Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-25
Дугаар 316
Хэргийн индекс 128/2016/0598/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Д.М
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Х.Т, Б.Б
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, Б.Сод-Эрдэнэ, гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгч А.Батмандах нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 300 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0436 дугаар магадлалтай, Д.М-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дугаар зүйлийн 11.5.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.4, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.5-д тус тус заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамжийг үндэслэн тус дүүргийн 16 дугаар хороо, Туулын 13 дугаар гудамжны 24 тоот 700м2 газрыг эзэмшүүлсэн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0101004366 дугаартай гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Х.Т-т холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 24 дүгээр захирамжийг үндэслэн Х.Т-т олгосон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус илт хууль бусад тооцож, энэ газар өмчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Х.Т-т олгосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 000036667 дугаартай гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож, Б.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 000281957 дугаар гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0436 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 300 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны 221\МА2017X0438 тоот магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгчийн хувьд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 300 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны 221\МА2017\0436 тоот магадлалын үндэслэх хэсэгт дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үндэслэсэн байна.

  1. “... мөн Д.М нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлдөө “2003 онд Х.Т та нэг хэсэг газраа миний нэр дээр шилжүүлчих миний алтны уурхайг хоёулаа хамтран эзэмшье. Танай газар дээр алт мөнгөний дархан ажиллуулъя гэхэд зөвшөөрч...” гэсэн тайлбар гаргажээ.”
  2. “Гуравдагч этгээд Х.Т алт мөнгөний дархан ажиллуулахаар аман хэлэлцээр хийж, тухайн газрыг авсан” гэж, нэхэмжлэгч “...Х.Т нь Баянгол дүүргийн Туулын 12-2-4 тоотод ганц ч удаа амьдарч байгаагүй бөгөөд тухайн үед намайг залилан миний газрыг эзэмшиж ашиглах эрхийг олж авсан” гэж маргадаг ... Засаг дарга шийдвэр гаргаж, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. Иймд Х.Тт газар эзэмшүүлж гэрчилгээ олгох тухай захирамж гараагүй, мөн Д.М дээрх хуулийн заалтын дагуу өөрийн эзэмшил газраа шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байхад ... гэрчилгээ олгосон нь илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.”
  3. “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд хэдийгээр маргаан бүхий газрыг шилжүүлэх талаар талууд хоорондоо тохиролцсон гэж байгаа боловч...” гэж шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Энэ нь Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх иргэд хоорондын маргаан болохыг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна. Гэтэл захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Маргааны үндэслэл болсон нотлох баримт үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй энэ нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 300 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгт дурдахдаа хэт нэг талыг барьсан төрийн байгууллага эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн хууль ёсны тайлбар, албан бичгийг нотлох баримтын хүрээнд үнэлсэнгүй.

“Нэхэмжлэгч Д.М Баянгол дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0101002316 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр 1500 м.кв газрыг, Ц.Ч-д 1500 м.кв газар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Д.М-ын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зургаар маргаан бүхий газрыг нийтэд 2411.38 м.кв гэж оруулжээ.” гэж дүгнэсэн байгаа бөгөөд хавтаст хэрэгт 217 дугаар талд авагдсан хуудсанд 2411.38 м.кв газар архивт бүртгэгдээгүй байна, давхцуулан гаргах боломжгүй” гэсэн, мөн 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Газрын зөвшөөрөл олгох тухай захирамжид огт дурдагдаагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчин хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

“Ус сувгийн ашиглалтын газар “Сэмжит хайрхан” жижиг үйлдвэрийн захирал М.Пүрэвийн хүсэлтийг үндэслэн 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн жижиг үйлдвэрт түрээсээр ашиглаж байсан станцын барилга, усан сан, манааны байр, уурын зуух салхивч, бойлерын хашааг 172332 төгрөгөөр үнэлж, худалдах шийдвэр гаргажээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Ус сувгийн удирдах газрын 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар хурлын протокол, ус сувгийн удирдах газраас “Сэмжит хайрхан” жижиг үйлдвэрт шилжүүлэн өгсөн орон сууцны байшингийн жагсаалт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.” дээрх дүгнэлт нь хавтаст хэргийн 203 дугаар хуудсанд авагдсан “Нийслэлийн архивын газар"-аас ирсэн бичигт тухайн шийдвэрийн үндэслэл болсон баримт байхгүй талаар дурдсан байна. Нэхэмжлэгч талын хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтыг үнэн бодит хэмээн шууд үнэлсэн нь 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна.

Иймд нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүхүүд нэхэмжлэгч Д.М-ын “Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 дүгээр захирамжийг үндэслэн Х.Т-т Баянгол дүүргийн Туулын 13-24 тоот 700 м.кв газрыг эзэмшүүлсэн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0101004366 дугаартай гэрчилгээг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Х.Т-т холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр захирамжийг үндэслэн Х.Т-т олгосон газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Х.Т-ын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000036667 дугаартай гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгож, Б.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000281957 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны актууд нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, хэргийн оролцогч нарын хувьд эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр байх ба эдгээр актуудыг хууль бус гэж хүчингүй болгуулах нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.

Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан дээрх шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд үүссэн газрын маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий  дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул “анхан болон давж заалдах шатны шүүх иргэд хоорондын маргаан болохыг хүлээн зөвшөөрсөн..., захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргааныг шүүхээр шийдвэрлэсэн” гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ус суваг ашиглалтын газар 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдөр жижиг үйлдвэрт түрээсээр ашиглагдаж байсан станцын барилга, усан сан, манааны байр, уурын зуух, салхивч, бойлерын хашааг үнэ тогтоож “Сэнжит хайрхан” жижиг үйлдвэрийн захирал М.Пүрэвт худалдаж, М.Пүрэв нь худалдаж авсан эд хөрөнгөөс усан сан, харуулын байр болон 3500 м.кв хашааг Д.М-ын өмчлөлд шилжүүлэхээр 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцсон байна. Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын шийдвэрээр Д.М 1500 м.кв, түүний эхнэр Ц.Ч-д 1500 м.кв газрыг эзэмшүүлжээ.

Нийслэлийн архивын газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04/19 дүгээр лавлагаанд “Сэнжит хайрхан” жижиг үйлдвэрээс Ус суваг ашиглалтын газарт тавьсан хүсэлтийн талаар ярилцсан тухай хурлын протокол хадгалагдаагүй” талаар дурджээ. Эндээс үзвэл нотлох баримт болох хурлын протокол хадгалагдаагүй, байхгүй гэснээс бус, дээрх хөрөнгүүдийг “Сэнжит хайрхан” жижиг үйлдвэрт худалдаж, түүний өмчлөлд шилжүүлсэн асуудал үгүйсгэгдэнэ гэж үзэхээргүй байна. Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “Нийслэлийн архивын газраас ирсэн бичигт тухайн шийдвэрийн үндэслэл болсон баримт байхгүй..., нэхэмжлэгч талын хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтыг үнэн бодит хэмээн шууд үнэлсэн нь хууль зөрчсөн” гэсэн гомдлын энэ хэсгийг мөн хүлээн авахгүй боломжгүй юм.

Иймд гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 300 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0436 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                           Х.БАТСҮРЭН