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх”, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.13-т “...Монголбанк, түүний хянан шалгагчийн шаардлагыг биелүүлээгүй... ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох” бүрэн эрхтэй бөгөөд зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагад татах хугацааг Захиргааны хариуцлагын тухай хуулиар тусгайлан зохицуулжээ.

Тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш З сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно”, 11 дүгээр зүйлийн 4-ын 4-т “хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй” гэж заасан байна.

Иймээс “шаардлага биелүүлэх тогтоосон хугацаа” өнгөрснөөс хойш 1 жилийн дараагаар “улсын байцаагчийн шаардлага биелүүлээгүй” гэж захиргааны шийтгэл хүлээлгэсэн байх тул улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 002194 дугаартай шийтгэвэр хууль бус болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих Захиргааны хариуцлагын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангасан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны акт /шийтгэвэр/-ын үндэслэл болоогүй буюу шинээр зөрчил нэмж, үүнтэй холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасантай нийцэхгүй болжээ.

Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 389 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                            Ч.ТУНГАЛАГ